Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00822

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00822

 

 

АТ ХХКийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00524 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АТ ХХКийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.О-т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 68 721 431 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны хөрөнгө орлуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Г.Ариунтунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ч.Онь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг тус компанитай байгуулан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо,  73,3 м.кв талбайтай орон сууцыг захиалсан. Уг 73,3 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг нийт 168 590 ам.доллараар худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээ нь орон сууцны хөрөнгө оруулалтын нэртэй боловч худалдах-худалдан авах гэрээ. Гэрээний 2.2-т худалдан авагч тал орон сууцны нийт төлбөр 168 590 ам.долларыг дараах байдлаар хэсэгчлэн төлөхөөр, төлөхдөө гэрээний 2.3-т заасны дагуу төлбөрөө ам.доллароор хийх бөгөөд төгрөгөөр хийх тохиолдолд тухайн өдрийн зах зээлийн ханшийг үндэслэхээр үүрэг хүлээсэн. Үүнд:

2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 16 000 ам.доллар, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 84 295 ам.доллар, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 436 ам.доллар, түлхүүр гардаж авахад 16 859 ам.доллар байна. Худалдагч гэрээний 1.4-т зааснаар 2013 оны 3 дугаар улиралд багтааж сууцыг ашиглалтад оруулж өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Худалдагч тал дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж, орон сууцыг 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Худалдан авагч тал нь орон сууцны төлбөрөөс 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 16 000 ам.доллар, 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20 826 ам.доллар буюу 30 000 000 төгрөгөөр, 1 440.5 ханшаар, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 14 413 ам.доллар буюу 21 000 000 төгрөгөөр, 1 457 ханшаар, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2 059 ам.доллар буюу 3 000 000 төгрөгөөр, 1 457 ханшаар, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7 500 ам.доллар, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 000 ам.доллар, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3 800 ам.доллар тус тус төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Улмаар 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгож, банкнаас зээл авах нөхцөл боломжоор хангах үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ч.О-т өгсөн. Мөн нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ мөн зохих ёсоор биелүүлээгүй.

Дахин 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, байрны түлхүүрийг хүлээлгэн өгч, байрны ашиглах, гуравдагч этгээдэд түрээслэх, ашиг олох нөхцөл боломжоор бүрэн хангаж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгосон ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг төлөөгүй.

Ч.Он ь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар орон сууцны төлбөрт нийт 152 177.81 ам.доллар төлж, 16 412.19 ам.долларын үлдэгдэлтэй байна. Талуудын гэрээний 3.3-д худалдан авагч нь төлбөрийг гэрээнд тогтоосон хугацаанаас хожимдуулсан хоног тутамд гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар төлбөрөө хийх хүртэл алданги төлнө гэж заасан.

Худалдан авагч 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээнд заасан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч үүргээ гүйцэтгээгүй тул тухайн үүргийн зөрчил гарсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа 814 хоногийн алданги нь 13 350 ам.доллар болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 8 206 ам.долларын алданги нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: АТ ХХКийн барьсан орон сууцнаас 73,3 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг сууцны тухайн үеийн гэрээний үнийн дүн 168 590.00 ам доллар буюу тухайн /2013 он/ өдрийн албан ханшаар үнэлэхэд 238 217 670 төгрөг юм.

Худалдах-худалдан авах гэрээ бус худалдан авалтыг халхалсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Эцсийн дүндээ энэхүү байрыг худалдан авч тодорхой төлбөрийг төлж улмаар орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан. Үүний зэрэгцээ гэрээг хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан өндөр алданги тооцож алданги болон ханшийн зөрүүнээс үүдэн бодогдсон төлөгдөөгүй гэх төлбөрийн дүнг нийлүүлэн одоогийн Монгол банкны ханшаар /2020 оны 04 сар/ тооцон нэхэмжилсэн нь өндөр ашиг олох зорилготой бөгөөд энэ нь гэрээ байгуулсан үеийн ханшаас даруй 39,4 хувиар их байна. Тухайн үед ам.долларын ханш төгрөгийн эсрэг өндөр өсөлттэй байсан. Гэрээний үнийн дүнг ам. доллараар илэрхийлж төлбөр тооцоог ам.доллараар хийхээр тусгасан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Иргэний хуулийн 217.1, 218.1-д заасны дагуу тухай бүр төлсөн ам.доллар болон төгрөгийн дүнг гэрээгээр үүрэг үүссэн өдрийн Монгол банкны албан ханшаар 1 ам.доллар 1 413.20 төгрөгөөр тооцоход нийт 170 497.74 ам.доллар буюу 240 947 408 төгрөг АТ ХХКд төлж гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 2.3-т Төлбөрийг ам доллараар хийх бөгөөд төгрөгөөр хийх тохиолдолд тухайн өдрийн зах зээлээр тогтоосон ханшийг үндэслэнэ гэж заасан ба хэлцэл хийгч Ч.О нь АТ ХХКийн гэрээний загварт захирагдаж, өөрийн хүссэн буюу байр худалдан авах хэлцлийнхээ агуулгад нийцсэн гэж эндүүрэн, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл АТХХКнь Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр биш валютаар төлбөр авахын тулд хуулийг зөрчиж, Худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээ мэтээр дүр үзүүлэн хийсэн тул 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Уг байрыг улсын комисст хүлээлгэн өгөхтэй зэрэгцэн зөвхөн байрны үнэлгээг тогтоож, уг үнэлгээгээр байраа Ч.О-т худалдсан. АТХХКнь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т заасан зүйлүүдийг зөрчиж, иргэн Ч.О-т орон сууц худалдахдаа төлбөр тооцоог гадаад валютаар хийсэн тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ нь нэршлийн хувьд ийм боловч агуулгын хувьд хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг бүрэн хангаж байгаа.Хариуцагч нь орон сууц хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2-т заасан хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэсэн үндэслэлээр ноцтой төөрөгдсөн зүйлгүй.

Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ нь Төлбөр тооцоо мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх заалтуудыг тус тус зөрчөөгүй. Хариуцагч нь доллараар гэрээ хийхийг хүлээн зөвшөөрч үндсэн болон нэмэлт гэрээнүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан төдийгүй гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш нийт 13 удаагийн төлөлтийг ам.доллараар тооцон төлж, үлдэгдэл төлбөрийг ам.доллараар төлж барагдуулахаар тооцоо нийлж, гэрээний хугацаанд ам.долларыг төгрөг болгох хүсэлт тавьж байгаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: .Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан Ч.О-с 24 618.19 ам.доллар буюу 68 646 838 төгрөгийг гаргуулж, АТ ХХКнд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул АТ ХХКнд холбогдох 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 21 тоот Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ч.О-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501 560 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 501 560 төгрөгийг гаргуулж АТ ХХКнд олгож, хариуцагч Ч.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 349 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээ байгуулахад ам долларын албан ханш 1413 төгрөг 20 мөнгөтэй тэнцэж байсан. Энэ ханшаар тооцвол АТХХКнь Ч.О-т 238 251 388 төгрөгөөр дээрх орон сууцыг худалдсан гэж үзэх үндэстэй юм. Ч.Онь тохирсон хугацаанд бүх төлбөр тооцоогоо хийж чадаагүй учир худалдаж авсан байрныхаа Улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан зээл авахын тулд АТ ХХКийн шахалтаар арга буюу 2 удаа Нэмэлт гэрээ байгуулан хүү алданги тооцуулахаар болсон байдаг. Эдгээр гэрээнд ч мөн төлбөрийг ам доллараар хийхээр заасан. Ч.Онь орон сууцны бичиг баримтаа гаргуулан авч Ипотекийн зээл-ийн барьцаанд тавин Худалдаа Хөгжпийн банкнаас 115 000 000 төгрөгийн зээл авч АТ ХХКийн дансанд шилжүүлэн, байрны төлбөртөө өгсөн ба одоо уг зээлээ, зээлийн хүүгийн хамт төлж байна. Ийм байдлаар Ч.Одончимэгийн хувьд худалдаж авсан байрныхаа үнэд АТ ХХКд 170 497.74 ам доллар төлж, энэ нь төлбөр тооцоо хийсэн өдөр ханшаар тооцоход 250 627 375 төгрөг төлөөд байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,4.4-т заасныг гэрээ зөрчсөн. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д мөнгөн төлбөрийн үүргийг монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасан нь АТХХК хууль зөрчсөн болохыг баталж байна. Хариуцагч тал АТ ХХКийг хууль зөрчиж, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийн зөвшөөрөн хийсэн, хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч АТХХКнь хариуцагч Ч.О-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид нийт 68 721 431 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны хөрөнгө орлуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж 240 947 408 төгрөгөө буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 84/

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Зохигч 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууцны хөрөнгө оруулалтын нэртэй гэрээг байгуулсан нь гэрээний хувь, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх 10-11/

 

Уг гэрээгээр талууд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо,  73,3 м.кв талбайтай орон сууцыг нийт 168 590 ам.доллараар худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т худалдан авагч сууцны нийт төлбөр 168 590 ам.долларыг дараах байдлаар хэсэгчлэн төлөхөөр, төлөхдөө гэрээний 2.3-т заасны дагуу төлбөрөө ам.доллароор хийх бөгөөд төгрөгөөр хийх тохиолдолд тухайн зах зээлийн ханшийг үндэслэхээр үүрэг хүлээсэн. Үүнд

 

2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 16 000 ам.доллар,

2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 84 295 ам.доллар,

2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 436 ам.доллар,

Түлхүүр гардаж авахад 16 859 ам.доллар байхаар тохиролцсон. /хх 10-11/

Нэхэмжлэгч нь орон сууцыг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар 2013 оны 3 дугаар улиралд багтааж ашиглалтад оруулах үүргээ биелүүлсэн нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Худалдан авагч тал нь орон сууцны төлбөрөөс:

2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 16 000 ам.доллар

2013 оны 5 дугаар сарын 11-ний 20 826 ам.доллар/30 000 000 төгрөгөөр 1 440.5 ханшаар/

2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 14 413 ам.доллар /21 000 000 төгрөөр 1 457 ханшаар/

2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2 059 ам.доллар /3 000 000 төгөөр 1457 ханшаар

2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7 500 ам.доллар

2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 000 000 ам.доллар

2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3 800 ам.доллар

2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 16 640 ам.доллар

2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11.83 ам.доллар /21 000 төгрөгөөр 1 772 ханшаар/

2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 65 340 ам.доллар /115 000 000 төгрөгөөр 17 760 ханшаар/

2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1 078 ам.доллар /1 980 000 төгрөгөөр 1836 ханшаар/

2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2 509 ам.доллар / 5 000 000 төгрөгөөр 1 992 ханшаар/ нийт 152 177.81 ам.доллар төлж, 16 412.19 ам.долларын үлдэгдэлтэй байгаад талууд маргаангүй.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлөөгүйтэй холбоотойгоор талууд хоёр удаагийн нэмэлт гэрээг бичгээр байгуулж төлбөрийн хуваарь тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид сууцны өмчлөх эрхийг 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлээр шилжүүлсэн, хариуцагч 16 412.19 ам.долларыг төлөөгүй, талууд гэрээндээ анзын талаар тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо,  73,3 м.кв талбайтай сууцыг хариуцагч банкны зээлийн барьцаанд бариулсан үйл баримтад талууд маргаангүй байна.

Талууд гэрээний зүйлийн үнийг ам.доллараар тогтоосон нь хууль зөрчсөн эсэх талаар талууд маргаж байна. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ. Гэрээний зүйлийн үнийг ам.доллараар тохиролцсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд харшлахгүй юм. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.1-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан нь гэрээний зүйлийн үнийг ам.доллараар тогтоосон талуудын хүсэл зоригийг үгүйсгэх зорилготой бус харин төлбөр, тооцоог хийхдээ үндэний мөнгөн тэмдэгтийг буюу төгрөгт шилжүүлж байх зорилготой. Иймд хариуцагчийн уг тайлбарыг үндэслэн талуудын хоорондын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн заалтууд нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөрийн үүргийг гүйцэтгэхдээ монгол төгрөгөөр гүйцэтгэх агуулгыг илэрхийлснээс бус талуудын хооронд байгуулагдаж байгаа гэрээнүүдийн агуулга, нөхцлийг тодорхойлоход хязгаарлалт тавьсан агуулгатай биш юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд талууд өөрсдөө хуулиар хориглосноос бусад тохиолдолд гэрээнийхээ агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй. Хариуцагч гэрээ байгуулахдаа төөрөгдсөн, буруу ойлгосон эсхүл талууд өөр хэлцлийг халхавчилсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн төлвөл зохих алдангийн хэмжээ буюу нэмэлт үүргийн хэмжээг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан илт их байгааг бууруулж тогтоох боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч орон сууцыг өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авсан, Улсын бүртгэлийн газар өмчлөх эрхээ бүртгүүлсэн, гэрээний үнийг төлж байсан зэргээс үзэхэд гэрээ хүчин төгөлдөр хийгдсэн, талуудын хүсэл зоригийн бодит илэрхийлэл болсон гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлэх ёстой. Талуудынгэрээний зүйлийн үнийг ам.доллараар тогтоосон байх бөгөөд үүнээс хойш ам.долларын ханш буураагүй, гэрээ байгуулагдсанаас хойш өсч байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Мөн талуудын үүргийн гүйцэтгэх төлбөртэй холбоотой гэрээг өөрчлөх боломж байсан зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч компанийн хувьд худалдсан зүйлийн үнэ цэнэд эрс өөрчлөлт орж, алдагдалд орсон эсэх, хариуцагчийн хувьд гэрээний зүйлийн үнийг ам.доллараар тооцож, уг валютын ханш өссөнтэй холбоотой монгол төгрөгөөр төлөх хэмжээ нэмэгдэж буй байдал, төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үзэж алдангийн хэмжээг төлөх ёстой гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хүртэл хувь болгон бууруулж нэхэмжлэлийн нийт 50 414 144 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж байна.

 

Хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, төлбөрийг буцаан гаргуулах агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлснийг буруутгах боломжгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй учраас улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00524 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 68 64 838 төгрөгийг гэснийг 50 414 144 төгрөгийг гэж,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-с улсын тэмдэгтийн хураамжид 410 021 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АТ ХХКд олгож, хариуцагч Ч.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 349 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 411 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД