Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/00614

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/00614

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * гудамж, Засгийн газрын XI байранд байрлахТАЗийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан Уул дүүрэг, * дугаар хороо, * гудамж, *байр, * тоот хаягт оршин суух Я.С /РД:ЧП70101964/-д холбогдох

 

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн Прокурорын газар

Төрд учирсан хохирол 18 903 405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М, Э.Г,

хариуцагч Я.С, түүний өмгөөлөгч Т.Д,

прокурор Д.Т,

нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ТАЗ хариуцагч Я.Сэд холбогдуулан төрд учруулсан хохирол 18 903 405 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Я.С нь Нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б\05 дугаар тушаалаар Ч.Гыг Нийслэлийн Дотоод аудитын газрын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд тэрээр шүүхэд гомдол гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн Дотоод аудитын газрын Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож,Ч.Гыг Аудит, хяналтын шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилсон. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/01156 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн Дотоод аудитын газраас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинд 18 903 405 төгрөгийг Ч.Гт олгогдсон байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 50.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 18 903 406 төгрөгийг Я.Сээс гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч гаргасан хариу тайлбартаа:  Би нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тухайн орон тоо бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон ба байгаа орон тоонд нь Ч.Гыг томилох гэхээр албан тушаалын тусгай шаардлагыг хангахгүй байсан. Магистрын зэрэггүй байсан. Өөрийнх нь эрх зүйн байдал, ур чадвар, мэргэжилд нь тохируулаад өөр ажил санал болгосон боловч хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ гаргаж өгөөгүй. Урьдчилсан мэдүүлгээ гаргаж өгөөгүй учраас тухайн ажилд томилох үндэслэлгүй байсан. Хэрэв урьдчилсан мэдүүлгээ гаргаад ямар нэгэн өөрчлөгдсөн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан бол тушаал гаргахад бэлэн байсан. Хэрэв би урьдчилсан мэдүүлгээ гаргаагүй байхад ямар нэгэн албан тушаалд томилсон бол би хууль бус шийдвэр гаргах байсан. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зөв үнэлж тушаалыг түдгэлзүүлсэн. Шүүх хуралдаан болсноос хойш 5 хоногийн дараа Засаг даргын захирамж гарч би түр орлон гүйцэтгэж байсан ажлаасаа чөлөөлөгдсөн. Хэрэв чөлөөлөгдөөгүй бол би шүүхийн шийдвэрийн 3 сарын хугацаанд багтааж Ч.Гыг чөлөөлсөн тушаалаа дахин шаардлага хангаж гаргах боломжтой байсан. Тухайн үед томилогдсон Б.Ж даргад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэг шилжсэн. Ингээд Б.Ж дарга эвлэрч байгаа гэх үндэслэлээр Ч.Гыг өөр албан тушаалд томилсон байсан. Ч.Гыг томилсноос болж ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэх асуудал үүссэн. Төрд учирсан хохирлыг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан барагдуулах ёстой. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн миний гаргасан тушаалаар төрд хохирол учраагүй. Харин Ч.Гыг томилсон Б.Ж даргын тушаал гарснаар үр дагавар үүссэн. Иймд төрийн албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0738 дугаар шийдвэрийн дагуу дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Гыг хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр авагдсан ба уг шийдвэр нь Ч.Гыг ажилд нь буцааж томил гэсэн утгаар гараагүй. Харин хариуцагчийн гаргасан актыг түдгэлзүүлсэн. Тухайн шийдвэртээ түдгэлзүүлсэн үндэслэлээ маш тодорхой заасан. 2 өөр асуудал яригдаад байна албан тушаал бууруулсан асуудал болон орон тоо хасагдсан асуудал яригдаад байна. Энэ асуудлаа тодорхой болгоод актаа дахиад гарга гэж захиргааны байгууллагадаа эрхийг нь олгосон. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрт заагаагүй агуулгыг тайлбарлаж байна. 3 сарын хугацаанд шинэ акт гарснаар Ч.Г үнэхээр тухайн албан тушаал тэнцэх үү, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны нөхцөл байдал байгаа эсэх асуудлыг дахин хянаж үзээд хуульд нийцсэн акт гаргах боломжийг нь олгосон. Түүнээс биш Ч.Гыг хууль бусаар ажлаас халсан байна гэж дүгнээгүй. Гэтэл харамсалтай нь шүүхийн шийдвэр гарснаас 5 хоногийн дараа хариуцагч тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдөөд оронд нь Б.Ж гэх дарга солигдсон. Тэр хүн болохоор шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу биелүүлсэн гэж тайлбарлаад байгаа боловч Ч.Гыг ажилд нь эгүүлэн томилоод байгаа тушаал дээрээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэж дурдаад байгаа нь үндэслэлгүй. 3 сарын хугацаанд дахин акт гаргаагүй бол тухайн тушаал нь хүчин төгөлдөр бус болно гэж заасан. Тэгэхээр яагаад төрд учирсан хохирлыг Я.Сээс шаардаад байна вэ, Б.Ж гэх хүн шүүхийн шийдвэрийг өөрийн дураар тайлбарлаад Ч.Гыг ажилд томилох тушаал гаргаад байна вэ, яагаад тэр хүний гаргасан тушаал өнөөдөр яригдахгүй байна вэ. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд Ч.Гын цалинг өгөх гэтэл бидэнд шүүхийн шийдвэр хэрэгтэй байна гэсэн тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч Ч.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг. Нэг ч маргаагүй, нэг ч удаа мэтгэлцээгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг буцааж томил гэж ойлгосон учраас томилсон. Тиймээс мөнгийг нь гаргаад өгөөч гэж тайлбарладаг. Тэгэхээр хариуцагч нь маргахгүй байгаа учраас шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Төрд учирсан хохирол гээд байгаа 18 000 000 төгрөгийг шийдсэн хүн нь Б.Ж. Яагаад энэ асуудлыг Я.С хариуцах ёстой юм бэ. Шүүх хэзээ хаана Я.Сийн гарсан тушаал нь хүнийг хууль бусаар ажлаас халсан гэж тогтоогоод байна вэ, хариуцагчийг хэнээр татах вэ гэдэг эрх нь нэхэмжлэгчид байгаа. Гэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан тушаал нь өөрөө төрд хохирол учруулах үндэслэл болоогүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Гуравдагч этгээдийн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжинэ. Хариуцагчийн тайлбарыг сонсоход Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх дээр тайлбар гаргаж байгаа мэтээр ярьж байна. Энэ асуудалд нь шийдэгдээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ шийдвэрийг үндэслээдТАЗ нэхэмжлэл гаргасан. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаал хууль бус учраас Ч.Гыг ажилд нь эргүүлж томилсон. Үүнийг үндэслээд шүүхийн шийдвэрээр цалин хөлснийх нь асуудлыг шийдвэрлэнэ гээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.ТАЗ шийдвэрийг үндэслэж нэхэмжлэл гарсан. Шийдвэр буруу гарсан гэж яригдахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчаас 18 903 405 төгрөг гаргуулах нь зүйтэй гэв.

4. Нэхэмжлэгчээс Ч.Гын цалингийн тооцоолол, 2019.02.02-ны өдрийн 08 дугаарТАЗийн даргыг томилсон тогтоол, төлбөрийн хүсэлт, Ч.Гын дансны хуулга,ТАЗийн 2020.05.12-ны өдрийн 182 дугаар Маргаан хянан шийдвэрлэх тухай тогтоол, Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021.07.21-ний өдрийн А/20 дугаар Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговор олгох тухай тушаал, Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020.01.27-ны өдрийн 6/05 дугаар Ч.Гыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, зохигчдын тайлбар, Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021.02.04-ний өдрийн Б/04 дугаар Ч.Гыг ажилд авах тухай тушаал, /хх-ийн 161-165/

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021.05.25-ны өдрийн 1156 дугаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,

6. Хариуцагчийн хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 738 дугаар шийдвэртэй хэргийн тэмдэглэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 738 дугаар шийдвэр,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ны өдрийн 622 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.07-ны өдрийн 47 дугаар магадлал зэргийг шүүх бүрдүүлсэн байна. /хх-ийн 58-84, 113-158/           

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд 

Хариуцагч Я.С нь Нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б\05 дугаар тушаалаар Ч.Гыг Нийслэлийн Дотоод аудитын газрын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд тэрээр шүүхэд гомдол гаргаж, 2020.11.06-ны өдрийн 738 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Гыг Аудит, хяналтын шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилсон. Ингээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинд 18 903 405 төгрөгийг Ч.Гт олгогдсон тул уг мөнгийг буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 738 дугаар шийдвэр нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б\05 дугаар Ч.Гыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон агуулгаар гараагүй бөгөөд

 

4. Прокурор нэхэмжлэлийг дэмжсэн үндэслэлээ Шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрийг үндэслээдТАЗ нэхэмжлэл гаргасан. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаал хууль бус учраас Ч.Гыг ажилд нь эргүүлж томилсон. Үүнийг үндэслээд шүүхийн шийдвэрээр цалин хөлснийх нь асуудлыг шийдвэрлэсэн тул буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэл үндэслэлтэй. гэж тайлбарлав.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Хариуцагч Я.С нь Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б\05 дугаар тушаалаар Ч.Гыг Нийслэлийн Дотоод аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Дээрх тушаалыг Ч.Г нь эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг, тус шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 738 дугаар шийдвэрээр Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б\05 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий асуудлаар дахин шинэ акт гаргаагүй бол Б\05 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийн үндэслэлд ...төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан, эсхүл орон тоо хасагдсаны улмаас тэтгэлэг олгосон маргаан бүхий актыг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрлэх нь зүйтэй. гэж дүгнэсэн байна.

Нийслэлийн Дотоод аудитын газар 2021.02.04-ний өдрийн Б/04 дугаар тушаал гаргаж, Ч.Гыг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20 786 006 төгрөгийг Нийслэлийн дотоод аудитын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу 2021.07.21-ний өдрийн Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын А/20 дугаар тушаалаар 2021.07.24-ний өдөр Ч.Гын дансанд 18 903 405.10 төгрөгийг шилжүүлж төлсөн нь тогтоогджээ./хх-ийн 94/

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцана. гэж тус тус заажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэхээр, мөн Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж буй үүрэг юм.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Я.С нь Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б\05 дугаар тушаалаар Ч.Гыг ...үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хууль бус шийдвэр болохыг тогтоосон баримтгүй, түүнчлэн уг шийдвэрийн улмаас төрд хохирол учруулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нийслэл дэх Захиргааны шүүхийн шийдвэрээр Б\05 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, улмаар уг тушаалыг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэх үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан тушаалыг зөвтгөж гаргахыг даалгасныг дараагийн томилогдсон эрх бүхий албан тушаалтан уг ажилтныг ажилд нь авснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэлгүй.

Тодруулбал, дээрх шийдвэрт ажилтныг ажилд нь эргүүлэн тогтоох талаар заагаагүй бөгөөд 2021.02.04-ний өдрийн Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Б/04 дугаар тушаалаар Ч.Гыг томилж, цалин олгосон нь хариуцагч Я.Сийн гаргасан шийдвэртэй шалтгаант холбоогүй байна.

 

6. Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчТАЗийн төрд учруулсан хохирол 18 903 406 төгрөгийг хариуцагч Я.Сээс гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ