Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 249

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02657 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч БХОМ УТҮГазар, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ, Ц.П-д  тус тус холбогдох

 

Засварын зардалд 26 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-ын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б,

Хариуцагч БХОМ УТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.А,

Хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-ын өмгөөлөгч А.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.П нь Нийслэлийн бодлогоор Монголын уламжлалт ёс заншил, соёл, сургалт сурталчилгааны Богд хаан-2 төв байгуулж Монголын түүхэн дурсгалт байшин, соёлын биет өвийн нэг болох Богд хааны номын өрөөний 178 м.кв байшинг сэргээн засварлах ажлын хүрээнд та өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгэж өгөөч, Нийслэлийн төсөв зардлыг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дээрх байшинг сэргээн засварлах бодлого баримталж байгаа гэсэн хүсэлт гаргасан.

Тухайн үед Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.П нь Монголын Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх И гэх ТББ байгуулчихсан, өөрөө тэргүүнээр нь ажилладаг байсан. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар 664 м.кв газрыг Түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар эзэмшдэг, 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан ба Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтыг хариуцах зорилгоор өмчлөгчийг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны газар, хамгаалагчийг төлөөлж Монголын Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх И ТББ-ын хооронд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Миний бие соёлын ажилтны хувьд Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх хэсэгт заасан соёлын талаарх иргэний үүргээ биелүүлэх зорилгоор Ц.П-тэй ямар нэг гэрээг бичгээр хийлгүйгээр итгэлцлийн үндсэн дээр түүний хүсэлтийг хүлээн авч, тус байгууламжийн гаднах болон доторх хэсгийн засварыг хийж гүйцэтгэн засварын зардалд нийт 26 800 000 төгрөг зарцуулсан. Энэхүү засварын зардлыг үнэн зөв, бодит үндэслэлтэй болохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, прокурорын газарт Ц.П нь шалгагдаж байх үед Хөрөнгө Эстимэйт ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосон.

Дээрх засварын зардал 2010-2012 онд эргэн төлөгдөх байсан хэдий ч тухайн цаг үед тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд миний бие холбогдох зардлаа эгүүлэн авах тухай хүсэлтээ тухайн үеийн Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зэрэг тодорхой албан тушаалтнуудад гаргаж байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсний дагуу Ц.П-д  холбогдуулж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар тогтоолоор Богдын зуны ордон, мужааны байрыг Удирдлагын академийн үндсэн хөрөнгийн блансанд бүртгэлтэй байсныг Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Богдын зуны ордон, Богдын торгон цэргийн байр, Дондогдуламын сэрүүн лавринг Удирдлагын академийн балансаас Богд хааны ордон музейд шилжүүлсэн. Иймд одоогийн Богд хааны ордон музейн өмчид бүртгэлтэй Богд хааны номын өргөөг сэргээн засварлахад миний өөрийн хөрөнгөөр зарцуулсан 26 800 000 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар “БХОМ” УТҮГ, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “И” ТББ-ын аль хариуцах этгээдээс нь гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БХОМ УТҮГазраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Богд хааны торгон цэргийн байр нь 2010 онд буюу иргэн Б.М-ийн засвар хийх үед Удирдлагын академийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн өмчийн барилга байсан. Тухайн үед мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага нь өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүрэгтэй.

2010 онд Удирдлагын академийн зүгээс өөрийн балансанд бүртгэлтэй барилгад өөр хуулийн этгээд засвар үйлчилгээ хийх үед нь дээрх хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл Удирдлагын академи буюу үндсэн эзэмшигч эс бөгөөс Төрийн өмчийн хорооноос ямар нэгэн үүрэг даалгавар авалгүй, эрх, үүргийн харилцаа үүсгэлгүйгээр Ц.П нь дур мэдэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан ба албан тушаалаа ашиглан шийдвэр гаргаснаар Б.М-г хохироосон байна.

Удирдлагын академийн өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй түүхэн барилгуудад хайхрамжгүй хандсанаас орхигдож бусдын дураараа авирласан үйлдэл хийх нөхцлийг бүрдүүлсэн. Аливаа түүхэн дурсгалт барилга байшинг Соёлын өвд бүртгэхдээ түүний түүх, соёл шинжлэх ухааны ач холбогдлыг нь харгалзан үздэг. Засварын ажлыг сэргээн засварлах зураг төсөвгүй хийсэн нь тухайн үед мөрдөж байсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Богд хааны торгон цэргийн байр нь Засгийн газрын 2016 оны 157 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейд балансаас балансад шилжсэн.

Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үйл явдал энэ шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө болсон бөгөөд Б.М-тэй энэ барилгын асуудлаар ямар нэгэн эрх, үүрэг байхгүй, гэрээ хэлцэл байгуулж үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайн үеийн эзэмшигч байсан, хэлцэл хийсэн этгээд хариуцах ёстой гэжээ.

 

Хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005-2013 оны хооронд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргаар ажилласан бөгөөд 2002 онд ардын урлагаа, уламжлалт өв соёлоо хадгалж хамгаалах “И” ТББ-ыг зорилго нэгт нөхдүүдтэйгээ байгуулж, төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлж, 2007 оноос ажиллаж байсан тус ТББ-ын гүйцэтгэх захирлуудын идэвхитэй зүтгэл санаачилгаар Удирдлагын Академийн балансад бүртгэлтэй төрийн өмч болох Богд хааны сэрүүн ордон, Номын өргөөг устаж үгүй болох аюулаас хамгаалж авч үлдэх үүднээс тухайн үед тэнд амьдарч байсан айлуудад газар, гэр, хашаа барьж өгөх зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж, НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолоор албан ёсны хамгаалагч байгууллага болж өнөөдрийг хүртэл хамгаалж ирсэн.

Энэ үед төрөөс соёлын өвийг хамгаалах хөрөнгө, мөнгө хомс, манай газар 5 мэргэжилтэнтэй нийслэлийн соёлын салбарыг бүрэн хариуцдаг тул хүн хүч дутмаг байсан үед төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн хүрээнд ТББ-ын хүчийг ашиглан Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол, НЗД-ын 2008 оны 148, 357, 464 тоот захирамжууд гаргуулан кадастр хийлгэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулж хамгаалалтын бүс тогтоолгон хашаа барьж манаачтай болгон, устаж үрэгдэх аюулаас хуулийн дагуу бүрэн хамгаалж чадсан юм. Энэ үед манай газрын харъяа байгууллага Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирлаар томилогдсон Б.М  дээрх объектыг сонирхон Ардын урлагийн сургалт судалгааны төв болгон сэргээн засах, төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмтэй, хүүхэд залуучуудад соёл, ёс заншлаа дээдлэн суралцдаг газар болгох гэж байгааг мэдээд 2009-2010 онд тэрээр, хөрөнгө оруулж засаад үйл ажиллагаанаасаа оруулсан хөрөнгөө эхний ээлжинд гаргаж авах саналыг удаа дараа тавьсан.

Тухайн үед дээрх байшинд Удирдлагын академи мужаан цехээ ажиллуулж байгаад айлууд тойруулж газрыг нь авч гишгэх газаргүй шахам болж ажиллахаа байсан, гудамжны хүмүүс орж гал түлж амьдарч хүнд байдалд байсан. Ингээд Б.М-ийн тавьсан саналыг дэмжиж, зураг төсөв хийлгэж холбогдох байгууллагаар батлуулах, санхүүгийн хяналт дор хөрөнгө оруулж засварлаж болох талаар санал солилцож байх хооронд шууд дур мэдэж засвар эхэлсэн байсан. Энэ үед миний бие соёлын өв хариуцсан мэргэжилтэн М.Отгончимэгийг явуулж газар дээр нь шалгуулж зураг авахуулан баримтжуулж ажлыг нь зогсоох оролдлого хийсэн ч тойроод айлын хаусууд шахаж барьсан, тоос шороо бужигнасан, барилгын материалууд буулгасан нөхцөл хүнд байсан тул Б.М-г дуудан ажил дураараа эхэлснийг нь хэлж зэмлэсэн ч би зургаа хийлгэж байгаа гэхээс өөр үг хэлж чадаагүй.

Хаврын улирал, шороо тоос, орчны нөхцөл байдал хүнд байсан тул оруулсан хөрөнгийг нь аудит хийлгэж тогтоохоос өөр аргагүй байдалд хүрч ажил үргэлжилсээр тухайн байшингийн ханыг хөнгөн блокоор өрж, шалыг цутгаснаар ажил зогссон. Ингээд 2011-2013 онд Б.М дулаан бохирын асуудлыг шийдүүлэхээр судалж байна, хөөцөлдөж байна, айлуудтай тохиролцож байна гэсээр цаг хугацааг өнгөрөөсөн ба 2013 оны 10-11 сард би БНХАУ-д эмчлүүлж байгаад ирэхэд зогсоо зайгүй мессеж бичиж, одоо дулаан бохирын асуудлыг шийдэх гэж байна, оршин суугчид шугам хоолойг янзлахад 1 тэрбум төгрөг нэхэж байна, яаралтай уулзмаар байна гэснээр миний бие номын өргөөний хажуу байрныхан болон Нийслэлийн дулааны газрын хүмүүстэй хамтран уулзсан. Тэгэхэд байрны оршин суугчид Б.М  гэдэг хүн үлгэр шиг юм яриад алга болсон, бид мөнгө нэхээгүй, манай байрны худаг руу бохироо хаяж болно гэсэн, дулааны байгууллагынхан ч 15 саяд бүх ажил багтана гэсэн, гадаа хүйтэрлээ хавар дулаан орохоор хийлгэнэ гээд Б.М  тэр хүмүүстэй үлдсэн. Үүнээс хойш 2014 онд би Хөх хотод эмчилгээнд яваад ирэхэд Б.М  хаягдсан байсан соёлын өвийг хөрөнгө оруулж зассан, Нийслэлийн музейд өгч оруулсан хөрөнгөө авна гэж Нийслэлийн 375 жилийн ой угтсан төлөвлөгөөнд тусгуулсан байсан.

Бид ойн комисст ТББ-д албан тоот хүргүүлж Б.М  засвар хийсэн ч хэдэн төгрөг оруулсныг нь мэдэхгүй, хууль ёсны хамгаалагч байгууллага нь “И” ТББ байгаа гээд НИТХ-ын тогтоол, НЗД-ын захирамж зэрэг хууль ёсны бичиг баримтыг хавсарган төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлж болохгүй тухай мэдэгдсэн. Хот ч хууль бус үйлдэл байна гээд Б.М-т албан ёсоор мэдэгдэж дээрх хууль бус үйлдэл зогссон. Үүнээс хойш Б.М  нь ССАЖ-ын сайдад хүсэлт гаргахдаа НСУГ-ын дарга Ц.П нь Нийслэлийн бодлогоор Богдхаан-1, Богдхаан-2 төв байгуулна, нийслэлээс эргэн төлөх нөхцөлтэй засвар хийлгэсэн гэх мэтээр хүмүүсийг төөрөгдүүлэх, намайг гүтгэх үйл ажиллагаа эхэлсэн. Б.М  нь удирдах ажил хийж байгаа хүний хувьд нийслэлийн бодлогоор болон эргэн төлөгдөх санхүүжүүлэх бүх ажил Нийслэлийн Засаг даргын нийгэм эдийн засгийн зорилт болон хэвлэгдэж нийслэлийн харъяа байгууллагуудад ном болон хэвлэгдэн тараагддагийг мэдэх юм. Энэ явуургүй үйл ажиллагаа нь үргэлжилж байх хооронд ССАЖЯам татан буугдаж соёлын өвтэй холбоотой цогц асуудлыг шийдэх сайдын тушаалаар байгуулагдсан комисс БСШУЯам дээр байгуулагдаж би болон Б.М  комиссын хуралд тайлбар өгсөн.

Энэ үед Б.М-г төрийн өмчид зөвшөөрөлгүй засвар хийсэн нь хууль бус үйл ажиллагаа болсон гэж яригдсанаас хойш 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, өгсөн байцаалтдаа дээрх байшинг Ц.П өмчилж авсан, хувийн өмчдөө хууран мэхэлж хөрөнгө оруулуулсан, 2010 онд засвар хийж дууссан гэх зэргээр урдны гүжир гүтгэлгүүдээ улам лавшруулж миний нэр төрд бүдүүлгээр халдаж эхэлсэн. Намайг 2010 оноос хойш хууран мэхэлж мөнгө өгөхгүй байна гэж байгаа ч 2010-2013 онд мөн л хууль зөрчин засварын ажлаа үргэлжлүүлсээр байсан нь баримтаар нотлогдож байна.

Мөн хувийн өмчилсөн газар, хувийн өмчдөө хөрөнгө оруулсан гэж гүтгэсэн нь тухайн үед ч төрийн өмчид байсан, одоо ч байсаар байгаа, дээрхи өвийг устаж үгүй болохоос баттай хамгаалсан нь төр засгийн шийдвэрүүдээр бүрэн батлагдана. Дээрхи номын өргөө нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 408 тоот тогтоолоор Удирдлагын академийн балансаас Боловсрол соёл шинжлэх ухааны яамны баланст шилжсэн нь Соёлын өвийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний 10/10719 албан тоот, Засгийн газрын 408 тогтоолоор батлагдаж байна. Б.М  дээрх асуудлыг хариуцан хамгаалагч байгууллагатай хамтран зохих байгууллагад албан ёсоор тавьсан бол аль хэдийн шийдэгдэх байсан. Гэтэл 2014 оноос эхлэн Нийслэл, ССАЖЯам, БСШУЯамны холбогдох хүмүүст буруу ойлголт өгч хууран мэхлэх замаар төрөөс хөрөнгө гаргуулж авах гэсэн зальт үйлдэл нь одоог хүртэл үргэлжилж миний нэр төрийг нийслэл, салбарын яам, харъяа байгууллага хамт олны дунд санаатайгаар гутааж, улмаар намайг эрүүгийн хүнд гэмт хэрэгт санаатайгаар гүтгэж миний нэр төр, эрүүл мэнд, цаг завыг олон жилийн турш сэвтээж байгаад гомдолтой байна.

Бид Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд болсон ажлын хэсгийн хурал дээр Б.М  тухайн үедээ зөвшөөрөл аваагүй ч соёлын өвийг сэргээж зассан тул оруулсан хөрөнгийг нь олгож өгөх тухай санал хэлж байсан. Энэ хагас дутуу зассан байшингаа хамгаалагч болон эзэмшигч байгууллагад хүлээлгэж өгдөг ч үгүй, хэр хэмжээний мөнгө төгрөг орсноо тогтоолгохгүй яваад байгаа нь бас л нэг эргэлзээ төрүүлж байна. Бид мөрдөн байцаалтын шатанд санал тавьж аудит хийлгэсэн.

Тус номын өргөөг соёлын өв болохынх нь хувьд “И" ТББ нь хуулийн дагуу Иргэдийн нийтийн хурлын шийдвэр гаргуулж хамгаалалтын жагсаалтад оруулах, кадастрын зураг хийлгэх Засаг даргын захирамж гаргуулж хамгаалалтын бүс тогтоолгох, газар эзэмших захирамж гаргуулах зэргээр эрх зүйн бүх баримтуудыг Б.М-ийн нэхэмжлэл болгосон хавтаст хэрэгт эх хувиас нь баталгаажуулан хавсаргасан нь Б.М-ийн хувийн өмч гэх мэтээр мэдүүлэг болгондоо янз бүрээр гүтгэснийг үгүйсгэсэн юм. 2016 онд шат шатны прокурорын тогтоол гарч намайг болон “И" ТББ-ыг холбогдолгүй болохыг тогтоож, иргэний журмаар бусад байгууллагад хандах тухай шийдвэр гарсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт хийсэн ажлын үр дүнг хүлээн авах гэж байна. Гэтэл би хүлээн авах үүрэггүй, одоо Богд хааны ордон музейд шилжсэн тул эднийх хариуцахаас манайх хариуцахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД:8073287/ Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТТБ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 230 000 төгрөг гаргуулан, Боржигон овогтой Банзрагчийн М-т /РД:ШБ630719013/ олгож, шаардлагаас үлдэх 1 570 000 төгрөг гаргуулах болон “БХОМ” УТҮГ-т /РД:9120572/ холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 291 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ТББ-аас тэмдэгтийн хураамжинд 284 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-ын төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-т заасныг баримталсан нь агуулгын хувьд харшилж байна. Учир нь төрийн өмчийн барилгын засварын ажлыг харилцан тохиролцсон бичгээр хийгдсэн гэрээ байхгүй, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан бодитой нөхцөл үүсээгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2018/01106 дугаартай тогтоолд зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх, үүссэн бол хэн ямар эрх эдэлж, үүрэг, хариуцлага

хүлээхийг тогтоогоогүй, тухайн барилга төрийн эсхүл орон нутгийн өмчийн алинд нь хамаардаг, аль байгууллагын зөвшөөрөл гэрээний үндсэн дээр уг хөрөнгөд засвар хийх эрх зүйн үндэслэл бий болсон, нэхэмжлэгч хэнтэй тохиролцсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 355 дугаар зүйлд зааснаар барилгыг хүлээн аваагүй хөлс төлөх үүргийг биелүүлээгүй байна гэж дүгнэжээ. Ямар ч гэрээний зүйлгүй, хэн хэнд хэдэн төгрөг төлөх, хэнээс хэдэн төгрөгийн төсөвтэй хэний зөвшөөрөлтэй засварласан барилгыг яаж хүлээн авах вэ.

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хуульд нийцэхгүй байна. Учир нь энэ заалт зөвхөн бичгээр хийсэн хэлцэлд хамаарахаар заажээ. Харин Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгээгүйд тооцно, хэрэв хэлцлийг амаар хийсэн гэж үзвэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2-т заасныг мөн хангаагүй, өөрөөр хэлбэл ямар ч нөхцлөөр гэрээ хийгдээгүй болно. Мөн анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг үндэслэн "...нөгөө этгээд буюу хариуцагч тал үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан тал зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй..." гэж дурьджээ. Энд хэн, хэрхэн, яаж хөрөнгөжсөн нь учир битүүлэг байна. Учир нь уг барилга төрийн өмч байсан, одоо ч төрийн өмчдөө хэвээрээ байгаа, төрийн бус байгууллага болон өөр бусдын өмчлөлд байгаагүй. Хэрэв хэн нэг нь хөрөнгөжсөн бол хөрөнгө нь одоогийн өмчлөгч БХОМ УТҮГ байх болов уу.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөрт ороод байгаа И төрийн бус байгууллага нь энэ ажил үүрэг гүйцэтгэх гэрээгүй засварын ажлаас яаж хэдэн төгрөгөөр хөрөнгөжсөн нь тодорхойгүй, өөрийн өмчлөл эзэмшилд ямар нэг эд хөрөнгөгүй, нийгэмд чиглэсэн болон соёлын бодлогыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг, ямар нэг засварын ажил хийлгэх гэрээ байгуулах эрх бүхий биш зөвхөн уг газрыг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй, ашгийн төлөө бус байгууллага юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь ажил үүргийг гэрээгээр гүйцэтгэсэн талаар заасан байхад дур зоргоороо гэрээний эрх зүйн үндэс бүрдээгүй байхад засварын ажил хийснийг хэлээгүй байх.

Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.1-д заасныг баримталсан байна. Энд "...гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол..." гэж заасан байна. Энэ заалтын дагуу хэн хэнтэй, хэдий хугацаанд, ямар ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад яаж хохироосон, энэхүү засварын ажил Иргэний хуульд заасанчлан хиймэгц биелэгдэх /алган/ гэрээ биш юм. Харин дээр дурьдсанчилсан төсөв тооцоотой холбогдох өмчийн эзний /байгууллагын/ зөвшөөрөлтэй бичгээр үйлдсэн гэрээ байх ёстой гэж үзэж байна. Икэл төрийн бус байгууллагын зүгээс иргэн Б.М-ийн гүтгэлгүүдийг баримт гаргуулан нотлуулах манай хүсэлтийг хангаагүй явдалд бид харамсаж байгаагаа илэрхийлье. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.М  нь хариуцагч “БХОМ” УТҮГ, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТТБ, Ц.П-д  тус тус холбогдуулан засварын ажлын зардал 26 800 00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагч “И” ТББ болон иргэн Ц.П-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, хариуцагч “БХОМ” УТҮГ-ыг бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэх үндэслэл зааж Богд хааны номын өргөөг /цаашид номын өргөө гэх/ сэргээн засварлахад гаргасан зардал болох 26 800 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Богд хааны номын өргөөг  Нийслэлийн хамгаалалтад авсан төрийн өмч байх бөгөө, уг номын өргөө нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  заасан түүх, соёлын өвд хамаарч байна.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн соёл урлагийн газар, “И ТББ нь 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 01 тоот Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Нийслэлийн өмчийн харилцааны газар нь уг номын өргөөний өмчлөгчийн хувьд түүх соёлын дурсгалт зүйлийн эзэмшил, хамгаалалтанд хяналт тавих, Нийслэлийн соёл урлагийн газар нь уг номын өргөөг эзэмшилдээ байлгах хугацаанд сэргээн засварлах, урсгал засвар хийх, анхных нь төрх байдлыг өөрчлөхгүй, эвдэж гэмтээхгүй, бүрэн бүтэн байлгах, хамгаалах, “И” ТББ номын өргөөний эзэмшигчийн үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах, эзэмшил, ашиглалт хамгаалалтад хяналт тавих үүрэг хүлээжээ.

 

Энэ гэрээгээр номын өргөөг сэргээн засварлах ажлыг Нийслэлийн соёл урлагийн газар хариуцахаар тохирсон бол “И” ТББ аливаа байдлаар уг номын өргөөнд сэргээн засварлах ажил хийх үүрэг хүлээгээгүй байна.

 

Түүнчлэн, дээрх гэрээнд Нийслэлийн соёл урлагийн газар сэргээн засварлах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийхдээ зураг төслийг боловсруулах, зураг төсөл нь судалгаа шинжилгээнд үндэслэгдсэн байх шаардлагыг урьдчилсан нөхцөл болгон тохирчээ.

 

Мөн энэхүү гэрээгээр Нийслэлийн соёл урлагийн газар нь “И” ТББ-тай сэргээн засварлах ажил гүйцэтгэх гэрээ байгуулах харилцааг зохицуулаагүйгээс гадна “И” ТББ нь соёлын өвийг сэргээн засварлах мэргэжлийн байгууллага бус байна.

 

Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор Богд хааны номын өргөө нь Удирдлагын академи Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан, одоогоор “Богд хааны ордон музей” УТҮГ-ын баланст шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч Б.М  нь хариуцагч “И” ТББ-аас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын зардлаа шаарджээ.

 

Хариуцагч “И” ТББ нь нэхэмжлэгч Б.М-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй гэж маргасан боловч уг номын өргөөнд Б.М  2010-2012 оны хооронд засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь фото зургууд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь төрийн өмч, соёлын өв байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгч болон хариуцагч “И” ТББ нь ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа өмчлөгч болох төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гэдгийг нотлоогүй болно.                                    /1 дүгээр хавтасны 28, 209-211 дугаар тал/

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлахдаа өмчлөгчийн буюу Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл аваагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

Дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах боломжгүй. Учир нь хариуцагч “И” ТББ-ын өмчлөлд Богдын номын өргөө байхгүй учраас гэрээний үр дагаврыг арилгаж “И” ТББ-аас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар засварын зардал 26 800 000 төгрөгийг гаргуулах боломжгүй.

 

Богд хааны номын өргөөг Удирдлагын академийн балансаас “БХОМ” УТҮГ-т шилжүүлсэн нь “БХОМ” УТҮГ-ыг төрийн өмчийн өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд хариуцагч “БХОМ” УТҮГазар, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-д тус тус холбогдуулан гаргасан засварын ажлын зардал 26 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.М  хариуцагчаар Ц.П-г тодорхойлж шүүх 3 хариуцагчид холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М  хариуцагч Ц.П-д  холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2018/09909 шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт байгаа боловч тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч Б.М  хариуцагч Ц.П-д  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “И” ТББ, иргэн Ц.П, “БХОМ” УТҮГ-т холбогдуулан гаргасан засварын ажлын зардал 26 800 000 төгрөг гаргуулах тухай Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан “БХОМ” УТҮГ, “И” ТББ, Ц.П нарт холбогдох засварын ажлын зардал 26 800 000 төгрөг гаргуулах тухай Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-ын төлөөлөгч Ц.П-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ