Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2127

 

 

 

2017 оны 10 сарын 09 өдөр

           Дугаар 183/ШШ2017/02127

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “МИБ” ХК-ийн байранд байрлах, “СП” ХХК /РД:5395909/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний үйлдвэрийн нэгтгэлийн хашаанд байрлах, “МИБ” ХК /РД:2039184/-нд холбогдох 

1 575 309 041 төгрөгийн хохирол гаргуулах, үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн төлбөр, цэвэр бохир усны төлбөр нийт 25 022 800 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, Р.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч “СП” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “Мон Ит Булигаар” ХК-ийн үйл ажиллагаа өргөжин тэлж Олон улсын түвшинд үйл ажиллагаа нь явагдах болсонтой холбогдуулан “Анорад” ХХК болон “Инфо консалтинг” ХХК-ийн нэр дээр Монгол, Англи хэл дээр вэб, мэйл сервер ажиллуулж, шинэ мэдээлэл тавих, дүрс бичлэгээр хангаж байх, компьютер техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдлаг хангаж ажилласны хөлсөнд ашиглагдаагүй байгаа талбайг засаж тохижуулан үндсэн үйлдвэрийн үйл ажиллагаанд саад болохооргүйгээр хуванцар бөглөө үйлдвэрлэх болсон юм. Ингээд хуванцар бөглөөний үйлдвэрлэл эрхлэх болсонтой холбогдуулан “СП” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Мон Ит Булигаар” ХК-тай 2010 ны 7 дугаар сарын 14-ний өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний агуулга нь ажлын байрыг үйлдвэрийн зориулалтаар түрээслэхтэй холбоотой харилцаа байсан. Гэрээ нь 2010 оны 8 дугаар сарын 01-нээс 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар байгуулагдсан бөгөөд гэрээний хугацааны төлбөрийг дараахь үйл ажиллагаа болон гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө тооцож төлбөрийнхөө нөхцлийг бартерийн журмаар шийдсэн болно. Үүнд: 1.“Мон Ит Булигаар” ХК-ийн үйлдвэрийн 4,400,000 төгрөгийн өртөг бүхий 45 минутын танилцуулга баримтат кино

2.Гутлын үйлдвэрийн танилцуулга 3,500,000 төгрөгийн өртөг бүхий 44 минутын танилцуулга баримтат кино

3.Танилцуулга кинонуудыг DVD дээр буулган 900 ширхэгийг “Мон Ит Булигаар” ХК-д хүлээлгэн өгсөн зардал 2,700,000 төгрөг

4. 2006-2011 он хүртэл 2,100,000 төгрөгийн компьютерийн засвар үйлчилгээг үзүүлсэн

5. 2,059,200 төгрөгийн өртгөөр интернэтэд мэйл сервер, вэб хостингийг байршуулсан

6. SASCH, PANCALDI брэндийн танилцуулыг DVD-ны хамт 1,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн зардал

7. 2008 оноос эхлэн вэб, дизайн хийж гүйцэтгэсэн бөгөөд үүний төлбөр нь 800,000 төгрөг

8. “Мон Ит Булигаар” ХК-тай холбоотой бүх арга хэмжээнүүд дээр 150 орчим цагийн үйлчилгээг үзүүлсэн зардал 3,000,000 төгрөг болсон.

Өөрөөр хэлбэл “Мон Ит Булигаар” ХК-ийн зар суртилгаатай холбоотой нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 20,159,200 төгрөг болж “Мон Ит Булигаар” ХК нь гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг хүлээн авсан болно. Иймээс хамтран ажиллах гэрээ буюу түрээсийн 3 жилийн хугацааны төлбөр төлөгдсөнийг тогтоолгох тухай шаардлагыг гаргаж байна. “СП” ХХК нь 2010 оны 9 дүгээр сард хуванцар бөглөө үйлдвэрлэх зориулалтын тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн, “Мон Ит Булигаар” ХК-ийн гүйцэтгэх захирал байсан Н.Батдоржтой байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ХУД-ийн 2 дугаар хороонд орших тус компанийн үйлдвэрийн байрны 4 давхарт ашиглагдаагүй талбайг тохижуулан засварлаж үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэрээний дагуу түрээслүүлэгч тал манай үйлдвэрийг хэвийн ажиллах нөхцлөөр хангах үүрэгтэй байсан. Гэтэл 2011 оны 1 дүгээр сард дулааны шугамыг засалгүй, дулаанаар хангаагүй 2 өвлийг өнгөрөөсөн. Мөн “Мон Ит Булигаар” ХК нь усны төлбөрөө хийгээгүйгээс болж усаа хаалгасан тул 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш манай үйлдвэр машин тоног төхөөрөмж, хэрэглээний ямар ч усгүй болж, зөөврийн ус, үнэтэй цэвэр ус хэрэглэж ажлаа явуулж байсан түрээслүүлэгчийн буруугаас 3 удаа их хэмжээний ус алдаж байсан бөгөөд бөглөөний үйлдвэрийг дулаанаар хангаагүйгээс манайд хуванцар бөглөө хийх технологи зөрчигдөж, чанаргүй бүтээгдэхүүн гарч, маш их хохирол үзсэн болно.

2011 оны 11 дүгээр сар болон 2012 оны 2 дугаар саруудад түрээслүүлэгчийн буруугаас их хэмжээний ус алдсан болон ус хааснаас нийт 3,512,172 төгрөгийн, дулаанаар зохих ёсоор хангаагүйгээс халаалтгүй үед хийгдсэн бөглөөнүүдээс буцаж ирсэн болон борлогдоогүйгээс 2,920,000 төгрөгийн хөлдөлтөөс болж хугарсан бөглөө зүсэгч хутганы үнэ болох 1,012,500 төгрөгийн 2011 онд гэрээний дагуу борлогдох ёстой байсан бөглөөний үнэ 8,100,000 төгрөг буюу нийт 15,544,672 төгрөгийн хохирол манай үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож лацдах хүртэлх хугацаанд учирсан болно. 2012 оны 6 дугаар сард “Мон Ит Булигаар” ХК-ийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Мөнхмандах нь хамтран ажиллах гэрээ болон бидний хийсэн ажлыг үгүйсгэж, 19,795,000 төгрөгийн түрээсийн төлбөр нэхэмжлэх болсон. Манай компанид санал тавьж, хэн хэндээ ашигтайгаар хамтран ажиллана гэх хамтын ажиллагааны гэрээ багуулж, маш их хөрөнгө зарж энэ байрыг биднээр засуулж оруулчихаад, эцэс сүүлд нь танай компаниас болж манай үйлдвэр хохирч байна гээд биднээс их хэмжээний төлбөр нэхэмжлээд хуулийн байгууллагад хандаачээ гэхэд хандалгүй, үйлдвэрийг чин зогсооно, цахилгаан таслана гэж дарамтлах болсон. Биднээс нэхэмжилж байгаа түрээсийн тооцоо нь ч зах зээлийн үнэ, тарифт үүнээс 2-51 дахин нугалсан байгаа бөгөөд өөрсдөө зохиомжлон бодож мөнгө нэхэмжилсэн. Бид харилцан зохицохыг хүссэн боловч зөвшөөрөөгүй ба 2012 оны 7 дугаар сарын 16-нд манай компанид 139 тоот албан бичгийг хүлээлгэн өгч, энэ өдрийнхөө 14 цагаас эхлэн манай үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон лацдаж манай ажилчдыг ажлын байрнаас гаргаж, дотогш нэвтрүүлэхгүй байхыг харуул  хамгаалалтын албандаа даалгаж, биднийг орохыг хориглосон. Бид гүйцэтгэсэн ажлын хөлс 20,159,200 төгрөгийн төлбөрийн оронд 3 жил буюу 36 сарын хугацаанд бартерын гэрээний дагуу байрлах байсан боловч 22 сар байрлаад үйлдвэрээ хаалгасан тул үлдсэн 14 сарын зөрүү төлбөр болох 7,839,700 төгрөгийн хохирол хүлээгээд байна. Гэрээгээ зөрчин байгууллагын өмчинд дур зоргоороо халдан битүүмжилсэний улмаас бөглөө хэвлэдэг машинд угсрагдсан байсан хэвнүүд устай урвалд орж зэврэн ашиглагдахгүй болсон тул шинээр хийлгэх хэвний үнэ 25,000,000 төгрөгийн, хэв хийлгэхээр ирж очих зардлууд 5,682,000 төгрөг харилцагч компаниудад хийж өгсөн логоны хэвний үнэ болох 675,000 төгрөгийн 2012 оны 7-11 дүгээр саруудад борлуулах байсан бөглөөний тооцоо буюу олох байсан ашиг 21,570,000 төгрөг дулаанаар хангаж байсан бол 2012 онд олох байсан ашиг 21,360,000 төгрөгийн, 2012 оны 7 дугаар сард үйлдвэр хааснаас ашиглагдахгүй болсон будаг, түүхий эдийн хохирол 10,215,000 төгрөг, 7-оос 12 сар хүртэлх хугацаанд ажиллагсдын авах байсан цалин 12,820,000 төгрөг, өөр байранд нүүхтэй холбоотой зардал болох 8,500,000 төгрөг буюу нийт 105,822,000 төгрөг болон “Мон Ит Булигаар” ХК-ийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэгдээгүйгээс болон хууль зөрчсөн үйлдлээс болж манай компанид бодитой учирсан хохирол болох 15,544,672 төгрөг, түрээсийн зөрүү төлбөр болох 7,839,700 төгрөг нийт 129,206,372 төгрөгийг “Мон Ит Булигаар” ХК-иас гаргуулж өгнө үү.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “СП” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай: Манай үйлдвэр 1 сард хамгийн багадаа 700 000 ширхэг ундаа үйлдвэрлэдэг “Монжүүс” ХХК-д бөглөө нийлүүлэхийн тулд бөглөөний хэвийг бага зэрэг өөрчилж зоруулах шаардлагатай болсон. Улаанбаатар хотод нарийн хэв зорох токарийн машин болоод токарчин байдаггүй тул Бээжин хотын металлургын үйлдвэрт очиж туршилтын кольцо төмөр зоруулахаар хүн явуулсан. Эдгээр кольцо төмрийг ирсний дараа зорж өөрчилсөн хэвтэй бөглөөг “Монжүүс” ХХК-н саванд таглаад 14 хоногийн хугацаатайгаар хадгалж үзэхэд битүүмжлэлээ сайн барьж байсан тул 6 сарын 22-нд бүх хэвний кольцо төмрийг салгаж Бээжин хот руу авч явж ховил гаргуулан зоруулж ирсэн. “Монжүүс” ХХК-д наадмын дараагаас саарал өнгийн бөглөөг хэмжээгээр нийлүүлж эхлэх ёстой байсан тул харилцагч газруудын цагаан бөглөөнүүд болон UFC группын улбар шар өнгийн чацарганы бөглөө зэрэг яаралтай нийлүүлэх бөглөөнүүдээ бэлдэх, нөөцлөх үед “Мон Ит Булигаар” ХК-н захирал Б.Мөнхмандах нь манай үйлдвэрийг хааж,  ажил зогсоосон. “Монжүүс” ХХК-д гэрээний дагуу нийлүүлэх бөглөөг нийлүүлээгүйгээс болж бидний хоорондын итгэлцэл алдагдаж, 10 сар хүртэл маш их зөрчил үүссэн. Хамгийн ачаалалтай үед худлаа ярьж, ажил зогсоолоо гээд 5 400 000 төгрөгийн алданги нэхэж, үүнээс 1 400 000 төгрөгийг манай компани бэлнээр төлж, 2 000 000 төгрөгийн алдангийг бөглөө нийлүүлэхээр болж нийт 3 400 000 төгрөгийн хохирол барагдуулахаар тохирсон. Манай үйлдвэрийг хааснаас болж нэр хүндээ асар их алдаж, “Мон Ит Булигаар” ХК-ийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болон хууль зөрчсөн үйлдлээс болж манай компанид “Монжүүс” ХХК-тай хийсэн гэрээний дагуу хэв засуулахад гарсан зардлууд, таг нийлүүлээгүйгээс үүссэн алданги зэрэгт төлсөн бодитой учирсан хохирол болох нийт 5 059 700 төгрөгийг “Мон Ит Булигаар” ХК-с гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна гэж тайлбарлаж байна. Үүнд:

1.         “СП” ХХК-д хуванцар тагны шинэ үйлдвэр БНХАУ-ын Тайжу хотын Менг Фен үйлдвэрээс худалдан авахад шаардлагатай 1 300 200 юань болох 475 392 126 төгрөгийг хариуцагч “Мон Ит Булигаар” ХК-иас гаргуулах

2.         “СП” ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмж байсан талбайг битүүмжилж, үйлдвэрийг хэвийн ажиллах нөхцөлгүй болсны улмаас учирсан гэм хор болох 1 099 916 915 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийт 1 575 309 041 төгрөгийг “Мон Ит Булигаар” ХК-иас гаргуулах

 

“СП” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байсан жижиг, дунд үйлдвэрийг төрөл бүрээр дэмжих бодлогын хүрээнд импортоор их хэмжээгээр оруулж ирдэг ус, ундааны савны хувцанар тагийг /бөглөө/ эх орондоо хямд зардлаар үйлдвэрлэх зорилго тавин 2010 оны 8 дугаар сард 1 300 200 юанийн үнэ бүхий хуванцар тагны үйлдвэрийг БНХАУ-ын Тайжу хотын Менг Фен үйлдвэрээс худалдан авсан /мөнгөн гүйлгээний баримт нь 3 дугаар хавтаст хэргийн 50-58 дугаар хуудас/ Ийнхүү худалдан авахдаа Япон улсын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Жайка хөтөлбөрт хамрагдаж, 100 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатайгаар хөнгөлөлтэй нөхцлөөр зээлж, зээлийг Голомт банкаар дамжуулан авсан. Ингээд 2010 оны 9 дүгээр сард үйлдвэрээ оруулж ирэн, тус машин дээр ажиллах 10 хүнийг мэргэжилтнээр сургаж бэлэн болгосон. Биднийг үйлдвэрээ байршуулах талбай хайж байх үед “Мон Ит Булигаар” ХК-ийн зүгээс өөрсдийн үйлдвэр дээр байрлах санал тавьсныг бид хүлээн авч 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дараах нөхцөлтэй гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулж  хамтран ажиллахаар болсон. Гэрээний 2.4-т “түрээслүүлэгч талын эзэмшилд буй байрыг 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ашиглуулахаар тохиролцов” мөн гэрээний 2.6-д “Түрээсийн төлбөр тооцоо хийх нөхцөл бартераар” гэж харилцан тохирсон. Мөн гэрээний гуравдугаар зүйлд түрээсийн тооцоо хийх журмыг дараах байдлаар харилцан тохирсон. Үүнд 3.1-д түрээсийн төлбөрт түрээслүүлэгчийн вэб сайтыг хийж, цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах, и-мэйл сервер ажиллуулж, @buligaar.mn өргөтгөл бүхий и-мэйл хаягуудаар хангах, түрээслүүлэгчийн албандаа хэрэглэж байгаа компьютер техник хэрэгслүүдийн хэвийн ажиллах нөхцлийг хангах, дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хариуцах, шаардлагатай засвар үйлчилгээ хийх, шинээр сүлжээ тавих, программ хангамж суулгах ажлуудыг хариуцаж ажиллана.

Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн талаас гэрчээр асуугдсан н.Бат-Очирын мэдүүлэг, түүнчлэн www.buligaar.mn цахим хуудас, тус цахим хуудасны домайн нэрийг авсан бол жил бүрийн төлбөрийг төлж байсан баримт “Мон Ит Булигаар” ХК-ийн танилцуулга бүхий кино, DVD зэргээр тодорхой нотлогдоно. Гэтэл “Мон Ит Булигаар” ХК-ийн зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах ямар нэг үндэслэл байхгүй байхад 2012 оны 7 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа ирэхэд манай ажилтнуудыг талбай руу нэвтрүүлэхгүйгээр манай компанийн үйлдвэрийн байрыг лацадсан байсан. Үүнээс үүдэн үйлдвэрийн байрандаа нэвтэрч чадахгүй хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас “СП” ХХК нь өнөөдрийг хүртэл асар их хэмжээний алдагдал хүлээгэд байна. Манай компанийн түрээслэж байсан талбай нь барилгын 4 дүгээр давхарт байрлаж байсан ба үйлдвэрийг лацдаж хаасны дараа буюу 2013 оны 1 дүгээр сард их хэмжээний ус алдаж үйлдвэрийн тоног төхөөрөмж рүү ус нэвтэрч, тоног төхөөрөмжийг дахин ашиглах боломжгүй болгосон. Иймд манай компанийн зүгээс шинээр үйлдвэр худалдан авахад шаардагдах 1 300 200 юанийг хариуцагчаас нэхэмжилж байна. Мөн “СП” ХХК-ийн шударгаар эзэмшиж байсан талбайг лацдаж, үйлдвэрийн байрандаа нэвтрэх боломжгүй болсны улмаас дараах гэм хор бодитоор учирсан. Үүнд:

1. 3 удаагийн ус алдалтаас үүссэн хохирол 4 682 565 төгрөг

2.Түрээслүүлэгч нь гэрээний 4.1.1, 4.1.4-д тус тус заасан нөхцлийг хангаагүйгээс “СП” ХХК-ийн үйлдвэрийн технологид сөрөг нөлөө үзүүлж, үйлдвэрийн гологдол гарсны улмаас үүссэн хохирол 3 088 333 төгрөг,

3.Түрээслүүлэгч нь гэрээнд заасан нөхцлөөр хангаагүйгээс /хүйтэн нөхцлийн улмаас/ болж хугарсан зүсэгч хутганы хохирол 1 755 393 төгрөг,

4.”Мон Жүүс” ХХК-ийн тагны хэв томилолтын зардал 38 737 249 төгрөг,       

5.Түрээслүүлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд “СП” ХХК-ийн олох байсан ашгийн хохирол 13 844 826 төгрөг,

6. “СП” ХХК-ийн үйлдвэрийг үндэслэлгүйгээр хааж, лацадсаны улмаас ашиглах боломжгүй болсон түүхий эд, тагны хэв, логоны хэв, будагч бодисын хохирол 50 341 515 төгрөг,

7. “СП” ХХК-ийн үйлдвэрийг үндэслэлгүйгээр хааж, лацадсаны улмаас ашиглах боломжгүй болсон бэлэн бүтээгдэхүүний хохирол 10 907 760 төгрөг,

8. “СП” ХХК-ийн –ийн үйлдвэрийг үндэслэлгүйгээр хааж, ажиллах нөхцөлгүйгээр болгосны улмаас Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сул зогсолтын хугацаанд ажиллагсадад олгосон цалин, НДШ-д төлсөн мөнгөн дүн 6 596 800 төгрөг,

9.Үйлдэврийг хөрөнгө оруулалтад зориулж хөнгөлөлттэй нөхцлөөр Голомт банкаар дамжуулан авсан 100 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хэвийн төлж, зээлийн түүхээ муутгахгүйн тулд бусад эх үүсвэрээс өндөр хүүтэй зээл авч байсны хүүгийн хохирол 87 409 666 төгрөг,

10.Үйлдвэрийг өнөөдрийг хүртэл хэвийн ажиллуулж байсан нөхцөлд олох байсан ашгийн хохирол 95 760 000 төгрөг,

 11. Үйлдвэрийг өнөөдрийг хүртэл хэвийн ажиллуулж байсан нөхцөлд олох байсан ашгийн хохирол 782 492 811 төгрөг,

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал, шинжээчийн зардал 4 300 000 төгрөг,

            Бид Монголдоо хямд зардлаар импортын бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн гаргах чинхүү хүсэлтэй байсан ч хариуцагчийн хууль бус үйлдлээс шалтгаалан өнөөдөр их хэмжээний алдагдал хүлээж, үйл ажиллагаа бүрэн зогссон ба үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дахин ашиглах ямар ч боломжгүй нөхцөлд ороод байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагаг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Мон Ит Булигаар” ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Мон Ит Булигаар” ХК-ний байранд “СП” ХХК нь 2010 оны 8 дугаар сарын 01-наас үйл ажиллагаа явуулж ирсэн. 2010 оны 8 дугаар сараас үйлдвэрлэл явуулж эхэлсэн боловч тухайн үед түрээсийн гэрээ нь манай санхүүд байхгүй. Цахилгааны төлбөр, түрээсийн мөнгө нэхэхээр тухайн үед гүйцэтгэх захирал байсан Н.Батдоржид нь та нарт хамаагүй битгий олон юм яриад бай би мэдэж байна гэдэг байсан. 2011 оны 10 дугаар сард дахин түрээсийн төлбөр нэхэж албан бичиг явуулахад манай компанид огт хийгдээгүй, хэний ч мэдэхгүй олон ажил хийсэн гэсэн нотлох ямар ч баримт байхгүй тооцоо гаргаж өгөөд баримт материалаа авчирч хэнд хүлээлгэн өгсөн гэхээр алга болсоор 2012 оны 7 дугаар сар хүрсэн. Энэ хугацаанд манай компанид 2011 оны 5 дугаар сард 1000.0, 10 дугаар сард 1546.5, 11 дүгээр сард 1449.1, 2012 оны 1 дүгээр сард 1140.0, 3 дугаар сард 471.9, 4 дүгээр сард 848.2, 5 дугаар сард 374.9, 6 дугаар сард 299.9, 7 дугаар сард 180.5, бүгд 7311.0 сая төгрөг хэрэглэсэн цахилгааны төлбөрт тоолуурын заалтаар төлсөн 2012 оны 6 дугаар сард дахин захирал Батхүүтэй нь уулзаж байр ашигласан түрээсийн төлбөрөө даруй төлөх, хэрэв төлөхгүй бол манай байрыг султгаж өгөх талаар ярилцсан. Энэ мэтчилэн удаа дараа хэлж шаардсан боловч ямар ч баримт нотолгоогүй танил талын, найз нөхдийн хүрээгээр амаар явж ирсэн уламжлалаараа түрээсийн төлбөр тооцоогүй амьдрах башир аргаараа өдий хүрсэн болно. Иймд бид “СП” ХХК-иас нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэн даруй манай компанид төлөх төлбөр тооцоог дуусгаж, байраа суллаж өгөхийг шаардаж байна. Учир нь энэ компани нь Батдоржийн хувийн эзэмшлийн компани биш, гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болно гэв.

 

Хариуцагч “Мон Ит Булигаар” ХК нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: “СП” ХХК-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцан хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн зүгээс “СП” ХХК-д 5 059 700 төгрөгийн хохирол учруулаагүй юм. “СП” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл нь манай компанийн үйлдэл үйл ажиллагаатай  огт хамааралгүй нэхэмжлэл байна. Компанийн дотоод ажиллагаатай хамааралтай гэрээний харилцаа тоног төхөөрөмжийн эвдрэл доголдол манай компанид хамааралгүй байна. “СП” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Мон Ит Булигаар” ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Манай компани 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр “СП” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан билээ. Түрээсийн гэрээ байгуулаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. “СП” ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчих болсон юм. Манай компанийн зүгээс 2011 оны 4 дүгээр сарын эхээр түрээсийн гэрээг дүгнэх талаар “СП” ХХК-д мэдэгдсэн. 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 13 сарын түрээсийн төлбөр НӨАТ-10 хувьтай 10 067 200 төгрөгийн түрээсийн төлбөр, цэвэр, бохир усны 1 887 600 төгрөг төлөхийг “СП” ХХК-д удаа дараа шаардаж бичгээр мэдэгдсэн. Компанийн зүгээс 2011 оны 10 дугаар сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 15 сарын түрээсийн төлбөр 11 616 000 төгрөг, цэвэр бохир усны 10 сарын төлбөр 1 452 000 төгрөг төлөхийг шаардсан. Гэтэл “СП” ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй янз бүрийн шалтгаан хэлж хугацаа хойшлуулан нэхэмжлэгч компанийг хохироох болсон юм. “СП” ХХК түрээсийн төлбөр, цэвэр бохир усны төлбөрт 25 022 800 төгрөгийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг цуцлуулах, 2010 оны 8 дугаар сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 28 сарын түрээсийн төлбөр 21 683 200 төгрөг,  цэвэр бохир усны төлбөр 3 339 600 төгрөг гаргуулах, “Мон Ит Булигаар” ХК-ийн түрээсийн байрыг чөлөөлүүлэн “СП” ХХК-ийг албадан нүүлгэн гаргуулан сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд “Мон Ит Булигаар” ХК, “СП” ХХК-ний хооронд байгуулсан 2010 оны 7 дугаар сарын 14-ний түрээсийн гэрээг цуцлуулах, “СП” ХХК-иас түрээсийн төлбөр 21 683 200 төгрөг цэвэр бохир усны төлбөр 3 339 600 төгрөг  нийт 25 022 800 төгрөгийг гаргуулах, “Мон Ит Булигаар” ХК-ийн түрээсийн байрыг чөлөөлүүлэн “СП” ХХК-г албадан нүүлгэн гаргуулах сөрөг  нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “СП” ХХК-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд хариуцагч “Мон Ит Булигаар” ХК-ийн гаргасан “Мон Ит Булигаар” ХК болон “СП” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг цуцлуулах, түрээсийн төлбөр 21 683 200 төгрөг, цэвэр бохир усны төлбөр 3 339 600 төгрөг буюу нийт 25 022 800 төгрөгийг гаргуулах болон түрээсийн байрнаас “СП” ХХК-ийг албадан нүүлгэн гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2010 оны 8 дугаар сарын 01-нээс 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар байгуулагдсан 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ нь “Мон Ит Булигаар” ХК-ийн үйл ажиллагаа өргөжин тэлж олон улсын түвшинд үйл ажиллагаа нь явагдах болсонтой холбогдуулан “Анорад” ХХК болон “Инфо Консалтинг” ХХК-ийн нэр дээр Монгол, Англи хэл дээр вэб, мэйл сервер ажиллуулж, шинэ мэдээлэл тавих, дүрс бичлэгээр хангаж байх, компьютер техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангаж ажилласны хөлсөндөө тооцож төлбөрийнхөө нөхцлийг бартерийн журмаар шийдсэн ажлын байрыг үйлдвэрийн зориулалтаар түрээслэхтэй холбоотой харилцаа байсан. Тодруулбал 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ нь:

“Мон Ит Булигаар” ХК-ийн үйлдвэрийн танилцуулга 45 минутын болон Гутлын үйлдвэрийн танилцуулга 44 минутын баримтат кинонуудыг 7 900 000 төгрөгөөр бүтээж уг кинонуудыг DVD дээр 900 ширхэгийг 2 700 000 төгрөгийн зардлаар буулгаж, “Мон Ит Булигаар” ХК-д хүлээлгэн өгсөн. Мөн 2006-2011 он хүртэл 2 100 000 төгрөгийн компьютерийн засвар үйлчилгээг үзүүлсэн болон 2 059 200 төгрөгийн өртгөөр интернэтэд мэйл сервер, вэб хостингийг байршуулсан, Сасч /SASCH/, Пансалди /PANCALDI/ брэндийн танилцуулгыг 1 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн, 2008 оноос эхлэн гүйцэтгэсэн вэб, дизайны төлбөр нь 800,000 төгрөг болон “Мон Ит Булигаар” ХК-тай холбоотой бүх арга хэмжээнүүд дээр 150 орчим цагийн үйлчилгээг үзүүлсэн зардал 3 000 000 төгрөг буюу “Мон Ит Булигаар” ХК-ийн зар сурталчилгаатай холбоотой нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 20 159 200 төгрөг болж “Мон Ит Булигаар” ХК нь гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг хүлээн авсанаар үндсэн үйлдвэрийн үйл ажиллагаанд саад болохооргүйгээр хуванцар бөглөө үйлдвэрлэхэд зориулж ажлын байрыг өөрсдийн хөрөнгөөр засаж тохижуулан 3 жилийн хугацаагаар ажиллах боломжийг олгосон байна.

2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “СП” ХХК-д өгсөн 141 тоот албан бичгийн дагуу тус компанийг Итали талаас удирдаж байсан Перо Тинти, Монгол талын хуулийн зөвлөх Бат-Эрдэнэ, Батхүү нар 2 удаа уулзалдаж “СП” ХХК-ийн талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа, бартераар шийдэгдсэн хамтран ажиллах гэрээний талаар болон хийсэн ажлын талаар цаашид яах вэ гэдгийг ярилцсанаар нэхэмжлэгч талын хийсэн ажлуудыг танилцаж тухайн үед ажиллаж байсан www.buligaar.mn вэб сайтыг хүртэл нээж шалгаж үзсэн байна. Тиймээс ч огт ажил хийгээгүй компани биш юм байна гэдгийг ойлгож харилцан зөвшилцөлд хүрсэнээр ирэх жилээс үйлдвэр өргөжиж технологийн өөрчлөлт хийж магадгүй тул байр сав их хэрэгтэй болно үйлдвэр нүүлгэхэд их хүндрэлтэй байдаг тул манай талаас шууд гаргах талаар хатуу шаардлага тавихгүй байр савны хүрэлцээ муудах магадлалтай тул 2012 ондоо багтаж нүүх талаар саналаа хэлсэн байх бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу бартераар үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэдгийг ойлгосны улмаас түрээсийн талаар болон нүүлгэх талаар удирдлагын зүгээс ямар ч яриа хэлцэл гаргаагүй байна. Иймд нэгэнт хийгдсэн буюу хийж байсан үйл ажиллагааныхаа хөлсөнд үйлдвэрлэлийн зориулалтай байрыг өөрсдийн хөрөнгөөр засаж засварлан үйл ажиллагаа эрхлэхдээ 3 жилийн хугацааны төлбөрөө төлсөн нь 2012 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн гүйцэтгэх захирлын ажилдаа орсон Б.Мөнхмандах нь албан тушаалаа ашиглан түрээсийн 19 795 000 төгрөгийг төл, зөвхөн мөнгө төлсөн тохиолдолд ажиллуулна гэж шахах болсоноос гадна хийсэн ажлаа танилцуул гэчихээд аваачаад өгөхөөр үзэхгүй атлаа түрээс төл тэгэхгүй бол ажиллуулахгүй хэмжээн илт хууль бус үйлдэл хийж 2012  оны 7 дугаар сарын 16-нд шууд үйлдвэрийг нь хааж цоожилж лацдан, мөнгөө төлбөл ажиллуулна гээд нэг ч ажилчныг оруулахгүй байх үүргийг хамгаалалтын албандаа өгч зээл авч байж Монголд оруулж ирэн ажиллуулж дөнгөж хөл дээрээ босож байсан. 260 000 000 төгрөгийн өртөг бүхий үйлдвэрийг төмрийн хог болгож үйл ажиллагааг нь таслан зогсоож үйлдвэрээ нүүлгэх боломжийг олгоогүй нь “Мон Ит Булигаар” ХК-ийн буруутай үйл ажиллагаа болох нь цэвэр, бохир ус хэрэглэсэн төлбөрийг Монгол улсад хэрэгжиж буй тарифаас 60 дахин өндөр үнээр нэхэмжилж байгаа нь зүгээр л их мөнгө салгах гэсэн дарамтлах гэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байгаа бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 10-нд өгсөн нэхэмжлэлдээ 1 хүний цэвэр бохир усны хэрэглээг сард 2 000 төгрөгөөр тооцож бодож байсан /2 000*3 хүн*13сард+10 хувь=85 800 төгрөг/ бол 2012 оны 4 дүгээр сараас эхлэн мөнгө төлөөгүй шалтгаанаар үйлдвэрийнхээ усыг хаалгаад “СП” ХХК-ийг ямар ч усаар хангаагүй байж усны төлбөр нэхэмжилсэн. 2012 оны 7 дугаар сар буюу ажиллуулаагүй хаасан үеийн усны төлбөр нэхэмжилж байгаа нь огт ойлгомжгүй байгаа болон өмнө нь тус үйлдвэрээ нэхэмжилж байсан тарифаар бол 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 000*3 хүн*28 сар+10 хувь=184 800 төгрөг болох ёстой байтал цэвэр, бохир усын хэрэглээнд 3 339 600 төгрөгийг төл гэж нэхэмжилсэн нь Ус сувгийн удирдах газрын тарифаар 1 хүн 1 сард 1 тонн ус хэрэглэнэ гэж тооцвол 6 00*28 сар*3 хүн+10 хувь=55 440 төгрөг болж багааг харьцуулбал 3 339 600 төгрөг:55 440 төгрөг=60 дахин өсгөсөн үнээр тооцож нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.           

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “СП” ХХК нь хариуцагч “Мон Ит Булигаар” ХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний хохиролд 1 575 309 041 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг цуцлах түрээсийн төлбөр, цэвэр бохир усны төлбөр нийт 25 022 800 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

          Нэхэмжлэгч нь 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу үүргээ бид бүрэн биелүүлсэн учраас гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлсөн. Хариуцагч “Мон Ит Булигаар” ХК нь манай  компанийн үйлдвэрлэл явуулж буй байрыг лацдан, компанийн үйл ажиллагааг  зогсоож хамтран ажиллах гэрээний дагуу хохиролд нийт 1 575 309 041 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

          Хариуцагч нь 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хуванцар бөглөөний үйлдвэрийн зориулалтаар талбай түрээслэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч нь 2010 оны 7 дугаар сарын 30-нд хуулийн этгээдийн гэрчилгээ авсан, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадваргүй байхдаа гэрээ байгуулсан  тул хүчин төгөлдөр бус гэрээ мөн гэрээ цуцлах саналыг хүлээн авсан атлаа түрээсийн төлбөр, ашиглалтын зардлаа төлөөгүй, нэгэнт үйлдвэрийн ажлын байрны шаардлага хангахгүй байсан бол үйл ажиллагаа явуулах шаардлагагүй байсан, нэхэмжлэгч өөрөө шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулчаад хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргадаг.

 

            Шүүх 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр уг хэрэгт иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

         

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

          Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “СП” ХХК  болон хариуцагч “Мон Ит Булигаар” ХК  нар 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо “Мон Ит Булигаар” ХК-ийн үйлдвэрийн байрны 4 давхарт 88 м.кв талбайг 2010.08.01-ний өдрөөс 2013.08.1-ний өдөр хүртэл түрээслэхээр харилцан тохиролцсон байна. /1 х.х-ийн 5-7 хуудас/

 

        Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч буюу түрээслэгч тал хамтран ажиллах гэрээний дагуу  хариуцагч буюу түрээслүүлэгчийн өмчлөлийн зүйл түрээслэсэн эсэх талаар маргахгүй байна.

 

        Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

         Хариуцагч  тал уг гэрээгээр түрээсийн гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг хуванцар бөглөөний үйлдвэрийн зориулалтаар ашиглуулах, нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг бартераар төлөх, ийнхүү төлөхдөө гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан журмын дагуу төлөх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх  дүгнэлээ.

 

         Зохигчид 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хуванцар бөглөөний үйлдвэрийн зориулалтаар талбай түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч буюу түрээслэгч нь 2010 оны 7 дугаар сарын 30-нд улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /1 хавтас -8 хуудас/

    

         Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдснаар дуусгавар болно” гэж заасан. Иргэний хуулийн уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч  “СП” ХХК  нь хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадваргүй байхдаа эрх зүйн харилцаанд оролцсон болохыг хожим хариуцагч хүлээн зөвшөөрсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

       

        Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

    

        Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг  хуванцар бөглөөний үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан байна.

 

         Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан ба талууд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан талбайг нийтээр нь бус тодорхой хэсгийг түрээслэхээр тохирсон, түрээсийн гэрээг бичгээр байгуулсан  байх тул энэхүү гэрээ хүчин төгөлдөр байна.

       

           Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 3.1-т зааснаар түрээслэгч түрээсийн  төлбөрт “түрээслүүлэгчийн вэб сайтыг хийж, цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах, түрээслүүлэгчийн албандаа хэрэглэж байгаа компьютер техник хэрэгслүүдийн хэвийн ажиллах нөхцлийг хангах, дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хариуцах, шаардлагатай засвар үйлчилгээг хийх, шинээр сүлжээ тавих, программ хангаж суулгах” ажлуудыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д “Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно” гэж заасан. Хариуцагч буюу түрээслүүлэгч түрээсийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч буюу  түрээслэгчийг хамтран ажиллах гэрээний дагуу заасан ажлыг хийсэн эсэх талаар манай байгууллагад албан ёсоор мэдэгдсэн тайлан, техникийн баримт бичиг байхгүй байгааг, ашиглалтын зардлын 11 771 541 төгрөгийн хоорондын тооцоо гарч байгаа тул хоёр компанийн санхүүгийн ажилтанууд тооцоо нийлэх шаардлагатай байгаа, технологийн өөрчлөлт хийхтэй холбогдуулан 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хамтран ажиллах гэрээг цуцлах саналыг хүргүүлсэн байна. /1 хх-133,134/

 

           Нэхэмжлэгч “СП” ХХК нь  2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дээрх албан бичгийн хариуг хариуцагчид хүргүүлжээ. Уг албан  бичигт “... “Хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, үлдсэн 2 жилд “Түрээсийн гэрээ шинэчлэн байгуулж ажиллахад татгалзах зүйлгүй” гэж  хариу ирүүлсэн нь нэхэмжлэгч 2010 оны 7 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” цуцлах саналыг хүлээн авсан  болох нь тогтоогдож байна.  / 1хх -135,136 /

 

            Түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгч түрээсийн төлбөрийг бартераар төлөх үүргээ хэрхэн биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна. Учир нь зохигч талууд 2006 оноос эхлэн хамтран ажилласан байх бөгөөд 2010 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу түрээслэгч түрээсийн төлбөрт хийж гүйцэтгэсэн ажлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2011.11.18-ны өдрийн албан бичиг, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албан бичигт “... интернэт мэйл сервер, вэб хостингийг байршуулан төлбөрийг хариуцдаг,  ... 2006 оны 1 сараас 2008 оны 12 сар хүртэл, 25 ам доллар х 36 сар  нийт 900 ам доллар, 2009 оны 1 сараас 2010 оны 12 сар хүртэл 20 ам доллар нийт 480 ам доллар ... , ...  захирлын , санхүүгийн, хяналтын камер, компьютерт засвар үйлчилгээ  2006-2011 он хүртэл нийт 2 100 000 төгрөг, ... брендийн танилцуулга 3 удаа, үйлдвэрийн танилцуулга, баримтанд кино,..... манай хийсэн ажлуудын нийт төлбөр 19 115 000 төгрөг гэсэн баримтаас дүгнэвэл 2006 оноос хийсэн ажлаа тайлагнасан нь 2010.07.14-ны өдрийн гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрт хамааралтай болохыг гэрээнд харилцан тохиролцоогүй байх тул 2010 оноос хойш гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна./1 хх- 137,138, 139/

            Түрээслэгч түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт ажил гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй тул түрээсийн төлбөр төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйл 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан ажлын тайлан болон ажил хүлээлцсэн актыг түрээслүүлэгчид ирүүлээгүйн төлбөр төлөх үүргээ зөрчсөн байна гэж шүүх үзлээ. Тодруулбал, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлыг хийсэн эсэх талаар манай байгууллагад албан ёсоор мэдэгдсэн тайлан, техникийн баримт бичиг байхгүй байгааг мэдэгдсэн хариуд түрээслэгч 2010.07.14-ний хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнөх ажлын талаар тайлагнасан нь 2010 оны гэрээний дагуу бартераар хийх ажлаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч нэхэмжлэгч  тал үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэхийг мөн баримтаар нотлохгүй байна. Иймд, түрээслүүлэгч тал 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах  гэрээний дагуу нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрийн оронд гэрээгээр тохирсон ажил гүйцэтгэх, ажлын тайлан, ажил хүлээлцсэн актыг шаардсанг буруутгах үндэслэлгүй байна.

 

         Иргэний хуулийн 320 дугаар зүйлд Түрээсийн гэрээ цуцлах талаар зохицуулжээ. Хариуцагч 2011.11.17-ний өдөр түрээсийн гэрээ цуцлах саналаа нэхэмжлэгчид хүргүүлсэн ба саналын хариуд нэхэмжлэгч 2011.11.18-нд “Хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, үлдсэн 2 жилд “Түрээсийн гэрээ шинэчлэн байгуулж ажиллахад” татгалзах зүйлгүй болохоо албан бичгээр хүргүүлсэн нь гэрээ цуцлах саналыг хүлээн авсан байна гэж шүүх үзлээ. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

          Нэгэнт нэхэмжлэгч “СП” ХХК нь 2010 оны гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийн оронд ажил гүйцэтгээгүй, ажлын тайлан, ажил хүлээлцсэн актыг хариуцагчид гаргаж өгөхгүй байх тул Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд гэрээ цуцлах санал хүргүүлсэнг нэхэмжлэгч хүлээн авсан байна. Нэхэмжлэгч ийнхүү гэрээ цуцлах саналыг хүлээн авсан нь талуудын хооронд байгуулсан 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ” 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон байна.

 

           Нэхэмжлэгч “СП” ХХК нь хуванцар таг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон тул шинэ тоног төхөөрөмж худалдан авах 475 392 126 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуучин ашиглаж байсан тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон, зайлшгүй шинээр авах болсон талаар баримт хэрэгт авагдаагүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй байна.

 

           Мөн өнөөдрийг хүртэл гэрээгээр болон гэрээ байгууллахгүйгээр олох байсан ашиг гэж 878 252 811 төгрөг нэхэмжилжсэн.Нэхэмжлэгч “СП” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2010 оны санхүүгийн орлогын тайлангаар 2010 онд 3,3 сая төгрөгийг орлого олж, 42,5 сая төгрөгийн зардал гаргаж, 42,7 сая төгрөгийн алдагдалтай, 2011 оны санхүүгийн орлогын тайлангаар 2011 онд 53,3 сая төгрөгийн орлого олж, 112,5 сая төгрөгийн зардал гаргаж, 59,2 сая төгрөгийн алдагдалтай, 2012 оны санхүүгийн орлогын тайлангаар 21,8 сая төгрөгийн орлого олж, 26,2 сая төгрөгийн зардал гаргаж, 4,5 сая төгрөгийн алдагдалтай ажилласан болох нь баримтаар тогтоогдож /1хх-ийн 90-100 хуудас/ байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 878 252 811 сая төгрөгийн олох байсан ашиг гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулсан үеэс ашигтай ажилласан болох нь санхүүгийн орлогын тайлангаар нотлогдоогүй болно.

          

         Нэхэмжлэгч “СП” ХХК нь гэрээ цуцлах саналыг хүлээн авч, гэрээ дуусгавар болсон, түрээсийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа хариуцагчид хүлээлгэж өгөөгүй, түрээсийн гэрээ байгуулах шинэ үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй, 2010 оны түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйл болох хөрөнгийг түрээслүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, түрээсийн зүйл нь үйл ажиллагаагаа явуулахад шаардлага хангаагүй байхад түрээсийн зүйлийг эзэмшилдээ байлгаж үйл ажиллагаагаа явуулж, өөрийн буруутай үйлдлийн улмаас  өөртөө хохирол учруулсан гэж үзэхээр байна.

 

          Хохирол гэдэг нь урьдчилан харж таамаглах боломжгүй, гэнэтийн шинжтэй, урьдчилан төлөвлөх боломжгүй үйлдлийн улмаас учирч байгаа илэрхийлэл юм. Тэгвэл нэхэмжлэгч “СП” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 18-нд түрээсийн гэрээ цуцлах саналыг хүлээн авч, гэрээг дуусгавар болгосон авч 2011.11.19-ны өдрөөс 2012.07.16-ны өдрийг хүртэл түрээсийн зүйлийн төлбөрийг төлөхгүй, түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлэхгүйн улмаас хариуцагч нь 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгох тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсээр байхад түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүйг зөвтгөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Хариуцагч “МИБ” ХК нь 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн төлбөр, цэвэр бохир усны төлбөр нийт 25 022 800 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

         Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ цуцлах саналыг хүлээн авч, гэрээ дуусгавар болсон тул гэрээ цуцлах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх  түрээсийн төлбөр, цэвэр бохир усны төлбөр нийт 25 022 800 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлэх, албадан нүүлгэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

           Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс түрээсийн зүйл болох ажлын байрны талбайн ашиглалттын зардал болох цэвэр, бохир усны төлбөрт 2010.07.14-ний өдрөөс 2012.07.01-ний өдөр хүртэлх зардал 2 468 000 төгрөг тогтоогдож байх тул уг зардлын хэмжээгээр буюу 2 468 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчийг  үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй  бөгөөд цэвэр, бохир усны төлбөрт илүү нэхэмжилсэн 871 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл  Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэхь заалтад “Хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөрийг хариуцагчид  буцаан төлөх үүрэгтэй байна

.

         Харин хариуцагч 2010.07.14-ний өдрийн хамтран ажиллах гэрээг дуусгавар болсноос хойш нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулаагүй атлаа түрээсийн төлбөрийг өөрөө тогтоож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул уг түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 21 683 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 401 тоот барилгын хууль ёсны өмчлөгч бөгөөд  өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг болохыг нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул “МИБ” ХК-ийн байрнаас нэхэмжлэгч “СП” ХХК-ийг албадан гаргах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэхь хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч татгалзах зүйлгүй гэж хариулсан байна.

 

          Хуульд заасан хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчийн эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт байхгүй гэсэн бол хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан байна.

  

           Хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсон,  шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Шүүх  хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах  хүсэлт гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар нь хэлэлцэхээс өмнө асуухад хариуцагчийн өмгөөлөгч татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. 

        

          Хариуцагчийн өмгөөлөгч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах,  шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх  үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл байх тул анхан шатны шүүх дэгийн дагуу хуралдааныг үргэлжлүүлсэн болно.        

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан түрээсийн гэрээний хохиролд 1 575 309 041 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч “СП” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 401 тоот “МИБ” ХК-ийн байрнаас нэхэмжлэгч “СП” ХХК-ийг албадан гаргасугай.

 

3. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 496 дугаар зүйлийн 496.1-т заасныг тус тус баримтлан цэвэр бохир усны төлбөрт 2 468 400 төгрөгийг нэхэмжлэгч “СП” ХХК-иас гаргуулан “МИБ” ХК-нд олгож, түрээсийн төлбөр, илүү нэхэмжилсэн цэвэр, бохир усны төлбөр болох нийт 22 554 400 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г цуцлах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч “МИБ” ХК татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “СП” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 829 692 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж улсын тэмдэгтийн хураамжинд 7 204 803 төгрөгийг нэхэмжлэгч “Супер пластик “ ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж, шинжээчийн зардал болох  нийт 4 300 000 төгрөгийг нэхэмжлэгч “Супер пластик “ ХХК-иас гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нд шинжээчийн зардалд 2 100 000 төгрөг олгож, “Лэндс” ХХК-нд шинжээчийн зардалд 2 200 000 төгрөгийг олгосугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Супер пластик “ ХХК-иас 54 444 төгрөг гаргуулж хариуцагч “МИБ” ХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч “МИБ” ХК-иас урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ