Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00752

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00752

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, * мянгат, *тоотод оршин суух Э.Г /РД:ХВ*/,

Нэхэмжлэгч: Канад улс, Калгари хот, * Вал Г*, * тоот оршин суух Э.Т /РД:УС84111500/ нарын нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг * дугаар хороо, * хотхон, * байр, * тоотод оршин суух ЧЧ.Ч /РД:МЭ69062868/-д холбогдох

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Уын хууль ёсны төлөөлөгч Ч.Ш

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ХХБ ХХК

Хууль ёсны өвлөгчөөр тогтоож, эд хөрөнгө болон компанийн хувьцаа эзэмших эрхээс ноогдох хэсгээ тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Маргаан бүхий эд хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

А.У нь өвлүүлэгч Д.Эын хууль ёсны өвлөгчид тооцогдох буюу бусадтай өвлөгчтэй адил хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Г, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Энхбат,

хариуцагч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ч.А,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Уын хууль ёсны төлөөлөгч Ч.Ш, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Г, Э.Т нар хариуцагч Ч.Чт холбогдуулан талийгаач Д.Эын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, Хан Уул дүүрэг * хороо,* хотхон 5А байр 5 тоот, 57.99 мкв 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн 16.66 хувь буюу 28 651 031 төгрөг тус бүрт ноогдох болохыг Улаанбаатар хот, СБД, * хороо, * тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших Монгол улсын боловсролын их сургуулийн зүүн талд байрлах ажлын байрны 33,33 хувь буюу 6 467 213 төгрөг тус бүр ноогдох болохыг тус тус тогтоолгох, СФ ХХК-ийн хувьцааны өвлөгдвөл зохих 50 хувийн хувьцааны Э.Г 16.66 хувь, Э.Т 16,66 хувийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, ЁЦ ХХК-ийн өвлөгдвөл зохих 100 хувийн хувьцааны Э.Г 33,33 хувь, Э.Т 33,33 хувийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

А. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний аав Д.Э нь 2019.03.25-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан бөгөөд 1757 дугаартаа нас барсны гэрчилгээг авснаар өв нээгдсэн. Аав Д.Эын өмчилж байсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хуулийн хугацаанд өвлөж авахаар харьяалах дүүргийн нотариатчид Э.Т, Э.Г бид хандсан. Ингээд Ч.Чт хэлсэн боловч бидний тавьсан саналаас татгалзаж, хуулийн дагуу шийдүүлнэ гэсэн. Бид аавынхаа хууль ёсны өвлөгчид бөгөөд түүний хөрөнгөөс хуульд заасны дагуу ноогдох хэсгээ авах эрхтэй гэж үзэж байна. Хан Уул дүүрэг * хороо,* хотхон 5А байр 5 тоот, 57.99 мкв 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө нь талийгаач аав Д.Э болон Ч.Ч нарын хөрөнгө бөгөөд үүнээс талийгаачид ноогдох хэсэг 50 хувиас 16.66 хувь буюу 28 651 031 төгрөг тус бүрт ноогдох болохыг тогтоож өгнө үү. Аав маань 2012 онд МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах сендвичин хавтангаар барьж, шалыг нь цементээр цутгаж хийсэн ажлын байртай бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө одоогоор бүртгэлтэй талаарх баримт байхгүй байгаа хэдий ч уг хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон тул ноогдох хэсгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Уг хөрөнгийн үнэлгээг 38 803 280 төгрөгөөр үнэлсэн бөгөөд өвлөгдвөл зохих 50 хувийн 16.66 хувьд ноогдох 6 467 213 төгрөг тус бүр ноогдох болохыг тогтоолгоно. Мөн аав маань ЁЦ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь тул хуульд зааснаар 33.33 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, мөн СФ ХХК нь аав болон Ч.Ч нарын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд хувьцааны өвлөгдвөл зохих 50 хувийн хувьцааны Э.Г 16.66 хувь, Э.Т 16,66 хувийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. бие даасан шаардлагын тухайд хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд А.Уыг талийгаач Д.Эын асрамжинд байсныг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүй, мөн өрхийн бүртгэлд бүртгэсэн нь үүнийг нотлохгүй тул хууль ёсны өвлөгч гэж үзэхгүй гэв.

Б. Нэхэмжлэгч Э.Тын төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна, бие даасан шаардлага үндэслэлгүй гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би талийгаач нөхөртэйгөө 20 гаруй жил хамт амьдарсан. Хүүхдүүдийг нь нэг ч өдөр муугаар бодож, хэлж байгаагүй. Энэ асуудлыг эвийн журмаар шийдэх боломж байсан. Гэхдээ уг эд хөрөнгүүдийг бий болгоход намайг юу ч оруулаагүй юм шиг ярьж байгааг зөвшөөрөхгүй. Хан Уул дүүрэг * хороо,* хотхон 5А байр 5 тоот, 57.99 мкв 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө бол талийгаач аав Д.Э болон Ч.Ч бид нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Уг орон сууц нь ХХБны зээлтэй, барьцаанд байдаг. Өртэй байрнаас ноогдох хэсгийг тогтоолгох бол өрийг ч гэсэн төлөх ёстой энэ хүмүүс. МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах фото зургийн студи нь мөн л бидний хөрөнгөөр боссон. Газар болон үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй. Уг ажлын байрыг цаашдаа өргөтгөөд Э.Гад бас тодорхой хэмжээнд юм өгье гэж бодож байсан. ЁЦ ХХК нь цаасан дээр бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулаад байдаг зүйл байхгүй, авмаар байвал шилжүүлээд л авна биз. Харин СФ ХХК нь миний өөрийн байгуулсан компани бөгөөд сэтгүүлчийнхээ ажлыг энэ компаниар явуулдаг, миний оюуны хөрөнгө оруулалтаараа мөнгө олдог компани. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.У нь миний зээ охин бөгөөд манай ам бүлд бидний асрамжинд амьдарч байгаа. Иймд бие даасан шаардлагыг зөвшөөрнө гэв.

3. Хариуцагч Ч.Ч нэхэмжлэгч Э.Г, Э.Т нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах ажлын байр нь Д.Э, Ч.Ч нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор шаардаж, тайлбарлахдаа: Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. хэмээн заасан тул Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах ажлын байр нь Д.Э, Ч.Ч нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож өгнө үү. Гэрлэлтээ 2014 оны 03 сарын 13-нд бүртгүүлсэн байдаг гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Дээрх шаардлагуудыг сөрөг нэхэмжлэлээр гаргах шаардлагагүй. Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 2 иргэний өмч гэдэг нь тодорхой, бид маргадаггүй. Харин МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах ажлын байрны өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, энэ талаар бүртгэл хийгдээгүй тул тогтоох боломжгүй. Бид гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс шаардаагүй бөгөөд хуульд зааснаар өвлөх эрхтэй холбоотой шаардаж байгааг хариуцагч тал ойлгохгүй байна гэв.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гаргасан тайлбартаа:  А.У нь өвлүүлэгч Д.Э 2019 онд нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд өвлүүлэгчийн асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн юм. Энэ утгаараа Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т Энэ хуулийн 520.1,520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасны дагуу бусад өвлөгч нартай адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч юм. Энэ нь Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээс болон бусад нөхцөл байдлаас тодорхой харагдана. Гэвч Э.Г, Э.Т нар нь нас барагчийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг мөнгөөр гаргуулна гэсэн шаардлагыг шүүхийн байгууллагад гаргахдаа, үүнийг огоорч, амьдралын үнэнг үгүйсгэн зөвхөн өөрсдөөс нь бусад өвлөгчийн асуудлыг зориуд орхигдуулан, хувийг буруу тооцоолсон байгаагаар энэхүү маргаан явагдаж байгаа тул эрх ашгийг хамгаалах үүднээс бие даасан шаардлага гаргаж байна. А.У нь өвлүүлэгч Д.Эын хууль ёсны өвлөгчид тооцогдох буюу бусадтай өвлөгчтэй адил хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг тус тус гаргаж байна гэв.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч ХХБ ХХК тайлбартаа: Тус банк болон иргэн Ч.Ч, Д.Э нарын хооронд 2014.04.10-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 000302388 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019447 дугаартай үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу банкинд барьцаалуулсан. Зээлдэгч Ч.Чийн банкинд ирүүлсэн мэдээллийн дагуу зээлдэгч Д.Э нас барсантай холбогдуулан барьцааны зүйлийн өмчлөх эрхтэй холбоотой өв залгамжлалын маргаан үүссэн гэх ба энэ нь банкинд хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна. Өмчлөгч нар өөрчлөгдсөн ч барьцааны эрхэд хамаарахгүй гэдгийг хэлмээр байна гэв.

7. Нэхэмжлэгч талаас Э.Г, Э.Т нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Эын нас барсны гэрчилгээ, Д.Э, Ч.Ч нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Д.Эын өмчлөлд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй талаарх лавлагаа, Д.Э нь СФ ХХК-ийн 50%, ЁЦ ХХК-ийн 100%-ийн хувьцааг тус тус эзэмшдэг талаарх лавлагаа, 2019.04.10-ны өдрийн Э.Галбадархын өв хүлээн авах тухай өргөдөл, Э.Тын өв хүлээн авах тухай хүсэлт,/ 4-17/

8. Хариуцагч талаас Ч.Чийн эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, Д.Эын ХХБ-ны дансны хуулга,/хх-ийн 83-93/

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, А.Уын төрсний гэрчилгээ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд 2014.04.10-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээг, барьцаалбарын хамт гаргаж ирүүлсэн,/хх-ийн 115, 116, 129-143/

10. Нэхэмжлэгч нарын хүсэлтээр Д.Эын Хаан банкны 2018.01.01-нээс 2019.03.24-нийг хүртэлх дансны хуулга, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө Д.Э, Ч.Ч нарын өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд уг орон сууц нь ХХБтай байгуулсан 2014 оны 04 сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ бүртгэгдсэн талаар Улсын бүртгэлийн газрын тоот, Сүхбаатар дүүргийн газар зохин байгуулалтын албаны 14/2445 дугаар тоот, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 02-06/7241 албан тоот, СФ ХХК, ЁЦ ХХК-ийн лавлагаа, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн дүгнэлт, зээлийн дансны хуулга, зээдийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /хх-ийн 153, 154, 171-175, 177-201/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач эцэг Д.Эын хууль ёсны өвлөгчид бөгөөд түүний хөрөнгөөс хуульд заасны дагуу ноогдох хэсгээ авах эрхтэй гэж үзэж байна. Иймд хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн хэсгээс өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү. гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд уг орон сууц нь ХХБны зээлтэй, барьцаанд байдаг. Өртэй байрнаас ноогдох хэсгийг тогтоолгох бол өрийг ч гэсэн төлөх ёстой энэ хүмүүс. МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах фото зургийн студи нь мөн л бидний хөрөнгөөр боссон. Газар болон үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй, зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарлав.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. хэмээн заасан тул дээрх хөрөнгүүдийг Д.Э, Ч.Ч нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож өгнө үү.гэжээ.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд ...үл хөдлөх эд хөрөнгө нь 2 иргэний өмч гэдэг нь тодорхой, бид маргадаггүй. Харин МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах ажлын байрны өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул, энэ талаар бүртгэл хийгдээгүй тул тогтоох боломжгүй. гэж тайлбарлав.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т Энэ хуулийн 520.1,520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасны дагуу бусад өвлөгч нартай адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч юм. гэснээр А.У нь өвлүүлэгч Д.Эын хууль ёсны өвлөгчид тооцогдох буюу бусадтай өвлөгчтэй адил хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоолгох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

7. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талийгаач Д.Э нь 1984 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн охин Э.Тын, 1986 оны 09 сарын 28-ны өдөр төрсөн хүү Э.Г нарын эцэг болох нь төрсний гэрчилгээний лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Талийгаач Д.Э нь Ч.Ч нар нь гэрлэлтээ батлуулсан хууль ёсны гэр бүл бүл байх ба 1999 оны 09 сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 03 сарын 13-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан байх ба Д.Э нь 2019.03.25-ны өдөр нас барсан байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Э.Г, Э.Т, хариуцагч Ч.Ч нар нь нас барагч Д.Эын хууль ёсны өвлөгчид байна.

Нэхэмжлэгч Э.Г нь өв хүлээн авах тухай өргөдлөө 2019.04.10-ны өдөр харьяа дүүргийн нотариатчид, Э.Т нь 2019.06.10-ны өдөр Канад улс дахь элчин сайдын яамны консулын тасагт тус тус гаргаж, бүртгүүлсэн байх ба нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана. гэсэн хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. гэж зааснаар өвлөгч нарын хооронд өвлөгч мөн эсэх талаар маргаан үүсч, улмаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба мөн хуулийн 532.1-д талууд Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ. гэсэнтэй нийцсэн байна.

Эдгээрээс дүгнэхэд талийгаач Д.Эын хууль ёсны өв залгамжлагч нар нь нэхэмжлэгч Э.Г, Э.Т, хариуцагч Ч.Ч нар бөгөөд талийгаачийн өвлөгдөх эд хөрөнгөөс ноогдох хэсгийг тогтоолгох эрхтэй байна.

8. Өвлөгдөх эд хөрөнгийн тухайд:

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь талийгаач Д.Э, хариуцагч Ч.Ч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба дээрх хөрөнгийн 50 хувь буюу талийгаач Д.Эт ноогдох хэсгийг өвлөгч нар тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 16,66 хувиар өвлөх эрхтэй байх боловч дээрх өвлөгдөх хөрөнгийн хэмжээг биет байдлаар тогтоосон тохиолдолд мөнгөн хэлбэрээр ногдох хэсгийг тогтоолгоно гэсэн нь үндэслэлгүй байна.

Харин Улаанбаатар хот, СБД, * хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших Монгол улсын боловсролын их сургуулийн зүүн талд байрлах ажлын байр нь улсын бүртгэлд бүртгэгдэж, хэн нэгний өмч болсон талаар холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоогдохгүй байх тул өвлөгдөх хөрөнгө гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ. гэснээр дээрх хөрөнгийг хэн нэгний өмчлөлд бүртгүүлсэн зүйлгүй, түүнчлэн дээрх хөрөнгийг талийгаачийн хөрөнгө гэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ., 3.5Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ. гэж зааснаар дээрх компаниудын хувьцааны ноогдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгохоор хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь ХХБ ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалагдсан талаар гуравдагч этгээд ХХБ тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. гэснээр нэхэмжлэгч Э.Г, Э.Т нар нь дээрх хөрөнгөөс өвлөсөн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх болохыг дурдах нь зүйтэй.

9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Ч.Чийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг талийгаач Д.Э, хариуцагч Ч.Ч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох агуулгаар бус хариу тайлбарын хэмжээнд, түүний хууль зүйн үндэслэлийг дүгнэж шийдвэрлэх боломжтой болно.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь талийгаач Д.Э, хариуцагч Ч.Ч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн талаар улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ талаар нэхэмжлэгч нар маргаагүй.

Харин Улаанбаатар хот, СБД, * хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших Монгол улсын боловсролын их сургуулийн зүүн талд байрлах ажлын байр нь улсын бүртгэлд бүртгэгдэж, хэн нэгний өмч болсон талаар холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоогдохгүй байх тул уг ажлын байрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх үндэслэлгүй байна.

10. Бие даасан шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө. гэж зааснаар А.У нь талийгаач Д.Эын асрамжинд, ам бүлд нь бүртгэлтэй амьдарч байсан гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан талийгаач Д.Эын Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт ...Алтангэрлийн Удвал... гэж бүртгэгдсэн хэдий ч түүний асран хамгаалагчаар Д.Эыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шгийн шаардлага үндэслэлгүй болно.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,* хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах Y-2206019447 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувь буюу талийгаач Д.Эт ноогдох хэсгийг өвлөгч нар тэнцүү хэмжээгээр буюу Э.Г 16,66 хувийг, Э.Т нь 16,66 хувийг, Ч.Ч нь 16,66 хувийг тус тус өвлөх эрхтэй болохыг тогтоосугай.

2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шгийн бие даасан шаардлагыг, нэхэмжлэгч Э.Г, Э.Т нарын Улаанбаатар хот, СБД, * хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших Монгол улсын боловсролын их сургуулийн зүүн талд байрлах ажлын байр болон компанийн хувьцаа эзэмших эрхээс ноогдох хэсгээ тогтоолгох шаардлагыг, хариуцагч Ч.Чийн Улаанбаатар хот, СБД, * хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших Монгол улсын боловсролын их сургуулийн зүүн талд байрлах ажлын байр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 719 740 төгрөгөөс 509 483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг, гуравдагч этгээд Ч.Шгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 210 256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Гад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ