Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0440

 

 

“С” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор “С” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 236 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11,15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.7, 15.8, 15.9, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1.4, 231 дүгээр зүйлийн 231.1, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С” ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Сангийн яамны үйлдэл хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохыг Монгол Улсын Сангийн яаманд даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, К.Г нар давж заалдах гомдолдоо: “... 1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт зааснаар Татварын ерөнхий газар нь дүнг баталгаажуулан саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд хүргүүлнэ. Энэ нь “санал” бөгөөд эцсийн шийдвэр биш юм. Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 5.1 дэх хэсэгт зааснаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын нэгж нь саналыг хүлээн авснаас хойш 40 хоногт “саналыг хянан” шийдвэрлэхээр заасан. Үүний дагуу саналыг хянан шийдвэрлэсэн.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Хуулийн энэ заалтаар буцаан олголтыг хянан баталгаажуулах эрхийг Сангийн сайдад олгосон. Үүний дагуу Сангийн яаманд ирсэн хүсэлтийг хүлээж аваад хянаж үзэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасан хугацаанд “С” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авахдаа хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг нягтлах шаардлагатай байсан тул хүсэлтийг буцаан шийдвэрлэж Татварын ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-2/8548 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл Сангийн яамнаас ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд Татварын ерөнхий газарт тодорхой асуудлыг хянуулахаар буцаан шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан эс үйлдэхүй байхгүй юм.

3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас буцаан хүргүүлсэн албан бичгийн дагуу Татварын ерөнхий газар нь тухайн асуудлыг хянан үзээд албан бичигт дурдсан асуудал үүссэн эсэхийг хянан дахин ирүүлэх байтал энэхүү хэрхэн шийдвэрлэсэн талаар болон баталгаажуулах хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлээгүй. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газар нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож энэ талаар тодорхой тайлбар гаргах байсан буюу шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь заалтад заасны дагуу Татварын ерөнхий газрыг гуравдагч этгээдээр татаж тайлбар гаргуулах байтал энэхүү арга хэмжээг аваагүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтой нөлөөлсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Гүлжан, Р.Мягмаржав нарын давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “С” ГХОХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/-ын илүү төлөлтөө буцаан авах хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс хянан үзэж, баталгаажуулан улмаар тус хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 03/1419 дүгээр албан бичгээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэн байна.

Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно”, 15.1.1-д “албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ”, 15.1.2-т “харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж заасантай тус тус нийцсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн баримтыг Татварын ерөнхий газар хянан үзээд, “С” ГХОХХК-ийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулан акт үйлдэж, холбогдох баримтуудын хамт Татварын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/3650 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлсэн болох нь тус тус тогтоогджээ. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” заасны дагуу явагдсан хууль ёсны үйлдэл байна.

Гэтэл Монгол Улсын Сангийн яамны зүгээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар асуудлыг шийдвэрлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргажээ.

Тодруулбал, Татварын ерөнхий газар “С” ГХОХХК-ийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулан акт үйлдэж, холбогдох баримтуудын хамт Татварын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/3650 дугаар албан бичгээр Сангийн яаманд хүргүүлснээс хойш Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу ямар нэгэн шийдвэр гаргаагүй, өнөөдрийг хүрчээ.

Монгол Улсын Сангийн яам Татварын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/3650 дугаар албан бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн /ажлын 10 хоног/ дараа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-2/8548 дугаар албан бичгээр “... Иймд тус компани нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авахдаа хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байсан эсэх нь эргэлзээтэй байх тул үүнийг нягтлан шалгах нь зүйтэй байна ...” гэсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх хариугаа Татварын ерөнхий газраас аваагүй, орхигдуулсан байна. Энэ нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болж чадахгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар “шуурхай, тасралтгүй байх” нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим мөн. Гэтэл Сангийн яам энэхүү зарчмыг зөрчжээ. Нэгэнт хуулиар Сангийн яам шийдвэр гаргахаар хуульчилсан асуудлын тухайд Сангийн яам өөрөө хариуцан судалж, зохих шийдвэрээ гаргах үүрэгтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн тайлбараар тухайн хуулийн этгээд 2019 онд НӨАТ төлсөн төдийгүй, 2020 онд ч төлсөөр байгаа ажээ. Гэтэл 45 хоногт шийдвэрлэгдэх ёстой 2019 оны НӨАТ-ын асуудлаа өнөөдрийг хүртэл шийдвэрлүүлж чадаагүй байна.

Хариуцагчаас Татварын ерөнхий газар судлаад манайд хариу ирүүлээгүй, Татварын ерөнхий газартай маргах ёстой гэсэн агуулгатай тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.

Татварын ерөнхий газар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн тул нэхэмжлэгчээс тухайн байгууллагатай маргах үндэслэлгүй. Иймд Татварын ерөнхий газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчид чиглээгүй, түүнд хаяглагдаагүй, төрийн 2 байгууллага хоорондын лавлагаа авах журмаар явуулсан гэж үзэхүйц албан бичигтэй нэхэмжлэгч маргах үндэслэлгүй юм.

Нэмж дурдахад Сангийн яам манайх “Нэмэгдсэн өргийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснийг нэмж тодруулахаар буцаасан” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэгдүгээрт харьяалах татварын алба, улмаар Татварын ерөнхий газар хянаж баталгаажуулан ирүүлсэн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яам буцаах талаарх зохицуулалт байхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хоёрдугаарт нэгэнт илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг одоо тухайн үедээ бүртгэл буруу хийгджээ гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. НӨАТ төлөгчийн гэрчилгээг төрийн захиргааны байгууллагаас олгож буй бөгөөд одоо нэхэмжлэгчийг Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн эсэх эргэлзээтэй тул шалган судлах шаардлагатай гэснээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Гуравдугаарт нэхэмжлэгчийн үндсэн зорилго нь илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авахыг хүсэж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс илүү төлсөн татвар мөн, биш гэж маргаагүй. Түүнчлэн тооцооллын хувьд ч маргаагүй. Хэрхэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн болох гэж өөрийн харьяа байгууллагын хийх ажлыг шалгах гэсэн хуульд байхгүй үндэслэл гаргаж, нэхэмжлэгчийн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, улмаар шаардагдах акт гаргуулж, мөнгөө буцаан авах хүсэлттэй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт хамаарна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Сангийн яамыг шууд илүү төлсөн татварын мөнгийг бэлэн мөнгө гаргаж олгохоор шийдвэрлэсэн мэт зөрүүтэй ойлгогдохоор шийдвэр гаргасан байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.