Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0365

 

 

 

 

2020 оны 05 сарын 26 өдөр Дугаар 128/ШШ2020/0365 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г ХХК /РД:*******/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгалъ орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлтийн талаар: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, ... талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зааснаас үзэхэд, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргах уг дүгнэлт нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч зөрчил гаргасан болохыг тогтоосон захиргааны акт байна. 2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлтээр Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот албан бичгийг үндэслэн "Г" ХХК-ийн эзэмшдэг ***тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн байдаг. 3.Манай компани дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр “Д”ХХК-иас шилжүүлж авсан ба уг ашиглалтын талбай дээр ямар нэгэн олборлолтын ажиллагаа огт хийгээгүй байсан. Энэхүү тусгай зөвшөөрлийг өмнө нь “А”ХХК, “М” ХХК зэрэг эзэмшиж байсан ба эдгээр компаниудаас зөвхөн “М” ХХК уг талбайд 2001-2002 онд олборлолт явуулж ашиглаж байсан, түүнээс хойш олборлолт хийгээгүй талбай байсан. 4. Г ХХК-ийн хувьд дээрх тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу шилжүүлж авсныхаа дараа олборлолт явуулахад шаардлагатай бичиг баримтуудыг ':бүрдүүлэх, бусад бэлтгэл ажлуудыг хийж байсан. Мөн үүний зэрэгцээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээх ажлыг хийж, 2018 онд 5 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийсэн, 2019 онд тусгай зөвшөөрөл цуцлагдахаас өмнө болоод цуцлагдсаны дараа ч нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна. 5.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Э Төрийн захиргааны удирдлагын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Э, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Б, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Б, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Н, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ахлах мэргэжилтэн Б.С нарын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт-ээс үзэхэд уг дүгнэлт нь зөвхөн Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот албан бичгийг үндэслэсэн байхаас харин эдгээр ажлын хэсгийн хүмүүс хяналт, шалгалтыг хэзээ, хэрхэн явуулсан, хяналт шалгалт хийсэн бол үүгээр ямар зөрчил хэрхэн тогтоогдсон, зөрчил нь аль хууль тогтоомжид нийцээгүй талаар дурдаагүй байх тул уг дүгнэлт нь хууль бус, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ гэж заасан байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчныг хамгаалах. түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 26 дугаар зүйлийн 1-д Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т улсын байцаагч нь хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лиценз, зөвшөөрөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх-ээр тус тус зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөө учруулсан нь эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үндэслэл болохоор байна. 7. Түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагаас зөрчил тогтоосон дүгнэлт гаргах талаарх ижил төстэй харилцааг зохицуулсан бусад хуулийн заалтуудыг авч үзвэл, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ... улсын байцаагч ... дүгнэлт бичих бөгөөд ... тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ, 34.4-т ... дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д ... барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д улсын байцаагч нь ... дүгнэлт ...-ийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэх зэргээр хэлбэрийн шаардлагуудыг нийтлэл байдлаар зохицуулсан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөрчил тогтоосон гэх дүгнэлтийн хувьд эдгээр шаардлагуудыг огт хангаагүй дүгнэлт гаргасан байна. 8.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дээрх дүгнэлтийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулаагүй, ийнхүү дүгнэлт гаргах ажиллагаандаа эрх, хууль сны ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай компанийг татан оролцуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх боломжийг огт олгоогүй, гаргасан дүгнэлтээ огт мэдэгдээгүй /нэхэмжлэгчийн зүгээс өөрсдөө хүсэлт гаргаж уг дүгнэлтийг 2019.10.09-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газраас хуулбарлаж авсан/ зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн.

Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийн талаар:

1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг үндэслэсэн ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны энэхүү дүгнэлт нь дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдож хүчингүй болсноор Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргаан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа талаарх байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт болох бие даасан захиргааны актыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа бөгөөд уг дүгнэлт хүчингүй болсноор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэр мөн адил хүчингүй болохоор байна. 2.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргахдаа хуульд заасан энэхүү ажиллагааг хийгээгүй болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.

Тус шүүхэд Г ХХК нь Байгаль орчин, аялап жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт- ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Санал хүргүүлэх тухай Архангай аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн ***тоот албан бичгийг тус тус үндэслэн Турван хайрханы ХХК-ийн эзэмшдэг ***тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. "Санал хүргүүлэх тухай" Архангай аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар 20-ний өдрийн ***тоот албан бичгээр *** дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг Г ХХК-ний үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү уламжилсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах, 56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах Өлийн голын адаг нэртэй 540 гектар талбайд ашигт малтмал ашиглах 4174А лицензйн гэрчилгээг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанаас /хуучин нэрээр/ 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдөр анх Б" ХХК-д олгожээ. Геологи, уул уурхайн кадастрын газрын /хуучин нэрээр/даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр С ХХК-д, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын /хуучин нэрээр/ даргын 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1613 дугаар шийдвэрээр “А”ХХК-д, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 579 дүгээр шийдвэрээр Д" ХХК-д, мөн хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр Г ХХК-д тус тус шилжүүлсэн байна. Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот албан бичгээр тус аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Г ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасан байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-т заасан дүгнэлт гаргах Ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн ***тоот албан бичгийг тус тус үндэслэн дүгнэлт гаргасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн **** тоот албан бичгээр Г ХХК-д холбогдох дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар бүхий дүгнэлтэд Г ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул ашигт малтмалын ашиглалтын ***тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ. Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын *** дугаар шийдвэр гарсан болно. Мөн түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Иймд Г ХХК-ийн гаргасан тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ***тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Г ХХК нь:

         Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлт,

         Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар *** тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот албан бичгийг үндэслэн Г ХХК-ийн эзэмшдэг ***тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дээрх 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь бодит нөхцөл байдлыг тогтоох буюу нотлох, шалгах, нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй дугаар *** тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэл нь тодорхойгүй, ерөнхий шинжтэй буюу Г ХХК нь тус ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсанаас хойш хэрхэн, тодорхой ямар байдлаар байгаль орчинд хортой нөлөө учруулж буй талаар уг дүгнэлтэд тодорхой заагаагүй, хэрхэн, ямар байдлаар хортой нөлөө учруулж буй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Маргаан бүхий *** дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргахдаа Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот албан бичгийг үндэслэсэн байх боловч уг аймгийн Засаг даргын орлогчийн албан бичигт Г ХХК нь ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд тодорхой ямар байдлаар хортой нөлөө үзүүлж байгаа талаар заагаагүй, дээрх Засаг даргын орлогчийн ***тоот албан бичгийг ямар судалгаа, шинжилгээнд үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна.

Тус шүүхээс Архангай аймгийн Засаг даргад хандан 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот албан бичгийг гаргах үндэслэл болсон бүхий л баримтууд /байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэнтэй холбоотой бүх баримтууд/-ыг шүүхэд ирүүл гэж шаардсан албан бичгийг явуулсан боловч Г ХХК нь ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд тодорхой ямар байдлаар хортой нөлөө үзүүлж байгаа талаар үндэслэл бүхий тооцоолол, судалгаа, шинжилгээ, үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.

Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын танилцуулгуудыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр хяналт шалгалтын танилцуулгуудын 2 нь /2019 оны 10 сарын 14-ний өдрийн 03/47 дугаар болон 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 01/76 дугаар танилцуулга/ Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээс цаг хугацааны хувьд хойш гарсан байх тул Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлтэд хамааралгүй, уг 2 хяналт шалгалтын танилцуулгыг маргаан бүхий Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлтийг гаргах үндэслэл болсон баримтууд гэж үзэх боломжгүй.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар *** тоот дүгнэлт болон Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот албан бичигт Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналт шалгалтын танилцуулгуудын талаар тусгагдаагүй, тус танилцуулгуудыг үндэслээгүй байх тул эдгээр Хяналт шалгалтын танилцуулгуудыг маргаан бүхий Ажлын хэсгийн *** тоот дүгнэлтийг гаргах үндэслэл болсон баримтууд гэж үзэх боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч буюу захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судлах, нотлон шалгах үүрэгтэй төдийгүй тодорхой ямар шалтгаан, үндэслэлээр шийдвэр гаргаж байгааг уг захиргааны актдаа тодорхой заах шаардлагатай тул маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн дугаар *** тоот дүгнэлт нь хуулийн эдгээр шаардлагыг хангаагүй байна гэж шүүх үзлээ. Нэхэмжлэгч нь манай компани нь уг ашиглалтын тусгай зөвшөөрлийг ДХХК-иас шилжүүлж авсанаас хойш олборлолт огт явуулаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа ба Ашигт малтмал газрын тосны газрын шүүхэд ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот албан бичигт Г ХХК нь ***тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дугаар зүйлд заасны дагуу 2018, 2019 онуудын ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайланг ирүүлээгүй, 2018 онд хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан ирүүлж байсан байна гэсэн байна.

Иймд дээрхээс үзэхэд Г ХХК-ийг ***тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолт явуулсан гэж үзэхээргүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол, 28.2-т Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэж тус тус заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь дээрх зохицуулалтуудын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Г ХХК нь олборлолт явуулаагүй байх тул нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, гарцаагүй байдлын улмаас, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай зэрэг сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдол үүсээгүй, мөн сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй ба үүнийг нотлох баримтаа хариуцагчид шүүхэд ирүүлээгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүх Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар *** тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай *** дугаар шийдвэрийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн дугаар *** тоот дүгнэлтийг үндэслэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар *** тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт үндэслэлгүй, хуульд нийцээгүй талаар дээр дүгнэсэн тул уг *** тоот дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны *** дугаар шийдвэр мөн хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Кадастрын хэлтэс нь манай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон буюу бүрдсэн талаарх мэдэгдлийг манай компанид өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь заалтуудаар тухайлан, тусгайлан зохицуулсан байх тул манай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг урьдчилан мэдэгдэх үүргээ Кадастрын хэлтэс биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй төдийгүй энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасантай нийцнэ гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 28 дугаар зүйлийн 28.2, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар *** тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг болон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 35.100 төгрөгийг, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс 35.100 төгрөгийг тус тус гаргуулж Г ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ