Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01075

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00755 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, 19,242,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч А.Б нь А ХХК-тай 2019 оны 07 сарын 31-ний өдөр 0 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулан ... байрлах 2 өрөө орон сууцыг нийт 38,484,600 төгрөгөөр худалдан авсан. Уг захиалгын гэрээгээр гүйцэтгэгч тал нь орон сууцыг 2020 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулах нөхцөлийг санал болгосон тул захиалагчийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг 100% бэлнээр төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй бөгөөд энэ хугацаанд захиалагчийн зүгээс удаа дараа утсаар холбогдож, орон сууц ашиглалтад орох хугацааг тодруулах, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүссэн алдангийн тооцоо нийлэх талаар хүсэлт тавьж байсан боловч уг алдангийн асуудлыг шийдвэрлээгүйн зэрэгцээ яагаад орон сууц ашиглалтад орохгүй байх талаар албан ёсны бодитой мэдээллийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Талуудын хороонд 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 0 тоот орон сууц захиалгын гэрээнд зааснаар гүйцэтгэгч талын үүрэг гүйцэтгэх хугацааг тус гэрээний 3.1-д орон сууцыг 2020 оны 02-р улиралд багтаан ашиглалтад оруулна гэж, мөн гэрээний 3.3-т хэрэв гүйцэтгэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлээгүй тохиолдолд 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн 0,1 хувьтай хэмжээний алдангийг захиалагч талд төлнө гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг тооцвол 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 518 хоног байна. Үүний дагуу алданги тооцвол хоног тутамд 38,484,600 төгрөгийн 0,1 хувь болох 38,484.6 төгрөгөөр тооцон нийт 518*38 484.6=19,935,022.8 төгрөгийн алданги үүссэн гэж тооцсон болно. Иймд А ХХК нь орон сууцыг 2020 оны 02-р улирал буюу 2020 оны 06 сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас захиалагчийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул 0 тоот орон сууц захиалгын гэрээний алдангид 19,242,300 төгрөг гаргуулж өгнө үү.

2.   Хариу тайлбарын агуулга: А ХХК нь захиалагч тал болох А.Б гийн захиалгаар ... байрлах  орон сууцыг 1 мкв-ыг 980,000 төгрөгөөр тооцон, нийт 38,484,600 төгрөгөөр барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгөх, захиалагч нь орон сууцны хөрөнгө оруулалт буюу орон сууц бариулж буй төлбөр тооцоог төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан. Бид захиалагч А.Б гийн шаардлага болон хүсэлтийг тухай бүрд хангах талаар байнга идэвхитэй ажилласаар ирсэн бөгөөд амаар буюу утсаар холбогдох бүрд шаардлагатай мэдээллээр хангах ажлыг борлуулалтын менежерүүд өгсөөр ирсэн. Манай компани 2019 оны 07 сараас 08 саруудад С орон сууцны цогцолбор хотхоны 1 м.кв талбайн нэгжийн үнийг 990,000 төгрөгөөр тооцон бодож бусад захиалагч нартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Харин захиалагч А.Б нь өөрийн хөрөнгө мөнгөний бололцоо муу байгаа тухай хэлж, өөрт байгаа мөнгөн хөрөнгийн хэмжээнд багтаасан дүнгээр гэрээ байгуулж өгөхийг хүссэн тул 1 м.кв-ийг 980,000 төгрөгөөр тооцон бодож түүний хүсэлтийг хангасан. А.Б нь анх гэрээ байгуулахдаа тус орон сууцны хорооллын .... тоот байранд Орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд дараа нь түүний удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу давхрыг сольж .... т байранд захиалгыг хийн, гэрээг шинэчлэн байгуулсан. Түүний энэхүү шаардлагыг хангахын тулд бид харилцагч компанитай байгуулсан бартерын гэрээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэж байсан. Бидний хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний хэрэгжилтийн явцад коронавирусийн халдварын улмаас гадаад улстай худалдаа хийх, бараа материал хүлээн авах боломжгүй болсон тул барилгын материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүссэн. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн хөл хорио тогтоогдож байсан зэрэг шалтгаанаар давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн болно. Тус нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь компанийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 0 тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа болно. Иймд А.Б гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас алданги 19,242,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,162 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан талаар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хууль зүйн дүгнэлт өгөөгүйн улмаас гэрээний үүрэг, шаардах эрхтэй холбогдуулан гаргасан хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй.

4.б. Нэхэмжлэгч нь А ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд хариуцагч нь албан ёсоор хариу өгөөгүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд хариу өгсөн гэх боловч энэ талаар ямар нэгэн баримт байхгүй.

4.в. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрт дурдсан гэрээнээс татгалзах, үр дагаврыг нь шийдвэрлүүлэх асуудлын аль ч хэлбэрээр нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд заасан алдангийг нэхэмжилсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа хэтэрсэн алдангийг нэхэмжилсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь утсаар холбогдож байр ашиглалтад орох талаар асууж байсан хэдий ч алдангийн талаар хүсэлт гаргаж байгаагүй. Талуудын байгуулсан гэрээний 5.2-т давагдашгүй хүчин зүйлийн талаар тусгасан. Мөн Ковид-19 цар тахал бол дэлхий нийтээр тархсан, бүх мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Монгол улсын Засгийн газрын тогтоолуудаар бүх нийтийн бэлэн байдал зарлаж, улсын хил нэвтрэх, зорчигч, тээврийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор барилгын материал нийлүүлдэг гэрээт компани бараа материал нийлүүлэх, үйлдвэрлэх боломжгүй болж барилгын ажил зогсонги байдалд хүрч, бараа материалын олдоц ховордож, зах зээлийн үнэ ханш 15-50 хувиар өссөн. Үүнээс шалтгаалж хариуцагч компани алдагдалд орж, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон ч захиалагчдынхаа итгэл, найдварыг алдахгүйн тулд боломж бололцоогоороо барилгын үйл ажиллагааг явуулж, орон сууцыг ашиглалтад оруулахаар ажилласаар байна. А.Б нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, гэрээнээс татгалзаж байгаа талаараа нэхэмжлэл гаргаагүй атлаа гэрээнд заасан алдангийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны алданги 19,242,300 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчтай орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээний үнийг бүрэн төлсөн, хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн... гэх агуулгаар тайлбарлажээ.

Хариуцагч А ХХК дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, эсхүл гэрээнээс татгалзаж байгаа талаар шаардлага гаргаагүй атлаа гэрээнд заасан алдангийг шаардаж байгаа нь ойлгомжгүй, түүнчлэн Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа, материал хүлээн авах боломжгүй болсон, бараа материалын хомсдол бий болж, үнэ өссөн, одоог хүртэл орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна... гэх агуулгаар тайлбарлан маргажээ.

 

3.   Талууд 2019 оны 07 сарын 31-ний өдөр 0 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК нь ... 39.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, А.Б нь нэг м.кв талбайг 980,000 төгрөгөөр тооцож, нийт 39,484,600 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 5-8/

Нэхэмжлэгч нь гэрээний үнэ болох 38,484,600 төгрөгийг 2019 оны 07 сарын 31-ний өдөр хариуцагчид шилжүүлэн өгсөн, орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх 20/

 

4.   Нэхэмжлэгч А.Б нь өмнө дурдсан 0 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 3.3-т Хэрэв гүйцэтгэгч нь энэ гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийн дүнг тодорхойлжээ.

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох агуулгад нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох-оор зохицуулсан байхад гэрээний талууд нийт үнийн дүнгээс алданги тооцох-оор гэрээнд тусгасан байна. Хуульд нийцээгүй талуудын тохиролцоог үндэслэн алданги гаргуулах буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

5.   Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүргийг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заажээ.

Хэрэгт авагдсан М НҮТББ-аас А ХХК-д олгосон 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 02/99 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ-нд ...коронавирусын халдварын улмаас А ХХК-ийн захиалсан барилгын материалыг БНХАУ-ын нийлүүлэгч нийлүүлэх боломжгүй болсон, цементийн үнэ огцом өссөн нь З ХХК-ийн мэдэгдэл, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2022 оны 02 сарын 18-ны өдрийн 2/023 тоот албан бичгээр тогтоогдж байх тул... хэмээн дурдсан байна.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 254,162 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР