Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/00107

 

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 01 сарын 11 өдөр

  Дугаар 183/ШШ2018/00107

              Улаанбаатар хот

                    

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Б.М /Ш.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... өөрийн байр, Б... УТҮГ,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Ц.П /РД:УХ66020632/,

 

Хариуцагч: ... тоотод байрлах, И__ сан ТТБ нарт холбогдох

 

Засварын зардал 26 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.П  нь Нийслэлийн бодлогоор Монголын уламжлалт ёс заншил, соёл, сургалт сурталчилгааны Богд хаан-2 төв байгуулж Монголын түүхэн дурсгалт байшин, соёлын биет өвийн нэг болох Богд хааны номын өрөөний 178 м.кв байшинг сэргээн засварлах ажлын хүрээнд та өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгэж өгөөч, Нийслэлийн төсөв зардлыг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дээрх байшинг сэргээн засварлах бодлого баримталж байгаа юм гэсэн хүсэлт гаргасан. Тухайн үед Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.П  нь Монголын Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан гэх ТББ байгуулчихсан, өөрөө тэргүүнээр нь ажилладаг, гүйцэтгэх захирлаар нь Ч.Батжаргал гэх хүн ажилладаг ба Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 сарын 25-ны өдрийн 464-р захирамжаар 664 м.кв газрыг Түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар эзэмшдэг, 2008 оны 11 сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан ба Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтыг хариуцах зорилгоор өмчлөгчийг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны газар, хамгаалагчийг төлөөлж Монголын Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан гэх ТББ-ын хооронд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Ц.П гийн дээр дурьдсан хүсэлтийн дагуу миний бие соёлын ажилтны хувьд Соёлын тухай хуулийн 5.1, 5.4-т заасан соёлын талаархи иргэний үүргээ биелүүлэх зорилгоор Ц.П тэй ямар нэг гэрээг бичгээр хийлгүйгээр итгэлцлийн үндсэн дээр хүсэлтийг нь хүлээн авч, тус байгууламжийн гаднах болон доторх хэсгийн засварыг хийж гүйцэтгэсэн бөгөөд засварын зардалд нийт 26 800 000 төгрөгийг зарцуулсан. Энэхүү засварын зардлыг үнэн зөв, бодит үндэслэлтэй болохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс, прокурорын газарт Ц.П  нь шалгагдаж байх үед Хөрөнгө Эстимэйт ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосон. Дээрх засварын зардал 2010-2012 онд эргэн төлөгдөх байсан хэдий ч тухайн цаг үед тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд миний бие холбогдох зардлаа эгүүлэн авах тухай хүсэлтээ тухайн үеийн Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зэрэг тодорхой албан тушаалтнуудад гаргаж байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хууль, хяналтын байгууллагад хандаж шалгуулж шийдвэрлүүлэхийг зөвлөсний дагуу Ц.П д холбогдуулж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргасан ба Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 1 сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. МУ-ын Засгийн газрын 2015.10.19-ний өдрийн 408 дугаар тогтоолоор Богдын зуны ордон, мужааны байрыг Удирдлагын академийн үндсэн хөрөнгийн блансанд  бүртгэлтэй байсныг БСШУЯ-д шилжүүлсэн. Гэтэл 2016.11.23-ны өдөр дахин Засгийн газрын тогтоол гарч дээрх тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж Богдын зуны ордон, Богдын торгон цэргийн байр, Дондогдуламын сэрүүн лавринг Удирдлагын академийн блансаас Богд хааны ордон музейд блансаас блансанд шилжүүлсэн. Иймд одоогийн Богд хааны ордон музейн өмчид бүртгэлтэй Богд хааны номын өргөөг сэргээн засварлахад миний өөрийн хөрөнгөөр зарцуулсан 26 800 000 төгрөгийг Богд хааны ордон музей, иргэн Ц.П , Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Богд хааны ордон музей УТҮГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Богд хааны торгон цэргийн байр нь 2010 онд буюу иргэн Б.М ийн засвар хийх үед Удирдлагын академийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн өмчийн барилга байсан. Тухайн үед мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14-р зүйлийн 2 дах хэсэгт зааснаар төрийн байгууллага нь өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах үүрэгтэй. 2010 онд Удирдлагын академийн зүгээс өөрийн балансанд бүртгэлтэй барилгад өөр хуулийн этгээд засвар үйлчилгээ хийх үед нь дээрх хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл Удирдлагын академи буюу үндсэн эзэмшигч эс бөгөөс Төрийн өмчийн хорооноос ямар нэгэн үүрэг даалгавар авалгүй, эрх үүргийн харилцаа үүсгэлгүйгээр иргэн Ц.П  нь дур мэдэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан ба албан тушаалаа ашиглан шийдвэр гаргаснаар иргэн Б.М ийг хохироосон байна. Мөн нөгөө талаар Удирдлагын академийн өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй түүхэн барилгуудад хайхрамжгүй хандсанаас орхигдож бусдын дураараа авирласан үйлдэл хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Аливаа түүхэн дурсгалт барилга байшинг Соёлын өвд бүртгэхдээ түүний түүх, соёл шинжлэх ухааны ач холбогдлыг нь харгалзан үздэг. Засварын ажлыг сэргээн засварлах зураг төсөвгүй хийсэн нь тухайн үед мөрдөж байсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 21.2-т заасан “Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төсөл, төсвийн дагуу гэрээгээр гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн байна. Богд хааны торгон цэргийн байр нь МУ-ын ЗГ-ын 2016 оны 157 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейд балансаас балансад шилжсэн. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үйл явдал энэ шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө болсон бөгөөд иргэн Б.М тэй энэ барилгын асуудлаар ямар нэгэн эрх үүрэг байхгүй, гэрээ хэлцэл байгуулж үүрэг хүлээгээгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн үеийн эзэмшигч Удирдлагын академи, хэлцэл хийсэн иргэн Ц.П  нар хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ. 

 

Хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ болон иргэн Ц.П  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2005-2013 оны хооронд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргаар ажиллаеан бөгөөд 2002 онд ардын урлагаа, уламжлалт өв соёлоо хадгалж хамгаалах “Икэл” ТББ-г зорилго нэгт нөхдүүдтэйгээ байгуулж, төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлж Монгол Улсын Засгийн газрын “Морин хуур-уртын дуу үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор мэргэжлийн морин хуурчдын уралдаан зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг гаргуулах, улс орон даяар манлайлан санаачлан хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн болно. 2007 оноос тус ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Төрийндээд, Д.Баасанжав нарын идэвхитэй зүтгэл санаачилгаар Удирдлагын Академийн баланст бүртгэлтэй төрийн өмч болох Богд хааны сэрүүн ордон, Номын өргөөг устаж үгүй болох аюулаас хамгаалж авч үлдэх үүднээс тухайн үед тэнд амьдарч байсан айлуудад газар, гэр, хашаа барьж өгөх зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж, НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолоор албан ёсны хамгаалагч байгууллага болж өнөөдрийг хүртэл хамгаалж ирсэн. Энэ үед төрөөс соёлын өвийг хамгаалах хөрөнгө, мөнгө хомс, манай газар 5 мэргэжилтэнтэй нийслэлийн соёлын салбарыг бүрэн хариуцдаг тул хүн хүч дутмаг байсан үед төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн хүрээнд ТББ-ын хүчийг ашиглан Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 148, 357, 464 тоот захирамжууд гаргуулан кадастр хийлгэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулж хамгаалалтын бүс тогтоолгон хашаа барьж манаачтай болгож устаж үрэгдэх аюулаас хуулийн дагуу бүрэн хамгаалж чадсан юм. Энэ үед манай газрын харъяа байгууллага Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирлаар томилогдсон Б.М  дээрхи объектыг сонирхон Ардын урлагийн сургалт судалгааны төв болгон сэргээн засах, төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмтэй, хүүхэд залуучуудад соёл ёс заншлаа дээдлэн суралцдаг газар болгох гэж байгааг мэдээд 2009-2010 онд тэрээр, би хөрөнгө оруулж засаад үйл ажиллагаанаасаа оруулсан хөрөнгөө эхний ээлжинд гаргаж авъя гэсэн саналыг удаа дараа тавьж байсан юм. Энэ үед дээрхи байшинд Удирдлагын академи мужаан цехээ ажиллуулж байгаад айлууд тойруулж газрыг нь авч гишгэх газаргүй шахам болж ажиллахаа байсан, гудамжны хүмүүс орж гал түлэн амьдарч хүнд байдалд байсан. Ингээд иргэн Б.М ийн тавьсан саналыг дэмжиж, зураг төсөв хийлгэж холбогдох байгууллагаар батлуулах, санхүүгийн хяналтан дор хөрөнгө оруулж засварлаж болох юмаа хэмээн санал солилцож байх хооронд шууд дур мэдэж засвар эхэлсэн байсан болно. Энэ үед миний бие соёлын өв хариуцсан мэргэжилтэн М.Отгончимэгийг явуулж газар дээр нь шалгуулж зураг авхуулан баримтжуулж ажлыг нь зогсоох оролдлого хийсэн боловч тойроод айлын хаусууд шахаж барьсан, тоос шороо бужигнасан, барилгын материалууд буулгасан нөхцөл хүнд байсан тул Б.М ийг дуудан ирүүлж ажил дураараа эхэлснийг нь хэлж зэмлэсэн боловч би зургаа хийлгэж байгаа гэхээс өөр үг хэлж чадахгүй дүлэгнэж байгаад явсан. Хаврын улирал, шороо тоос, орчны нөхцөл байдал хүнд байсан тул оруулсан хөрөнгийг нь аудит хийлгэж тогтоохоос өөр аргагүй байдалд хүрч ажил үргэлжилсээр тухайн байшингийн ханыг хөнгөн блокоор өрж, шалыг цутгаснаар ажил зогссон болно. Ингээд 2011-2013 онуудад Б.М  нь дулаан бохирын асуудлыг шийдүүлэхээр судалж байна, хөөцөлдөж байна, айлуудтай тохиролцож байна гэсээр цаг хугацааг өнгөрөөсөн ба 2013 оны 10-11 сард миний бие БНХАУ-д эмчлүүлж ажиллаж байгаад ирэхэд зогсоо зайгүй мессеж бичиж, одоо дулаан бохирын асуудлыг шийдэх гэж байна, оршин суугчид шугам хоолойг янзлахад 1 тэрбум төгрөг нэхэж байна, яаралтай уулзмаар байна гэснээр миний бие очиж номын өргөөний хажуу байрныхан болон Нийслэлийн дулааны газрын хүмүүстэй хамтран уулзсан. Тэгэхэд байрны оршин суугчид энэ М  гэдэг хүн үлгэр шиг юм яриад алга болсон, бид мөнгө нэхсэн юм байхгүй, манай байрны худаг руу бохироо хаяж болно гэсэн, дулааны байгууллагынхан ч 15 саяд бүх ажил багтана гэсэн, гадаа хүйтэрлээ хавар дулаан орохоор хийлгэнэ гээд Б.М  тэр хүмүүстэй үлдсэн. ...Үүнээс хойш 2014 онд миний бие Хөх хотод эмчилгээнд явж байгаад ирэхэд Б.М  хаягдсан байсан соёлын өвийг хөрөнгө оруулж зассан, Нийслэлийн музейд өгч оруулсан хөрөнгөө авна гэж Нийслэлийн 375 жилийн ой угтсан төлөвлөгөөнд тусгуулсан байсан. Бид ойн комисст ТББ-д албан тоот хүргүүлж Б.М  засвар хийсэн боловч хэдэн төгрөг оруулсныг нь мэдэхгүй, хууль ёсны хамгаалагч байгууллага нь “Икэл” ТББ байгаа гээд НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг хууль ёсны бичиг баримтыг хавсарган төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлж болохгүй тухай мэдэгдсэн. Хот ч хууль бус үйлдэл байна гээд Б.М т албан ёсоор мэдэгдэж дээрхи хууль бус үйлдэл зогссон болно. Үүнээс хойш М  нь ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хүсэлт гаргахдаа: НСУГ-ын дарга Ц.П  нь Нийслэлийн бодлогоор Богдхаан-1, Богдхаан-2 төв байгуулна, мөн нийслэлээс эргэн төлөх нөхцөлтэйгээр засвар хийлгэсэн гэх мэтээр хүмүүсийг төөрөгдүүлэх, миний биеийг гүтгэх үйл ажиллагаа эхэлсэн. М  нь удирдах ажил хийж байгаа хүний хувьд нийслэлийн бодлогоор болон эргэн төлөгдөх санхүүжүүлэх бүх ажил Нийслэлийн Засаг даргын нийгэм эдийн засгийн зорилт болон хэвлэгдэж нийслэлийн харъяа байгууллагуудад ном болон хэвлэгдэн тараагддагийг мэдэх юм. Энэ явуургүй үйл ажиллагаа нь үргэлжилж байх хооронд ССАЖЯам татан буугдаж соёлын өвтэй холбоотой цогц асуудлыг шийдэх сайдын тушаалаар байгуулагдсан комисс БСШУЯам дээр байгуулагдаж М  болон миний бие комиссын хуралд тайлбар өгсөн юм. Энэ үед М ийг төрийн өмчид зөвшөөрөлгүй засвар хийсэн нь хууль бус үйл ажиллагаа болсон байна гэж яригдснаас хойш 2015 оны 05-р сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж байцаагч Болд-Очирт өгсөн байцаалтандаа дээрхи байшинг Ц.П  өмчилж авсан, хувийн өмчиндөө хууран мэхэлж хөрөнгө оруулуулсан, 2010 онд засвар хийж дууссан гэх зэргээр урдны гүжир гүтгэлгүүдээ улам лавшруулж миний нэр төрд бүдүүлгээр халдаж эхэлсэн, Намайг 2010 оноос хойш хууран мэхэлж мөнгө өгөхгүй байна гэж байгаа боловч 2010-2013 онд мөн л хууль зөрчин засварын ажлаа үргэлжлүүлсээр байсан нь баримтаар нь нотлогдож байна. Мөн хувийн өмчилсөн газар, хувийн өмчдөө хөрөнгө оруулсан гэх мэт гүтгэсэн нь тухайн үед ч төрийн өмчид байсан, одоо ч байсаар байгаа, дээрхи өвийг устаж үгүй болохоос баттай хамгаалсан нь төр засгийн шийдвэрүүдээр бүрэн батлагдана. Дээрхи номын өргөө нь 2015 оны 10-р сарын 19-ны өдрийн 408-р тогтоолоор Удирдлагын академийн балансаас БСШУЯамны баланст шилжсэн болно. БСШУЯамны Соёлын өвийн хэлтсийн дарга Урантөгсийн 2015.11.11-ны 10/10719 албан тоот, Монгол Улсын Засгийн газрын 408-р тогтоолоор батлагдаж байна. М  дээрхи асуудлыг хариуцан хамгаалагч байгууллагатай хамтран зохих байгууллагад албан ёсоор тавьсан бол аль хэдийн шийдэгдэх байсан. Гэтэл 2014 оноос эхлэн Нийслэл, ССАЖЯам, БСШУЯамны холбогдох хүмүүст буруу ойлголт өгч хууран мэхлэх замаар төрөөс хөрөнгө гаргуулж авах гэсэн зальт үйлдэл нь одоог хүртэл үргэлжилж иргэн миний нэр төрийг нийслэл, салбарын яам, харъяа байгууллага хамт олны дунд санаатайгаар гутааж, улмаар намайг эрүүгийн хүнд гэмт хэрэгт санаатайгаар гүтгэж миний нэр төр, эрүүл мэнд, цаг завыг олон жилийн турш сэвтээж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Бид БСШУЯаманд болсон ажлын хэсгийн хурал дээр М  нь тухайн үедээ зөвшөөрөл аваагүй ч соёлын өвийг сэргээж зассан тул оруулсан хөрөнгийг нь олгож өгөх тухай санал хэлж байсан. Энэ хагас дутуу зассан байшингаа хамгаалагч болон эзэмшигч байгууллагад хүлээлгэж өгдөг ч үгүй, хэр хэмжээний мөнгө төгрөг орсноо тогтоолгохгүй яваад байгаа нь бас л нэг эргэлзээ төрүүлж байна. Бид мөрдөн байцаалтын шатанд санал тавьж аудит хийлгэсэн. ус номын өргөөг соёлын өв болохынх нь хувьд “Икэл /их хэл/ сан ТББ” нь хуулийн дагуу ИТХ-ын шийдвэр гаргуулж хамгаалалтын жагсаалтанд оруулах, кадастрын зураг хийлгэх Засаг даргын захирамж гаргуулж хамгаалалтын бүс тогтоолгох, газар эзэмших захирамж гаргуулах зэргээр эрх зүйн бүх баримтуудыг М ийн нэхэмжлэл болгосон хавтаст хэрэгт эх хувиас нь баталгаажуулан хавсаргасан нь М ийн хувийн өмч гэх мэтээр мэдүүлэг болгондоо янз бүрээр гүтгэснийг үгүйсгэсэн юм. 2016 онд шат шатны прокурорын тогтоол гарч намайг болон “Икэл" сан ТББ-ыг холбогдолгүй болохыг тогтоож, иргэний журмаар бусад байгууллагад хандах тухай шийдвэр гарсан байтал дахин дахин миний нэр төр, алдар гавъяа, цаг зав, эрүүл мэнд, ажил төрлийг алдагдуулж санаатайгаар гүтгэн гутаан доромжилж буйд гомдолтой байгаагаа илэрхийлж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М  нь хариуцагч Богд хааны ордон музей УТҮГ, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ болон иргэн Ц.П  нарт холбогдуулан засварын ажлын зардалд гаргасан 26 800 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас иргэн Ц.П д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.М  нь Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.П тэй харилцан тохиролцон түүний үүсгэн байгуулсан Икел сан ТББ-ын эзэмшил, хамгаалалтанд байсан Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт байрлах Богд хааны Хайстайн ламиран цогцолборын Номны өргөөний 178 м.кв байшинг сэргээн засварлах ажлыг 2010 онд хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.М  нь дээрх барилгын засварын ажлын зардалтай холбоотой асуудлаар иргэн Ц.П г эрүүгийн журмаар гомдол гаргаж, шалгуулж байсан байх ба Хан-Уул дүүргийн Прокурорын 2016 оны 1 сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолоор “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр” эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэснийг шат, шатны прокуророор хянуулсан байна. /хх-ийн 16-20/

Дээрх тогтоол болон прокурорын хариу мэдэгдэх хуудсуудад Б.М  нь Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.П тэй харилцан тохиролцон түүний үүсгэн байгуулсан Икел сан ТББ-ын эзэмшил, хамгаалалтанд байсан Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт байрлах Богд хааны Хайстайн ламиран цогцолборын Номны өргөөний 178 м.кв байшинг сэргээн засварлах ажлыг 2010 онд хийж гүйцэтгэсэн, уг засварын ажилд нийт 26.800.000 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэл дурджээ./хх-ийн 16-20/ 

Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Богд хааны зуны ордны зарим барилгыг Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд хамруулсан байх ба уг үл хөдлөх хөрөнгөөс “Номын өргөө”-г, газрын хамт /мужаан цехээр ашиглагдаж байсан/ Нийслэлийн Засаг даргын захирамжаар Монголын ардын урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ-д гэрээний үндсэн дээр эзэмшүүлж, 2010 оны 1 сарын 20-ны өдрийн 01 дугаар гэрээг байгуулж байсан байх ба уг гэрээнүүдийг хэрэгт ирүүлсэн байна./хх-ийн 30-35/

Тухайн үед уг “Номын өргөө” нь Удирдлагын академийн эзэмшилд бүртгэлтэй мужаан цехийн зориулалтаар ашиглагдаж байсныг Монголын ардын урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ нь дээрх гэрээний үндсэн эзэмшиж, урсгал засвар үйлчилгээг өөрсдөө хариуцан хийхээр гурвалсан гэрээгээр тохирсон байна.

 

Засгийн газрын 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 157 дугаар тогтоолоор Богдын зуны ордон... зэргийг Удирдлагын академийн эзэмшлээс Богд хааны ордон музейн эзэмшилд, Богд хааны ордон музейн балансад бүртгэлтэй хөрөнгө болсон байна./хх-ийн 27-28/  

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.М  нь дээрх хөрөнгийг засварласны дараа эрх бүхий байгууллагуудад засварын зардалд гаргасан 26 800 000 төгрөгийг гаргуулахаар хандаж байсан байх ба уг зардлыг гаргаж өгөх боломжгүй талаарх хариуг өгч байжээ./хх-ийн 7-15/

 

Эдгээрээс үзэхэд Б.М  нь тухайн үед уг барилгын эзэмшигч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ-ийн тэргүүн Ц.П тэй тохиролцож, 26 800 000 төгрөгийн зардал гаргаж, засварын ажил хийсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч нар нь уг барилгад завсар хийсэн эсэх асуудлаар болон үнийн дүнгийн талаар баримт гаргаж маргаагүй байна.

Иймд Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ болон Б.М  нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба уг ажлын үр дүнг Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ-д хүлээлгэн өгч, одоо уг барилга байгууламж нь Богд хааны ордон музейн эзэмшилд ашиглагдаж байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж ...зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.” гэснээр нэхэмжлэгч Б.М  нь Богд хааны ордон музейгээс оруулсан хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Харин Ц.П  нь тухайн үед Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байх үедээ хариуцсан асуудлынхаа хүрээнд албан тушаалтныхаа хувьд нэхэмжлэгч Б.М тэй хамтран ажиллаж байсныг уг хэрэгт хариуцагчаар оролцуулсан нь үндэслэлгүй юм.

 Дээрхийг нэгтгээд хариуцагч Богд хааны ордон музей УТҮГ, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ нараас 26 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгож, иргэн Ц.П д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Харин хариуцагч Богд хааны ордон музей УТҮГ-ны захирал О.Мэндсайхан, Ц.П  нар нь нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж гардаж авч шүүхэд хариу тайлбараа ирүүлсэн бөгөөд 2018 оны 1 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлж гардаж авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Богд хааны ордон музей УТҮГ, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ нараас 26 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мижүүрт олгож, Ц.П д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 291 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Богд хааны ордон музей УТҮГ, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан ТББ нараас улсын тэмдэгтийн хураамжинд 291 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.МӨНХЖАРГАЛ