Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2021/00556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар  / овогт Ш.Агийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: тоот хаягт байрлах, /регистрийн дугаар / Т ТӨХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн төлөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд болон төлөөлөгч Т.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оноос эхлэн Т ТӨХХК-ийн тухайн үеийн удирдлагуудад хандан Орон сууцны үнийн, хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Уг асуудлыг компанийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцсэн шийдвэр болон Төрийн орон сууцны корпорацын Нийгмийн хөгжлийн сан байгуулах, түүнийг зарцуулах журмыг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/20 дугаартай ерөнхий захирлын тушаалаар ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд журамд заасан шалгуурыг хангасан нийт 21 ажилтан, албан хаагчдад Буянт-Ухаа 2 хорооллоос хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдах шийдвэр гаргаж нэрс болон худалдах орон сууцны м.кв өрөөний тоо хэмжээг хавсралт 1-ээр баталсан. Дээрх хавсралтад Ш.Ад 49.23 м.кв бүхий 2 өрөө сууцыг худалдахаар заасан бөгөөд тухайн шийдвэр гаргах үед Буянт-Ухаа 2 хороололд дээрх м.кв бүхий 2 өрөө орон сууц байгаагүй. Зөвхөн том м.кв бүхий 3 өрөө орон сууцнууд үлдсэн байсан тул аргагүйн эрхэнд тус хорооллын 1027 дугаар байранд 68.59 мк.в бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар болж тухайн байрны үнийн дүнгийн 10 хувийг төлсөн. Гэтэл Тйн захиалгаар баригдах орон сууцад захиалга aвax, худалдан борлуулах журам-ын 7.3.4-т заасан захиалгын гэрээг байгуулж тус байрны үлдэгдэл төлбөрийг төлөх талаар байгууллагын холбогдох албан тушаалтан, удирдлагуудад хүсэлт удаа дараа гаргасан боловч орон сууц захиалгаар бариулах гэрээг санаатайгаар байгуулахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тус журмын 6.1.2, 6.1.3-дах хэсэгт заасанчлан орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байсаар 2020 оны 5 дугаар сар хүрсэн. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Т ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/47 тоот тушаалаар намайг дээр дурдсан Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын 1027-р байрны 37 тоот 68.59 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг ажил албан тушаалаа урвуулан ашиглан өөртөө завшиж компанид 83.296.500 төгрөгийн хохирол учруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан Ажилтан компанийн эд хөрөнгөнд хохирол учруулсан бол Компаниас ажилтанд уг хохирлыг барагдуулах хугацаа заасан боловч уг хугацаанд хохирлыг бүрэн барагдуулаагүй бол гэж заасныг зөрчсөн гэж үзэн ажлаас халах эрх зүйн ямаp ч үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд нэг талаас орон сууц худалдах худалдан авах гэрээний хоёр тал болж худалдагч, худалдан авагчийн хооронд төлбөр төлөхөөр үүссэн эрх зүйн дээрх харилцааг ажил олгогч болон ажилтан хоёрын харилцаанд хамааруулан компанид хохирол учрууллаа хэмээн эрх зүйн үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан тул Т ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12,305,280 төгрөг, урамшуулал 900,900 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ТӨХХК шүүхэд болон төлөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Санчир нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Агийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/20 тоот тушаалаар 49,23 мкв 2 өрөө байрыг худалдан авах зөвшөөрөл олгосон. Гэвч тухайн үед өрөө орон сууц дууссан байсан тул Ш.Ад 2 өрөө орон сууц олгох асуудал шийдэгдээгүй үлдсэн. Борлуулалт түрээсийн асуудал хариуцсан нягтлан бодогч Ш.А албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрны 37 тоот байрны түлхүүрийг дур мэдэн Н.Ганпүрэвт 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгч орон сууцны түрээсийн төлбөрийг өнөөдрийг болтол компанийн дансанд төвлөрүүлээгүй байна. Зөвхөн орон сууцны хүүгийн төлбөрт Т ТӨХХК нь түлхүүр гардан авах өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш байрны төлөгдөөгүй төлбөрийн алдагдлыг тооцвол байрны үнийн хүүгийн төлбөрт 23,553,065 төгрөг, Засгийн газрын тогтоол, тушаал журмын дагуу 1 мкв-ыг 6,500 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд Ш.Агийн түрээсэлж байсан орон сууцны 46 сарын түрээсийн төлбөрийг тооцож үзвэл 20,508,410 төгрөгийн алдагдал, нийт 44,061,475 төгрөгийн хохирлыг Т ТӨХХК хүлээгээд байна. Энэ талаар шаардлага тавьж Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрын 37 тоот сууцын төлбөрийг төлөх талаар Ш.Ад удаа дараа мэдэгдэхэд элдэв шалтаг хэлж, ярих болсон тул түүнийг залилан мэхлэх, албан тушаалаа ашиглан Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг эцэслэн шийдвэрлээгүй байна. Иймд Ш.Агийн нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.А хариуцагч Т ТӨХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 6,132,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Т ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9,771,840 төгрөг, урамшуулал 900,900 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2,533,440 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хариуцагч Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Борлуулалт түрээсийн асуудал хариуцсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12,305,280 төгрөг, урамшуулал 900,900 төгрөг гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай гэж шаардлагаа тодруулж, Ш.А зөвшөөрөлгүй 3 өрөө байранд орсон зөрчил гаргасан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлав.

 

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж компанид 83,296,500 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж маргажээ.

Ажил олгогч Т ХХК нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дах заалт, 40.1.5 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2 дах заалт, 10.2.28 дах заалт, 10.2.48 дахь заалт, 10.3 дахь хэсэг, Дотоод хянан шалгагчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тайланг үндэслэн Борлуулалт түрээсийн асуудал хариуцсан нягтлан бодогч Ш.А нь тус компанийн захиалгаар баригдсан Буянт-Ухаа 2 хорооллын 1072 дугаар байрны 7 давхрын 37 тоот 68,59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ажил албан тушаалаа урвуулан ашиглан хууль бусаар эзэмшин бусдад түрээслэн өөртөө зөвшиж компанид 83,296,500 хохирол учруулсан үндэслэлээр Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот тушаалаар ажилтан Ш.Ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь Б/47 тоот тушаал, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 8 тал/

 

Ажилтан Ш.А нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/65 тоот тушаалаар Т ХХК-ийн Борлуулалт түрээсийн асуудал хариуцсан нягтлан бодогчоор томилогдон, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. /хх-ийн 4-6, 110 тал/

 

Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.28. Ажилтан компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол Компаниас ажилтанд уг хохирлыг барагдуулах хугацаа заасан боловч уг хугацаанд хохирлыг бүрэн барагдуулаагүй, 10.2.48. Хууль тогтоомжид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус гэрээний 10.3 дах хэсэгт харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заажээ. /хх-ийн 4-7тал/

 

Нэхэмжлэгч Ш.А нь Буянт-Ухаа 2 хорооллын орон сууцнаас байр худалдаж авахаар хүсэлт гаргасныг Гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/20 тоот тушаалаар 49,23 м.кв 2 өрөө байрыг 61,783,650 төгрөгөөр худалдан авч болох зөвшөөрлийг олгосон байна. /хх-ийн 39,40 тал/

 

Харин түүнд Буянт-Ухаа 2 хорооллын 1027 байрны 37 тоот 68,59 м.кв байрыг худалдан авах, ашиглах зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд нэхэмжлэгч зөвшөөрөл олгосон гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Хариуцагч Т ХХК-ийн Буянт-Ухаа 2 хорооллын орон сууцнаас ажилтан Ш.А нь байр худалдаж авахаар хүсэлт гаргасныг Гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/20 тоот тушаалаар 49,23 м.кв 2 өрөө байрыг 61,783,650 төгрөгөөр худалдан авч болох зөвшөөрлийг дагуу 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 9,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 300,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба талууд хэн аль нь маргаагүй.

 

Ажил олгогч Т ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажилтан Ш.Ад Мэдэгдэл хүргүүлж, Буянт-Ухаа 2 хорооллын байрны үлдэгдэл төлбөр 83,296,500 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулах, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.28. Ажилтан компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол компаниас ажилтанд уг хохирлыг барагдуулах хугацаа заасан боловч уг хугацаанд хохирлыг бүрэн барагдуулаагүй бол гэрээг цуцална гэж заасан байдаг бөгөөд дээрх хугацаанд орон сууцны төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний заалтын дагуу тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болохыг мэдэгдэж байна гэжээ. /хх-ийн 45 тал/

 

Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2. Ажил олгогч болон түүний хамтран ажиллагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, хулгайлсан,түүнд халдах оролдлого гаргасан, бусдаас иймэрхүү оролдлого гаргахад нь тусалсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил олгогчийн хариуцуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан зэрэг шалтгааны улмаас ажил олгогчид 50,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан зэрэг зөрчлийг ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулах болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ноцтой зөрчил-д хамааруулахаар харилцан тохиролцсон байна.

 

Ажилтан Ш.А нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзнэ. /хх-ийн 87 тал/

 

Нэхэмжлэгч Ш.А нь Буянт-Ухаа 2 хорооллын 1027 байрны 37 тоот 68,59 м.кв байрыг гэрээ байгуулаагүй 5 жилийн хугацаанд ашиглаж, төлбөрийг бүрэн төлж дуусаагүй атлаа байрыг бусдад давхар түрээслэн ашиг олж, ажил олгогчийг хохироосон зэрэг зөрчил гаргасан нь Т ХХК-ийн Дотоод хянан шалгагчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тайлан, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 27а2-2/4368 тоот албан бичиг, хариуцагчийн тайлбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 46, 78-82, 195 тал/

 

Тус тайланд Ш.А нь Тиймээ би хамаатны ахыг түр амьдруулж байгаа нь үнэн. Гэхдээ би энэ байраа авах хүсэлттэй байгаа. Хүнд мөнгөө залилуулчихаад төлж чадахгүй удсан нь үнэн. Гэхдээ одоо удахгүй банкнаас зээл нэмж аваад урьдчилгаа 30 хувиа гүйцээж төлөөд том хүүгийнхээ нэр дээр банкны зээлэнд хамрагдах хүсэлтэй байна гэх тайлбар, С.Пүрэв нь Ш.Агийн хамаатан хөдөөнөөс ирсэн. Ашиглалтын зардлыг миний хүү ажил хийдэг тул төлдөг бөгөөд Ш.А өөрөө амьдрахгүй байгаа гэх тайлбар гаргасан байх бөгөөд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 27а2-2/4368 тоот албан бичигт Буянт-Ухаа- 2 хорооллын 1027 дугаар байрны 37 тоотод Ядамсүрэнгийн Сэргэлэнбат гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байна гэжээ. /хх-ийн 195 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.1.1 дэх заалтанд сануулах, 131.1.2 дахь заалтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3 дахь заалтанд ажлаас халах гэж зохицуулсан.

 

Ажилтан Ш.А нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь ажил олгогч Т ХХК-ийн Дотоод хянан шалгагчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тайлан-гаар тогтоогдсон тул ажил олгогч Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот тушаал үндэслэлтэй байна.

Иймд Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Борлуулалт түрээсийн асуудал хариуцсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12,305,280 төгрөг, урамшуулал 900,900 төгрөг гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Ш.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Ш.А нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,556,250 төгрөг:21,5=өдөрт 72,384 төгрөг х170 өдөр/ 12,305,280 төгрөг төгрөгийг шаардсан тооцоолол гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд олгох олговор-ын хэмжээ нь урьд авч байсан цалин хөлсний дунджаар тодорхойлогдох учир ажилгүй байх хугацаанд тус компаниас олгогдох байсан урамшуулал хамаарахгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

 

Ажил олгогч Дотоод хянан шалгагчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тайланг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулж, нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүй 3 өрөө байранд орсон зөрчил гаргасан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Хариуцагч нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 27м-лб/1091 тоот Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бүртгэлийн 201101428 дугаартай Ш.Ад холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байгаа гэх албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байна.

 

Ш.Ад холбогдох хэрэг бүртгэлийн 201101428 дугаартай хэрэг нь энэ хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.146 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Борлуулалт түрээсийн асуудал хариуцсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12,305,280 төгрөг, урамшуулал 900,900 төгрөг гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Ш.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,874 төгрөгийг Улсын орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ