Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00197

 

“МТ П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00369 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 750 дугаар магадлалтай,

“МТ П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“И М Ү” ХХК-д холбогдох,

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр, төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйн алдангийн хамт нийт 45 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МТ П” ХХК нь “И М Ү” ХХК-тай 2016 онд шатахуун нийлүүлэх, зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 24 000 литр дизель түлш шилжүүлэхээр тохиролцсон. Үүний үнэ нь 32 400 000 төгрөг болсон. 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нийлүүлээд “И М Ү” ХХК дизель түлш авсан өдрөөс хойш сураг тасарсан.

Анх манай компанийн нягтлангийн найз гэж дамжин гэрээ байгуулсан байдаг. Төлбөрийг нэхэмжлэхэд 2016 оны 9 дүгээр сард 2 000 000 төгрөгийг төлбөрөөсөө төлсөн бөгөөд үлдэгдэл 30 400 000 төгрөгийг бид “И М Ү” ХХК-ийн захирал М.Цогтоогоос нэхэмжилсэн. Түүнчлэн М.Цогтоо, н.Батбаяр нараас төлбөр нэхэмжилж уулзахад 2016 оны 12 дугаар сараас өмнө төлбөрөө төлнө, шүүхэд өгөхгүйгээр хүлээж байгаач гэж байсан боловч тухайн оны 11 дүгээр сар хүртэл төлбөрөө төлөх шинжгүй хаана байгаа нь тогтоогдохгүй, гар утас нь холбогдохгүй байсан учраас бид арга буюу 2016 оны 11 сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд тухайн 3816 тоот гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж, алданги нь уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр нийт 45 600 000 төгрөгийг “И М Ү” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “МТ П” ХХК-тай түлш худалдах-худалдан авах гэрээг 2016 оны 4 дүгээр сард байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлсэн гэх шатахууныг манай компани хүлээн аваагүй.

Д.Баатар нь “И М Ү” ХХК-ийн нэрээр 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 24 000 литр түлшийг өөрийн тээврийн хэрэгслээр хүлээн авсан байна. Тооцоо нийлсэн актад зурсан гарын үсэг нь манай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг биш, өөр хүн гарын үсэг зурсан нь шүүхийн ажиллагааны явцад тогтоогдсон. Компанийн тамга ямар замаар дарагдсан байгааг бид мэдэхгүй, тодорхой тайлбар гаргах боломжгүй. Иймд “МТ П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00369 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И М Ү” ХХК-иас бүгд 45 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ П” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “МТ П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И М Ү” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 385 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 750 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 181/ШШ2019/00369 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 750 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үндсэн нэхэмжлэлийн талаар:

Хариуцагчийн 24 000 литр дизель түлшийг аваагүй гэх тайлбар нь Хаан банк дахь 5028129620 дугаар төгрөгийн дансны хуулгаар үгүйсгэгдэж байна. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дизель түлшний үлдэгдэл төлбөрт 30 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

“...Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 15 200 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй...” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Үүнийг давж заалдах шатны шүүх дэмжиж “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв...” гэж дүгнэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй хэрэг болсон.

Учир нь давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй байна.

“МТ петролеум” ХХК болон “И М Ү” ХХК нарын хооронд “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан боловч тухайн гэрээний дагуу нийлүүлэх ёстой түлшийг Д.Баатар гэх хүн “И М Ү” ХХК-ийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр “МТ петролеум” ХХК-иас хүлээн авсан тухай үйл баримт хэрэгт байсаар байхад энэхүү баримтанд дүгнэлт хийгээгүй, мөн Д.Баатараас авсан гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, зөвхөн Хаан банк дахь 5028129620 дугаар төгрөгийн дансны хуулгыг үндэс болгон “И М Ү” ХХК-ийг дизель түлш авсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд хэргийг зөвхөн нэг талд шийдвэрлэсэн байна гэж үзэхэд хүргэж байна. Мөн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ” болон хуульд зааснаар бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, хүлээн авсан тохиолдолд худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ болон алдангийг төлөх үүрэгтэй байхад шүүх үндсэн төлбөр болон алдангийг хамтад нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох болон мэтгэлцэх, төлөөлүүлэх зэрэг эрхийг зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын хувьд “И М Ү” ХХК-иас итгэмжлэлийг албан ёсоор авсан, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан, хэргийн материалтай танилцаагүй, шүүх хурал товлогдсон тухайн үеийн цаг хугацаанд Завхан аймгийн Улиастай суманд томилолтоор ажиллаж байсан, энэ нөхцөл байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал оролцогчдын шүүх хуралдаанд оролцох, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг зөрчиж, мэтгэлцэх боломжийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ..., МУ-ын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна, 9.2-т Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхэд гаргасан хүсэлтэд хэргийг шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангуулах тухайгаа илэрхийлсээр байтал ийнхүү эрхийг нь хангаагүй гэж үзэхээр байна.

Бидний хувьд тус шүүх хуралдаанд оролцсон бол хамгийн түрүүнд сөрөг нэхэмжлэл гаргаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах, хавтаст хэрэгт авагдсан зарим баримтаас татгалзах, өөр бусад гэрч оролцуулах гэх зэргээр өөрийгөө буруугүйг нотлох баримтыг цуглуулах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх байсныг энд зориуд дурдаж байна.

Энэ мэтчилэн анхан шатны шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба давж заалдах шатны шүүх үүнийг дэмжиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “... шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..., ...нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...” тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна..”. гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Тиймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 181/ШШ2019/00369 дугаар бүхий шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 750 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэх боломжийг олгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

“МТ П” ХХК нь “И М Ү” ХХК-д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр, төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйн алдангийн хамт нийт 45 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч: “...шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан байтал хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцож эрхээ хамгаалах, мэтгэлцэх боломжоор хангаагүй, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч “И М Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүх хуралдаан товлогдсон тухайн цаг хугацаанд Завхан аймгийн Улиастай суманд томилолтоор ажиллаж байсан, энэ нөхцөл байдлаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгсөн...” гэжээ.

Хэргийн 2 дугаар хавтас, 160 дугаар талд хариуцагч “И М Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын “...хэрэг хянан шийдвэрлэх 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Н.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй Н.Ганхуягт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлт авагдсан байна.

Шүүх хуралдаан эхэлж, шүүгч хариуцагчийн хүсэлтийг танилцуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хэргийн 2 дугаар хавтас, 165 дугаар тал/

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй болохоо баримтаар нотлоогүй гэж дүгнэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 100.4. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “...Завхан аймагт томилолтоор явсан...” гэх үндэслэлийн талаар хэрэгт баримтгүй, гомдолд дурдсан үндэслэл хэрэгт байгаа баримттай нийцэхгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр №37/16 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан, тус гэрээгээр барааг тухайн үеийн зах зээлийн үнэ, худалдан авагчийн хэрэгцээг харгалзан тухай бүр тохиролцож байхаар, худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор “МТ П” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк, болон Хаан банкин дахь данснуудад шилжүүлэх, төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги худалдагч талд төлөхөөр, худалдагч нь чанарын шаардлага хангасан барааг өөрийн агуулахаас худалдагчид хүлээлгэн өгнө гэж, гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулахаар тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 38/16 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулжээ.

Гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6. дахь заалтад нийцсэн байна.

Гэрээний дагуу худалдагч “МТ П” ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр худалдан авагч “И М Ү” ХХК-д нийт 32 400 000 төгрөгийн үнэ бүхий 24 000 литр дизель түлшийг 1 литрийг 1 350 төгрөгөөр нийлүүлсэн болох нь талуудын тооцоо нийлсэн акт, шатахуун тослох материалын зарлагын баримт, шатахуун олгох зөвшөөрлийн хуулбар, Хаан банкин дахь нэхэмжлэгчийн дансны хуулга, Д.Баатарын гэрчээр мэдүүлсэн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

Дээрх төлбөрөөс 2 000 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр, гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр алданги шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч түлшийг аваагүй гэж маргасан боловч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох, нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.  

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас үлдэгдэл төлбөр 30 400 000 төгрөг, алданги 15 200 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 232.4. дэх заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00369 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 750 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД