Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00790

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00790

 

 

 

Х.БХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/00594 дугаар шийдвэртэй

Х.БХХК-ийн нэхэмжлэлтэй

З.Бд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 234,307,637.63 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ананд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Зээлдэгч А капитал ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Х.БХХК-тай 1050027056 дугаартай зээлийн гэрээ байгуулж 114,743,065.22 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 21.6 хувийн хүүтэйгээр тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 105002706-01 дугаартай барьцааны гэрээ байгуулан 63 нэр төрлийн тавилга, эд хогшлыг барьцаалсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 10,531,187.74 төгрөг, зээлийн хүүд 16,679,465.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29,421.06 төгрөг, нийт 27,239,894.46 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан ба банк нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан зээлдэгч А капитал ХХК-аас зээлийн төлбөрийг нэхэмжилсэн боловч хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй болохыг тогтоож, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5506 дугаартай шүүгчийн захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс тус шүүхэд дахин хандаж А капитал ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2011 дугаартай захирамж гаргасан. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь А капитал ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч хаяг байршил болон үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тогтоож чадаагүй талаар манай байгууллагад албан тоотоор мэдэгдсэн тул 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлан даагч З.Бд хандан зээлийн төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 99118052 дугаартай утсаар холбогдож зээлийн төлбөрийн талаар мэдэгдсэн атал батлан даагч З.Б нь санаатайгаар зайлсхийж батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Иймд зээлийн үндсэн төлбөр 104,211,877.48 төгрөг, зээлийн үндсэн хүү 112,449,286.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,656,474 төгрөг, нийт 234,307,637.63 төгрөгийг хариуцагч З.Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

З.Б нь А капитал ХХК-ийн Х.БХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт батлан даагчаар орж Х.БХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1050027056-02 дугаартай батлан даалтын гэрээг байгуулсан. З.Б нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд 10,000,000 төгрөг оруулж тухайн компанийн 10 хүрэхгүй хувийн хувьцаа эзэмшигч болсон ба компанийн төлөөлөн удирдах зөвлөлд оролцдоггүй, гүйцэтгэх удирдлагаар ажилладаггүй байсан. Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ нь зээлийн дүнгээс 2 дахин их байсаар байхад банк тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч А капитал ХХК-аар хангуулах үйл ажиллагаа явуулаагүй байна. Зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрсэн даруйд банк уг зээлийн барьцаа хөрөнгийг хурааж худалдан борлуулах замаар зээлийг эргэн төлүүлэх бүрэн боломжтой байсан. Х.БХХК-ны тусгай активын газрын мэргэжилтэн Д.Бархастай утсаар ярихад барьцаа хөрөнгүүд нь байхгүй, олдохгүй байгаа, А капитал ХХК буюу зээлдэгч бүгдийг зарж борлуулсан гэсэн мэдээлэл өгсөн. Х.БХХК-ны зүгээс гэрээний дагуу барьцаа хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих үүрэгтэй ба хэрэв 229,260,274 төгрөгийн үнэлгээтэй 63 нэр төрлийн бараа, эд хогшил, тавилга, тоног төхөөрөмж алга болсон бол өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул Х.Бнь хариуцлагаа хүлээх ёстой. Батлан даалтын гэрээгээр үндсэн зээлдэгч гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бол түүний өмнөөс төлөх буюу нөхөх хариуцлагыг хүлээдэг. Энэ тохиолдолд батлан даагч нь тэрхүү хариуцлагыг хүлээх төлбөрийн чадвартай байх гол шалгуур тавигддаг боловч гэрээ байгуулах үед З.Б нь банк санхүүгийн байгууллагад их хэмжээний зээлтэй, зээлийн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн түүхтэй, цалингаас өөр орлогогүй буюу А капитал ХХК-ийн үндсэн зээл, хүү, алданги, торгуулийг төлөх төлбөрийн чадваргүй байсан. Үүнийг Х.Бмэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан ч А капитал ХХК-д зээл олгохын тулд төлбөрийн чадваргүй этгээдийг батлан даагчаар оруулсан нь батлан даалтын гэрээг хэлбэр төдий байгуулсан буюу Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн. Түүнчлэн батлан даагчийн төлбөрийн чадвараас хэт давсан, түүнийг өр төлбөрт оруулах эрсдэлтэй, илт хохиролтой гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийгдсэн. Иймээс банк А капитал ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой буюу үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангах боломжтой байхад батлан даагч нөхөх хариуцлага хүлээх боломжгүй юм. Х.Бнь А капитал ХХК зээлийг төлөхгүй байгаа тухай Иргэний хуулийн 462.2-т заасны дагуу батлан даагчид огт мэдэгдэж байгаагүй, гэрээний үүргийг биелүүлэх талаар батлан даагчид мэдээлэл өгч байгаагүй тул Иргэний хуулийн 462.3-т зааснаар батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Батлан даагчийн төлбөрийн чадвараас хэт давсан, түүнийг өр төлбөрт оруулах эрсдэлтэй, илт хохиролтой гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийгдсэн. Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлагыг хүлээх төлбөрийн чадвартай байх гол шалгуур тавигддаг боловч гэрээ байгуулах үед З.Б нь банк, санхүүгийн байгууллагад их хэмжээний зээлтэй, зээлийн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн түүхтэй, цалингаас өөр орлогогүй буюу А капитал ХХК-ийн үндсэн зээл, хүү, алданги, торгуулийг төлөх төлбөрийн чадваргүй байсан. Үүнийг Х.Бмэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан ч А капитал ХХК-д зээл олгохын тулд төлбөрийн чадваргүй этгээдийг батлан даагчаар оруулсан нь батлан даалтын гэрээг хэлбэр төдий байгуулсан буюу Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн. Иймд З.Бийн Х.БХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээг дээрх үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Батлан даагч болж буй З.Бийн хувьд өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулж байгаа, мөн зээлийн гэрээний үүргийг зээлдэгч гүйцэтгэхгүй бол нөхөх хариуцлага хүлээхэд хангалттай гэдгийг тодорхойлсны үндсэн дээр батлан даалтын гэрээ байгуулсан. Банкны зүгээс батлан даагчид тавих шаардлагыг зохих ёсоор шаардаагүй, батлан даагчийн төлбөрийн чадварын талаар мэдэх бүрэн боломжтой байсан бөгөөд мэдсэн ч үүнийг үл анхааран зээлийг батлан даах чадамжгүй, төлбөрийн чадваргүй этгээдтэй батлан даалтын гэрээ байгуулсан гэдгээ хариуцагч тал нотолсон зүйлгүй хэрнээ үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Бээс зээлийн гэрээний үүрэгт 234,307,637.63 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.БХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х.БХХК болон З.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 1050027056-02 тоот батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагч З.Бийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.БХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,329,488.19 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731,665 төгрөгийг улсын орлогоос гаргуулан З.Бд олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Иргэний хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн холбогдох тайлбарыг буруу хэрэглэсэн талаар:

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийн зохицуулалтыг хариуцагчид хамааралтай талаас нь авч үзэх ёстой байтал нэхэмжлэлд дурдаагүй хариуцагч бус этгээдэд хамааруулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гагцхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлийн талаар шүүх дүгнэх ёстой байтал шүүх шууд шаардах эрхгүй гэж дүгнэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийн зохицуулалтыг үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч түүний хариуцлагыг нөхөн хариуцна гэж тайлбарласан бөгөөд үүнийг анхан шатны шүүх хариуцагч З.Б нь нөхөх хариуцлага зайлшгүй хүлээх талаар баримтаар тогтоогдохгүй байх тул гэж хуулийн зохицуулалтыг өөрөөр тайлбарлан шаардах эрхгүй гэж үзсэн. Нөгөө талаас нэхэмжлэгчийг мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үүргийг хамтран хариуцахаар тусгайлан тохироогүй гэж үзэж мөн л батлан даалтын гэрээгээр шаардах эрхгүй гэж үзсэн. Дээрх байдлаас дүгнэж үзвэл шүүх нэхэмжлэгчийн батлан даалтын гэрээний дагуу шаардах эрхийг тодорхойлж дүгнэж чадаагүй, энэ талаарх хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

6.б. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тухайд:

Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх талаар шүүхэд гаргаж өгсөн баримтыг анхан шатны шүүх огт үнэлээгүй. Хариуцагч З.Б нь А капитал ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд батлан даагч билээ. Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчийг хаана, ямар хаягт үйл ажиллагаа явуулж байгааг мэдэх боломжтой, үүнийгээ баримтаар нотлох боломжтой байтал татгалзлаа баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгчийг барьцааны 63 нэр төрлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой гэж маргасан боловч уг хөрөнгүүд хаана байгаа, бүрэн байгаа эсэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой эсэхийг баримтаар нотлоогүй байхад шүүх ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Зээлдэгч А капитал ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй, шүүхэд хандсан боловч хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй, шүүхээс эрэн сурвалжлах захирамж гарсны дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжилсан боловч ямар хаягт үйл ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдохгүй байгааг албан бичгээр мэдэгдсэн зэрэг нь зээлдэгч үүргээ гүйцэтгэхгүй нөхцөл байдал бий болсон, батлан даагчаас үүргийг хангуулах нөхцөл бүрдсэн гэдгийг бүрэн нотолж байна. Энэ баримтууд хэрэгт авагдсан байхад А капитал ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу гүйцэтгэх боломжгүй болсон, татан буугдсан, дампуурсан гэх баримтгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Дээрх байдлаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул уг шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан агуулга бүхий өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбар: Х.БХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь А капитал ХХК юм. Уг хуулийн этгээд нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч нь тухайн компанийн 10 хувийг эзэмшдэг. Х.БХХК нь зээлийн гэрээний үүргийг А капитал ХХК-аас нэхэмжилсэн байдаг бөгөөд хаяг дээрээ байхгүй учраас хаягийг нь тогтоосны дараа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 25 дугаар талд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тухайн компанийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа буюу хаяг нь одоогоор тогтоогдоогүй гэсэн баримт авагдсан. Хаяг нь тогтоогдсон тохиолдолд Х.БХХК нь үндсэн зээлдэгчээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байдаг. Гэтэл батлан даагчийг хариуцагчаар татаад, үндсэн зээлдэгч нь төлбөр төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргадаг. Төлбөр төлөх боломжгүй буюу татан буугдсан, дампуурсан эсэхийг тодруулахаар улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авсан бөгөөд гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч нар нь бүртгэлтэй хэвээр үйл ажиллагаа явуулж байгаа. Анхан шатны шүүх А капитал ХХК нь үүргээ гүйцэтгэх боломжгүй эсэх талаарх баримтыг шаардсан бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй учраас батлан даагч үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Х.БХХК нь барьцааны зүйл олдохгүй байгаа гэсэн тайлбар хэлдэг бөгөөд энэ нь барьцаалагчийн өөрийнх нь хариуцлагын асуудал юм. Батлан даагч ямар нэг байдлаар хамааралгүй. Нөхөх хариуцлага хүлээх үүрэг бүрдсэн эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Х.БХХК нь тухайн компанийн хаяг болон үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нь тогтоосны дараа дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэв.

 

8. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заагаагүй үндэслэлээр буюу ... батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй тул ... хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь илэрхий эрх зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхээ эдэлж шүүхэд батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр байдлын тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүхээс дүгнэлт өгөхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хариуцагчийн шүүхэд хандах эрхийг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар: Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзсан нь шүүхийн эрхийн асуудал юм. Нэхэмжлэгч талаас үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус эсэх талаар шаардлага гаргаагүй учраас батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудал яригдахгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудал байсан. Нэхэмжлэгч талаас Айконсепт ХХК-ийн зээлийн гэрээ, компанийн дүрэм, гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг компанийн хувьцааг хариуцагч нь 100 хувь дангаар эзэмшдэг. Энэ зээл нь анх Айконсепт ХХК-ийн нэр дээр байсан. Айконсепт ХХК нь А капитал ХХК-д 13 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдсан бөгөөд үүнийхээ төлбөрт уг зээлийг шилжүүлсэн. Хариуцагч нь тухайн үед олон компанийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Зээлтэй хамааралгүй этгээд биш бөгөөд өөрийн хамаарал бүхий нэг компаниас өөрийн хамаарал бүхий нөгөө компани руу зээлийн төлбөрийг шилжүүлсэн. Хариуцагч нь олон зээлтэй байсан, уг зээлүүдээ төлөхгүй байсан гэдэг нь түүний санхүүгийн чадварыг нотлохгүй. Зээлийн мэдээллийн лавлагаа нь зээл авах боломжтой байсан, олон бизнес эрхэлдэг байсан гэдгийг нотлох баримт юм. Мөн хариуцагч нь А капитал ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг бөгөөд батлан даагч байх шаардлага хангахгүй этгээд биш. Санхүүгийн чадварт түүний эзэмшиж буй хувьцаанууд хамаарах бөгөөд батлан даагч нь эд хөрөнгөтэй байна гэх шаардлагыг хангаж байгаа. Хариуцагчийн талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Х.БХХК нь хариуцагч З.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 234,307,637.63 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Х.БХХК, З.Б нар хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй. Уг гэрээгээр батлан даагч З.Б нь үүрэг гүйцэтгэгч А капитал ХХК өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгч Х.БХХК-ийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээж тохиролцсон нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Х.БХХК, З.Б нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 2.1-д Батлан даагч нь зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцах үүрэг хүлээнэ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч эхлээд үүрэг гүйцэтгэгчид зээлээ буцааж төлүүлэхээр шаардлага гаргана, дараа нь хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэхгүй бол батлан даагчаас батлан даалтын гэрээний дагуу зээл төлөхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь зээлдэгч А капитал ХХК-аас зээлийн гэрээний үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2020/05506 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нь зээлдэгчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02011 дүгээр шийдвэрээр А капитал ХХК-ийг эрэн сурвалжлахыг цагдаагийн байгууллагад даалгасан, уг шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч хаяг байршил нь тогтоогдоогүй талаар талууд маргаагүй. Зээлдэгчийн хаяг тодорхойгүй байгаа нь түүнийг үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл болохгүй юм.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 234,307,637.63 төгрөгийг хариуцагч буюу батлан даагч төлөх үүрэг үүсээгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг баримтлаагүйг залруулах нь зүйтэй.

5. Хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж тайлбарласныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах бөгөөд сонирхогч этгээд нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах учиртай. Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардаагүй тул сөрөг нэхэмжлэл гэх агуулгаар тодорхойлсныг түүний гаргасан тайлбар гэж үзэх учиртай. Иймд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/00594 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 458.1 гэсний дараа 460 дугаар зүйлийн 460.1 гэж нэмж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 гэснийг 2 гэж, 4 гэснийг 3 гэж дугаарлан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,329,488.19 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 731,665.33 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.БЯМБАСҮРЭН