Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0236

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 09 өдөр Дугаар 128/ШШ2020/0236 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаарСХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч:СХХК /РД:******/

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Сангийн яамны илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохыг Сангийн яаманд даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г,Р.М, нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчСХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:  Манай компани илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авахаар Улсын төсвийн орлого хяналтын газарт хуулийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 03/255 дугаартай албан бичиг хүргүүлж хандсан.

Бидний гаргасан хүсэлтийг харьяа татварын алба болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулийн дагуу шалган холбогдох арга хэмжээ авч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олгох татварын хэмжээг баталгаажуулан бидэнд мэдэгдэж улмаар Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/3748 дугаар албан бичгээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/3650 дугаартай албан бичгээр Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт танай компанийн буцаан олгох татварыг баталгаажуулан хүргүүлсэн гэдгийг албан ёсоор бидэнд мэдэгдсэн билээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам-ын дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргахаар зохицуулсан бөгөөд манай компаний нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой холбоотой хуулийн хугацаа 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг болтол ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Иймд Монгол Улсын Сангийн яам хуулийн дагуу манай компаний илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргахгүй байгаа тул энэхүү эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт заасны дагуу татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас татвар төлөгчид буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж саналаа Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлдэг. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хууль болон Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам-ын дагуу энэхүү саналыг хянан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг

Татварын ерөнхий газраас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/3650 тоот албан бичгээрСХХК-ийн 3,426,976,089.50 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан акт, буцаан авах болон бусад татварт суутган тооцуулах хүсэлтийг хянан үзэж, шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага чиг үүргийнхээ хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хүсэлтийг хянаж үзээдСХХК нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авахдаа хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг нягтлах шаардлагатай тул хүсэлтийг Татварын ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 4-2/8548 тоот албан бичгээр буцаахаар шийдвэрлэсэн.

Иймд Сангийн яамнаас эс үйлдэхүй гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А Сангийн яамнаас ирүүлсэн албан бичигт дараах тайлбарыг шүүхэд ирүүлжээ: Сангийн яамнаас ирүүлсэн хариу тайлбарт ...СХХК нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авахдаа хууль заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг нягтлах шаардлагатай тул хүсэлтийг Татварын ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-2/8548 тоот албан бичгээр буцаахаар шийдвэрлэсэн гэжээ.

Татварын ерөнхий газраас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01/3650 дугаартай албан бичгийг манай компанид ирүүлж бидний илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлсэн гэсэн билээ. Бид татварын ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Сангийн яаманд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 03/14 дугаартай албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 03/24 дугаартай албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг болтол бидэнд Сангийн яамнаас ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

Манай компани удаа дараа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголттой холбоотой ямар шийдвэр гарсан тухай лавлаж асууж байхад өнөөдрийг болтол бидэнд хуулийн дагуу ямар нэгэн хариу өгч шийдвэрлэсэн эсэх тухай мэдэгдээгүй учраас бид Сангийн яамыг шүүхэд өгч хуулийн дагуу авах ёстой мөнгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Гэтэл биднийг шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсний дараа шүүхэд Татварын ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-2/8548 тоот албан бичгээр манай нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хүсэлтийг буцаан шийдвэрлэсэн гэж хэлж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь биднийг удаа дараа яаж шийдвэрлэсэн тухай асууж албан бичиг хүргүүлж байхад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрлэсэн гэж бидэнд огт мэдэгдээгүй байж гэнэт манай нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрлэсэн гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байгааг баталж байна.

Мөн манай компанид төрийн эрх бүхий байгууллагаас танай компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөнгө байна гэж гэрчилгээ олгосон. Бидний зүгээс хууль бусаар дур мэдэж албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ аваагүй бөгөөд бид энэхүү гэрчилгээний дагуу татвараа төлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэхүү гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь төрийн эрх бүхий албан тушаалтан болох татварын байцаагчийн эрх мэдлийн хүрээнд хийгдэх ажил юм

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зүйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна: гэж заасны дагуу манай компани шууд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох учир тул хуулийн шаардлага болзолыг хангасан учраас бидэнд татварын байцаагч өөрийн эрх мэдлийн хүрээнд гэрчилгээ олгосон байхад энэхүү гэрчилгээ нь биднээс татвар авахдаа хүчин төгөлдөр хэрэгжиж, биднээс авсан татварыг хуулийн дагуу буцаан олгох болохоор хүчингүй болдог тийм шударга бус зүйл гэж байж болохгүй юм.

Хэрэв энэхүү гэрчилгээ нь хууль бус гэж үзвэл төр буюу төрийн эрх бүхий байгууллага манай компанид хохирол учруулсан гэх тусдаа асуудал яригдах бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй асуудал үүсэх билээ.

Сангийн яам биднээс үл хамаарах шалтгаанаар манай компанийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтыг олгохгүй, үндэслэлгүйгээр татгалзаж удаашруулж байгаа явдал нь Сангийн яамны эс үйлдэхүй мөн юм.

Иймд Сангийн яамнаас ирүүлсэн хариу тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хуулийн дагуу яаралтай шийдвэрлэж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

НэхэмжлэгчСХХК нь Монгол Улсын Сангийн яамны илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохыг Сангийн яаманд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

С******* ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/-ын илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс хянан үзэж, баталгаажуулан тус хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №03/1419 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэн байна.

Улмаар Татварын ерөнхий газарСХХК-ийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулан акт үйлдэж, холбогдох баримтуудын хамт Татварын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №01/3650 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн байна.

Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай №4-2/8548 тоот албан бичгээр ...Иймд тус компани нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авахдаа хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байсан эсэх нь эргэлзээтэй байх тул үүнийг нягтлан шалгах нь зүйтэй байна... гэсэн хариуг Татварын ерөнхий газрын даргад өгсөн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно, 15.1.1-д албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ, 15.1.2-т харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ, 15.3-д Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно, 15.3.1-д албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх,15.3.2-т худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх, 15.3.3-д албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх, 15.3.4-д бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх,15.6-д Энэ хуулийн 15.5-д заасан буцаан олголт авах этгээд тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт дараа сарын 10-ны өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ,15.7-д Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ,15.8-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана, 15.9-д Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заасан байна.

Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 3.1-д Албан татвар суутган төлөгч нь Хуулийн 15.1.1-д заасны дагуу илүү төлсөн албан татвараа буцаан авах хүсэлт гаргана, 4.1-д Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг шалгаж, албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулах актыг үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ, 4.2-т Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 3.2-т заасан дипломат төлөөлөгчийн болон консулын газрын хүсэлт, 4.1-д заасан татварын албадаас ирүүлсэн акт, саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан хянаж, албан татварыг буцаан олгох, суутган тооцох эсхүл дахин хянахаар шийдвэрлэсэн тухай бичгээр буюу цахим хэлбэрээр албан татвар суутган төлөгч буюу дипломат төлөөлөгчийн болон консулын газар (цаашид буцаан олголт хүссэн этгээд гэх)-т мэдэгдэнэ. Мэдэгдэлд буцаан олгох албан татварын хэмжээ, өөрчлөгдсөн болон дахин хянах болсон үндэслэл зэргийг бичсэн байна, 5.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.4, 4.5-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногт багтаан илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ, 5.1.1-д Төсвийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгж нь саналыг хүлээн авснаас хойш ажлын 40 хоногт багтаан саналыг хянаж, буцаан олголт хүссэн этгээдэд албан татвар буцаан олгох болон бусад татварын өрөнд суутган тооцох санхүүжилтийн эрхийг нээн, санхүүжилтийн мэдэгдлийг дөрөвдүгээр хавсралтын дагуу бичиж, санхүүжилт хариуцсан Төрийн сангийн нэгжид хүргүүлнэ гэж тус тус заасан байна.

Дээрх хууль болон журмын холбогдох зохицуулалтуудыг судлан үзэхэд харъяалах татварын алба, улмаар Татварын ерөнхий газар хянаж баталгаажуулан ирүүлсэн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яам буцаах талаархи зохицуулалт байхгүй байна.

Тодруулан хэлбэл тухайн асуудлыг дагнан хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хянан үзэж баталгаажуулан ирүүлсэн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгуулах саналыг төрийн захиргааны төв байгууллагын зүгээс буцаах талаархи зохицуулалт дээр дурдсан хууль, журамд байхгүй байна.

Мөн дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс болон Татварын ерөнхий газар ньСХХК-ийн хүсэлтийг хянан үзэж, тус компанийн илүү төлсөн НӨАТ-ыг баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана 6.8-д Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно, 6.11-д Энэ хуулийн 4.1.13, 4.1.14, 4.1.15, 6.2-т заасан падаан, баримт, гэрчилгээний загвар, албан татвар суутган төлөгч болон албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахтай холбоотой журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална гэж тус тус заасан байна.

Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны
 өдрийн А/22 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг баталсан байна.

Мөн дээрх хууль, журмын холбогдох зохицуулалтуудыг судлан үзэхэд татвар төлөгч нь анх нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэн, гэрчилгээ авахдаа хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг Сангийн яам хянах талаар зохицуулалт байхгүй, ийм эрх хэмжээ Сангийн яаманд олгогдоогүй байна.

2008 оны Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана, 17.1-д Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ, 17.1.4-д илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах, 231 дүгээр зүйлийн 231.1-д Татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, ... татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх ... зарчим баримтална гэж тус тус заасан байна.

Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ... эрх чөлөө, ... хууль дээдлэх явдал мөн гэж заасан байна.

Нийтийн эрх зүйн харилцаанд захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох буюу хууль дээдлэх зарчим үйлчилнэ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд татварын эрх зүйн харилцаанд татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг төрийн байгууллагын зүгээс баримтлахаар, илүү төлсөн татварыг буцаан авах нь татвар төлөгчийн үндсэн эрх, Татварын ерөнхий газар хянаж баталгаажуулан ирүүлсэн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яам буцаах талаархи болон НӨАТ суутган төлөгчөөр анх бүртгүүлэн, гэрчилгээ авахдаа хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг Сангийн яам хянах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11,15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.7, 15.8, 15.9, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1.4, 231 дүгээр зүйлийн 231.1, Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,СХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Сангийн яамны үйлдэл хууль бус болохыг тогтоож,СХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохыг Монгол Улсын Сангийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчСХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ