Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00755

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00755

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, * дугаар хороо, *4 дүгээр гудамж, * тоотод оршин суух Ш* * овогтой А.Б /РД:ЧЛ/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо*, * гудамж, ХЕ ХХК-ийн байр 503 тоотод байрлах АН ХХК /РД:/-д холбогдох

 

Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 19 242 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны товыг 2022 оны 03 сарын 17-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч АН ХХК-д холбогдуулан орон сууц захиалганы гэрээний үүрэгт 19 242 300 төгрөг гаргуулахаар шаарджээ. Үүнд:

АН ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн * тоот орон сууц захиалгын гэрээг байгуулан Хан-Уул дүүрэг 7 дугаар хорооны нутагт баригдаж буй Смарт таун 128 айлын үйлчилгээний орон сууцны 8 дугаар давхрын 804 тоот 39.27 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нийт 38 484 600 төгрөгөөр худалдан авсан болно. Уг захиалгын гэрээгээр гүйцэтгэгч тал нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах нөхцөлийг санал болгосон тул захиалагч миний зүгээс гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч орон сууцны төлбөрийг 100 хувь бэлнээр гэрээнд заасан хугацаанд төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гэтэл гүйцэтгэгч тал болох АН ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй байгаа бөгөөд захиалагчийн зүгээс удаа дараа утсаар холбогдож орон сууц ашиглалтад орох хугацааг тодруулах, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүссэн алдангийн тооцоо нийлэх талаар хүсэлт тавьж байсан боловч уг алдангийн асуудлыг шийдвэрлэхгүй байх, яагаад орон сууц ашиглалтад орохгүй байгаа талаар бодитой мэдээлэл албан ёсоор өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Талуудын хороонд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн * тоот орон сууц захиалгын гэрээнд зааснаар гүйцэтгэгч талын үүрэг гүйцэтгэх хугацааг тус гэрээний 3.1 дэх хэсэгт орон сууцыг 2020 оны 2 дугаар улирлын дотор багтаан ашиглалтад оруулна гэж заасан, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт хэрэв гүйцэтгэгч энэ гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлээгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн 0,1 хувьтай хэмжээний алдангийг захиалагч талд төлнө гэж зохицуулсны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг тооцвол 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 518 хоног байна. Харин алданги тооцохтой холбоотой зохицуулалтыг гэрээний 3.3 дахь хэсэгт хоног тутамд нийт үнийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлнө гэж заасны дагуу тооцвол хоног тутамд 38 484 600 төгрөгийг 0,1 хувь болох 38 484.6 төгрөгөөр тооцон нийт 518*38 484.6=19 935 022.8 төгрөг алданги үүссэн гэж тооцсон болно. Иймд АН ХХК нь орон сууцыг 2020 оны 02 дугаар улирал буюу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас захиалагч миний эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг зөрчиж байгаа учраас * тоот орон сууц захиалгын гэрээнд алданги 19 242 300 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч АН ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь 2019 оны 7 дугаар сарын 31 -ны өдөр * тоот орон сууц захиалгын гэрээг захиалагч тал болох Амарцогт овогтой Болормаагийн захиалгаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 7 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Смарт Таун нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны 08 дугаар давхарт, 804 тоот, 39.27 м.кв орон сууцыг нэг мкв-ыг 980 000 төгрөгөөр тооцон, нийт 38 484 600 төгрөгөөр барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгөх, захиалагч нь орон сууцны хөрөнгө оруулалт буюу орон сууц бариулж буй төлбөр тооцоог төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан юм. А.Б нь гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Захиалагчийн зугээс удаа дараа утсаар холбогдож орон сууц ашиглалтад орох хугацааг тодруулах, гэрээний үүргээ зохих всоор гүйцэтгээгүйн улмаас үүссэн алдангийн тооцоо нийлэх талаар хүсэлт тавьж байсан боловч уг алдангийн асуудлыг шийдвэрлээгүй байх, яагаад орон сууц ашиглалтад орохгүй байгаа талаар бодитой мэдээлэл албан ёсоор өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна гэжээ. Бид захиалагч А.Бгийн шаардлага болон хүсэлтийг тухай бүрд хангах талаар байнга идэвхтэй ажилласаар ирсэн бөгөөд амаар буюу утсаар холбогдох бүрд шаардлагатай мэдээллээр хангах ажлыг манай борлуулалтын менежерүүд өгсөөр ирсэн ба энэхүү үндэслэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Манай компани 2019 оны 07-оос 08 дугаар саруудад Смарт Таун орон сууцны цогцолбор хотхоны 1 мкв талбайн нэгжийн үнийг 990 000 төгрөгөөр тооцон бодож бусад захиалагч нартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж байсан. Харин захиалагч А.Б нь өөрийн хөрөнгө мөнгөний бололцоо муу байгаа тухай хэлж, өөрт байгаа мөнгөн хөрөнгөний хэмжээнд багтаасан дүнгээр гэрээг байгуулж өгөхийг хүссэн тул 1 мкв-ийг 980 000 төгрөгөөр тооцон бодож түүний хүсэлтийг хангаж байсан. А.Б нь анх манай компанитай гэрээ байгуулахдаа тус орон сууцны хорооллын 15 дугаар давхарт 1504 тоот байранд Орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд дараа нь түүний удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу давхрыг сольж 8 дугаар давхрын 804 тоот байранд захиалгыг хийн гэрээг шинэчлэн байгуулж байсан. Түүний энэхүү шаардлагыг хангахын тулд бид харилцагч компанитай байгуулсан бартерын гэрээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэж байсан болно. А.Бг мэдээлэл авахаар холбогдох бүрд цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удааширч, хугацаа хойшилж байгаа талаар тогтмол мэдээллээр хангаж байсан болно. Захиалагч нарыг мэдээллээр тогтмол, шуурхай хангах шаардлагаар олон нийтийн цахим сүлжээний групп /А.Б гишүүнчлэлтэй/-ыг хөтлөн ажиллуулдаг ба борлуулалтын менежерүүд гар утсаар болон биечлэн уулзаж, харилцах ажлыг гүйцэтгэж байна. А.Б нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2019 оны 07 сарын 31-ний өдрийн * тоот орон сууц захиалгын гэрээний 3.1, 3.3-т заасны дагуу 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 518 хоногийн алданги болох нийт 19 935 022.8 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн гэрээний нийт үнийн 50%-иас хэтрүүлэхгүйгээр бууруулан тооцсон дүн болох 19 242 300 төгрөгийг Хариуцагч АН ХХК- иас гаргуулж, нэхэмжлэгч А.Бд олгож өгнө үү" гэжээ. Бидний хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний хэрэгжилтийн явцад коронавирусийн халдварын улмаас гадаад улстай худалдаа хийх, бараа материал хүлээн авах боломжгүй болсон тул барилгын материалын хомсдол, үнийн хөөргөдөл үүссэн, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн хөл хорио тогтоогдож байсан зэрэг шалтгаанаар давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн болно. Тус нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь манай компанийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №02/99 тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа болно. Иймд А.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт 2019.07.31-ний өдрийн * дүгээр орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, төлбөрийн баримт /хх-5-9/

 

4. Хариуцагч талаас 2022.02.22-ны өдрийн 2/99 дугаар албан бичиг /хх-20, 23/ зэргийг ирүүлсэн.              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Талуудын хороонд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн * тоот орон сууц захиалгын гэрээнд зааснаар гүйцэтгэгч талын үүрэг гүйцэтгэх хугацааг тус гэрээний 3.1 дэх хэсэгт орон сууцыг 2020 оны 2 дугаар улирлын дотор багтаан ашиглалтад оруулна гэж заасан, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт хэрэв гүйцэтгэгч энэ гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлээгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн 0,1 хувьтай хэмжээний алдангийг захиалагч талд төлнө гэж зохицуулсны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг тооцвол 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 518 хоног байна. Харин алданги тооцохтой холбоотой зохицуулалтыг гэрээний 3.3 дахь хэсэгт хоног тутамд нийт үнийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлнө гэж заасан гэв.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

А.Бг мэдээлэл авахаар холбогдох бүрт цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удааширч, хугацаа хойшилж байгаа талаар тогтмол мэдээллээр хангаж байсан болно. Бидний хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний хэрэгжилтийн явцад коронавирусийн халдварын улмаас гадаад улстай худалдаа хийх, бараа материал хүлээн авах боломжгүй болсон тул барилгын материалын хомсдол, үнийн хөөргөдөл үүссэн, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн хөл хорио тогтоогдож байсан зэрэг шалтгаанаар давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн болно. Тус нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь манай компанийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №02/99 тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа болно. гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр * дүгээр орон сууц захиалгын гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр Улаанбаат хот, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Смарт таун нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 8 давхарт 804 тоот хаягт байрлах 39.27 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 980 000 төгрөгөөр тооцож, нийт 38 484 600 төгрөг байх ба захиалагч А.Б нь төлбөрийг АН ХХК-ийн 1245109563 тоот дансанд тушаах, гүйцэтгэгч АН ХХК нь орон сууцыг 2020 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулж, шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-5-8/

 

Дээрх гэрээний дагуу А.Б нь орон сууцны үнэ 38 484 600 төгрөгийг АН ХХК-ийн Голомт банкны 1245109563 тоот дансанд 2019 оны 7 сарын 31-ний өдөр бэлэн бусаар шилжүүлсэн ба талууд энэ асуудлаар маргаангүй байна. /хх-20/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч АН ХХК нь гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж зааснаар нэхэмжлэгч А.Б нь хариуцагч АН ХХК-иас гэрээний үндсэн үүргийг биелүүлэхийг шаардах, улмаар үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан нэмэлт үүргийг шаардах эрх үүсэхээр байна.

Тодруулбал, хоёр талын гэрээнд хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч А.Б нь хариуцагч АН ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, эсвэл гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шийдвэрлүүлэхийн аль нь болох талаараа нэхэмжлэл гаргаагүй, энэ асуудлыг шийдвэрлүүлээгүй хэрнээ, гэрээнд заасан алдангийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Хариуцагч талаас коронавирус халдварт өвчний улмаас барилгын ажил зогссоон ба манай компанийн зүгээс шалтгаалаагүй, уг асуудлаар захиалагч нартай байнга холбогдож мэдээлэл өгч байсан гэж тайлбар гаргаж, Монгол Улсын худалдаа ж үйлдвэрийн танхимын 2022.02.022-ны өдрийн 02/99 дүгээр гэрчилгээг ирүүлснийг дурдав.

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АН ХХК-иас алданги 19 242 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 254 162 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ