Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00731

 

Ш.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00556 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Агийн “ТОСк”ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Л, түүний өмгөөлөгч А.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний  төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оноос эхлэн “ТОСк”ХХК-ийн тухайн үеийн удирдлагуудад хандан Орон сууцны үнийн, хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Уг асуудлыг компанийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцсэн шийдвэр болон “ТОСк”ХХК-ийн Нийгмийн хөгжлийн сан байгуулах, түүнийг зарцуулах журмыг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/20 дугаартай ерөнхий захирлын тушаалаар ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд журамд заасан шалгуурыг хангасан нийт 21 ажилтан, албан хаагчдад Буянт-Ухаа 2 хорооллоос хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдах шийдвэр гаргаж нэрс болон худалдах орон сууцны м.кв өрөөний тоо хэмжээг хавсралт 1-ээр баталсан. Дээрх хавсралтад Ш.Ад 49.23 м.кв бүхий 2 өрөө сууцыг худалдахаар заасан бөгөөд тухайн шийдвэр гаргах үед Буянт-Ухаа 2 хороололд дээрх м.кв бүхий 2 өрөө орон сууц байгаагүй. Зөвхөн том м.кв бүхий 3 өрөө орон сууцнууд үлдсэн байсан тул аргагүйн эрхэнд тус хорооллын 1027 дугаар байранд 68.59 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар болж тухайн байрны үнийн дүнгийн 10 хувийг төлсөн. Гэтэл “ТОСк”ХХК-ийн захиалгаар баригдах орон сууцад захиалга aвax, худалдан борлуулах журмын 7.3.4-т заасан захиалгын гэрээг байгуулж тус байрны үлдэгдэл төлбөрийг төлөх талаар байгууллагын холбогдох албан тушаалтан, удирдлагуудад хүсэлт удаа дараа гаргасан боловч орон сууц захиалгаар бариулах гэрээг санаатайгаар байгуулахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тус журмын 6.1.2, 6.1.3-дах хэсэгт заасанчлан орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байсаар 2020 оны 5 дугаар сар хүрсэн. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “ТОСк”ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/47 тоот тушаалаар намайг дээр дурдсан Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын 1027-р байрны 37 тоот 68.59 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг ажил албан тушаалаа урвуулан ашиглан өөртөө завшиж компанид 83 296 500 төгрөгийн хохирол учруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтан компанийн эд хөрөнгөнд хохирол учруулсан бол байгууллагаас ажилтанд уг хохирлыг барагдуулах хугацаа заасан боловч уг хугацаанд хохирлыг бүрэн барагдуулаагүй бол гэж заасныг зөрчсөн гэж үзэн ажлаас халах эрх зүйн ямаp ч үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд нэг талаас орон сууц худалдах худалдан авах гэрээний хоёр тал болж худалдагч, худалдан авагчийн хооронд төлбөр төлөхөөр үүссэн эрх зүйн дээрх харилцааг ажил олгогч болон ажилтан хоёрын харилцаанд хамааруулан компанид хохирол учрууллаа хэмээн эрх зүйн үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан тул “ТОСк”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12 305 280 төгрөг, урамшуулал 900 900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Агийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/20 тоот тушаалаар 49,23 мкв 2 өрөө байрыг худалдан авах зөвшөөрөл олгосон. Гэвч тухайн үед өрөө орон сууц дууссан байсан тул Ш.Ад 2 өрөө орон сууц олгох асуудал шийдэгдээгүй үлдсэн. Борлуулалт түрээсийн асуудал хариуцсан нягтлан бодогч Ш.А албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрны 37 тоот байрны түлхүүрийг дур мэдэн Н.Ганпүрэвт 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгч орон сууцны түрээсийн төлбөрийг өнөөдрийг болтол компанийн дансанд төвлөрүүлээгүй байна. Зөвхөн орон сууцны хүүгийн төлбөрт “ТОСк”ХХК нь түлхүүр гардан авах өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш байрны төлөгдөөгүй төлбөрийн алдагдлыг тооцвол байрны үнийн хүүгийн төлбөрт 23 553 065 төгрөг, Засгийн газрын тогтоол, тушаал журмын дагуу 1 мкв-ыг 6 500 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд Ш.Агийн түрээсэлж байсан орон сууцны 46 сарын түрээсийн төлбөрийг тооцож үзвэл 20 508 410 төгрөгийн алдагдал, нийт 44 061 475 төгрөгийн хохирлыг хариуцагч хүлээгээд байна. Энэ талаар шаардлага тавьж Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрын 37 тоот сууцын төлбөрийг төлөх талаар Ш.Ад удаа дараа мэдэгдэхэд элдэв шалтаг хэлж, ярих болсон тул түүнийг залилан мэхлэх, албан тушаалаа ашиглан Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг эцэслэн шийдвэрлээгүй байна. Иймд Ш.Агийн нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “ТОСк”ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Борлуулалт түрээсийн асуудал хариуцсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12 305 280 төгрөг, урамшуулал 900 900 төгрөг гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Ш.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148 874 төгрөгийг Улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд түүнийг ажлаас халах болсон бодит үндэслэлийг заахдаа ”... 3 өрөө орон сууцыг ажил албан тушаалаа урвуулан ашиглан хууль бусаар эзэмшин бусдад түрээслэн өөртөө завшиж компанид 83 296 500 төгрөгийг хохирол учруулсан" гэж тусгасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсний үндсэн дээр хийсэн дүгнэлт байна. Хавтаст хэргийн 39, 40 дэх талд авагдсан хариуцагч компанийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Ажилтнуудад орон сууцны хөнгөлөлт үзүүлэх тухай 20 дугаар тушаалын дагуу 1 м.кв талбайн үнийг хямдруулж өөрийн өртгөөр буюу          1 255 000 төгрөгөөр тооцож, Ш.Ад 49.23 м.кв хэмжээ бүхий 2 өрөө байрыг худалдан авах эрх олгосон. Хавтаст хэргийн 78 дах талд авагдсан “ТОСк”ХХК-ийн “Дотоод хянан шалгагчийн төлөвлөгөөт бус хяналтын тайлан” гэх баримтын 1 дэх талд “Тушаалаар Ш.Ад 2 өрөө орон сууц авах хөнгөлөлт үзүүлсэн боловч тухайн үед 2 өрөө байр дууссан гэсэн шалтгаанаар 1027 байрны 37 тоот 3 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр худалдан авах захиалга өгч, байрандаа орсон байна" гэж тусгагдсан. Хяналтын тайлангийн энэ хэсэгт 2 өрөө байр дууссан тул нэхэмжлэгч тушаалд заасан байрыг авах боломжгүй байсан тухай, мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий 3 өрөө байрыг худалдан авах захиалга өгч, байрандаа орсон тухай тусгагдсан. Энэ нь “маргаан бүхий 3 өрөө байрыг нэхэмжлэгч дур мэдэн авсан” гэх дүгнэлтийг няцааж байна. Тайланд Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/340 тоот албан бичгээр ажилтан Ш.Ад орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл дараах төлбөрийг хийсэн байна" гэж бичсэн. Энэ нь хариуцагч байгууллагын зүгээс 3 өрөө байрыг Ш.Ад худалдсанаа хүлээн зөвшөөрч, байрны үлдэгдэл төлбөр нэхэмжилж байсныг харуулах юм. Хэргийн 45, 86, 119 дугаар талд авагдсан баримтуудаар хариуцагчийн зүгээс байраа худалдаж, үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгааг харуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Одбаяр нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, “хариуцагчид гэрээний талуудын хооронд байгуулагдах орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахыг даалгах” шаардлага гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Түүнчлэн, нэхэмжлэгч нь албан тушаалаа урвуулан ашиглаж байрыг аваагүй, захиалга өгсний үндсэн дээр байранд орсон. Харин байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй асуудал нь худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудал буюу хөдөлмөрийн гэрээний харилцаанд хамааралгүй юм. Байрны үлдэгдэл төлөхгүй байгаа нь хариуцагч өөрийн дотоод журмаа зөрчсөн, хууль бус үйлдлээс шалтгаалсан зүйл болохыг дээр тайлбарласан.  Ийнхүү нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.2, 10.2.28-д заасан ноцтой зөрчил гаргаагүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.3, 40.1.4 дэх заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй юм. Хэрэв шүүх нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлтэй байсан. Хяналтын тайланд нэхэмжлэгчийг маргаан бүхий байранд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орсон гэж заасан. Тус үеэс 6 сарын хугацаа тоолоход 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр хугацаа дуусж байна. Ш.Аг ажлаас халах үндэслэл болгож буй нөхцөл байдлыг ажил олгогч нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар мэдэж байсан байна. Иймд тус хугацаанаас эхлэн 1 сарын хугацааг тоолох үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.А хариуцагч “ТОСк”ХХК-д холбогдуулан хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 12 305 280 төгрөг, урамшуулал 900 900 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.А нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/65 тоот тушаалаар “ТОСк”ХХК-ийн борлуулалт, түрээс хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 4-7, 110-112 дүгээр тал/

 

            Хариуцагч “ТОСк”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 10.2.2, 10.2.28, 10.2.48, 10.3, Дотоод хяналт шалгагчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шалгалтын тайланг тус тус үндэслэн Ш.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хэргийн 8 дугаар тал/

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон талаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... Буянт-Ухаа 2 хороолол, 1027 байрны 37 тоотод байрлах 68,59 м.кв орон сууцыг нэхэмжлэгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар эзэмшин бусдад түрээсэлж, компанид 83 296 500 төгрөгийг хохирол учруулсангэх агуулгаар тайлбарлаж байх боловч дээрх тайлбар нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс Буянт-Ухаа 2 хороолол, 1027 байрны 37 тоотод байрлах 68,59 м.кв орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хариуцагч талтай бичгээр байгуулаагүй боловч тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан талаар маргаагүй. Нөгөөтэйгүүр, хариуцагч “ТОСк”ХХК-аас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/340 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдлээр Ш.Ад тухайн орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг тус тус мэдэгдэж байжээ.

 

 Мөн нэхэмжлэгчийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад ашиг олох зорилгоор түрээсэлж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх ба тухайн байрыг өөртөө олгох эрхтэй болох нь тогтоогдохгүй байна. /хэргийн 45, 119 дугаар тал/

 

Түүнчлэн, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Төрийн орон сууц корпораци” ХХК-ийн Дотоод хянан шалгагчийн төлөвлөгөөт бус хяналтын тайланд “... Ш.А нь хөдөлмөрийн дотоод журмын 11.3.4, 11.3.5 болон байгууллагын бусад дүрэм, журмыг зөрчсөн” гэж дүгнэжээ. Дотоод хянан шалгагчийн гаргасан дүгнэлт нь ажилтны зөрчлийг тогтоох, түүнийг эргэлзээгүй үүссэн гэж үзэх шууд баримт болохгүй. Учир нь ажилтан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан зөрчил гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. /хэргийн 78-82 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болон гэрээ байгуулаагүй, орон сууцыг бусдад ашиглуулж, эзэмшүүлсэн тохиолдолд сахилгын зөрчилд тооцох талаар шууд заагаагүй байх тул дээрх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт болон хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот тушаал үндэслэлгүй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Агийн ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 18 204 510 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 12 305 280 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас урамшуулал 900 900 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Иймд нэхэмжлэгч урамшуулал 900 900 төгрөгийг шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо .. орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлажээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах боломжгүй./хэргийн 42-44 дүгээр тал/ Учир нь нэхэмжлэгч талын гаргасан нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай агуулгын хувьд шууд холбоогүй байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг уг асуудлаар цаашид шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хөндөөгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Аг “ТОСк”ХХК-ийн борлуулалт, түрээс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Төрийн орон сууц корпораци” ХХК-аас 12 305 280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх урамшуулал 900 900 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Ш.Агийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг “Төрийн орон сууц корпораци” ХХК-д даалгасугай” гэж нэмж, 2 дэх заалтыг 3 гэж, 3 дах заалтыг 4 гэж тус тус дугаарлан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                    

 

                                                  ШҮҮГЧИД                        Н.БАТЗОРИГ

           

                                                                                          С.ЭНХТӨР