Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00977

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00977

 

 

 

 

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00614 дугаар шийдвэртэй,

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

Я.С-эд холбогдох

Хохиролд 18,903,405 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхгэрэл, хариуцагч Я.С-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Я.С- нь Нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Ч.Г-ыг Нийслэлийн Дотоод аудитын газрын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд тэрээр шүүхэд гомдол гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Г-ыг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/01156 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн Дотоод аудитын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 18,903,405 төгрөгийг Ч.Г-т олгосон.

Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 50.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 18,903,406 төгрөгийг Я.С-ээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Ч.Г- нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0798 дугаар шийдвэрээр Я.С-ийн гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 тоот тушаалд процессын залруулга хийх 3 сарын хугацаа өгсөн. Шүүхийн шийдвэр албажин 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/9081 дугаар албан бичиг нь шуудангаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус байгууллагад ирсэн. Энэ хооронд буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Ж- дарга томилогдон, Я.С- үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул тушаалд залруулга хийх боломжгүй болсон.

Төрд учирсан хохирол гээд байгаа 18,000,000 төгрөгийг шийдвэрлэсэн хүн нь Б.Ж-. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчаас 18,903,405 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗ-ийн төрд учруулсан хохирол 18,903,406 төгрөгийг хариуцагч Я.С-ээс гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Анхан шатны шүүх шийдвэртээ ...Я.С- нь Нийслэлийн дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа ...Ч.Г-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон баримтгүй, захиргааны хэргийн шүүх түүнийг албан тушаалд эгүүлэн тогтоохыг заагаагүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0732 дугаар шийдвэрээр Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй гэж дүгнэн хууль, журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь тухайн шийдвэрийг хуульд нийцээгүй буюу хууль бус болохыг тогтоосон гэж үзнэ.

Түүнээс гадна, захиргааны шүүх Ч.Г-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь тогтоогоогүй боловч, дахин шинэ акт гаргахыг даалгасан бөгөөд түүний дагуу Дотоод аудитын газрын даргын 2020 оны Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Г-ыг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн болно.

Тодруулбал, Я.С- нь Ч.Г-ыг албан тушаалаас чөлөөлсөн буруутай шийдвэр гаргасны улмаас төрөөс ажилгүй байсан хугацааны цалин олгож төрд хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Ч.Г-ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл, Ч.Г-ыг чөлөөлсөн тушаал нь албан тушаал бууруулсан эсхүл бүтцийн өөрчлөлтөөр албан тушаал байхгүй болж ажлаас чөлөөлсөн эсэхийг тодорхой болгох, хуулийн хоёр үндэслэлийг тушаалын үндэслэх хэсэгт хоёуланг бичсэн байна. Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь тогтоох гэхээр ажлын байр байхгүй болсон.

Ч.Г- санхүүгийн хэлтсийн дарга байхдаа хэлтсийн даргад тавигдах шаардлагыг хангахгүй байсан учраас өөр тохирсон албан тушаал буюу ахлах аудиторч хийх ажлыг санал болгосон. Гэтэл ахлах аудиторын албан тушаалд ажиллах хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж өгөөгүй. Иймээс ямар нэгэн албан тушаалд томилоогүй. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэж Ч.Г-ыг хэлтсийн даргын албан тушаалд томилсоныг буруу гэж үзэж байна. Учир нь шаардлага хангаагүй, урьдчилсан мэдүүлэг болон тусгай шалгалт өгөөгүй.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийн хэрэглээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ТАЗ- нь хариуцагч Я.С-эд холбогдуулан төрд учирсан хохиролд 18,903,405 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Хариуцагч Я.С- нь Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаал гаргаж Ч.Г-ыг Нийслэлийн Дотоод аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.

 

3.2. Дээрх тушаалыг Ч.Г- нь эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан, тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 738 дугаар шийдвэрээр хариуцагч байгууллагын Б/05 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий асуудлаар дахин шинэ акт гаргаагүй бол Б/05 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

 

3.3. Уг шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Б/195 дугаар захирамжаар Нийслэлийн Дотоод аудитын газрын Захиргааны хэлтсийн дарга Я.С-ийг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна. /хх 105/

 

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн анхан шатны шүүхийг шийдвэрийг биелүүлэх боломжит хугацаа хариуцагч Я.С-эд олгогдоогүй байсан ба уг нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00614 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА