Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2018/00822

 

Ж.Төмөрмандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Төмөрмандахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Гэрэлтуяад холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ж.Төмөрмандах, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улсын мэргэжлийн хяналтын газраас Ү-2206012438 тоот улсын бүртгэлийн дугаартай 36 м.кв, нэг өрөө байрыг банкны зээлээр худалдан авсан бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр банкны зээлийг бүрэн төлж эхнэр Ц.Гэрэлтуяад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Гэтэл Ц.Гэрэлтуяа уг байрыг бэлэглэлийн гэрээ хийсэн өдрөөс хойш 3 сарын дараа бусдад барьцаалж бидний дундын эд хөрөнгө өмчлөх эрхэнд халдсан байна. Уг нь энэхүү үл хөдлөх хөрөнгө нь миний хуваарьт хөрөнгө байсан бөгөөд бэлэглэлийн гэрээгээр дамжуулан дундын өмчлөлд шилжүүлэх зорилготой байсан. Үүнийг баталгаажуулан эхнэр бид хоёр 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн дундын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ хэлцэл байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнд хэрвээ бэлэг хүлээн авагч гэрээгээ зөрчвөл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай заалтыг хугацаа заалгүйгээр тусгаж өгсөн. Гэтэл Ц.Гэрэлтуяа гэр бүлийн гурван гишүүний өмчлөх эрхийг зөрчин бусдад барьцаалсныг би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн юм. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү, ноцтой гомдоосон гэж үзэж байна гэжээ

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нөхөртөө хэлэлгүйгээр Проадд ББСБ ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57 байр, 109 тоот байрыг 35 000 000 төгрөгийн барьцаанд тавьж тэр мөнгөө өөрийн найз Н.Сайнбаярт өгсөн. Миний бие нөхрийнхөө бэлэглэсэн байрыг түүнд хэлэлгүйгээр нууцаар барьцаанд тавьсан бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн зүйлийг дур мэдэн захиран зарцуулсанаа хүлээн зөвшөөрч байна. Проадд ББСБ” ХХК намайг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн шийдвэр гарсан. Манай найз сар болгон 1 500 000 төгрөг өгөөд явж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 заасныг баримтлан Ж.Төмөрмандахын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Ц.Гэрэлтуяад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Төмөрмандах, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл талууд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулаагүй. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ж.Төмөрмандах нь хариуцагчид уг үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлээр шилжүүлж байгаа нь Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгтэй нийцэж байгаа. Хэдийгээр дээрх маргаан бүхий хөрөнгө гэр бүлийн гишүүний нэгнээс нөгөөд хариу төлбөргүйгээр шилжиж байгаа үйлдэл байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгийг хангаж байгаа шүүх анзаараагүй. Нэхэмжлэгч уг эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхдээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д заагдсан үйл баримт мэтгэлцээний явцад тодорхой тусгагдсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан. Бэлэг хүлээн авагч нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг бусад гишүүдээс зөвшөөрөл авалгүйгээр бэлэглэснээс хойш 3 сарын дараа бусдад шилжүүлснийг мэдэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Төмөрмандах нь хариуцагч Ц.Гэрэлтуяад холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр банкны зээлийг бүрэн төлж эхнэр Ц.Гэрэлтуяад бэлэглэлийн гэрээгээр тухайн байраа шилжүүлсэн. Уг нь энэхүү үл хөдлөх хөрөнгө нь миний хуваарьт хөрөнгө байсан бөгөөд бэлэглэлийн гэрээгээр дамжуулан дундын өмчлөлд шилжүүлэх зорилготой байсан. Гэтэл Ц.Гэрэлтуяа гэр бүлийн гурван гишүүний өмчлөх эрхийг зөрчин бусдын барьцаанд тавьж дураараа аашилж, биднийг гомдоосон, ... би 2017 оны 12 сарын 22-ны өдөр мэдсэн... гэж, хариуцагч ...Би 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нөхөртөө хэлэлгүйгээр Проадд ББСБ ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байраа 35 000 000 төгрөгийн барьцаанд тавьж тэр мөнгөө өөрийн найз Н.Сайнбаярт өгсөн. Миний бие нөхрийнхөө бэлэглэсэн байрыг түүнд хэлэлгүйгээр нууцаар барьцаанд тавьсан бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн зүйлийг дур мэдэн захиран зарцуулсанаа хүлээн зөвшөөрч байна...гэж тус тус тайлбарлан маргасан.  

 

            Хэрэгт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 57-р байр 109 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206012438 дугаартай 1 өрөө 36 м.кв орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Бэлэглэлийн гэрээ”-гээр Ж.Төмөрмандах нь хариу төлбөргүйгээр Ц.Гэрэлтуяад шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 25/

            Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т “өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө” гэж зааснаар дээрх орон сууц нь Ц.Гэрэлтуяагийн хуваарьт хөрөнгө гэж үзнэ.

Хариуцагч Ц.Гэрэлтуяа нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Проадд ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Ү-2206012438 дугаартай уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Проадд ББСБ ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх 24/ нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан асуудалд гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхэд халдсан, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Төмөрмандахын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН