Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2021/00524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Ч.О-т холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 68,721,431.2 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Ч.О-ийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг, хариуцагчийн төлөөлөгч С.Ариунаа, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд болон төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ; Ч.О- нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг тус компанитай байгуулан Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  орон сууцны баруун талд баригдаж буй 36 айлын орон сууцны 9 давхарт байрлах 2 өрөө 73.3 м.кв талбайтай орон сууцыг захиалсан боловч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу Чингэлтэй дүүрэг,  дугаар хороонд байрлах 36 айлын орон сууцны 9 давхарт 73.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 168,590 ам.доллараар худалдахаар харилцан тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ нь орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй боловч гэрээний нөхцөл, агуулга, талуудын хүлээсэн эрх үүрэг нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т худалдан авагч тал орон сууцны нийт төлбөр 168,590 ам.долларыг дараах байдлаар хэсэгчлэн төлөхөөр, төлөхдөө гэрээний 2.3-т заасны дагуу төлбөрөө ам.доллароор хийх бөгөөд төгрөгөөр хийх тохиолдолд тухайн өдрийн зах зээлийн ханшийг үндэслэхээр үүрэг хүлээсэн. Үүнд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16,000 ам.доллар, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 84,295 ам.доллар, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 436 ам.доллар, түлхүүр гардаж авахад 16,859 ам.доллар байна. Харин худалдагч тал талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т 2013 оны 3 дугаар улиралд багтааж орон сууцыг ашиглалтад оруулж, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Худалдагч тал дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж, орон сууцыг 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Худалдан авагч тал нь орон сууцны төлбөрөөс 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16,000 ам.доллар, 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20.826 ам.доллар буюу 30.000.000 төгрөгөөр, 1440.5 ханшаар, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 14,413 ам.доллар буюу 21.000.000 төгрөгөөр, 1457 ханшаар, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2,059 ам.доллар буюу 3,000,000 төгрөгөөр, 1457 ханшаар, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7,500 ам.доллар, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2,000 ам.доллар, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,800 ам.доллар тус тус төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд удаа дараа үүргээ бүрэн биелүүлэхийг шаардаж, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгож, банкнаас зээл авах нөхцөл боломжоор хангах үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ч.О-ийн нэр дээр гарган өгсөн. Худалдан авагч тал 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 16,640 ам.доллар, 2014 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 11,83 ам.доллар 21000 төгрөгөөр 1772 ханшаар, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 65,340 ам.доллар 115,000,000 төгрөгөөр 1776 ханшаар, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1,078 ам.доллар 1,980,000 төгрөгөөр 1836 ханшаар, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,509 ам.доллар 5,000,000 төгрөгөөр 1992 ханшаар тус тус төлж нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ мөн зохих ёсоор биелүүлээгүй тул 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дахин нэмэлт гэрээ байгуулж, худалдан авагч талын өөрийн хүсэлтийг хүлээн авч байрны түлхүүрийг хүлээлгэн өгч, байрны ашиглах, гуравдагч этгээдэд түрээслэх, ашиг олох нөхцөл боломжоор бүрэн хангаж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг төлөөгүй байна. Ч.О- нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар орон сууцны төлбөрт нийт 152,177.81 ам.доллар төлж, 16,412.19 ам.долларын үлдэгдэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан орон сууц хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д худалдан авагч нь төлбөрийг гэрээнд тогтоосон хугацаанаас хожимдуулсан хоног тутамд гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар төлбөрөө хийх хүртэл алданги төлнө гэж заасан. Худалдан авагч тал 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээнд заасан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч үүргээ гүйцэтгээгүй тул тухайн үүргийн зөрчил гарсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа 814 хоногийн алданги нь 13,350 ам.доллар болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 8,206 ам.долларын алданги нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ч.О- шүүхэд болон төлөөлөгч С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Авзага ХХК-ийн барьсан орон сууцнаас 73.3 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцны тухайн үеийн гэрээний үнийн дүн 168,590.00 ам доллар буюу тухайн /2013 он/ өдрийн албан ханшаар үнэлэхэд 238,217,670.00 төгрөг юм. Авзага ХХК нь одоогийн хаягаар Чингэлтэй дүүрэг,  дугаар хороонд байрлах 49 дүгээр байрыг 2006 оны 09 дүгээр сараас барьж эхлэн 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр улсын комиссод хүлээлгэн өгсөн байна. Байр худалдан авахаар шийдэн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус компани дээр очиж 73.3 м.кв орон сууцыг сонгон худалдан авахаар тохиролцоход төлбөр тооцоог ам.доллараар хийх зорилгоор надтай Худалдах, худалдан авах гэрээ бус худалдан авалтыг халхалсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэвч эцсийн дүндээ энэхүү байрыг худалдан авч тодорхой төлбөрийг төлж улмаар орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан. Үүний зэрэгцээ гэрээг хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан өндөр алданги тооцож алданги болон ханшийн зөрүүнээс үүдэн бодогдсон төлөгдөөгүй гэх төлбөрийн дүнг нийлүүлэн одоогийн Монгол банкны ханшаар /2020.04 сар/ тооцон нэхэмжилсэн нь өндөр ашиг олох зорилготой бөгөөд энэ нь гэрээ байгуулсан үеийн ханшаас даруй 39,4 хувиар их байна. Тухайн үед ам.долларын ханш төгрөгийн эсрэг өндөр өсөлттэй байсан. Гэрээний үнийн дүнг ам доллар /168 590.00 ам.доллар/-аар илэрхийлж төлбөр тооцоог ам.доллараар хийхээр тусгасан нь /гэрээний заалт 2.3/ "Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Иргэний хуулийн 217.1, 218.1-д заасны дагуу тухай бүр төлсөн ам.доллар болон төгрөгийн дүнг гэрээгээр үүрэг үүссэн өдрийн Монгол банкны албан ханшаар 1 ам.доллар 1,413.20 төгрөгөөр тооцоход нийт 170,497.74 ам.доллар буюу 240,947,408.00 төгрөг Авзага ХХК-д төлж гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ч.О-ийн төлөөлөгч С.Ариунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А ХХК-иас Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, 49 байрны 25 тоот 73.3 м.кв байрыг худалдаж авахаар болж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.3-т Төлбөрийг ам доллараар хийх бөгөөд төгрөгөөр хийх тохиолдолд тухайн өдрийн зах зээлээр тогтоосон ханшийг үндэслэнэ гэж заасан ба хэлцэл хийгч Ч.О- нь А ХХК-ийн гэрээний загварт захирагдаж, өөрийн хүссэн буюу байр худалдан авах хэлцлийнхээ агуулгад нийцсэн гэж эндүүрэн, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн байна. 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл А ХХК нь Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр биш валютаар төлбөр авахын тулд Монгол улсын хуулийг зөрчиж, Худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээ мэтээр дүр үзүүлэн хийсэн тул 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Учир нь А ХХК-ийн барьж байсан барилгад ямар нэг бараа материал нийлүүлээгүй, туслан гүйцэтгэгчээр болон хамтран ажиллахаар ямар нэг үүрэг хүлээгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй, өөрийн худалдан авсан 73.3 мкв 25 тоот байранд ч өөрийн хөрөнгөөр засал тохижилтын ямар нэг ажил хийгээгүй. Нөгөө талаар уг байрыг улсын комисст хүлээлгэн өгөхтэй зэрэгцэн зөвхөн байрны үнэлгээг тогтоож, уг үнэлгээгээр байраа Ч.О-т худалдсан болох нь 21 тоот гэрээ болон төлбөрийн бүх баримтуудаар нотлогдож байна. А ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т заасан зүйлүүдийг зөрчиж, иргэн Ч.О-т орон сууц худалдахдаа төлбөр тооцоог гадаад валютаар хийхийн тулд Хөрөнгө оруулалтын гэрээ мэтээр хийсэн байх тул А ХХК, Ч.О-ийн хийсэн 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 21 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ өөрийн хүссэн хэлцлээс өөр хэлцлийг төөрөгдөж хийсэн гэж үндэслэлээ тайлбарласан байна. Гэвч орон сууц хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа ямар нөхцөлөөр хийх санал хүсэлтэй байсан, тус гаргаж байсан саналыг нь ямар шалтгааны улмаас гэрээнд тусгаагүй зэрэг шалтгаан нөхцөлийг дурдалгүйгээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг тусгаагүй гэж үндэслэлгүй тайлбарыг гаргасан байна. Тодруулбал манай гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ нь нэршлийн хувьд ийм боловч агуулгын хувьд хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг бүрэн хангаж байгаа. Хариуцагч нь орон сууц хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2-т заасан хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэсэн үндэслэлээр ноцтой төөрөгдсөн гэж тайлбарлажээ. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл зэргээс үзэхэд анхнаасаа орон сууц худалдан авах хүсэл зоригтой байсан, уг хүсэл зориг нь орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч түүнийгээ ашиглаж байгаагаар бүрэн биелэгдсэн байна. Гэтэл шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа анхнаасаа орон сууц авах сонирхолгүй, ноцтой төөрөгдсөн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Мөн Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ нь Төлбөр тооцоо мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтуудад заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Төлбөр тооцоо мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан. Тус хуулийн 4.4-д банк, санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж зохицуулжээ. Хариуцагч нь доллараар гэрээ хийхийг хүлээн зөвшөөрч үндсэн болон нэмэлт гэрээнүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан төдийгүй гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш нийт 13 удаагийн төлөлтийг ам.доллараар тооцон төлж, үлдэгдэл төлбөрийг ам.доллараар төлж барагдуулахаар тооцоо нийлж, гэрээний хугацаанд ам.долларыг төгрөг болгох хүсэлт тавьж байгаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ч.О-т холбогдуулан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөр 16,412.19 ам.доллар, алданги 8,206 ам.доллар нийт 24,618.19 ам.доллар буюу 68,646,838 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэсэн боловч Худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарлав.

 

Хариуцагч Ч.О- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 240,947,408 төгрөг төлсөн. Ханшийн зөрүүгээр тооцож нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ч.О-тэй 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  орон сууцны баруун талд баригдаж буй 36 айлын орон сууцны 9 давхарт байрлах 2 өрөө 73.3 м.кв талбайтай, 168,590 ам.долларын үнэтэй орон сууц захиалан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, 21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Нэмэлт гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Нэмэлт гэрээ, Төлбөрийн тооцоо зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 10-13 тал/

 

Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 1.4. Ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө, 2.2. Хөрөнгө оруулагч нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны дотор 16,000 ам.доллар, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 84,295 ам.доллар, 2013 оны 06 дугаар сарын 25-ны дотор 51,436 ам.доллар, түлхүүр авахад 16,859 доллар нийт 168,590 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Талууд Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн Орон сууц худалдан авагч Ч.О-тэй хийсэн Төлбөрийн тооцоо-ны баримтаар Ч.О- нийт төлсөн 152,177.81 ам.долларыг хасч үлдэгдэл төлбөр 16412.19 ам.доллар гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн төлөөлөгч үлдэгдэл төлбөр 16,412.19 ам.доллар гэх тооцоололд маргаагүй.

 

Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000 тоот гэрчилгээтэй, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  /15172/ хороолол Гудамж  байр тоот хаягт байршилтай орон сууцны 9 давхарт байрлах 2 өрөө 73.3 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Ч.О- бүртгэгдсэн байх ба хариуцагчийн орон сууцыг 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгч, Ч.О- тус орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.О- нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Иймд хариуцагч Ч.О-ээс үлдэгдэл төлбөр 16,412.19 ам.доллар буюу 45,814,464 төгрөгийг, мөн талууд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хөрөнгө оруулагч нь төлбөрийг гэрээнд тогтоосон хугацаанаас хожимдуулсан хоног тутамд гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар төлбөрөө хийх хүртэл алданги төлнө гэж тохиролцсон тул алданги 8,206 ам.доллар буюу 22,906,966 төгрөг нийт 24,618.19 ам.доллар буюу 68,646,838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж зааснаар нэхэмжлэл гаргах үеийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкнаас зарласан албан ёсны ханш 2,792.50 төгрөгөөр тооцов.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Ч.О- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны үед Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэгт зааснаар Хөрөнгө оруулалтын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 21 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, төлбөрт төлсөн 240,947,408 төгрөгийн буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

 

Талууд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  орон сууцны баруун талд баригдаж буй 36 айлын орон сууцны 9 давхарт байрлах 2 өрөө 73.3 м.кв талбайтай, 168,590 ам.доллар үнэтэй орон сууц захиалан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч тал Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан. Гэтэл А ХХК нь Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр биш валютаар төлбөр авахын тулд Монгол улсын хуулийг зөрчиж, Худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээ мэтээр дүр үзүүлэн хийсэн тул 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэгт зааснаар Хөрөнгө оруулалтын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 21 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах зааснаар нэхэмжлэгчид төлсөн 240,947,408 төгрөгийн буцаан авна гэж маргаж байна.

 

Гэвч хариуцагч Ч.О- нь Худалдаа хөгжлийн банк ХХ-тай 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 115,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл авч, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 090305368 тоот гэрчилгээтэй, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  /15172/ хороолол Гудамж  байр тоот хаягт байршилтай орон сууцны 9 давхарт байрлах 2 өрөө 73.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан болох нь ЗГ-RCC201413009-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, Зээлийн дансны хуулга, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн, Ч.О- тус орон сууцыг барьцаалж зээл авч, уг байранд 8 жил амьдарч байгаа гэж тайлбарлаж маргав.

 

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1.Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ. 218 дугаар зүйлийн 218.1.Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байх ба Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар гадаад валютаар гэрээ, хэлцэл хийхийг хориглоогүй.

 

Нэхэмжлэгчийн 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 21 тоот Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, төлбөрт төлсөн 240,947,408 төгрөгийн буцаан гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийн халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 73.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан Ч.О-ээс 24,618.19 ам.доллар буюу 68,646,838 төгрөгийг гаргуулж, А ХХК-нд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул А ХХК-нд холбогдох 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 21 тоот Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ч.О-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501,560 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 501,560 төгрөгийг гаргуулж А ХХК-нд олгож, хариуцагч Ч.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,349,210 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2020/07367 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ