Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/02907

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

                                     2020         12          22

            182/ШШ2020/02907

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ж.Цэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК

 

Хариуцагч:  НШШГГ

 

шийдвэр гүйцэтгэгчийн №17300345/01 тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгож, гэм хорын хохиролд 138,359,474 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, В.У, П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: НШШГГын шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 09 сарын 07-ны өдөр “Э” ХХК-ийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай №17300345/01 тогтоолыг гарган хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүргүүлэн хориг тавих, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлд тавьсан хоригийг цуцлах шийдвэрийг гаргасан талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан анх мэдэгдсэнээр ийм хууль бус тогтоол үйлдсэнийг олж мэдсэн. Энэ хууль бус тогтоолыг хүчингүй болгох талаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад бичгээр гомдол, санал удаа дараа гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөх, буруутай этгээдээс хохирол төлбөр гаргуулах ажиллагааг огт хийхгүй, хуульд заасан журмын дагуу зохион байгуулахгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д дэх хэсэгт заасан журмын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргасан. “Э” ХХК нь анх 2012 онд үүсгэн байгуулагдсан, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг NTN /National times news/ телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар нь нийт 4 удаа солигдон, үйл ажиллагаа тогтмол явуулсаар байна. Одоо “Э” ХХК нь 2 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тус компанийн 51 хувийн хувьцааг “Х” ХХК, үлдсэн 49 хувийн хувьцааг “С” ХХК-ууд эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу авч, тухайн хувьцаа эзэмшигчдийн хувьцаа эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан.

Тодруулбал “Х” ХХК нь “Э” ХХК-ийн хувьцааны эрхийг 100 хувь эзэмшиж байсан Монгол улсын иргэн С.Отэй 2018 оны 07 сарын 04-ний өдөр 599 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан “...компанийн гаргасан нийт 100 ширхэг энгийн хувьцааны 51 ширхэг хувьцааг, хувьцааны нэгжийн үнийг 7,845,000 төгрөгөөр тоооцон, нийт 400,095,000 төгрөг..”-өөр худалдан авахаар тохиролцож, мөн өдөр 560 тоот эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулснаар 51 хувийн хувьцааг “Х” ХХК эзэмших болсон.

Дараа нь 2019 оны 07 сарын 07-ны өдөр үлдсэн 49 хувийн хувьцааг “С” ХХК мөн л эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 210,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд худалдан авч буй хувьцааны үнийг бидний зүгээс “Э” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны 464005607 тоот дансанд шилжүүлж гэрээний эрхээ баталгаажуулж авсан. Тухайн гэрээ байгуулах цаг хугацаанд уг хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч С.О нь гэрээний дагуу баталгаа гаргасан, мөн гэрээг байгуулснаас хойш буюу 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс өмнөх компанийн өглөгийн тухай асуудлыг худалдагч тал хариуцах ба өглөгийг хувийн хөрөнгөөрөө төлж барагдуулна гэж харилцан тохиролцсоноор бид шүүхийн шатанд болон шийдвэр гүйцэтгэлийн журмаар ямар нэгэн ажиллагаа байхгүй, бусдад төлөх өр төлбөрийн асуудал байхгүй гэж анхнаасаа ойлгосон. С.О бидэнд тэгж ойлгуулсан. Нөгөө талаар комданийн 51 хувийн хувьцаа болон 49 хувийн хувьцааг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авахад Улсын бүртгэлийн газарт хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ямар нэгэн хориг огт тавигдаагүй байсан.

Гэтэл НШШГГаас 2019 оны 09 сарын 07-ны өдөр “Э” ХХК-ийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай №17300345/01 дугаар тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлд тавьсан хоригийг цуцлах шийдвэр гаргасан талаар шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ж.О утсаар мэдэгдсэн.

Энэ талаар гүйцэтгэгч, дэслэгч Ж.Отай холбогдон лавлахад компанийн өрийг компани нь хариуцдаг. Та нар эрхээ шилжүүлж авахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөртэй эсэх дээр лавлагаа авах байсан. Та нарыг л бодож утсаар залгаж хэлж байна гэж мэдэгдсэнээр  уг компани дээр бусдын өмнө төлөх өр төлбөрийн асуудал байгааг анх олж мэдсэн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч С.Оөд тухайн үед хууртагдсанаа, хууран мэхлэх замаар гэрээ байгуулж, хохирол хүлээх, давхар бусдын өмнө өр төлбөр барагдуулах зэрэг байдлаар хохирох нөхцөл байдлыг үүсгээд зогсохгүй, шинэ хувьцаа эзэмшигч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан 2019 оны 09 сарын 18-ны өдөр гомдол гарган, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцах үед “Э” ХХК-ийг анх 2012 онд үүсгэн байгуулсан Б.Ж нь 2012 оны 11 сарын 13-ны өдөр R/8/12 тоот оффис түрээсийн гэрээ байгуулсны өр төлбөрт 138,359,474 төгрөгийг гаргуулах талаар гаргасан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 354 тоот шийдвэрийн дагуу шийдвэрт гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг олж мэдсэн

Уг иргэний хэрэг маргаан нь Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2016 оны 12 сарын 20-ны өдөр хэлэлцэн шүүхийн эцсийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Шүүхийн албадан гүйцэтгэх захирамж нь 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/001804 дугаарт, гүйцэтгэх хуудас нь 188 дугаарт бичигдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 2017 оны 02 сарын 16-ны өдөр хүргэгдэн Ж.О шийдвэр гүйцэтгэгчид хуваарилагдсан. Хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч компанийн талаар лавлагаа авахад тус компаний үүсгэн байгуулагчаар нь С.О гэдэг хүн байдаг болох нь тогтоогдсон гэж үзэн 2017 оны 02 сарын 24-ний өдөр 3/6976 дугаарын мэдэгдлээр төлбөр төлөх мэдээллийг “Э” ХХК-д хүргүүлсэн байсныг шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцах үедээ мэдлээ. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 354 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж нь НШШГГт 2017 оны 02 сарын 16-ны өдөр хүргэгдсэнээс хойш компанийн эрх шилжүүлэн авах, компанийн дансаар их хэмжээний мөнгө орж гарч байх хугацаанд огт ажиллагаа хийгээгүй шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс болж бид хохирох ёсгүй бөгөөд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь 3 жилийн хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан зохих журмын дагуу явуулаагүйгээс болж манай компани нь бодит хохирол хүлээсэн бөгөөд цаашид бусдын өмнөөс өмнө нь үүссэн өр төлбөрийг хариуцах нөхцөл байдал үүсгэж байгаад гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь эхний ээлжинд төлбөр төлөгч хуулийн этгээдийн арилжааны банкуудаас лавлагаа авах замаар харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, эд хөрөнгөнд нь хориг тавих, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнд хориг тавих, улмаар өр төлбөрийг барагдуулах талаар шат дараалсан арга хэмжээнүүдийг авах байтал энэ ажиллагаануудыг огт хийгээгүйгээс болж мэдсээр байж нуун дарагдуулж бусдад компанийг шилжүүлэх боломжийг бусдад олгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Манай компани нь тус компаний 51 хувийн хувьцааг худалдан авахдаа 400,000,000 төгрөгийг, “С” ХХК нь 49 хувийн хувьцааг худалдан авахдаа 210,000,000 төгрөгийг “Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 464005607 тоот төгрөгийн дансанд шилжүүлж хувьцаа худалдан авах эрхийг баталгаажуулсан. Өмнөх үүсгэн байгуулагч Б.Ж болон С.О нар нь дээрх төлбөрүүдийг уг данснаас шилжүүлэн авсан байдаг. Хэрэв компанийн дансыг битүүмжилсэн байсан бол бусдад төлөх өр төлбөр болох 138,369,474 төгрөгийг шилжүүлэн авах боломжгүй байсан. Дээрх нөхцөл байдлын талаар компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Г.Э гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гарган шалгуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 сарын 11-ний 2192 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Уг хэрэг бүртгэлийн хэргийн материалд шийдвэр гүйцэтгэгч Ж.О гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр мэдүүлэхдээ “... 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл өгч байсан. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирал Б.О гэх хүнд мэдэгдэл гардуулж өгч байсан, 2017 оны 04 сарын 14-ний өдөр Ж.Ж болон Б.О нарын хооронд байгуулагдсан өр төлбөр барагдуулах гэрээг үндэслэн үүсгэн байгуулагч С.Оийн өмчлөлийн хөрөнгөнд хориг тавьсан...” гэх зэрэг ажиллагаа хийсэн байх ба 2018 онд хийсэн ажиллагаа огт байхгүй, 2019 оны 09 сарын 07-ны өдөр хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьснаас өөр ажиллагаа хийгээгүй нь үүрэгт ажилдаа хайнга хандсан, хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа зохих ёсоор хийгээгүй хууль бус үйлдэл гаргасан, үүний улмаас бусдад иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээр байна. Иймд НШШГГаас 2019 оны 09 сарын 07-ны өдөр “Э” ХХК-ийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн №17300345/01 тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Монгол улсын иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн буюу төр хариуцан арилгана...” гэж заасан, нөгөө талаар төрийн албаны тухай хуульд /хуучин/ “...хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах...” тухай зарчим үйлчилж байсан бөгөөд энд бүх төрлийн төрийн албан хаагчийн санаатай, болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан нөхцөлд хамаарахаар байгаа ба үүнд төрийн бүхий л үйл ажиллагаа хамаарна. Мөн улсын их хурлаас 2015 онд баталсан Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйл 100.1, 101 дүгээр зүйл 101.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг төр хариуцан арилгахад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсгийг баримтлахыг тодорхой заасан. Энэ заалтын агуулгаас үзвэл бүх төрийн албан хаагчаас гадна захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хохирлыг төрийн байгууллага, албан тушаалтны учруулсан бодит хохирол гэж үзэхээр байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хуулийн этгээдэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах шаардлагыг гаргаж байна. Иймд хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгож хариуцагч байгууллагаас гэм хорын хохиролд 138,359,474 төгрөгийг гаргуулан манай компанид олгон хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00354 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 1648 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 0001/хт2016/01426 дугаар тогтоолоор “Э” ХХК-аас 138,359,474 төгрөг гаргуулан “Гоби коул энд энержи” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/001804 дугаар захирамж, гүйцэтгэх хуудас НШШГГт 2017 оны 02 сарын 16-ны өдөр ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байдаг. Төлбөр төлөгч компанийн талаар лавлагаа авахад тус компанийн үүсгэн байгуулагчаар нь С.О гэдэг хүн байдаг болох нь тогтоогдсон гэж үзэн 2017 оны 02 сарын 24-ний өдөр 3/6976 дугаарын мэдэгдлээр төлбөр төлөх мэдэгдлийг “Э” ХХК-д хүргүүлсэн. 2020 оны 03 сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас компанийн дансны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахад тус компани нь Худалдаа хөгжлийн банкны дансгүй гэсэн хариу ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад заасан ажиллагааг заавал хийхээр хуульчлаагүй. Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн буюу төр хариуцан арилгана...” гэж заасан хуулийн заалтыг зөрчөөгүй, бусдад санаатайгаар гэм хор учруулаагүй гэж үзнэ. Тухайн үед уг хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч С.О нь гэрээний дагуу баталгаа гаргасан, мөн гэрээг байгуулснаас хойш буюу 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс өмнөх компанийн өглөгийн тухай асуудлыг худалдагч тал хариуцах ба өглөгийг хувийн хөрөнгөөрөө төлж барагдуулна гэж харилцан тохиролцсоноор тэд шүүхийн шатанд болон шийдвэр гүйцэтгэлийн журмаар ямар нэгэн ажиллагаа байхгүй, бусдад төлөх өр төлбөрийн асуудал байхгүй юм байна гэж анхнаасаа ойлгосон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч компанийн эрхийг шилжүүлж, худалдан авахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөртэй эсэх дээр лавлагаа авах байсныг тооцоолоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дэх зүйлийг үндэслэн 2019 оны 09 сарын 07-ны өдрийн 4/19474 дугаар албан бичгээр төлбөр төлөгч “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн, энэ нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх тухай гэрээ, “Э” ХХК-ийн дүрэм, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 354 тоот шийдвэр, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 сарын 07-ны өдрийн “Э” ХХК-ийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн №17300345/01 тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад баримт, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч НШШГГт холбогдуулж шийдвэр гүйцэтгэгчийн №17300345/01 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, гэм хорын хохиролд 138,359,474 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“Э” ХХК-ийг анх 2012 онд үүсгэн байгуулагдсан ба 2012 оны 11 сарын 13-ны өдрийн оффис түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт 138,359,474 төгрөгийг гаргуулж “Гоби коул энд энержи” ХХК-д олгосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 354 дугаар шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ, шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 44.2.14 дэх заалтуудыг зөрчиж “Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансыг битүүмжлээгүй, компанийн хувьцааг худалдан авч төлсөн мөнгө тус дансаар дамжихад дээрх төлбөрийг авах боломжтой байхад авалгүй шинэ хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг хохироолоо, мөн тухайн үед нь компанийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг аваагүй атлаа 2 жилийн дараа авч буй нь үндэслэлгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн №17300345/01 тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар буюу ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг ажил олгогч хариуцна гэснийг үндэслэн НШШГГаас гэм хорын хохиролд 138,359,474 төгрөгийг гаргуулна гэж үндэслэж байна.  

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн буюу төр хариуцан арилгана...” гэж заасан боловч шийдвэр гүйцэтгэгч буруутай үйлдэл гаргаагүй, бусдад санаатайгаар гэм хор учруулаагүй, компанийн одоогийн хувьцаа эзэмшигч нар компанийн эрхийг шилжүүлж, хувьцааг худалдан авахдаа бусдад өр төлбөртэй эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лавлагаа авах байсныг хэрэгжүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дэх зүйлийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 09 сарын 07-ны өдрийн №17300345/01 тоот тогтоолоор төлбөр төлөгч “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд төлбөр төлөгчид эрх үүргийг танилцуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр данснаас хасалт хийх тухай албан бичгүүдийг банкуудад хүргүүлсэн, компанийн эд хөрөнгийн талаарх лавлагааг авахаар гааль, татвар, газар, улсын бүртгэл, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг газруудад албан бичиг хүргүүлж, хариуг авсан болох нь холбогдох баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн харилцах данс байрладаг Худалдаа хөгжлийн банк 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр харилцагчийн хүсэлтийг шийдвэрлэх хуудсаар нэхэмжлэгчийг өөрийн банкинд дансгүй гэсэн хариуг ирүүлж байжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед “Х” ХХК нь “Э” ХХК-ийн хувьцааны эрхийг 100 хувь эзэмшиж байсан Монгол улсын иргэн С.Отэй 2018 оны 07 сарын 04-ний өдөр 599 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 560 тоот эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, компанийн гаргасан нийт 100 ширхэг энгийн хувьцааны 51 ширхэг хувьцааг, хувьцааны нэгжийн үнийг 7,845,000 төгрөгөөр тооцон, нийт 400,095,000 төгрөгөөр худалдан авч, компанийн 51 хувийн хувьцааг эзэмших болсон, 2019 оны 07 сарын 07-ны өдөр үлдсэн 49 хувийн хувьцааг “С” ХХК мөн л эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 210,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд худалдан авч, компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болж, дээрх мөнгийг “Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 464005607 тоот дансанд шилжүүлж, компанийн эрхээ баталгаажуулж авсан байдал тогтоогдож байна. Тухайн гэрээ байгуулах цаг хугацаанд уг хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч С.О нь 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс өмнөх компанийн өглөгийн тухай асуудлыг худалдагч тал буюу өөрөө хариуцах ба өглөгийг хувийн хөрөнгөөрөө төлж барагдуулна гэж тохиролцсон нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5.3-т тэмдэглэгджээ.

 

НШШГГын шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 09 сарын 07-ны өдөр №17300345/01 дугаар тогтоол гаргаж, “Э” ХХК-ийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлэх,  шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлд тавьсан хоригийг цуцлахаар заасан байх ба тус газрын 4/19474 албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьж, одоогийн хувьцаа эзэмшигчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж байгааг хууль бус гэж үзэн, компанийн зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгчид гомдол гарган шийдвэрлүүлсэн байх ба хамгийн сүүлд Ерөнхий гүйцэтгэгч 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4/937 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн, нэхэмжлэгч мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.

 

            Нэхэмжлэгчийн одоогийн хувьцаа эзэмшигч нар өмнөх хувьцаа эзэмшигчдээс хувьцааг худалдан авч компанийн эрхийг шилжүүлж авахдаа эрхийн доголдолгүй эд хөрөнгө хүлээн авах эрхтэй байсан ба энэ талаар холбогдох байгууллагаас, тухайлбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас компанийг бусдад төлөх өр төлбөртэй эсэхийг лавлаж, мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т заасан ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ”, 50.2-т “Төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх дансны дугаар, төрөл, данс эзэмшигчийн нэр болон бусад шаардлагатай мэдээлэл тодорхойгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээдээс шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг гаргуулж, хэрэв төлбөр төлөгч данстай бол дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэрийг хүргүүлнэ” гэснийг үндэслэсэн, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасан ажиллагааг явуулж 2019 оны 09 сарын 07-ны өдөр №17300345/01 дугаар тогтоол гаргаж, “Э” ХХК-ийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд шийдвэрийг гүйцэтгэхийн тулд шийдвэр гүйцэтгэгчээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний төрлүүдийг заасан байна.

 

Мөн түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байх ба нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах эрхээ хугацаанд нь хэрэгжүүлээгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байх бөгөөд компани бодитоор хохирсон зүйлгүй, шийдвэр гүйцэтгэгчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч 138,359,474 төгрөгөөр хохирсон байдал үгүй байх тул  шийдвэр гүйцэтгэгчийн №17300345/01 тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, НШШГГаас гэм хорын хохиролд 138,359,474 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-т, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн №17300345/01 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, НШШГГаас гэм хорын хохиролд 138,359,474 төгрөгийг гаргуулах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 919,947.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   С.БУД

 

                    ШҮҮГЧИД                                   Ж.БАЙГАЛМАА

 

                                                                 Ж.ЦЭНГЭЛ