Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/00456

 

 

 

 

 

      2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/00456

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: .. тоотод байрлах, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: __ тоотод оршин суух, Ч.Н /.../-т холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.. ХХК,

 

Гэрээний үүрэгт 58 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б.., Ч..., Э..., хариуцагчийн төлөөлөгч Ц..., гуравдагч этгээдийн төлөөлөгч Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш  ХХК нь К ХХК-тай 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 1 991 601 744.45 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. К ХХК нь Хан-Уул дүүргийн 16-р хороонд байрлах 60 айлын орон сууцыг барьж 2015 оны 4 сарын 06-ны өдөр ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Улмаар 2016 оны 1 сарын 11-ний өдрийн К ХХК-ийн удирдах зөвлөлийн тогтоолоор хөрөнгө оруулалтын гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу зарагдаагүй үлдсэн байрнуудыг Ш  ХХК болон К ХХК хуваан авч урьдчилан борлуулсан 22 байрны үлдэгдэл төлбөр болох 223 941 000 төгрөгийг Ш  ХХК-ийн ашигт хувиарлагдан тооцохоор тохиролцсон. Ингээд худалдан борлогдсон байрнуудаас үлдэгдэл төлбөрийг Ш  ХХК нь нэхэж эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Наадамчдын зам ********* тоотын 2 өрөө байрыг Ч.Н  нь орон сууц барилга худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр харилцан тохиролцож худалдан авахаар урьдчилгаа 14 000 000 төгрөгийг төлсөн. Тус гэрээг 2014 оны 10 сарын 01-ний өдөр барилга ашиглалтанд орохоос өмнө байгуулсан. Энэхүү гэрээний 3.1-д худалдан авагч тухайн сууцны үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтанд орох хүртэл тохиролцсоны үндсэн дээр хуваарийн дагуу төлнө гэж заасан. Гэтэл худалдан авагч тал болох Ч.Н  нь тус орон сууц ашиглалтанд орсноос хойш үлдэгдэл төлбөр болох 58 520 000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй. Хариуцагчтай төлбөрийн үлдэгдлээ хурдан хугацаанд төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч өнөөдөр, маргааш төлнө гэж худлаа шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Ч.Н ээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 58 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н  К ХХК-ийн захирал С.Ч-тай  2013 оны 9 сарын 07-ны өдөр 2 өрөө орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан ба өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. К ХХК-ийн захирал ********д хуваарийн дагуу байрны төлбөрт 23 405 000 төгрөг төлсөн. Ш  ХХК нь надтай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Байрны үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн авсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ тухай надад албан бичиг байтугай амаар ч мэдэгдээгүй. Харин М.Чинбат надад үлдэгдэл төлбөр тооцоог хийлгүй түр хүлээж байх тухай албан бичиг өгсөн. Би К ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоогоо хийнэ гэсэн бодолтой байгаа, уг 57 тоотод амьдарч байгаа нь үнэн гэхдээ Ш  ХХК-тай ямарч хамааралгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэг 2014 оны 10 сарын 01-ний өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээнд худалдагч К ХХК гэж, худалдан авагч Ч.Н  гэсэн гэрээг нэхэмжлэгч Ш  ХХК нь ирүүлсэн байдаг бөгөөд энэ гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Харин 2013 оны 9 сарын 7-нд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээний дагуу Ч.Н  нь К ХХК-ийн захирал С.Чимбатад 23 405 000 төгрөгийг төлсөн байдаг. К ХХК болон Ш  ХХК нар нь уг 60 айлын орон сууцыг барьж, 2015 оны 4 сарын 06-ны Улсын комисст хүлээлгэж өгсөн. 2016 оны 1 сарын 11-ний өдрийн гэрээг сайн мэдэхгүй байгаа бөгөөд К ХХК нь шаардах эрхээ Ш  ХХК-д шилжүүлсэн зүйл огт байхгүй, иймд Ч.Н  нь уг байрны төлбөрийг К ХХК-д төлөх ёстой гэж үзэж байна гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш  ХХК нь хариуцагч Ч.Н т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 58 520 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. 

 

            Нэхэмжлэгч Ш  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ш  ХХК нь К ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж К ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 60 айлын орон сууцыг барьсан. Гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу зарагдаагүй үлдсэн байрнуудыг талууд хуваан авахаар тохиролцож, 2016 оны 01 сарын 11-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай №01 К ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын 4-т заасны дагуу урьд нь урьдчилан борлуулсан 22 байрны үлдэгдэл төлбөр болох 223 941 000 төгрөгийг Ш  ХХК-ийн ашигт хуваарилагдаж тооцохоор тохиролцсон тул Ч.Н ийн худалдан авсан 57 тоот орон сууц энэ 22 байранд орсон. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар энэ тогтоолоор К ХХК-ийн шаардах эрхийг Ш  ХХК нь шилжүүүлж авсан тул байрны үлдэгдэл төлбөр болох 58 520 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ч.Н  “Миний бие К ХХК-ийн захирал С.Ч-тай  2013 оны 9 сарын 07-ны өдөр 2 өрөө орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан ба өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. К ХХК-ийн захирал ********д хуваарийн дагуу байрны төлбөрт 23 405 000 төгрөг төлсөн. Ш  ХХК нь надтай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэл гаргах үндэслэлгүй” гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

2014 оны 10 сарын 01-ний өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээнд худалдагч К ХХК гэж, худалдан авагч Ч.Н  гэж тодорхойлсон байх ба уг гэрээгээр Хан-Уул  дүүргийн 16 дугаар хороо Наадамчдын зам ********* тоотын 2 өрөө орон сууцыг 72 520 000 төгрөгөөр худалдан авахаар талууд тохиролцсон талаар тэмдэглэсэн хэдий уг гэрээг талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. /хх-ийн 8-9/

Түүнчлэн хариуцагч тал “...К ХХК-ийн захирал С.Ч-тай  2013 оны 9 сарын 07-ны өдөр 2 өрөө орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан, өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. К ХХК-ийн захирал ********д хуваарийн дагуу байрны төлбөрт 23 405 000 төгрөг төлсөн” гэж тайлбар гаргасан хэдий ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

 

Хавтаст хэрэгт “Гэрээ” нэртэй Ш  ХХК болон К ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууцны санхүүжилтэд хөрөнгө оруулалт хийх агуулга бүхий гэрээ, 2016 оны 01 сарын 11-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай №01 К ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол болон зохигчдын тайлбар зэргээс Ш  ХХК болон К ХХК нар нь хамтарч Хан-Уул  дүүргийн 16 дугаар хороо Наадамчдын зам 41-р байр 60 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан асуудлаар болон уг байрны 57 тоотод хариуцагч Ч.Н  нь амьдарч байгаа асуудлаар талууд маргаагүй байна.

Гэвч нэхэмжлэгч Ш  ХХК нь 2016 оны 01 сарын 11-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай №01 хурлын тогтоолоор К ХХК-иас Ч.Н тэй байгуулсан худалдан-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаараа нотлоогүй байна.

Тодруулбал, хэрэгт К ХХК болон Ч.Н  нарын хооронд байгуулагдаж, баталгаажсан гэрээг ирүүлээгүй, түүнчлэн хөрөнгө хуваарилах тухай №01 хурлын тогтоолын хавсралтад хаалганы дугаар 57 тоот “Бүрэнбаатар” гэж тэмдэглэсэн зэргээс Ч.Н  нь уг үүргийг хариуцах эрхтэй этгээд мөн эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ш  ХХК нь хариуцагч Ч.Н ээс худалдах-худалдан авах гэрээний дагуу шаардаж байгаа гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр “Гэрээ” нэртэй Ш  ХХК болон К ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууцны санхүүжилтэд хөрөнгө оруулалт хийх агуулга бүхий гэрээний эх хувь, 2016 оны 01 сарын 11-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай №01 К ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын эх хувь зэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасныг дурдах нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон               

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш  ХХК-ийн хариуцагч Ч.Н ээс гэрээний үүрэгт 58 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 450 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  дурдсугай 

                                  

 

 

 

    ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ