Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/02114

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/02114

 

 

Т.Батсайхан, П.Тэрбиш нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01640 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Батсайхан, П.Тэрбиш нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Батхишигт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Билэгдэмбэрэл

2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд болон хүчингүйд тус тус тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бадамханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Батсайхан, П.Тэрбиш нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Батхишиг, П.Тэрбиш нар нь өөрийн орон сууцыг худалдахаар өгсөн зарын дагуу А.Амгалан гэдэг хүн өөрийгөө Эн ди констракшн ХХК-ийн захирал гэж танилцуулан уулзсан байдаг. Ингээд маргаан бүхий орон сууцыг 60 000 000 төгрөгөөр зарахаар тохирч тал мөнгийг нь одоо, үлдсэн мөнгийг дараа өгөхөөр тохиролцож үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг хийхээр нотариат дээр очих үед Л.Батхишиг ирж, түүнтэй гэрээ хийсэн. Яагаад Л.Батхишиг гэдэг хүний нэр дээр гэрээ хийгдэж байгаа вэ гэж асуухад А.Амгалан нь Л.Батхишиг манай компанийн ажилтан, манай компани ажилчиддаа байр авч өгч байгаа, ойрын хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохирсон. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг 2 янзаар хийсэн бөгөөд нэг нь 25 000 000 төгрөгийн, нөгөө нь 60 000 000 төгрөгийн гэрээ байдаг. 60 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ нь яг бодит гэрээ юм. Харин 25 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээг татвараас зайлсхийх зорилгоор хийсэн байдаг. Батхишиг нь 2016 оны 6 дугаар сарын 06-наас хойш үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, олдохоо байсан бөгөөд худалдан авсан орон сууцыг бусдад дамжуулан зарсан байдаг. Орон сууцны 41 хувийг Л.Батхишиг төлж, үлдэх 59 хувийн төлбөрийг төлөөгүй. Тухайн үед үүссэн нөхцөл байдлыг Иргэний хуулийн зохицуулалтаар тайлбарлавал 60 000 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулахад Т.Батсайхан, П.Тэрбиш нарын хувьд ноцтой төөрөгдөлд орсон, А.Амгалан, Л.Батхишиг нарын хувьд хууран мэхэлсэн үйл явдал болсон байдаг. Өөрөөр хэлбэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэсэн санаа зорилго анхнаасаа байсныг нэхэмжлэгч нар нь мэдээгүй учраас 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг 60 000 000 төгрөгөөр худалдан авах тухай гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдөлд орсон. Мөн худалдан авагч талын үйлдэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэлд хамаарч байгаа учраас дээрх заалтуудыг үндэслэл болгон хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа. 25 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ нь 60 000 000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээг халхавчлан хийгдсэн, бага татвар төлөх зорилгоор хийгдсэн хэлцэл учраас энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т хамаарч байгаа юм. Иймд 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 60 000 000 төгрөгөөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн өдрийн 25 000 000 төгрөгөөр хийгдсэн гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Батсайхан хамтран нэхэмжлэгчээр түүний эцэг П.Тэрбиш оролцсон. Нэхэмжлэгч Т.Батсайхан анх нэхэмжлэл гаргахдаа Л.Батхишиг, А.Амгалан нарыг хоёуланг нь хариуцагчаар татсан. Нэхэмжлэлдээ бичихдээ Л.Батхишигтэй гэрээ байгуулаад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 43 дугаар байрны 58 тоотод байрлах Ү-2203030163 дугаартай орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдаж, 25 000 000 төгрөгийг Л.Батхишигээс хүлээн авч, үлдэгдэл 35 000 000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч Т.Батсайхан нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа А.Амгалантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсноос үзвэл энэ хэргийн жинхэнэ хариуцагч Л.Батхишиг биш харин А.Амгалан эсхүл Л.Батхишигийг хохироосон эрүүгийн хэргээр шалгагдаж байсан н.Эрдэнэ-Цогт нарын аль нэг нь болох нь тодорхой байна. Гэтэл нэхэмжлэгч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэрэгт хариуцагчаар татсан А.Амгалангаас татгалзсан. Нэхэмжлэгч Т.Батсайханаас орон сууц худалдан авсны 25 000 000 төгрөгийн төлбөрийг Л.Батхишиг төлсөн үлдэх 35 000 000 төгрөгийг А.Амгалан төлөх ёстой байсан байна. Хариуцагч Л.Батхишиг нь төлбөрийн чадвартай компанийн захирал ажилтай. Эрдэнэгарав ХХК-ийн захирал н.Эрдэнэцогт, ерөнхий менежер н.Эрдэнэ-Очир нартай дээр дурьдсан орон сууцны 2, 3 дугаар ээлжийн байруудын 68 ширхэг металл хаалгыг 80 503 500 төгрөгөөр хийж, 2015 оны 7 дугаар сарын 30-ны дотор хүлээлгэж өгөх гэрээ хийсэн байдаг. Энэ ажлыг хийхдээ мөнгө хүлээж аваагүй, ажлын хөлсөнд 39,17 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр н.Эрдэнэ-Очирын нэр дээр болгож өгсөн. Дараа нь н.Эрдэнэ-Очир нэг өдрийн дотор орон сууцыг н.Мөнхжаргал гэдэг хүнд худалдаад алга болсон. Иймээс н.Эрдэнэцогт, н.Эрдэнэ-Очир нарыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлсэн байна гэж үзээд Л.Батхишиг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 506 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Энэ үед А.Амгалан нь Т.Батсайхан, П.Тэрбиш нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан байдаг. Маргаан бүхий орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Л.Батхишигийн компанид 25 000 000 төгрөгийн ажил хийж өгсөн, ажлын хөлсөнд нь Л.Батхишигт 25 000 000 төгрөг өгч, үлдэгдэл 35 000 000 төгрөгийг н.Эрдэнэцогтын найз А.Амгалан нь нэхэмжлэгч нарт төлөхөөр тохиролцсон байдаг. Хариуцагч Л.Батхишиг нь А.Амгалан гэдэг хүнийг огт танихгүй. Гэрээнээс үзвэл Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хоёр талын хүсэл зоригийг илэрхийлсэн худалдах худалдан авах гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Билэгдэмбэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хууль ёсны өмчлөгч болох Н.Батжаргалаас 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №2016/16:45 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж 43 дугаар байрны 58 тоот хаягт байрлалтай 36.2 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр шинэ өмчлөгчид өмчлөх эрх үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсний дагуу тус худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хуулийн дагуу өмчлөх эрх надад шилжсэн. Энэхүү гэрээний үнийг төлөхийн тулд Төрийн банк ХХК-тай 74/9 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулсан байгаа нь тухайн орон сууцыг шилжүүлэх журам нь хуулийн дагуу явагдсан. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 болон 18 дугаар зүйлүүдэд зааснаар үл хөдлөх өмчлөх эрхээ 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн үл хөддөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан. Дээрх үндэслэлүүдээр миний бие хуульд заасан журмын дагуу тухайн орон сууцыг өмнөх өмчлөгчөөс шилжүүлж авсан бөгөөд хууль ёсны өмчлөгч мөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны өмчлөгч миний эрх, ашиг сонирхлыг харгалзаж үзэхийг хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар хариуцагч Л.Батхишигт холбогдох 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 60 000 000 төгрөгөөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 25 000 000 төгрөгөөр хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож хүчингүй болгуулахыг хүссэн Т.Батсайхан, П.Тэрбиш нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагчаар А.Амгаланг оролцуулах болон түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 60 000 000 төгрөгийн гэрээ хийсэн үлдэгдэл 35 000 000 төлөөгүй гэдэг нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь зөв. Гэтэл бага татвар төлж улсын төсөвт төлөгдөх ёстой мөнгийг бага төлөх зорилгоор 60 000 000 төгрөгийн эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийхдээ 25 000 000 төгрөг болгож, хуурамч хэлцэл хийснийг буруутгах боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Энэ шүүхийн шийдвэр хууль зөрчсөн. Уг шийдвэрээс үзвэл нэг эд хөрөнгийг худалдахаар хэд хэдэн гэрээ хийх, улсын бүртгэлд бүртгүүлэх, татвараас зайлсхийх үйлдлийг зөв гэж үзсэн гэж ойлгогдохоор байна. Халхавчилсан гэрээ хийгдсэн гэдэг нь тогтоогдсоор байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01640 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Батсайхан, П.Тэрбиш нар нь хариуцагч Л.Батхишигт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 43 дугаар байрны 58 тоотод байрлах 36,2 м.кв талбай бүхий орон сууцыг 2016 оны 6 дугаар 6-ны өдрийн өдрийн 25 000 000 төгрөгөөр, 60 000 000 төгрөгөөр тус тус худалдсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр маргааны зүйл болж буй объектийг 25 000 000 төгрөгөөр худалдсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж, 60 000 000 төгрөгөөр худалдсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хулийн 58, 59 дүгээр зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн буюу хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч нар нэг өдөр байгуулагдсан хоёр өөр үнийн дүнтэй худалдах- худалдан авах тухай хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн үндэслэлээр ямар эрхээ нөхөн сэргээлгэхээр шаардлага гаргасан нь тодорхойгүйгээс гадна хариуцагч Л.Батхишигээс юу шаардаж байгаа нь тодохой бус болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад уг шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудыг мэтгэлцүүлээгүй, талуудын хооронд байгуулагдсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэлд тооцсоны үр дагавар тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй, хэрхэн биелэгдэх нь тодорхойгүй шийдвэр гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Батсайхан шүүхэд хандан 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 43 дугаар байрны 58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөд шилжилт хөдөлгөөнийг шүүхээр маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл зогсоож, битүүмжлүүлэхээр хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2018/04680 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэхдээ гуравдагч этгээд Н.Билэгдэмбэрэлийн өмчлөлд шилжсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь зөрчилтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан бөгөөд Н.Батжаргал, Н.Билэгдэмбэрэл нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрх Н.Билэгдэмбэрэлд шилжсэн байх бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдуулан ямар нэг нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэх боломжгүй юм. /хх-ийн 59-62 тал/

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Л.Батхишигийн өмчлөлд байхгүй тул түүний нэр дээрх эд хөрөнгийн лавлагаа гаргуулах, лавлагаар тогтоогдсон эд хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2018/04932 дугаар шүүгчийн захирамжаар өмнө нь уг асуудлыг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. /хх-ийн 29, 41-43 тал/

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодохойгүй байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01640 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Батсайханы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО