Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01932

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/02127 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “М” ХК-нд холбогдох

 

1 575 309 041 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн төлбөр, цэвэр бохир усны төлбөр нийт 25 022 800 төгрөг гаргуулах, байрыг чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “М” ХК-нд монгол, англи хэл дээр вэб, мэйл сервер ажиллуулж, шинэ мэдээлэл тавих, дүрс бичлэгээр хангаж байх, компьютер техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдлаг хангаж ажилласны хөлсөнд ашиглагдаагүй байгаа талбайг засаж тохижуулан хуванцар бөглөө үйлдвэрлэсэн. “С” ХХК-ийг үүсгэн байгуулж, “М” ХК-тай 2010 ны 7 дугаар сарын 14-ний өдөр ажлын байрыг үйлдвэрийн зориулалтаар түрээслэхээр тохиролцсон.  Гэрээ нь 2010 оны 08 дугаар сарын 01-нээс 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай. Төлбөрийн нөхцлийг бартерийн журмаар шийдсэн.  “М” ХК-ийн үйлдвэрийн 4 400 000 төгрөгийн өртөг бүхий 45 минутын танилцуулга баримтат кино, гутлын үйлдвэрийн танилцуулга 3 500 000 төгрөгийн өртөг бүхий 44 минутын танилцуулга баримтат кино, танилцуулга кинонуудыг DVD дээр буулган 900 ширхэгийг “М” ХК-д хүлээлгэн өгсөн зардал 2 700 000 төгрөг, 2006-2011 он хүртэл 2 100 000 төгрөгийн компьютерийн засвар үйлчилгээг үзүүлсэн, 2 059 200 төгрөгийн өртгөөр интернэтэд мэйл сервер, вэб хостингийг байршуулсан, SASCH, PANCALDI брэндийн танилцуулыг DVD-ны хамт 1 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн зардал, 2008 оноос эхлэн вэб, дизайн хийж гүйцэтгэсэн бөгөөд үүний төлбөр нь 800 000 төгрөг, “М” ХК-тай холбоотой бүх арга хэмжээнүүд дээр 150 орчим цагийн үйлчилгээг үзүүлсэн зардал 3 000 000 төгрөг болсон.  “М” ХК-ийн зар суртчилгаатай холбоотой нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 20 159 200 төгрөг болж,үйлчилгээг хүлээн авсан.  3 жилийн хугацааны төлбөр төлөгдсөнийг тогтоолгох тухай шаардлагыг гаргаж байна.

Тус компанийн үйлдвэрийн байрны 4 давхарт ашиглагдаагүй талбайг тохижуулан засварлаж үйл ажиллагаа явуулсан. Түрээслүүлэгч манай үйлдвэрийг хэвийн ажиллах нөхцлөөр хангах үүрэгтэй. Гэтэл 2011 оны 01 дүгээр сард дулааны шугамыг засалгүй, дулаанаар хангаагүй 2 өвлийг өнгөрөөсөн. Мөн “М” ХК нь усны төлбөрөө хийгээгүйгээс болж усаа хаалгасан тул 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш манай үйлдвэр машин тоног төхөөрөмж, хэрэглээний ямар ч усгүй болж, зөөврийн ус, үнэтэй цэвэр ус хэрэглэж ажлаа явуулж байсан, түрээслүүлэгчийн буруугаас 3 удаа их хэмжээний ус алдаж байсан бөгөөд бөглөөний үйлдвэрийг дулаанаар хангаагүйгээс манайд хуванцар бөглөө хийх технологи зөрчигдөж, чанаргүй бүтээгдэхүүн гарч, маш их хохирол үзсэн болно.

2011 оны 11 дүгээр сар болон 2012 оны 2 дугаар саруудад түрээслүүлэгчийн буруугаас их хэмжээний ус алдсан болон ус хааснаас нийт 3 512 172 төгрөгийн, дулаанаар зохих ёсоор хангаагүйгээс халаалтгүй үед хийгдсэн бөглөөнүүдээс буцаж ирсэн болон борлогдоогүйгээс 2 920 000 төгрөгийн хөлдөлтөөс болж хугарсан бөглөө, зүсэгч хутганы үнэ болох 1 012 500 төгрөгийн 2011 онд гэрээний дагуу борлогдох ёстой байсан бөглөөний үнэ 8 100 000 төгрөг буюу нийт 15 544 672 төгрөгийн хохирол манай үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож лацдах хүртэлх хугацаанд учирсан болно.

2012 оны 06 дугаар сараас бидний хийсэн ажлыг үгүйсгэж, 19 795 000 төгрөгийн түрээсийн төлбөр нэхэмжлэх болсон. Манай компанид санал тавьж, хэн хэндээ ашигтайгаар хамтран ажиллана гэх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, маш их хөрөнгө зарж энэ байрыг биднээр засуулж оруулчихаад, эцэс сүүлд нь танай компаниас болж манай үйлдвэр хохирч байна гээд биднээс их хэмжээний төлбөр нэхэмжлээд хуулийн байгууллагад ханд гэхэд хандалгүй, үйлдвэрийг зогсооно, цахилгаан тасална гэж дарамтлах болсон.

Биднээс нэхэмжилж байгаа түрээсийн тооцоо нь ч зах зээлийн үнэ, тарифт үүнээс 2-51 дахин нугалсан байгаа бөгөөд өөрсдөө зохиомжлон бодож мөнгө нэхэмжилсэн. Бид харилцан зохицохыг хүссэн боловч зөвшөөрөөгүй 2012 оны 07 дугаар сарын 16-нд манай компанид 139 тоот албан бичгийг хүлээлгэн өгч, энэ өдрийнхөө 14 цагаас эхлэн манай үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон лацдаж манай ажилчдыг ажлын байрнаас гаргаж, дотогш нэвтрүүлэхгүй байхыг харуул хамгаалалтын албандаа даалгасан. Бид гүйцэтгэсэн ажлын хөлс 20 159 200 төгрөгийн төлбөрийн оронд 3 жил буюу 36 сарын хугацаанд бартерын гэрээний дагуу байрлах байсан боловч 22 сар байрлаад үйлдвэрээ хаалгасан тул үлдсэн 14 сарын зөрүү төлбөр болох 7 839 700 төгрөгийн хохирол хүлээгээд байна.

Гэрээгээ зөрчин байгууллагын өмчид дур зоргоороо халдан битүүмжилсэний улмаас бөглөө хэвлэдэг машинд угсрагдсан байсан хэвнүүд устай урвалд орж зэврэн ашиглагдахгүй болсон тул шинээр хийлгэх хэвний үнэ 25 000 000 төгрөгийн, хэв хийлгэхээр ирж очих зардлууд 5 682 000 төгрөг харилцагч компаниудад хийж өгсөн логоны хэвний үнэ болох 675 000 төгрөгийн 2012 оны 7-11 дүгээр саруудад борлуулах байсан бөглөөний тооцоо буюу олох байсан ашиг 21 570 000 төгрөг дулаанаар хангаж байсан бол 2012 онд олох байсан ашиг 21 360 000 төгрөгийн, 2012 оны 7 дугаар сард үйлдвэр хааснаас ашиглагдахгүй болсон будаг, түүхий эдийн хохирол 10 215 000 төгрөг, 7-оос 12 сар хүртэлх хугацаанд ажиллагсдын авах байсан цалин 12 820 000 төгрөг, өөр байранд нүүхтэй холбоотой зардал болох 8 500 000 төгрөг буюу нийт 105 822 000 төгрөг болон “М” ХК-ийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэгдээгүйгээс болон хууль зөрчсөн үйлдлээс болж манай компанид бодитой учирсан хохирол болох 15 544 672 төгрөг, түрээсийн зөрүү төлбөр болох 7 839 700 төгрөг нийт 129 206 372 төгрөгийн хохирол учирсан.  

“С” ХХК-д хуванцар тагны шинэ үйлдвэр БНХАУ-ын Тайжу хотын Менг Фен үйлдвэрээс худалдан авахад шаардлагатай 1 300 200 юань болох 475 392 126 төгрөгийг хариуцагч “М” ХК-иас гаргуулах

“С” ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмж байсан талбайг битүүмжилж, үйлдвэрийг хэвийн ажиллах нөхцөлгүй болсны улмаас учирсан гэм хор болох 1 099 916 915 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийт 1 575 309 041 төгрөгийг “М” ХК-иас гаргуулж өгнө үү.

1. 3 удаагийн ус алдалтаас үүссэн хохирол 4 682 565 төгрөг

2. Түрээслүүлэгч нь гэрээний 4.1.1, 4.1.4-д тус тус заасан нөхцлийг хангаагүйгээс “С” ХХК-ийн үйлдвэрийн технологид сөрөг нөлөө үзүүлж, үйлдвэрийн гологдол гарсны улмаас үүссэн хохирол 3 088 333 төгрөг,

3.Түрээслүүлэгч нь гэрээнд заасан нөхцлөөр хангаагүйгээс /хүйтэн нөхцлийн улмаас/ болж хугарсан зүсэгч хутганы хохирол 1 755 393 төгрөг,

4.”М Ж” ХХК-ийн тагны хэв томилолтын зардал 38 737 249 төгрөг,

5.Түрээслүүлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд “С” ХХК-ийн олох байсан ашгийн хохирол 13 844 826 төгрөг,

6. “С” ХХК-ийн үйлдвэрийг үндэслэлгүйгээр хааж, лацадсаны улмаас ашиглах боломжгүй болсон түүхий эд, тагны хэв, логоны хэв, будагч бодисын хохирол 50 341 515 төгрөг,

7. “С” ХХК-ийн үйлдвэрийг үндэслэлгүйгээр хааж, лацадсаны улмаас ашиглах боломжгүй болсон бэлэн бүтээгдэхүүний хохирол 10 907 760 төгрөг,

8. “С” ХХК-ийн –ийн үйлдвэрийг үндэслэлгүйгээр хааж, ажиллах нөхцөлгүйгээр болгосны улмаас Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сул зогсолтын хугацаанд ажиллагсадад олгосон цалин, НДШ-д төлсөн мөнгөн дүн 6 596 800 төгрөг,

9.Үйлдвэрийг хөрөнгө оруулалтад зориулж хөнгөлөлттэй нөхцлөөр Голомт банкаар дамжуулан авсан 100 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хэвийн төлж, зээлийн түүхээ муутгахгүйн тулд бусад эх үүсвэрээс өндөр хүүтэй зээл авч байсны хүүгийн хохирол 87 409 666 төгрөг,

10.Үйлдвэрийг өнөөдрийг хүртэл хэвийн ажиллуулж байсан нөхцөлд олох байсан ашгийн хохирол 95 760 000 төгрөг,

11. Үйлдвэрийг өнөөдрийг хүртэл хэвийн ажиллуулж байсан нөхцөлд олох байсан ашгийн хохирол 782 492 811 төгрөг,

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал, шинжээчийн зардал 4 300 000 төгрөг,

Нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХК-ний байранд “С” ХХК нь 2010 оны 8 дугаар сарын 01-наас үйл ажиллагаа явуулж ирсэн. 2010 оны 8 дугаар сараас үйлдвэрлэл явуулж эхэлсэн боловч тухайн үед түрээсийн гэрээ нь манай санхүүд байхгүй. Цахилгааны төлбөр, түрээсийн мөнгө нэхэхээр тухайн үед гүйцэтгэх захирал байсан Н.Б та нарт хамаагүй битгий олон юм яриад бай би мэдэж байна гэдэг байсан. 2011 оны 10 дугаар сард дахин түрээсийн төлбөр нэхэж албан бичиг явуулахад манай компанид огт хийгдээгүй, хэний ч мэдэхгүй олон ажил хийсэн гэсэн нотлох ямар ч баримт байхгүй тооцоо гаргаж өгөөд баримт материалаа авчирч хэнд хүлээлгэн өгсөн гэхээр алга болсоор 2012 оны 7 дугаар сар хүрсэн. Энэ хугацаанд манай компанид 2011 оны 5 дугаар сард 1000.0, 10 дугаар сард 1546.5, 11 дүгээр сард 1449.1, 2012 оны 1 дүгээр сард 1140.0, 3 дугаар сард 471.9, 4 дүгээр сард 848.2, 5 дугаар сард 374.9, 6 дугаар сард 299.9, 7 дугаар сард 180.5, бүгд 7311.0 сая төгрөг хэрэглэсэн цахилгааны төлбөрт тоолуурын заалтаар төлсөн 2012 оны 6 дугаар сард дахин захирал Батэй нь уулзаж байр ашигласан түрээсийн төлбөрөө даруй төлөх, хэрэв төлөхгүй бол манай байрыг султгаж өгөх талаар ярилцсан. “С” ХХК-иас нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэн даруй манай компанид төлөх төлбөр тооцоог дуусгаж, байраа суллаж өгөхийг шаардаж байна.  “С” ХХК-д 5 059 700 төгрөгийн хохирол учруулаагүй. Компанийн дотоод ажиллагаатай хамааралтай гэрээний харилцаа тоног төхөөрөмжийн эвдрэл доголдол манайд  хамааралгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр “С” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан билээ. Түрээсийн гэрээ байгуулаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. “С” ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчих болсон юм. Манай компанийн зүгээс 2011 оны 4 дүгээр сарын эхээр түрээсийн гэрээг дүгнэх талаар “С” ХХК-д мэдэгдсэн. 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 13 сарын түрээсийн төлбөр НӨАТ-10 хувьтай 10 067 200 төгрөгийн түрээсийн төлбөр, цэвэр, бохир усны 1 887 600 төгрөг төлөхийг “С” ХХК-д удаа дараа шаардаж бичгээр мэдэгдсэн. Компанийн зүгээс 2011 оны 10 дугаар сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 15 сарын түрээсийн төлбөр 11 616 000 төгрөг, цэвэр бохир усны 10 сарын төлбөр 1 452 000 төгрөг төлөхийг шаардсан. Гэтэл “С” ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй янз бүрийн шалтгаан хэлж хугацаа хойшлуулан нэхэмжлэгч компанийг хохироох болсон юм. “С” ХХК түрээсийн төлбөр, цэвэр бохир усны төлбөрт 25 022 800 төгрөгийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг цуцлуулах, 2010 оны 8 дугаар сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 28 сарын түрээсийн төлбөр 21 683 200 төгрөг, цэвэр бохир усны төлбөр 3 339 600 төгрөг гаргуулах, “М” ХК-ийн түрээсийн байрыг чөлөөлүүлэн “С” ХХК-ийг албадан нүүлгэн гаргуулж өгнө үү.2010 оны 7 дугаар сарын 14-ний түрээсийн гэрээг цуцлуулах, “С” ХХК-иас түрээсийн төлбөр 21 683 200 төгрөг цэвэр бохир усны төлбөр 3 339 600 төгрөг нийт 25 022 800 төгрөгийг гаргуулах, “М” ХК-ийн түрээсийн байрыг чөлөөлүүлэн “С” ХХК-г албадан нүүлгэн гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам сөрөг нэхэмжлэлийн  тайлбартаа: 2010 оны 8 дугаар сарын 01-нээс 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар байгуулагдсан 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ нь “М” ХК-ийн үйл ажиллагаа өргөжин тэлж олон улсын түвшинд үйл ажиллагаа нь явагдах болсонтой холбогдуулан “А” ХХК болон “И” ХХК-ийн нэр дээр Монгол, Англи хэл дээр вэб, мэйл сервер ажиллуулж, шинэ мэдээлэл тавих, дүрс бичлэгээр хангаж байх, компьютер техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангаж ажилласны хөлсөндөө тооцож төлбөрийнхөө нөхцлийг бартерийн журмаар шийдсэн ажлын байрыг үйлдвэрийн зориулалтаар түрээслэхтэй холбоотой харилцаа байсан. Тодруулбал 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ нь:

“М” ХК-ийн үйлдвэрийн танилцуулга 45 минутын болон Гутлын үйлдвэрийн танилцуулга 44 минутын баримтат кинонуудыг 7 900 000 төгрөгөөр бүтээж уг кинонуудыг DVD дээр 900 ширхэгийг 2 700 000 төгрөгийн зардлаар буулгаж, “М” ХК-д хүлээлгэн өгсөн. Мөн 2006-2011 он хүртэл 2 100 000 төгрөгийн компьютерийн засвар үйлчилгээг үзүүлсэн болон 2 059 200 төгрөгийн өртгөөр интернэтэд мэйл сервер, вэб хостингийг байршуулсан, Сасч /SASCH/, Пансалди /PANCALDI/ брэндийн танилцуулгыг 1 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн, 2008 оноос эхлэн гүйцэтгэсэн вэб, дизайны төлбөр нь 800,000 төгрөг болон “М” ХК-тай холбоотой бүх арга хэмжээнүүд дээр 150 орчим цагийн үйлчилгээг үзүүлсэн зардал 3 000 000 төгрөг буюу “М” ХК-ийн зар сурталчилгаатай холбоотой нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 20 159 200 төгрөг болж “М” ХК нь гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг хүлээн авсанаар үндсэн үйлдвэрийн үйл ажиллагаанд саад болохооргүйгээр хуванцар бөглөө үйлдвэрлэхэд зориулж ажлын байрыг өөрсдийн хөрөнгөөр засаж тохижуулан 3 жилийн хугацаагаар ажиллах боломжийг олгосон байна. 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “С” ХХК-д өгсөн 141 тоот албан бичгийн дагуу тус компанийг Итали талаас удирдаж байсан Перо Тинти, Монгол талын хуулийн зөвлөх Б, Ба нар 2 удаа уулзалдаж “С” ХХК-ийн талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа, бартераар шийдэгдсэн хамтран ажиллах гэрээний талаар болон хийсэн ажлын талаар цаашид яах вэ гэдгийг ярилцсанаар нэхэмжлэгч талын хийсэн ажлуудыг танилцаж тухайн үед ажиллаж байсан www.buligaar.mn вэб сайтыг хүртэл нээж шалгаж үзсэн байна. Тиймээс ч огт ажил хийгээгүй компани биш юм байна гэдгийг ойлгож харилцан зөвшилцөлд хүрсэнээр ирэх жилээс үйлдвэр өргөжиж технологийн өөрчлөлт хийж магадгүй тул байр сав их хэрэгтэй болно үйлдвэр нүүлгэхэд их хүндрэлтэй байдаг тул манай талаас шууд гаргах талаар хатуу шаардлага тавихгүй байр савны хүрэлцээ муудах магадлалтай тул 2012 ондоо багтаж нүүх талаар саналаа хэлсэн байх бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу бартераар үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэдгийг ойлгосны улмаас түрээсийн талаар болон нүүлгэх талаар удирдлагын зүгээс ямар ч яриа хэлцэл гаргаагүй байна.

260 000 000 төгрөгийн өртөг бүхий үйлдвэрийг төмрийн хог болгож үйл ажиллагааг нь таслан зогсоож үйлдвэрээ нүүлгэх боломжийг олгоогүй нь “М” ХК-ийн буруутай үйл ажиллагаа болох нь цэвэр, бохир ус хэрэглэсэн төлбөрийг Монгол улсад хэрэгжиж буй тарифаас 60 дахин өндөр үнээр нэхэмжилж байгаа нь зүгээр л их мөнгө салгах гэсэн дарамтлах гэсэн санаатай үйлдэл.  2011 оны 10 дугаар сарын 10-нд өгсөн нэхэмжлэлдээ 1 хүний цэвэр бохир усны хэрэглээг сард 2 000 төгрөгөөр тооцож бодож байсан /2 000*3 хүн*13сард+10 хувь=85 800 төгрөг/ бол 2012 оны 4 дүгээр сараас эхлэн мөнгө төлөөгүй шалтгаанаар үйлдвэрийнхээ усыг хаалгаад “С” ХХК-ийг ямар ч усаар хангаагүй байж усны төлбөр нэхэмжилсэн.

2012 оны 7 дугаар сар буюу ажиллуулаагүй хаасан үеийн усны төлбөр нэхэмжилж байгаа нь огт ойлгомжгүй байгаа болон өмнө нь тус үйлдвэрээ нэхэмжилж байсан тарифаар бол 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 000*3 хүн*28 сар+10 хувь=184 800 төгрөг болох ёстой байтал цэвэр, бохир усын хэрэглээнд 3 339 600 төгрөгийг төл гэж нэхэмжилсэн нь Ус сувгийн удирдах газрын тарифаар 1 хүн 1 сард 1 тонн ус хэрэглэнэ гэж тооцвол 6 00*28 сар*3 хүн+10 хувь=55 440 төгрөг болж байгааг харьцуулбал 3 339 600 төгрөг:55 440 төгрөг=60 дахин өсгөсөн үнээр тооцож нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан түрээсийн гэрээний хохиролд 1 575 309 041 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 401 тоот “М” ХК-ийн байрнаас нэхэмжлэгч “С” ХХК-ийг албадан гаргаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 496 дугаар зүйлийн 496.1-т заасныг тус тус баримтлан цэвэр бохир усны төлбөрт 2 468 400 төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК-иас гаргуулан “М” ХК-нд олгож, түрээсийн төлбөр, илүү нэхэмжилсэн цэвэр, бохир усны төлбөр болох нийт 22 554 400 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г цуцлах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч “М” ХК татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 829 692 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж улсын тэмдэгтийн хураамжинд 7 204 803 төгрөгийг нэхэмжлэгч “С “ ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж, шинжээчийн зардал болох  нийт 4 300 000 төгрөгийг нэхэмжлэгч “С “ ХХК-иас гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нд шинжээчийн зардалд 2 100 000 төгрөг олгож, “Лэндс” ХХК-нд шинжээчийн зардалд 2 200 000 төгрөгийг олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С “ ХХК-иас 54 444 төгрөг гаргуулж хариуцагч “М” ХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч “М” ХК-иас урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ба давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Хамтран ажиллах гэрээ" нь түрээс,  ажил гүйцэтгэх гэрээний үүрэг орсон холимог гэрээ.  Хэлцэл байгуулагдсан үе, нөхцөл байдал, талуудын тохиролцоог шүүх анхаараагүй байна. Манай зүгээс 2006 оноос М ХК, түүний удирдлагатай тохиролцон компанийн ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэрээг аман хэлбэрээр байгуулан итгэлцлийн үндсэн дээр явж байсан. Тухайн ажил, үйлчилгээний хөлс төлбөр төлөх болоход М ХК-ийн удирдлагаас талбайгаа түрээслүүлэх саналыг тавьснаар харилцан тохиролцож ажил гүйцэтгэсний хөлс төлбөр, талбай түрээслэх хөлс төлбөрөөр бартердсан.

Холимог гэрээний нэг хэсэг түрээсийг дүгнээд, ажил гүйцэтгэх гэрээний хэсгийг орхисон нь маргааны үндэслэлд бүрэн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэх гэрээ, улмаар түүнээс улбаалан байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу хийгдэж байсан ажлууд нь байнгын үргэлжилсэн, хөгжүүлж өөрчилж сайжруулж байдаг, дуудсан цагт нь компыотер, сүлжээг засаж программ хангамжийг шинэчилж байдаг үргэлж баримт акт үйлдээд байх шаардлагагүй, итгэл сэтгэлээрээ хийгддэг ажлууд байсан.

Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг болгож буй албан бичгүүдийн огноог буруу бичсэн байх ба манай зүгээс гэрээ цуцлах саналыг хүлээн аваагүй, харин "Энэ үйлдвэрийн байрыг тохижуулах, байршуулах, тог цахилгаан татах, хүнд том тоног төхөөрөмжийг зөөвөрлөх, байрлуулах гээд маш их цаг хугацаа, хүн хүч, техник, хөрөнгө мөнгө (тухайн үед 8 сая төгрөг) зарцуулсан. Нэг айлын эд хогшил нүүлгэх асуудал биш. Заавал мөнгөөр түрээслэх гээд байгаа бол татгалзах зүйлгүй, энд байрлахад зориулж их хөрөнгө зарсан, гэхдээ бид бас ажил хийж өгсөн, одоо ч хийж байгаа шүү гэдэг" саналыг буцаан хүргүүлсэн. Ингэснээр гэрээний талууд харилцан санал хүргүүлсэн болно.

2012 оны 10 дугаар сард "М" ХК-н Итали талын удирдлагууд 2 жил ирээгүй байж байгаад ирсэн.  Итали талын удирдлагуудтай 2 удаа уулзаад хийж өгсөн бүх ажлуудаа, ажиллуулж байсан вэб сайтыг нь хүртэл тэд шалгасан. 3 жилийн хугацаандаа үйл ажиллагаагаа эрхлэхээр болсон бөгөөд түрээсийн төлбөрийн хувьд дахин яригдаагүй байж байгаад 2012 оны 6 дугаар сард тооцоо ирүүлсэн.

Тэгээд 7 сарын 16-нд үйлдвэрийн заалын хаалгыг өөрсдийн цоожоор лацдан битүүмжилж /хх 1, 148х/, харуул хамгаалалт нь манайхныг хашааны хаалгаарч оруулахгүй болсон тул 2012 оны 9 дүгээр сард бид шүүхэд хандсан. Гэрээ хэвээр үргэлжилж байсан. Үүнийг захирал байсан н.Бат-Очир шүүх хурал дээр нотолж хэлснийг шүүх анхаарсангүй.  Хавтаст хэрэг 3-н 47-62-р хуудсанд Хятад улс руу тоног төхөөрөмж худалдан авахаар шилжүүлсэн болон худалдан авалт хийсэн бүх баримтуудыг хавсаргасан.

хх3-н 469-479-р хуудсанд тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, орчуулга хавсаргасан. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл биднийг нүүлгэн шилжүүлэх байтугай үйлдвэр лүү орж тоног төхөөрөмжөө янзлах, засварлах, битүүмжлэх, дотроос эд хогшил авахыг ч зөвшөөрөхгүй байсан. 5 жилийн хугацаанд ямар ч үйлчилгээ хийлгээгүй, ус алдаж бүх тоног төхөөрөмжийг норгож зэврэх аюулд оруулсан, тохиргоо алдагдаж, цаашид хэвийн ажиллах боломжгүй болсон. Ус их хэмжээгээр нэвтэрсэн тул сэргээн засварлах боломжгүй, тоног төхөөрөмж нийлүүлсэн компани цаашид үйлдвэрийг засварлахад туслах, мэргэжилтнүүд илгээх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ( Х.Х 3-н 89,90-р хуудас), мөн 5 жилийн өмнөх зарим сэлбэг хэрэгсэл олдохгүй болохыг анхааруулсан. Шинээр тоног төхөөрөмж татахаас өөр ямар ч боломжгүй болсон бөгөөд нийлүүлэгчээс өгсөн үнийн саналаар зөвхөн тоног төхөөрөмжийн үйлдвэрийн үнэ нь 1 221 000 юань буюу 475 392 126 төгрөг болсон.

 

878 252 811 сая төгрөгийг орлогын тайлангаар нотлогдоогүй байна гэжээ. Ямар ч үйлдвэр эхэлж орж ирсэн нэг хэсэг хугацаа буюу 1-2 жилд маш их эрсдэлтэй ажилладаг. Үйлдвэрээ судлаад, оруулж ирээд ,байгуулаад туршлага суугаад, зах зээлээ олох, байнгын хамтран ажилагчидтай болох гээд их замыг туулна. Монголын бараг бүх ус ундааны үйлдвэрүүд Хятадаас бараагаа татдаг байсныг монгол үндэсний үйлдвэрлүүгээ татах гэж хугацаа их орсон. Аажим аажмаар нилээд газруудтай гэрээ байгуулсан. Хавтаст хэрэг дээр 30 орчим үйлдвэрийн хаяг утсыг оруулсан байдаг. Хэрэгт байгаа баримтууд болон гэрээн дээр үндэслэн 2012 оны 7 дугаар сараас 2013 оны 7 дугаар сар дуустал 1 жилийн хугацаанд олох байсан ашгийн тооцоог гаргасан байна. Тооцоог хх3-н 408, 411-413-р хуудаснуудад харж болно. Тооцоогоор гэрээт хугацаа дуустал 1 жилийн хугацаанд 153 933 018 төгрөгийн ашигтай ажиллахаар байгаа. Бүтэн жилд олох ашгийг 12 сард хуваавал 1 сард 12 827 751 төгрөгийн ашигтай ажиллах тооцоог гаргасан. Энэ олох байсан ашгийг бид өнөөдрийг хүртэл тооцох ёстой. 320 000 000 төгрөг зарж үйлдвэр оруулж ирчихээд жигдэрсэн үедээ 1 сард ядаж 5 хувийн ашиг олохгүй байсан юм бол ийм мөнгө зарах шаардлага байсан уу. Гэрээнд заагдаагүй, хариуцлага хүлээх ёсгүй.  хх1-н 269-271-р хуудаст Ус сувгийн удирдах газрын холбогдолтой тариф болон үнийн задаргааг оруулсан байсан боловч шүүгч өөрийн үзэмжээр "М" ХК-н өөрсдийнх нь санал болгосноор, хэрэглэсэн бүх усных нь төлбөрийг манайхаар төлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэрэв төлөх ёстой бол 84 937.6 төг байх хэдий ч шүүх үндэслэлгүйгээр сөрөг шаардлагын энэ хэсгийг хангасан.

2012 оны 4 дүгээр сараас эхлэн "М" ХК нь УСУГ-т мөнгөө төлөөгүй шалтгаанаар үйлдвэрийнхээ усыг хаалгаснаас болж манайхыг ямар ч усаар хангаагүй мөртлөө усны төлбөр нэхэмжилсэн.

Гэрч н.Бийг асуух, шүүх хуралдаанд оролцуулах захирамжийг шүүхээс гаргасан ч биелэлтийг хангаагүй, хэргийг шийдвэрлэсэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3, 225.4.4-т заасанчлан үүрэг гүйцэтгэгч үүргээ ялимгүй зөрчсөн явдлын ихэнх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч М ХК түрээсийн төлбөрт тооцох ажлын захиалгыг ихэнх тохиолдолд өгч байгаагүй, төлбөрийн нөхцлийн талаар тохиролцох асуудлыг хэлэлцээгүй буруутай. Иймд нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан эд хөрөнгийн хохиролд 1 575 309 041 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн төлбөр, цэвэр бохир усны төлбөрт нийт 25 022 800 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний хугацаанд үйлдвэрийн тоног төхөөрөмжрүү ус алдаж улмаар эд хөрөнгийн хохирол учирсан талаар, түүнчлэн хариуцагчийн зүгээс үйлдвэрийг лацдан хаасан хууль бус ажиллагааны улмаас үйлдвэрийн байранд нэвтэрч чадаагүй, уг хугацаанд мөн ус алдсан, тоног төхөөрөмж хөлдсөн, эвдэрсэн  гэх үйл баримтыг дурдан маргажээ. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан эд хөрөнгөд гэм хор учруулсан тухай маргаан байх бөгөөд уг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй тул уг хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх ёстой юм.

 

Гэтэл анхан шатны шүүх гэрээний бус үүргийн хүрээнд хамаарах гэм хорыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/02127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Багийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 204 803 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД