Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/00594

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/00594

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, * гудамж, *төв байранд байрлах ХБ ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дүгээр хороо, *, АОС * тоот хаягт оршин суух З.Б /РД:УШ72030416/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 234 307 637.63 төгрөг гаргуулах,

 

ХБ ХХК болон З.Б нарын хооронд 2015.12.24-ний өдөр байгуулсан №*-02 батлан даалтын гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б,

 Хариуцагчийн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.А,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч З.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 234 307 637.63 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч АК ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ХБтай * дугаартай зээлийн гэрээ байгуулж 114 743 065 22 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэйгээр тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 12 сарын 24-ний өдөр 105002706-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 63 нэр төрлийн тавилга эд хогшлыг барьцаалсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 10 531 187.74 төгрөг, зээлийн хүүнд 16 679 465.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29 421.06 төгрөг, нийт 27 239 894.46 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан ба Банк нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан зээлдэгч АК ХХК-аас зээлийн төлбөрийг нэхэмжилсэн боловч хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй болохыг тогтоож 2020.04.2-ны өдрийн 05506 дугаартай шүүгчийн захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс тус шүүхэд дахин хандаж АК ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2020.08.05-ны өдрийн 02011 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь АК ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч хаяг байршил болон үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тогтоож чадаагүй талаар манай байгууллагад албан тоотоор мэдэгдсэн тул 2021.09.01-ний өдөр батлан даагч З.Бд хандан зээлийн төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлсэн. Мөн холбогдох 99118052 дугаартай утсаар холбогдож зээлийн төлбөрийн талаар мөн мэдэгдсэн атал Батлан даагч З.Б нь санаатайгаар зайлсхийж батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Иймд зээлийн үндсэн төлбөр 104 211 877.48т төгрөг, зээлийн үндсэн хүү 112 449 286.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 656 474 төгрөг, нийт 234 307 637.63 төгрөгийг хариуцагч З.Бээс гаргуулж өгнө үү гэв.  

2. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: З.Б нь АК ХХК-ийн ХБтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт батлан даагчаар орж, ХБтай 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр *-02 дугаартай Батлан даалтын гэрээг байгуулсан. З.Бийн хувьд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр АК ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр орсон бөгөөд З.Бээс гадна тус компанид 10 гаруй хувьцаа эзэмшигчээр орсон. З.Б нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд 10 000 000 төгрөг оруулж, тухайн компанийн 10 хүрэхгүй хувийн хувьцаа эзэмшигч болсон ба компанийн төлөөлөн удирдах зөвлөлд оролцдоггүй, гүйцэтгэх удирдлагаар ажилладаггүй байсан. Компани банк санхүүгийн байгууллагаас зээл авах тохиолдолд тухайн компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч эсхүл тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан батлан даалт гаргах тохиолдол байдаг. Гэтэл АК ХХК-ийн 10 хүрэхгүй хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчээр буюу З.Бат- Итгэлээр батлан даалт гаргуулж, банктай Батлан даалтын гэрээ байгуулсан. Хариуцагч З.Б Арвайкапитал ХХК-тай ямар нэгэн холбоогүй, үйл ажиллагаанд оролцдоггүй болно. Нэхэмжлэгч ХасБанк нь Зээлийн гэрээнээс гадна зээлдэгчтэй Зээлийн барьцаа хөрөнгийн гэрээ байгуулан зээлийн барьцаа хөрөнгөд 63 нэр төрлийн эд хогшил, тавилга, тоног төхөөрөмж буюу 229 260 274 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг барьцаалж зээл олголтыг хийсэн байна. Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ нь зээлийн дүнгээс 2 дахин их байсаар байхад Банк тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч АК ХХК-иар хангуулах үйл ажиллагаа явуулаагүй байна. Зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрсэн даруйд банк уг зээлийн барьцаа хөрөнгийг хурааж, худалдан борлуулах замаар зээлийг эргэн төлүүлэх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл банк нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үеэс буюу 2017 оны 5 сараас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах бүрэн боломжтой байсан боловч барьцаа хөрөнгийг хурааж борлуулахад хуруугаа ч хөдөлгөөгүй, эсхүл барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулаагүй байна. ХБны тусгай активын газрын мэргэжилтэн Д.Бархастай утсаар ярихад барьцаа хөрөнгүүд нь байхгүй, олдохгүй байгаа, АК ХХК буюу зээлдэгч бүгдийг зарж борлуулсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэгэхээр ямар ч байсан АК ХХК олдохгүй байгаа, гэрээний үүргийг хариуцах этгээд байхгүй гэдэг нь худал болох нь нотлогдож байна. АК ХХК-ийн талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын цахим хуудаст АК ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Акела Секьюрити ХХК 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд түүний хөрөнгө оруулсан АК ХХК-ийн үйл ажиллагаа, удирдлага, санхүүгийн байдал, эд хөрөнгийн талаар мэдээлэл гаргуулах бүрэн боломжтой. Барьцаа хөрөнгө байхгүй болсон, барьцаа хөрөнгийг Зээлдэгч зарж борлуулсан гэдэг асуудлын бодит байдалд нийцэх эсэх дээр дүгнэлт өгөх шаардлагатай юм. ХБны зүгээс гэрээний дагуу барьцаа хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих үүрэгтэй ба хэрэв 229 260 274 үнэлгээтэй 63 нэр төрлийн бараа, эд хогшил, тавилга, тоног төхөөрөмж алга болсон бол өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул ХБ нь хариуцлагаа хүлээх ёстой. ХБнаас гаргасан зээлийн эргэн төлөлтийн дансны хуулганаас үзвэл Арвайкапитал ХХК нь 2017 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийсэн бөгөөд энэ хугацаанаас хойш банк барьцаа хөрөнгөөс банкны шаардлагыг хангуулахтай холбоотой барьцааны гэрээнд заасан арга хэмжээг хуулийн дагуу хангалттай хэмжээнд хэрэгжүүлээгүй байна. Батлан даалтын гэрээгээр үндсэн зээлдэгч гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бол түүний өмнөөс төлөх буюу нөхөх хариуцлагыг хүлээдэг. Энэ тохиолдолд батлан даагч нь тэрхүү хариуцлагыг хүлээх төлбөрийн чадвартай байх гол шалгуур тавигддаг боловч гэрээ байгуулах үед З.Б нь банк санхүүгийн байгууллагаас их хэмжээний зээлтэй, зээлийн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн түүхтэй, цалингаас өөр орлогогүй буюу АК ХХК-ийн үндсэн зээл, хүү, алданги, торгуулийг төлөх төлбөрийн чадваргүй байсан. Үүнийг ХБ мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан ч АК ХХК-д зээл олгохын тулд төлбөрийн чадваргүй этгээдийг батлан даагчаар оруулсан нь Батлан даалтын гэрээг хэлбэр төдий байгуулсан буюу Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн. Түүнчлэн батлан даагчийн төлбөрийн чадвараас хэт давсан, түүнийг өр төлбөрт оруулах эрсдэлтэй, илт хохиролтой гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийгдсэн. Батлан даалтын гэрээний 4.2.-т зааснаар АК ХХК нь барьцаа хөрөнгийг банкны зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрхгүй тул барьцаа хөрөнгийг одоо ч зориулалтын дагуу ашиглаж байгаа. Иймээс банк АК ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой буюу үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангах боломжтой байхад батлан даагч нөхөх хариуцлага хүлээх боломжгүй юм. ХБ нь АК ХХК зээлийг төлөхгүй байгаа тухай Иргэний хуулийн 462.2-т заасны дагуу батлан даагчид огт мэдэгдэж байгаагүй, гэрээний үүргийг биелүүлэх талаар батлан даагчид мэдээлэл өгч байгаагүй тул Иргэний хуулийн 462.3-т зааснаар батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч ХБ ХХК болон З.Б нарын хооронд 2015.12.24-ний өдөр байгуулсан №*-02 батлан даалтын гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

2015 онд мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28.4-т Батлан даагч нь санхүүгийн хувьд уг зээлийн төлбөрийг хийх чадвартай, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөтэй этгээд байна. Батлан даагчийн санхүүгийн чадварын талаар үйлчлэгч банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, улсын бүртгэлд бүртгэсэн байгууллага тодорхойлолт гаргаж болно, мөн хуульд зааснаар зээлийн батлан даагчийн бүртгэлд батлан даагчийн нэр хаяг харилцагч банкны нэр харилцах дансны дугаар зэргийг тусгана. Батлан даагчийн үйлдвэрлэлийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар зээлдэгчийн адил судалж тэмдэглэсэн байна гэж тус тус заасан байна. Гэтэл банкны зүгээс зээл олголтыг хийхдээ хөнгөн хуумгай хандаж, зээлийг яаралтай олгох үүднээс батлан даалтын гэрээг ёс төдий хийж, батлан даалтын гэрээнд хэнийг ч хамаагүй зуруулж л байвал болно гэсэн байдлаар хандаж, батлан даагчийг сонгохдоо бүрдүүлэх баримт бичгийг бүрдүүлээгүй, түүний төлбөрийн чадварт бодит дүгнэлт өгөлгүйгээр З.Бээр батлан даалтын гэрээг зуруулсан байна. ХБны зээлийн тооцоолуураар тооцоолж үзэхэд зээлийн үндсэн төлбөр болох 114 743 065 хэмжээний төгрөгийн зээлийг жилийн 21.5%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаанд зээлэхэд сард 4,352,465.35 төгрөг төлөх ёстой байна. Харин батлан даагч болж буй З.Бат- Итгэлийн сарын цалин нь 2 500 000 төгрөг байсан бөгөөд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас өндөр зээлтэй, эргэлзээтэй, хэвийн бус, анхаарал татах зэрэг зээлийн ангилалд орсон, түрээсийн байранд амьдарч байсан зэрэг нөхцөл нь түүний хөрөнгийн байдал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нөхөх хариуцлага хүлээхэд хангалттай биш гэдгийг тодорхойлж байхад банк Батлан даалтын гэрээ байгуулсан. Банкны зүгээс батлан даагчид тавих шаардлагыг зохих ёсоор шаардаагүй, батлан даагчийн төлбөрийн чадварын талаар мэдэх бүрэн боломжтой байсан бөгөөд мэдсэн ч үүнийг үл анхааран, зээлийг батлан даах чадамжгүй, төлбөрийн чадваргүй этгээдээр батлан даалтын гэрээ зуруулсан нь хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хариуцах бүрэн чадвартай мэтээр харуулах үүднээс Зээлийн гэрээ, Батлан даалтын гэрээ байгуулан зээлийн хувийн хэрэгт хавсаргасан. Иймд АК ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч З.Б нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байсныг банк анхнаасаа мэдэж байсан нь тодорхой байгаа ч батлан даалтын гэрээ байгуулсан нь үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, батлан даалтын гэрээ хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд дүр үзүүлэн хийсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан нь эдийн засгийн чадавх, боломжоор сул эдийн засаг, оюуны чадавхаар илүү давамгай түншээс хамгаалах нэг хэлбэр юм. Тодруулбал, Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт зан суртахууны хэм хэмжээнд харшлах гэдэгт хэлцэлд оролцогчийн боломжийг давсан шаардлага буюу хариуцагч этгээд хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд өөрийн чадавх, чадамжийн хязгаарыг тогтоож, зөв үнэлэх ба батлан даалт, баталгаа гаргах тухай гэрээнд санхүүгийн хүнд байдалд орсон этгээд өөрийн боломжийг хэт давсан баталгаа удаан хугацаагаар гаргах нь зан суртахуунд харшилж байна хэмээн үзнэ гэжээ. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар батлан даалтын гэрээ нь батлан даагчийн хөрөнгө боломжоос хэт давсан гэрээ байна. Гэрээний чөлөөт байдлын зарчмаар аливаа этгээд ямар ч гэрээг өндөр эрсдэлтэйгээс үл хамааран байгуулах эсэхээ өөрөө шийдэх хэдий ч гэрээний чөлөөт байдал нь болон гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэхээр хязгаарлагдсан байж болохгүй. Энэ нь зөвхөн хэлбэрийн төдий бус, агуулгыг чөлөөтэй тодорхойлох материаллаг эрх зүйн хувьд баталгаажсан байх ёстой. Зээлийн төлбөрийг өөрийн орлого, хөрөнгөөр эргэн төлөх боломжгүй этгээд батлан даагчийн үүрэг хүлээсэн хүсэл зориг нь түүний одоо, ирээдүйд бий болох орлогын болон эд хөрөнгийн байдлаас хэт давсан үүрэг ногдуулж байгаа бөгөөд гэрээний тэнцвэртэй байдал алдагдсан байгааг тогтоохын зэрэгцээ нийтийн зан суртахууны хэмжээнд харш юм. З.Б нь ХБтай батлан даалтын гэрээ байгуулах үед Ард Санхүүгийн Нэгдэл ХХК-д маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд сарын цалингаас өөр нэмэлт орлогогүй, чанаргүй зээлийн түүхтэй, мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас өндөр зээлтэй, зээлийн төлбөрийг төлөхөд байнга хүндрэл учирдаг, зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж байсан, түүний зээлийг зээл олгосон байгууллага нь эргэлзээтэй, хэвийн бус, анхаарал татах зэрэг зээлийн ангилалд багтааж байсан нь тухайн үеийн Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас харагдаж байна. З.Бийн цахим системээс гаргуулсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа, мөн цахим системээс гаргасан зээлийн мэдээллийн лавлагаа зэргээс дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28.4-т Батлан даагч нь санхүүгийн хувьд уг зээлийн төлбөрийг хийх чадвартай, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөтэй этгээд байна гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн буюу хууль зөрчиж хийсэн хэлцэл байна. З.Б нь одоо сар бүр 1 сая төгрөгийн цалингийн орлоготой бөгөөд энэ нь цахим системээс гаргуулсан түүний нийгмийн даатгалын лавлагаанаас харагдаж байна. Зээлдэгчийн өмнөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг анхнаасаа төлж чадахааргүй гэрээ байгуулсан байгаа нь батлан даагч үүргийг гүйцэтгэх боломжгүй, гэрээ анхнаасаа тэнцвэргүй байсныг илэрхийлэх ба нэг талаас банк болон батлан даагч нарын хооронд тэнцвэрт бус нэг талын давамгай шинжтэй харилцаа үүссэн, нөгөө талаас батлан даагч ч мөн тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй дүр үзүүлэн хийсэн болохыг харуулж байна. Иймд З.Бийн ХБтай байгуулсан батлан даалтын гэрээг дээрх үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тайлбартаа: Зээлдэгч АК ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ХБтай * дугаартай зээлийн гэрээ байгуулж 114 743 065 22 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэйгээр тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 12 сарын 24-ний өдөр 105002706-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 63 нэр төрлийн тавилга эд хогшлыг барьцаалсан гэрээг З.Б нь байгуулсан. Харин батлан даагч болж буй З.Бат- Итгэлийн хувьд өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулж байгаа, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нөхөх хариуцлага хүлээхэд хангалттай гэдгийг тодорхойлсоны үндсэн дээр Батлан даалтын гэрээ байгуулсан. Банкны зүгээс батлан даагчид тавих шаардлагыг зохих ёсоор шаардаагүй, батлан даагчийн төлбөрийн чадварын талаар мэдэх бүрэн боломжтой байсан бөгөөд мэдсэн ч үүнийг үл анхааран, зээлийг батлан даах чадамжгүй, төлбөрийн чадваргүй этгээдээр батлан даалтын гэрээ зуруулсан гэдгээ хариуцагч тал нотолсон зүйлгүй хэрнээ үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт 2015.12.24-ний өдрийн *-02 тоот батлан даалтын гэрээ, 2015.12.24-ний өдрийн * тоо зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015.12.24-ний өдрийн *-01 тоот барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, дансны хуулга, 2021.08.31-ний өдрийн 26/6308 дугаар албан бичиг, 2020.08.05-ны өдрийн 2011 дүгээр шийдвэр,2020.04.23-ны өдрийн 5506 дугаар шүүгчийн захирамж, Монгол шуудан ХК-ийн 2021.09.20-ны өдрийн 04/685 дугаар албан бичиг, 2021.09.01-ний өдрийн 25/2718 мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл хүүгийн тооцоолол, Айконсепт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Айконсепт ХХК-ийн дүрэм, 2015.01.06-ны өдрийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2015.01.06-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015.01.06-ны өдрийн барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2015.01.06-ны өдрийн батлан даалтын гэрээ, харилцагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар, /хх1-7-37, 153-184/

 

6. Хариуцагч талаас хавтаст хэрэгт 2021.11.01-ний өдрийн итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гүйлгээний баримтын хуулбар, 2021.12.02-ны өдрийн итгэмжлэл, дансны хуулга, цахим шийдвэрийн хуулбар, тэжээн тэтгэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, /хх1-46, 51-57, 69, 126-143/

 

7. Шүүхийн журмаар хавтаст хэрэгт 2015.12.18-ны өдрийн 027/15 дугаар албан бичиг, 2015.10.29-ний өдрийн ТТ-05/15 дугаар албан бичиг, 2016.12.27-ны өдрийн 70/2016 дугаар албан бичиг, 2016.05.09-ний өдрийн 36/16 дугаар албан бичиг, Арвайкапитал ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015.12.24-ний өдрийн * тоо зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015.12.24-ний өдрийн *-01 тоот барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2015.12.22-ны өдрийн 14 дугаар зээлийн шийдвэр, 2014.12.11-ний өдрийн зээлийн санал, 2015.12.24-ний өдрийн 1050027058-02 тоот батлан даалтын гэрээ, 2018.05.09-ний өдрийн 5/3275 дугаар албан бичиг, 2017.02.09-ний өдрийн шаардах хуудас, 2016.8.11-ний өдрийн шаардах хуудас, 2016.04.26-ны өдрийн мэдэгдэх хуудас, Арвайкапитал ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, ХБны зээлийн үйл ажиллагааны журам, банкны зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, тээврийн хэрэгслийн лавлагаа, Монголбанкны зээлийн мэдээллийн сан, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, З.Бийн эд хөрөнгийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2019.08.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2019.08.09-ний өдрийн итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2020.07.06-ны өдрийн хүсэлт, 2020.07.10-ны өдрийн 04/2806 дугаар албан бичиг, фото зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2021.09.23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2020.01.31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар 2018.07.06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Ардкредит ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2018.06.29-ний өдрийн итгэмжлэл, 2018.07.02-ны өдрийн итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2019.11.12-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2019.11.08-ны өдрийн итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх1-71-119, 192-193,195-222, 238-244, 249-250 хх2-1-48 / зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.              

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Зээлдэгч Арвайкапитал ХХК нь ХБ ХХК-тай зээлийн гэрээ байгнуулсан боловч гэрээний үүргээ эс биелүүлж, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан ба Банк нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан зээлдэгч АК ХХК-аас зээлийн төлбөрийг нэхэмжилсэн боловч хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй болохыг тогтоож 2020.04.2-ны өдрийн 05506 дугаартай шүүгчийн захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс тус шүүхэд дахин хандаж АК ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2020.08.05-ны өдрийн 02011 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь АК ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч хаяг байршил болон үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тогтоож чадаагүй талаар манай байгууллагад албан тоотоор мэдэгдсэн тул 2021.09.01-ний өдөр батлан даагч З.Бд хандан зээлийн төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлсэн. Мөн холбогдох 99118052 дугаартай утсаар холбогдож зээлийн төлбөрийн талаар мөн мэдэгдсэн атал Батлан даагч З.Б нь санаатайгаар зайлсхийж батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Батлан даалтын гэрээний 4.2.-т зааснаар АК ХХК нь барьцаа хөрөнгийг банкны зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрхгүй тул барьцаа хөрөнгийг одоо ч зориулалтын дагуу ашиглаж байгаа. Иймээс банк АК ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой буюу үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангах боломжтой байхад батлан даагч нөхөх хариуцлага хүлээх боломжгүй юм. ХБ нь АК ХХК зээлийг төлөхгүй байгаа тухай Иргэний хуулийн 462.2-т заасны дагуу батлан даагчид огт мэдэгдэж байгаагүй, гэрээний үүргийг биелүүлэх талаар батлан даагчид мэдээлэл өгч байгаагүй тул Иргэний хуулийн 462.3-т зааснаар батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. гэж тайлбарлажээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28.4-т Батлан даагч нь санхүүгийн хувьд уг зээлийн төлбөрийг хийх чадвартай, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөтэй этгээд байна гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн буюу хууль зөрчиж хийсэн хэлцэл байна. З.Б нь одоо сар бүр 1 сая төгрөгийн цалингийн орлоготой бөгөөд энэ нь цахим системээс гаргуулсан түүний нийгмийн даатгалын лавлагаанаас харагдаж байна. Зээлдэгчийн өмнөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг анхнаасаа төлж чадахааргүй гэрээ байгуулсан байгаа нь батлан даагч үүргийг гүйцэтгэх боломжгүй, гэрээ анхнаасаа тэнцвэргүй байсныг илэрхийлэх ба нэг талаас банк болон батлан даагч нарын хооронд тэнцвэрт бус нэг талын давамгай шинжтэй харилцаа үүссэн, нөгөө талаас батлан даагч ч мөн тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй дүр үзүүлэн хийсэн болохыг харуулж байна. Иймд З.Бийн ХБтай байгуулсан батлан даалтын гэрээг дээрх үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...батлан даагч болж буй З.Бийн хувьд өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулж байгаа, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нөхөх хариуцлага хүлээхэд хангалттай гэдгийг тодорхойлсоны үндсэн дээр Батлан даалтын гэрээ байгуулсан. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлав.

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

ХБ ХХК, Арвайкапитал ХХК нарын хооронд 2015.12.24-ний өдөр №* дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 114 743 065.22 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-9-15/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 63 нэр төрлийн эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 16-26/

Түүнчлэн талуудын хооронд 2015.12.24-ний өдөр *-02 тоот батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр З.Б нь Арвайкапитал ХХК болон ХБ ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 1050027058 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэдгийг Банкны өмнө баталж, зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.гэж, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ. гэж тус тус заасан байна.

7. Хуулийн дээрх заалтаас нэхэмжлэгч ХБ ХХК нь батлан даагч З.Бээс зээлийн гэрээний үүргийг шууд шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

ХБ ХХК нь Арвайкапитал ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 190 792 869.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2020.04.23-ны өдрийн 5506 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хэрэгт авагдсан байна.

 

Дээрх захирамжийг үндэслэн тус шүүхийн 2020.08.05-ны өдрийн 2011 дүгээр шийдвэрээр АК ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж, хаяг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, тус хэлтсийн 2021.08.31-ний өдрийн 26иа3/6308 дугаар албан бичгээр Арвайкапитал ХХК-ийн хаяг байршил болон үйл ажиллагаа хаана явуулж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэсэн хариу өгчээ.

Нэхэмжлэгч дээрх баримтыг үндэслэн Арвайкапитал ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан боловч хаяг тодорхойгүй байсан тул батлан даалтын гэрээний дагуу батлан даагчаас гэрээний үүргийг шаардсан гэж тайлбарлаж, нэхэмжлэл гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК нь дээрх зээлийн төлбөрийг зээлдэгч Арвайкапитал ББСБ ХХК-иас шаардах эрхтэй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар үүрэг гүйцэтгэгч Арвайкапитал ББСБ ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу гүйцэтгэх боломжгүй болсон, түүнчлэн татан буугдаж, дампуурсан гэх баримтгүйн дээр, хариуцагч З.Б нь нөхөх хариуцлага зайлшгүй хүлээх талаар баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлага үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй. гэж заасан хэдий ч талууд гэрээгээр энэ талаар тохироогүй байна.

 

8. Шүүх нэхэмжлэгч ХБ ХХК болон З.Б нарын хооронд 2015.12.24-ний өдөр байгуулсан №*-02 батлан даалтын гэрээний хүчинтөгөлдөр байдлын талаар дүгнээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь хуульд нийцнэ.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Бээс зээлийн гэрээний үүрэгт 234 307 637.63 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ХБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ХБ ХХК болон З.Б нарын хооронд 2015.12.24-ний өдөр байгуулсан №*-02 батлан даалтын гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулах хариуцагч З.Бийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 329 488.19 төгрөгийг улсын орлого үлдээж, хариуцагч З.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 731 665 төгрөгийг улсын орлогоос гаргуулан З.Бд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ