Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/00403

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/00403

                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .. тоотод оршин суух, Ж.Т /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:.. тоотод оршин суух, Ц.Г /РД:.../-д холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т , хариуцагч Ц.Г  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 7 сарын 31-ний өдөр Улсын мэргэжлийн хяналтын газраас Ү-2206012438 тоот улсын бүртгэлийн дугаартай 36 м.кв нэг өрөө байрыг банкны зээлээр худалдан авсан бөгөөд 2013 оны 7 сарын 31-ний өдөр банкны зээлийг бүрэн төлж эхнэр Ц.Г  д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Гэтэл Ц.Г   уг байрыг бэлэглэлийн гэрээ хийсэн өдрөөс хойш 3 сарын дараа бусдад барьцаалж бидний дундын эд хөрөнгө өмчлөх эрхэнд халдсан байна. Уг нь энэхүү үл хөдлөх хөрөнгө нь миний хувиарт хөрөнгө байсан бөгөөд бэлэглэлийн гэрээгээр дамжуулан дундын өмчлөлд шилжүүлэх зорилготой байсан. Үүнийг баталгаажуулан эхнэр бид хоёр 2009 оны 12 сарын 20-ны өдөр гэр бүлийн дундын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ хэлцэл байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнд хэрвээ бэлэг хүлээн авагч гэрээгээ зөрчвөл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай заалтыг хугацаа заалгүйгээр тусгаж өгсөн. Гэтэл Ц.Г   гэр бүлийн гурван гишүүний өмчлөх эрхийг зөрчин бусдын барьцаанд тавьж дураараа аашилж байсныг би 2017 оны 12 сарын 22-ны өдөр мэдсэн юм. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү, ноцтой гомдоосон гэж үзэж байна  гэв.

 

    Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 9 сарын 27-ны өдөр нөхөртөө хэлэлгүйгээр Проадд ББСБ ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 57 байр 109 тоот байрыг 35 000 000 төгрөгийн барьцаанд тавьж тэр мөнгөө өөрийн найз Н.Сайнбаярт өгсөн. Миний бие нөхрийнхөө бэлэглэсэн байрыг түүнд хэлэлгүйгээр нууцаар барьцаанд тавьсан бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн зүйлийг дур мэдэн захиран зарцуулсанаа хүлээн зөвшөөрч байна. Проадд ББСБ намайг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн шийдвэр гарсан. уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж манай байрыг битүүмжилснээс энэ асуудал үүссэн. Манай найз сар болгон 1 500 000 төгрөг өгөөд явж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Т  нь хариуцагч Ц.Г  д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах гэж тодруулсан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Т  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 7 сарын 31-ний өдөр банкны зээлийг бүрэн төлж эхнэр Ц.Г  д бэлэглэлийн гэрээгээр тухайн байраа шилжүүлсэн. Уг нь энэхүү үл хөдлөх хөрөнгө нь миний хувиарт хөрөнгө байсан бөгөөд бэлэглэлийн гэрээгээр дамжуулан дундын өмчлөлд шилжүүлэх зорилготой байсан. ...хэрвээ бэлэг хүлээн авагч гэрээгээ зөрчвөл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай заалтыг хугацаа заалгүйгээр тусгаж өгсөн. Гэтэл Ц.Г   гэр бүлийн гурван гишүүний өмчлөх эрхийг зөрчин бусдын барьцаанд тавьж дураараа аашилж, биднийг гомдоосон, ... би 2017 оны 12 сарын 22-ны өдөр мэдсэн...” гэж тайлбарлан, талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлжээ.

Хариуцагч Ц.Г   “... Би 2013 оны 9 сарын 27-ны өдөр нөхөртөө хэлэлгүйгээр Проадд ББСБ ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байраа 35 000 000 төгрөгийн барьцаанд тавьж тэр мөнгөө өөрийн найз Н.Сайнбаярт өгсөн. Миний бие нөхрийнхөө бэлэглэсэн байрыг түүнд хэлэлгүйгээр нууцаар барьцаанд тавьсан бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн зүйлийг дур мэдэн захиран зарцуулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбарыг гаргасан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 57-р байр 109 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206012438 дугаартай 1 өрөө 36 м.кв орон сууцыг 2013 оны 7 сарын 31-ний өдөр Бэлэглэлийн гэрээгээр Ж.Т  нь хариу төлбөргүйгээр Ц.Г  д шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /хх-ийн 25/

Хариуцагч Ц.Г   нь 2013 оны 9 сарын 27-ны өдөр Проадд ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Ү-2206012438 дугаартай уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2013 оны 10 сарын 01-ний өдөр Проадд ББСБ ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх-ийн 24/

 

Хариуцагч Ц.Г   Проадд ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/07817 дугаар шүүгчийн захирамжаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байх ба уг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.

Зохигчид уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа талаар, түүнчлэн уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх маргаантай асуудал шүүхээр хэлэлцэгдэж байгаа зэрэгт тайлбар гаргаж байх ба уг асуудлаар маргаангүй байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Ж.Т аас “бэлэглэгчийг гомдоосон” гэсэн үндэслэл зааж, Ц.Г  тай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар маргасан боловч бэлэг хүлээн авагч, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үйлдэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, нөгөө талаас бэлэг хүлээн авагч Ц.Г   нь өмчлөлийн зүйлийг өөрт олгогдсон эрхийн дагуу барьцаалсныг буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Т ын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Ц.Г  д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ