Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2019/00639

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 10 өдөр     Дугаар 182/ШШ2019/00639               Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн тоотод оршин суух, Т.Б

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн тоотод оршин суух, П.Т нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух, Л.Б  холбогдох,

 

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хүчингүйд тооцуулж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 60.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний төлөгдөөгүй үлдсэн 35.000.000 төгрөгийг гаргуулах,

 

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.  

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Т.Б, П.Т болон Л.Б нарын хооронд хийгдсэн, энэ гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн тоот, . гэрчилгээтэй 36.2 м.кв орон сууц худалдан авагч Л.Бийн өмчлөлд шилжсэн, харин худалдагч Т.Б, П.Т нарт 25.000.000 төгрөг шилжиж ирсэн, үлдсэн 35.000.000 төгрөг төлөгдөөгүй талаар талууд маргахгүй байгаа болно. Нэг ширхэг үл хөдлөх хөрөнгө дээр 2 удаа, 2 өөр үнийн дүнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдэх боломжгүй бөгөөд аль нэг нь хүчингүй болох учиртай. Тухайн үед нотариатаар 2 өөр дүнтэй гэрээгээ гэрчлүүлэх гэхэд нотариат нэг гэрээг нь батлаагүй учир өөр нотариат орж хуурамч гэрээгээ батлуулсан байдаг. Иймд татвар бага төлөх зорилгоор хийгдсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг Иргэний хуулийн 56.1.3-д заагдсанаар хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Тус маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд маргахгүй байгаа нэг үйл баримт бол Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үр дүнд өмчлөх эрх олж авсан Л.Б нь 35.000.000 төгрөгийг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн учир 60.000.000 төгрөгийн үнийн дүнтэй 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 35.000.000 төгрөгийг хариуцагч Л.Бээс шаардан гаргуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заагдсанаар хүчингүйд тооцуулж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 60.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний төлөгдөөгүй үлдсэн 35.000.000 төгрөгийг Ж.Бээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

M.Б, Л.Т нарын нэхэмжлэлийн шаардлага нь 25.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл учраас хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл 25.000.000 төгрөгийн үнэ бүхий байр улсын бүртгэлд бүртгэгдсэн, өмчлөх эрхийг Л.Б өөртөө шилжүүлж авсан. Дараа нь байрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар өдийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ үлдэгдэл 35.000.000 төгрөгийг Л.Бээс нэхэмжилж байгаагүй. Тэр битгий хэл анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч А.Аг татаж, А.А төлөх ёстой төлөхгүй байна гэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах үе хүртлээ Т.Э, А.А нартай уулзаж байсан. Бүр болохоо байхаар нь Сүхбаатар дүүргийн прокурор дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан. Өнөөдөр прокуророос материал ирсэн. Тэр ирсэн материалд Т.Э, М.Б хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь харагдана. Орон сууцны зөрүү мөнгийг Т.Эрдэнэцогт төлнө гэдэг нь харагдаж байгаа. Үүгээр хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэргийн хариуцагч нь Л.Б биш жинхэнэ хариуцагч нь Т.Э юм. Үүнийг нотолж зээлийн гэрээг Т.Этой хийсэн нь нотлогдоно. Хоёрдугаарт 35.000.000 төгрөгийн зөрүүг нэхэмжлэх эрхгүй. Зээлийн гэрээ хийсэн байгаа. Үүнийгээ хэнээс нэхэмжлэх вэ гэвэл мөн л Т.Эс нэхэмжлэх эрх нь нээлттэй. Жинхэнэ хариуцагчаа тодорхойлж чадаагүй. Жинхэнэ хариуцагч хэн бэ гэдгийг тодорхой тодорхойлж түүнд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагыг гаргах ёстой. Хоёр гэрээ нь дээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу зүйл харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн хоёр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг буюу хэлцлийг хийх үед Л.Бийг залилан мэхэлсэн Н.Э эрүүгийн хэргийн хохирлын мөнгөндөө нэг өрөө байр өгнө гэж амласан байсан. Н.Э, Т.Б, А.А нар Л.Бийг дуудаад нэг өрөө байр өгөх гэсэн юм. Т.Бтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгээд зөрүү 25.000.000 төгрөгийг төлөөд нэр дээрээ шилжүүлээд авчих гэж санал болгосон. Тухайн үед Л.Б нь А.А, Т.Б нарыг анх удаа харж байсан юм. Тэд бүгд зөвшөөрч байсан учир Л.Б 25.000.000 төгрөгөө төлөөд дээрх гэрээг Т.Бтай хийсэн болно. Харин 25.000.000 төгрөгийн үнэтэй гэрээ хийгдсэний дараа А.Амгалан, Т.Б, Н.Эт гурав уг хөдлөх хөрөнгөний 60.000.000 төгрөгийн үнийн дүнтэй дахиад нэг гэрээ хийгээд өгөөч, учир нь бид гурвын хоорондох хэлцлийг 60.000.000 төгрөгийн гэрээ баталгаажуулах юм гэж гуйсны дагуу хийсэн болно. Тэдний хоорондох хэлцлийг Л.Б огт мэдээгүй болно. Т.Б нь дээрх үйл баримтыг баталж, А.А 35.000.000 төгрөгийг өөрөө төлнө гэдгээ илэрхийлж, нэрийнхээ хуудасны ард бичиж баталгаажуулж байсан гэдгийг удаа дараа хэлж, тэр байтугай анхны нэхэмжлэлдээ хариуцагчаар А.Аг татаж байсан болно. Түүнчлэн гэрээ хийснээс хойш Л.Бээс мөнгө төлөх асуудлаар нэг ч удаа ирж байгаагүй, харин А.А гэх хүнээс удаа дараа мөнгөө төлөхийг шаардаж байсан нь түүний мэдүүлэг тайлбар, А.Аийн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа болно. Иймд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн тул хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орон сууцыг 60.000.000 төгрөгөөр худалдахаар болж гэрээ байгуулсан ба бага татвар төлөх зорилгоор 25.000.000 төгрөгийн давхар гэрээ байгуулсан. Нэг үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах 2 өөр үнийн дүнтэй гэрээ байгуулж болох зохицуулалт байхгүй ба аль нэг гэрээ нь дүр үзүүлсэн ч юм уу, өөр хэлцлийг халхавчилсан ч юм уу, ямар нэгэн байдлаар хүчингүй буюу хүчин төгөлдөр бус байх ёстой. Тус шүүхэд хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбарт 60.000.000 төгрөгөөр худалдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх ба худалдан авагч худалдаж авсныхаа дараа 61.000.000 төгрөгөөр өөр этгээдэд худалдсан байдаг. Тэгэхээр бодит байдал дээр 60.000.000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулаад бага татвар төлөхийн тулд 25.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан нь тодорхой юм. Дүр үзүүлсэн болон өөр хэлцлийг халхавчилж хийгдсэн бүх гэрээнүүдийг талуудын хүсэл зоригоор хийгддэг ба тэр хүсэл зориг нь өөрөө хууль зөрчсөн буюу хууль бус үйлдэлд зориулагдсан бол хүчингүй болгох нь Монголын хууль юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б, П.Т нар нь хариуцагч Л.Бт холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу хүчингүйд тооцуулж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 60.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний төлөгдөөгүй үлдсэн 35.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь 35.000.000 төгрөгийг Н.Эт төлөх ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Т.Б, П.Т нарт холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн тул хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Т.Б, П.Т, Л.Б нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн тоот хаягт байрлах 36.2 м.кв, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 60.000.000 төгрөгөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг Л.Бийн өмчлөлд шилжүүлсэн нь худалдах, худалдан авах гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдсон. Шилжсэн үйл баримтад талууд маргаагүй болно.

  

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, хариуцагч Л.Б нь худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Б, П.Т нарт 35.000.000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2 гэрээ байгуулсан. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 60.000.000 төгрөгийн үнэтэй гэрээгээр Сүхбаатар дүүргийн тоот хаягт байрлах 36.2 м.кв, 1 өрөө орон сууцыг худалдсан. Татвар бага төлөх зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл...” гэж тайлбарлажээ.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн татгалзаж буй үндэслэлээ “...35.000.000 төгрөгийг Л.Б биш Н.Э төлөх ёстой. Яагаад гэвэл Т.Б, Н.Э нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын архиваас гаргуулсан баримтад хавсаргаж ирүүлсэн зээлийн гэрээгээр нотлогдож байгаа Тиймээс Л.Б нь 35.000.000 төгрөгийг төлөх шаардлага байхгүй...” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 “Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй” гэж заасан бөгөөд хуульд зааснаар Л.Б нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Л.Б нь Сүхбаатар дүүргийн тоот хаягт байрлах 36.2 м.кв, 1 өрөө орон сууцны үлдэгдэл төлбөр болох 35.000.000 төгрөгийг Н.Э төлөх ёстой гэж тайлбарладаг боловч түүний энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүйгээс гадна 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Т.Б, Н.Э нарын хооронд байгуулагдсан 32.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу Н.Эг Т.Б, П.Т нарт 35.000.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Сүхбаатар дүүргийн тоот хаягт байрлах 36.2 м.кв, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 25.000.000 төгрөгөөр тооцож хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь үр дүнд хүрэх зорилгогүйгээр, худалдах, худалдан авах санаа зорилго байгаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. Гэрээний дагуу төлбөр тооцоо хийсэн зүйлгүй байна.

 

Иймд зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 25.000.000 төгрөгөөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл мөн болох нь тогтоогдож байх тул энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр  шилжүүлсэн бүр зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Иймд хариуцагч Л.Бээс 35.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Т.Б, П.Т нарт олгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэл гаргаж  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгохыг шаардсан нь үндэслэлгүй юм. Учир нь талуудын үр дүнд хүрэх зорилгогүй, худалдах, худалдан авах санаа зорилго байгаагүй, уг гэрээний дагуу төлбөр тооцоо хийгдээгүй байх тул  хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 125.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.Б, П.Т нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

                                                                                                     ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Т.Б, П.Т, Л.Б нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар дүүргийн тоот хаягт байрлах 36,2 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай, 2016 оны 06 дугаар сарын 06-ны 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Л.Бээс 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, П.Т нарт олгож, Т.Б, П.Т нарт холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 25.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” хүчин төгөлдөр гэрээ болохыг тооцуулахыг хүссэн Л.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 741.000 төгрөгийг, хариуцагч Л.Бээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага урьдчилан төлсөн 282.950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 125.100 төгрөгийг, хариуцагч Л.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 615.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б, П.Т нарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.ДАВААСҮРЭН