Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01947

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01482 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “И” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 48 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 37/16 тоот, 38/16 тоот барьцааны гэрээг 2016 оны 04 сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. 37/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор барааны үнийг төлөөгүй бол анз тооцохоор байгаа. И ХХК нь Д.Б гэж хүнийг явуулж 24 000 литр шатахуун авсан. Үнэ нь 32 400 000 төгрөг. Машины багтаамжаас шалтгаалаад зураасаар хэмждэг учир гэрээнд 30 000 000 төгрөгөөс илүүгүй гэж заасан боловч 2 400 000 төгрөгийн шатахуун илүү орсон. Нийлүүлснээс хойш 5 сарын дараа 2016 оны 09 сард 2 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж М.Ц захирал, ерөнхий менежертэй хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэр үед шүүхэд битгий өгөөч,  төлбөрийг удахгүй төлнө, мөнгө орж ирэх гэж байгаа гэж хэлдэг байсан. Шатахуун хүлээн авсан Д.Бын гарын үсэгтэй баримт байгаа. Компанийн нэр нь И ХХК гэж байгаа. Тооцоо нийлэхэд М.Ц гэж хүн өөрөө ирэхгүй өөр хүн явуулж тооцоо нийлсэн юм шиг байгаа юм. 32 400 000 төгрөгийн өртэй гээд Ц гээд гарын үсэг зураад И ХХК-ийн тамга дарагдсан байдаг.

 

Иймд төлбөр 30 400 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 15 200 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөгийг И ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-тай түлш худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 04 сард байгуулсан. Гэрээгээр нийлүүлсэн гэх шатахууныг манай компани хүлээн аваагүй. Гэрээ хэрэгжээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Д.Б И ХХК-ийн нэрээр 2016 оны 04 сарын 26-ны өдөр 24 000 литр түлшийг өөрийнхөө тээврийн хэрэгслээр хүлээж аваад явжээ.  Тооцоо нийлсэн актад зурагдсан гарын үсэг нь манай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг биш. Компанийн тамга ямар замаар дарагдсаныг мэдэхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар И ХХК-д холбогдох, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 45,600,000 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх  "М" ХХК болон "И" ХХК-ууд нь 37/16 тоот гэрээнээс өөр байдлаар хамтран ажиллаж байгаагүй байдлыг, 32 400 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг "И" ХХК 2016 оны 9 дүгээр сард төлснийг харгалзан үзээгүй. Д.Б гэх хүн "М" ХХК-аас шатахууныг авч хувьдаа завшсан гэж үзвэл дээрх 2 000 000 сая төгрөгийг "И" ХХК нь ямар зорилгоор манай дансанд шилжүүлсэн зэргийг тогтоогоогүй. Тооцоо нийлсэн актад хэдийгээр Ц гарын үсэг зураагүй ч  "И" ХХК-ийн тамга дарагдсан байгааг харгалзан үзээгүй. Мөн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 сарын 29-ний өдрийн 001/ХТ2018/00872 дугаар тогтоолд "Зохигчдын хооронд байгуулсан түлш нийлүүлэх гэрээнд төлбөрийг түлшээр буцаан төлөх талаар тохиролцсон нөхцөл заагдаагүй, түүнчлэн "М" ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 250/17 тоот албан бичгээс үзэхэд хариуцагчийн: өмгөөлөгчийн " 26 384 000 төгрөгийн төлбөрийг "И" ХХК дизель түлшээр өгөх хэлбэрээр үүргээ гүйцэтгэснийг нэхэмжлэгч Д.Б хүлээн зөвшөөрч "И" ХХК-ийн нэрээр "М" ХХК-ийн байранд очиж өөрийн эзэмшлийн 0209 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 24 000 литр түлш гаргуулан авсан авч 12 000 литрийг нь төлбөртөө тооцон авснаар манай компани үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн" гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй  гэж дүгнэсэн тогтоолыг илт гуйвуулан тайлбарласан. 24 000 литр түлшийг "И" ХХК-ийн нэрийн өмнөөс "М" ХХК-д итгэл үнэмшил төрүүлэн Д.Б гэх хүн авч, цаашид өгөөгүй мэтээр тайлбарласан байна. Өөрөөр Д.Б эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж шууд дүгнэсэнтэй адил ойлголт болж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2 000 000 төгрөгийг нь хасаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авсан барааны үнэ 32 400 000 төгрөг, алданги 16 200 000 төгрөг, нийт 48 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ барааг хүлээн аваагүй, гэрээ хэрэгжээгүй ” гэж маргажээ. /1хх-1-2, 36/

 

Талуудын хооронд 2016 оны 04 сарын 22-ны өдөр 37/16 тоот гэрээ байгуулагдаж, “М” ХХК нь 30 000 000 төгрөгийн үнийн дүнгээс хэтрэхгүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, “И” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагджээ. /1хх-16-19/

 

Зохигчид гэрээний зүйл болох 32 400 000 төгрөгийн барааг худалдан авагч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх асуудлаар маргажээ.

 

Худалдагч буюу нэхэмжлэгч нь 32 400 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг “И” ХХК-ийн нэрээр иргэн Д.Бт хүлээлгэн өгсөн, ийнхүү хүлээлгэн өгснөөр гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарласан /2хх-ийн 61-69 хуудас/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагчийн татгалзалыг няцаах зорилгоор гэрээний зүйл болох 24 000 литр шатахууныг хүлээн авсан гэх “ ..,Д.Быг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь “24 000 литр шатахууныг Д.Бт хүлээлгэж өгсөн” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход ач холбогдолтой байсан гэж үзнэ.

 

Хэрэгт ач холбогдолтой уг хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан байхад шүүх хангахгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй шийдвэрлэхдээ “Д.Быг шүүхэд дуудан ирүүлэх хаяг тодорхойгүй, мөн хэрэгт Д.Бын нэхэмжлэлтэй “И” ХХК-д холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн” гэх үндэслэлийг заасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. /2хх-70/

 

Хэргийн 70 дугаар хуудсанд анхан шатны шүүхээс хүсэлт шийдвэрлэсэн захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2,38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэж, гомдол гаргах боломжоор хангах ёстой байсан ч энэ эрхийг хязгаарласан байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Д.Б “И” ХХК-ийн хооронд эцэслэн шийдвэрлэгдсэн иргэний хэргийн шийдвэрт дурдагдсан үйл баримтыг энэ хэрэгт дахин нотлох шаардлагагүй, преюдици болгон ашигласан нь буруу байна. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх урьдчилсан нөхцөл нь өмнөх болоод сүүлд шийдвэрлэгдэх гэж буй хэргийн талууд адил, маргааны зүйл нь нэг байх ёстой юм. Д.Б, “И” ХХК-ийн хооронд шийдвэрлэгдсэн,2018 оны 5 сарын 29-ний өдрийн 001/ХТ2018/00872 тоот шүүхийн  шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч И ХХК-иас 2016 оны 4 сарын 3-наас өмнө нийлүүлсэн түлшний үнэ,анз шаарджээ. Энэ хэргийн маргаан нь 2016 оны 4 сарын 22-ний өдрийн “М” ХХК-иас нийлүүлсэн гэх түлшний маргаан юм.

 

Зохигчдын хоорондох гэрээний зүйл болох шатахууныг хүлээлгэж өгсөн, өгөөгүй эсэх, өөрөөр хэлбэл эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх хэмжээний хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                     ШҮҮГЧИД                                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                           Ш.ОЮУНХАНД