Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01008

 

 

 

Э.Г, Э.Т нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00752 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Э.Г, Э.Т нарын хариуцагч Ч.Ч холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоож, эд хөрөнгө болон компанийн хувьцаа эзэмших эрхээс ноогдох хэсгээ тогтоолгох тухай үндсэн нэхэмжпэлтэй, маргаан бүхий эд хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжпэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Уын хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн нэхэмжлэгч Э.Г, Э.Т нарт холбогдуулан гаргасан Ч.У нь өвлүүлэгч Д.Эн хууль ёсны өвлөгчид тооцогдох буюу бусадтай өвлөгчтэй адил хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Э хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, гуравдагч этгээд А.Ун хууль ёсны төлөөлөгч Ч.Шүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний аав Д.Энхбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан тул 1757 дугаар нас барсны гэрчилгээг авснаар өв нээгдсэн. Түүний өмчилж байсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хуулийн хугацаанд өвлөж авахаар харьяалах дүүргийн нотариатчид Э.Т, Э.Г нар хандсан.

Энэ тухай Ч.Ч хэлсэн боловч бидний тавьсан саналаас татгалзсан ба бид аавынхаа хууль ёсны өвлөгчид учраас түүний хөрөнгөөс хуульд заасны дагуу ноогдох хэсгийг авах эрхтэй.

Хан Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон 5А байр 5 тоот, 57.99 мкв 2 өрөө орон сууц нь талийгаач аав Д.Энхбаяр болон Ч.Чулуунцэцэг нарын хөрөнгө тул тус хөрөнгийн талийгаачид ногдох 50 хувиас 16.66 хувь буюу 43,492,500 төгрөг болохыг тогтоолгоно.

Д.Энхбаяр нь 2012 онд МУБИС-ын сургуулийн зүүн талд ажлын байр барьсан ба тус хөрөнгийг 38,803,280 төгрөгөөр үнэлсэн. Иймд энэ хөрөнгийн өвлөгдвөл зохих 50 хувийн 16.66 хувь буюу 6,467,213 төгрөг болохыг тогтоолгоно.

Мөн Д.Энхбаяр нь Ёлт цахир ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь тул хуульд зааснаар тус компанийн хувьцааны тус бүр 33.33 хувийн хууль ёсны өвлөгчөөр, Д.Энхбаяр, Ч.Чулуунцэцэг нарын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай Стоун флоувр ХХК-ийн хувьцааны өвлөгдвөл зохих 50 хувийн хувьцааны тус бүр 16,66 хувийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгоно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би талийгаач нөхөртэйгөө 20 гаруй жил хамт амьдарсан. Хан Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон 5А байр 5 тоот, 57.99 мкв 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Уг орон сууц нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн барьцаанд байдаг. Өртэй байрнаас ногдох хэсгийг тогтоолгох бол өрийг ч гэсэн төлөх ёстой.

МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах фото зургийн студи нь мөн бидний хөрөнгөөр боссон. Уг ажлын байрыг өргөтгөөд Э.Гад тодорхой хэмжээнд өгнө гэж бодож байсан.

Ёлт цахир ХХК нь цаасан дээр бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй компани ба хувьцааны ногдох хувийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх боломжтой. Харин Стоун флоувр ХХК нь миний байгуулсан компани бөгөөд сэтгүүлчийнхээ ажлыг энэ компаниар явуулдаг, миний оюуны хөрөнгө оруулалтаараа мөнгө олдог компани гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Д.Энхбаяртай 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах ажлын байр нь Д.Энхбаяр, Ч.Чулуунцэцэг нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор шаардаж байна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч нарын гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2 иргэний өмч гэдэгтэй маргаагүй. Харин МУБИС-ын сургуулийн зүүн талд байрлах ажлын байр нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй, бүртгэлгүй тул өмчлөлийг тогтоох боломжгүй. Бид гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс шаардаагүй бөгөөд хуульд зааснаар өвлөх эрхтэй холбоотой шаардлага гаргасан гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.Удвал нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгч Д.Эг 2019 онд нас барахаас нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн юм.

Энэ нь Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр болон бусад нөхцөл байдлаас тодорхой харагдана. А.Удвал нь өвлүүлэгч Д.Эн хууль ёсны өвлөгчид тооцогдох буюу бусад өвлөгчтэй адил хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарын агуулга: Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд А.Уг талийгаач Д.Эн асрамжид байсныг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүй, мөн өрхийн бүртгэлд бүртгэсэн нь үүнийг нотлохгүй тул түүнийг хууль ёсны өвлөгч гэж үзэхгүй гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Удвал нь миний зээ охин бөгөөд манай ам бүлд орж, бидний асрамжид амьдарч байгаа тул түүний бие даасан шаардлагыг зөвшөөрнө гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК тайлбарын агуулга: Манай банк болон Ч.Чулуунцэцэг, Д.Энхбаяр нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019447 дугаартай, 000302388 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч Ч.Чулуунцэцэгийн банкинд ирүүлсэн мэдээллийн дагуу зээлдэгч Д.Энхбаяр нас барсан тул барьцааны зүйлийн өмчлөх эрхтэй холбоотой өв залгамжлалын маргаан үүссэн гэх ба энэ нь банкинд хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ийм тус хөрөнгийн өмчлөгч нар өөрчлөгдсөн ч барьцааны эрхэд хамаарахгүй гэж үзэж байна гэжээ.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах Ү-2206019447 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувь буюу талийгаач Д.Энхбаярт ноогдох хэсгийг өвлөгч нар тэнцүү хэмжээгээр буюу Э.Г 16,66 хувийг, Э.Т нь 16,66 хувийг, Ч.Чулуунцэцэг нь 16,66 хувийг тус тус өвлөх эрхтэй болохыг тогтоож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн бие даасан шаардлагыг, нэхэмжлэгч Э.Г, Э.Т нарын Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших Монгол улсын боловсролын их сургуулийн зүүн талд байрлах ажпын байр болон компанийн хувьцаа эзэмших эрхээс ноогдох хэсгээ тогтоолгох шаардлагыг, хариуцагч Ч.Чулуунцэцэгийн Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших Монгол улсын боловсролын их сургуулийн зүүн талд байрлах ажлын байр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719,740 төгрөгөөс 509,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чулуунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд Ч.Шийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 210,256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Гад олгож шийдвэрлэжээ.

 

10. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаан гаргасан тайлбараар Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-14, Улаанбаатар 48 хаягт орших МУБИС-ийн зүүн талд байрлах ажлын байр нас барагч Д.Эн эзэмшилд байсан нь тогтоогддог. Дээрх хөрөнгө өвлүүлэгчийн хөрөнгө байсан талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргадаггүй. Иймд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө өвлүүлэгчийн эзэмшил ба одоогоор хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Шүүхээс томилсон Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус хөрөнгийг 38,803,280 төгрөгөөр үнэлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус заасныг анхаараагүй.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх ба өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжинэ гэж заасныг шүүх хэрэглээгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу-14, Улаанбаатар 48 хаягт орших МУБИС-ийн зүүн талд байрлах ажлын байрны өвлүүлэгчид ногдох 50 хувиас нэхэмжлэгч Э.Г, Э.Т нарыг тус бүр 16,66 хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

11. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар: Э.Г, Э.Т нар нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар нас барагчтай хамтран амьдраагүй этгээдүүдийн хувьд хүсэлтээ бичгээр гаргах шаардлагын дагуу гаргасан. Тухайн өв хүлээн авах хүсэлтэд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан хөрөнгө байхгүй. Нэхэмжлэгч нар багшийн дээдэд байрлах гэрэл зургийн студийг барьсан үеэс эхлэн мэднэ гэж хэлсэн боловч хуульд заасны дагуу өвийг хүлээн авах хүсэлтээ гаргахдаа тухайн хөрөнгийг дурдах эрхтэй байсан боловч дурдаагүй. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргаагүй этгээд нь өв хүлээн авахаас татгалзах зохицуулалттай гэжээ.

 

12.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Д.Энхбаяр, Ч.Чулуунцэцэг нар нь 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, шинээр бий болсон гэр бүлийн гишүүдэд Э. Галбадрах, Э. Түмэнжаргал нар хамаарахгүй. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2, 3.1.4-т заасны дагуу гуравдагч этгээд А.Уг гэр бүлийн гишүүнд хамааруулан ойлгоно.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан этгээд өвлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд тухайн гэр бүлийн гишүүн байх, өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох урьдчилсан нөхцөл нь тухайн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байх шаардлагатай ба энэ талаар Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан байдаг.

Нас барагчийн өмнөх гэр бүлийн гишүүд болох Э.Г, Э.Т нар нь нас барагч Д.Эг өмнөх гэрлэлтээ цуцлуулах үед өөрсдийн гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн ногдох хэсгийг хуваарилан авсан. Энэ нь хэргийн 7 дахь талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны Д.Энхбаярт холбогдох хэсгийн мэдээлэлд гэр бүл цуцалснаас хойш дахин гэрлэлт бүртгүүлсэн тэмдэглэлээс тодорхой харагдана.

Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.5 дахь хэсэгт зааснаар нас барагч Д. Энхбаярын хуваарьт хөрөнгийг өвлөх эрхтэй ба шинээр зохиосон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулан өвлөх эрхгүй.

Анхан шатны шүүхээс Ү-2206019447 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Энхбаяр, Ч.Чулуунцэцэг нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариу тайлбарын хэмжээнд хангаж шийдвэрлэсэн атлаа, тухайн гэр бүлийн гишүүнд үл хамаарах этгээд болох Э.Г, Э.Т нарт ногдох хэсгийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т заасан хэм хэмжээг зөрчсөн, хууль хэрэглээний алдаа болсон.

Нэхэмжлэгч нар нь нас барагчийн хуваарьт эд хөрөнгийг өвлөх эрхтэй этгээдүүдэд хамаарахын хувьд хөөрөг зэрэг үнэт зүйлсийг өвлөн авсныг талууд хуралдааны явцад тайлбарласан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасныг баримтлаагүй.

Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг удирдлага болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү.

Өвлөгдөх эд хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлээр санхүүжсэн тул орон сууцны зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бүртгэлтэй тул ногдох хэсэг тогтоолгох маргаанд харилцан тооцуулахаар банкны өмнө хүлээсэн зээлийн эргэн төлөлтийг зохих хувиар нэхэмжлэгч нарт хариуцуулах шаардлагыг анхан шатны шүүхээс хүлээн авахаас татгалзсан нь хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгосны зэрэгцээ, тухайн зээлийг зээлдэгч Ч.Чулуунцэцэг дангаараа хариуцан барагдуулаад түүний үр шимийг нэхэмжлэгч Э. Галбадрах, Э.Т нар ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүйгээр хүртэх нөхцөл байдал үүссэн. Банкны өмнө хүлээх үүргийн асуудлыг дэс дарааллын хувьд уг хэрэгтэй хамтран шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хянаж өгнө үү гэжээ.

 

13.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбар: Маргаан бүхий 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч нарын эцэг, өвлүүлэгч Д.Энхбаяр, хариуцагч Ч.Чулуунцэцэг нарын хөрөнгө болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдсан. Иймд тус хөрөнгийн өвлүүлэгчид ноогдож буй 50 хувийн хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгч нарт хуваарилах зохицуулалттай. Зээлийг нэхэмжлэгч нарт хариуцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлээгүй. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвийг хүлээн авсан хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Э.Г, Э.Т нар нь хариуцагч Ч.Ч холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах 57,99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өвлөгдвөл зохих 50 хувийн ногдох 16,66 хувь буюу 43,492,250 төгрөг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших МУБИС-ийн зүүн талд байрлах ажлын байрны ногдох 33,33 хувь болох 6,467,213 төгрөгийг гаргуулах, Стоун флоувр ХХК-ийн хувьцааны өвлөгдвөл зохих 50 хувийн хувьцааны 16,66 хувийн хувьцаа, Ёлт цахир ХХК-ийн хувьцааны 33,33 хувийн өвлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших МУБИС-ийн зүүн талд байрлах ажлын байрыг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Ун хууль ёсны төлөөлөгч Ч.Шээс нэхэмжлэгч Э.Г, Э.Т нарт холбогдуулан Д.Эн хууль ёсны өвлөгчид тооцогдох буюу бусад өвлөгчидтэй адил хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасныг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Э.Г, Э.Т нар нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 5а байр, 5 тоот хаягт байрлах 57,99 м.кв, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувиас ногдох тус бүр 16,66 хувь буюу 43,492,250 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч Э.Г нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тус орон сууцны гэрчилгээнд нэрээ оруулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нар нь хариуцагчаас маргааны зүйл болох орон сууцнаас өвлөгдөх хувь хэмжээг тогтоолгосноор үр дагаварт юу шаардаж байгааг тодруулах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа орон сууцны ногдох хувь хэмжээг тогтоолгосноор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардсан уу, эсхүл орон сууцнаас ногдох хувь хэмжээнд оногдох мөнгөн хөрөнгийг нэхэмжилсэн үү гэдгийг тодруулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй.

 

4. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48 хаягт орших МУБИС-ийн зүүн талд байрлах ажлын байр нь хөдлөх эд хөрөнгө байх ба тус хөрөнгөд Д.Эн оруулсан хөрөнгийн хувь хэмжээг тодруулах нь зүйтэй.

 

Учир нь уг ажлын байр нас барагч Д.Эн хөрөнгөөр баригдсан, эсхүл хамтын хөрөнгөөр баригдсаны аль нь болохыг тогтоох шаардлагатай. Нас барагч нь дээрх хөдлөх хөрөнгөд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсныг тодруулснаар тухайн хөрөнгийн өвлөгдөх хэмжээнд хуваарилалт хийх боломжтой болох юм.

 

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэсувдын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,967 төгрөг, хариуцагч Ч.Чулуунцэцэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,461 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ