Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/00009

 

 

 

 

 

 

 

 

   2020        12         24                                       182/ШШ2021/00009

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: УЕПГ-т холбогдох

Гэм хорын хохиролд 139,377,812 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н, түүний өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Днар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Л гэх этгээд 2017.07.06-ны өдөр нэхэмжлэгч П.Н-н гэрт ирж хаалга онгойлго надтай суухгүй бол чамайг ална эсвэл өөрийгөө ална гэж барьж явсан алахаараа өөрийнхөө толгой руу цохиод байсан.  Х.Л нь П.Нямдэлгэрийг авч явж, алах зорилготой байсан гэж П.Нбодоод тухайн үедээ энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсэгт гомдол гаргасан. Гэтэл илтэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий албан тушаалтан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрэн гүйцэд бодитоор хянаж шалгаагүй, Х.Лг олж асуугаагүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоогоогүй, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. БЗДПгазрын зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Д.Ч нь хяналтын чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэл хийсэн. Өөрөөр хэлбэл П.Н-н цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээллийг бүрэн гүйцэд хянаагүй. Х.Лгийн илтэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоогүй, хуульд заасны дагуу хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүйн улмаас Х.Л гэх этгээд гэмт хэргээ төгс үйлдэж нэхэмжлэгч П.Н-н эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсан байдаг.

Ингээд П.Нэрх бүхий албан тушаалтнуудад гомдол, санал гаргаж явснаар УЕПын газраас зөрчлийн хэргийг дахин шалгахаар болж, Багануур дүүрэгт шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт нэгтгэн, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Х.Л 4 жилийн хорих ял авч, хохирол төлөхөөр болсон бөгөөд Улсын дээд шүүхийн 574 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Мөн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 223 тоот шийдвэр гарсан байдаг бөгөөд Х.Лгийн гэм буруутайг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүнд нь нэхэмжлэгч П.Н гомдол гаргаж чадаагүй, эмчилгээ хийж таарсан байдаг. Тийм учраас бид хяналт тавьж байсан прокурорын буруутай үйл ажиллагаа байна гэж үзсэн, өөрөөр хэлбэл Х.Лгийн үйлдлийг тухайн үед нь таслан зогсоож, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлсэн бол П.Н-н эрүүл мэндэд хохирол учирахгүй байсан гэж үзэж байгаа.

Энд учирсан хохирол нь өмнө шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд заасан хохиролтой давхцахгүй, харин түүнээс хойш буюу 2019.07.01‑ний өдрөөс 2020.04.16‑ны өдрийг хүртэл Монгол улсад хийлгэсэн эмчилгээний зардал 1,351,665 төгрөг, БНСУ‑д хийлгэсэн эмчилгээний зардал 3,616,717 төгрөг, сэтгэл санааны хохирол 124,494,930 төгрөг, бусад зардал буюу шинжээчийн хөлс, нотариатын зардал, визний мэдүүлгийн материал бүрдүүлэхэд гарсан зардал, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал, утасны яриа, өмгөөллийн хөлс, орчуулга болон унааны зардалд 9,915,500 төгрөг, нийт 139,377,812 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2‑т зааснаар хариуцагчаас 139,377,812 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах 3 үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Тухайн үйл явдал нь 2017.07.06-ны өдөр болсон бөгөөд Х.Л гэгч нь нэхэмжлэгч П.Н-н хаалгыг нь цохиж, заналхийлсэн, сүрдүүлсэн, дарамталсан үйлдлүүдийг гаргасан. Тухайн үед дээрх хүмүүс нь хоорондоо хамтран амьдарч байсан байдаг. Ингээд нэхэмжлэгч П.Ннь Х.Лгийн дээрх дарамталсан, заналхийлсэн үйлдлийн талаарх гомдлоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж, цагдаагийн дэслэгч н.Батжаргал хүлээн авч шалгаад 2017.07.18-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шалгаад татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Тус шийдвэрийг нэхэмжлэгч П.Нэс зөвшөөрч БЗДПгазрын ерөнхий прокурор н.Батболдод гомдол гаргасныг хянаад Х.Лгийн үйлдэл нь хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх зөрчлийн шинжтэй байх боловч Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар зөрчилд үйлдэгдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Харин П.Н-с УЕПГт гомдол ирүүлснийг хүлээн авч хянаад УЕП газар хариу мэдэгдэх хуудсаар П.Н-т хариу мэдэгдсэн. Энэ үед Х.Л нь Багануур дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож яваад П.Н-н биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэл дээр эрүүгийн 170400970064 дугаар хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан. Ийнхүү П.Н-н гаргасан удаа дараагийн гомдлын дагуу гомдлыг нь хүлээн авч Багануур дүүрэгт шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт нэгтгүүлэхээр  БЗДПгазарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгч БЗДПгазарт шилжүүлсэн. Мөн хяналт, шалгалт дотоод аюулгүй байдлын хэлтсээс прокурор н.Чыг БЗДПгазарт ахлах прокуророор ажиллаж байхдаа Х.Лд холбогдох зөрчлийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй байхад шийдвэрлэсэн гэж түүнд сахилгын шийтгэл ногдуулсан.

Ингээд дээрх үндэслэлүүдийн дагуу П.Ннь Прокурорын байгууллагын ажилчид, цагдаагийн байгууллагын ажилчдыг албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсаныг Ерөнхийлөгчийн тамгын газраас Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас гомдлыг шалгаад 2018.07.21-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5.1.1, 38.1 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг тус тус үндэслээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналтай хамт прокурорт шилжүүлсэн. Нэхэмжлэгч П.Ннь мөн адил дээрх шийдвэрийг эс зөвшөөрч УЕПГт гомдол гаргасан. УЕПын газраас холбогдох баримтыг материалыг татаж хянаад 2020.02.07-ны өдөр 1/439 тоот дугаартай хариу мэдэгдэх хуудсаар прокурорын шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл иргэн П.Н-с гаргасан гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессын дагуу оролцогчдын гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байсан нь дээрх үндэслэлүүдээр харагдаж байна.

2.Х.Л нь хамтран амьдрагч П.Н-н биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь 2017.09.15-ны өдрийн 20 цаг орчимд Багануур дүүргийн нутаг дэвсгэрт болсон байгаа. Харин анхны үйл явдал 2017.07.06-ны өдөр болсон. Түүнээс хойш дээрх хоёр хүн маань хамтран амьдарч Багануур дүүрэгт тодорхой үйл ажиллагаа эрхэлж байсан нь иргэний хэрэгт авагдсан материалуудаас харагддаг. Өөрөөр хэлбэл П.Н-тэй хамтран амьдарч байсан Х.Л нь н.Бямбацэцэгийн эзэмшлийн автомашиныг жолоодож яваад хамтран амьдрагч П.Н-тэй маргалдан улмаар хамт үхнэ гэж тээврийн хэрэгслийн хурдыг нэмж замын хажуу хэсэг рүү орж онхолдон бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдож Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.11-ний өдрийн 64 тоот дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Х.Л нь тухайн шүүх хуралдаан болох үед эмчилгээний зардалд 2,790,000 төгрөг төлсөн. Мөн 226,551,859 төгрөгийг Х.Лгээс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Энэ шийтгэх тогтоол нь Улсын дээд шүүхийн 2019.10.30-ны өдөр 574 тоот дугаартай тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Иргэн П.Ннь Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм хорын хохирлыг гаргуулахаар Хууль зүйн дотоод хэргийн яаманд 2019.07.05-ны өдөр хандсан. Хууль зүйн дотоод хэргийн яам холбогдох хууль зүйн үндэслэлийг үзээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211 дүгээр зүйлийн 211.3-т зааснаар нөхөн төлбөрийг олгох боломжгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байна гэсэн утгатай хариу өгсөн байна. Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 онд хийгдэж 2020.01.01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа. Дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, энэ хуулийн 10.3-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зориулалттай байна гэж тодорхойлсон. Тус хуулийн 10 дугаар 10.3-т эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэсэн зүйл заалт нь мөн байгаа. Одоо Х.Лд холбогдох шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч П.Ннь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлтээ дахин гаргах боломжтой байна.

3.Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага албан тушаалтан нь бусдад гэм хор учруулсны хариуцлагыг төрөөс болон тухайн байгууллагаас гаргуулахаар зааж өгсөн. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т ямар үндэслэлээр үйлдэл, эс үйлдэхүй хийснээр гэм хор учруулсны хариуцлагыг хүлээхийг мөн заасан. Энэ үйлдэлд нь хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг гаргуулахтай холбоотой. Гэтэл П.Н-н дээрх үйлдэлд шийдвэр гаргасан прокурор нь Иргэний хуулийн 498.4-т заасан дурдсан шийдвэрүүдийн алийг ч гаргаагүй. Өөрөөр хэлбэл иргэн П.Нямдэлгэрийг эрүүдэн шүүгээгүй, яллагдагчаар татаагүй, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байхад иргэн Х.Лгийн учруулсан хохирлыг УЕПын газраас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, бид хариуцагч биш, шалтгаант холбоо байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч П.Ннь хариуцагч УЕПГт холбогдуулж гэм хорын хохиролд 139,377,812 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг шаардлага нь 2019.07.01‑ний өдрөөс 2020.04.16‑ны өдрийг хүртэл Монгол улсад хийлгэсэн эмчилгээний зардал 1,351,665 төгрөг, БНСУ‑д хийлгэсэн эмчилгээний зардал 3,616,717 төгрөг, сэтгэл санааны хохирол 124,494,930 төгрөг, бусад зардал буюу шинжээчийн хөлс, нотариатын зардал, визний мэдүүлгийн материал бүрдүүлэхэд гарсан зардал, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал, утасны яриа, өмгөөллийн хөлс, орчуулга болон унааны зардалд 9,915,500 төгрөг зэргээс бүрдэж байна.

 

          Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Х.Лгийн 2017.07.06‑ны өдөр нэхэмжлэгч П.Н-н гэрт ирж, хаалгыг нь нүдэж, ална гэж заналхийлж, өөрийгөө алхаар цохиод байсан үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч П.Н-н гаргасан гомдлыг прокурор хуульд заасан журмын дагуу бүрэн шалгаагүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй эс үйлдлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж, Х.Лд гэмт хэргийг төгс үйлдэх боломж олгосон гэм буруутай тул надад учирсан хохирлыг УЕПГ хариуцах ёстой гэж тайлбарлав.

 

          Харин хариуцагч тал нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй байх бөгөөд цагдаа, прокурор нь хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч П.Н-н гомдлыг шалгаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч П.Н-н удаа дараагийн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Багануур дүүрэгт шалгагдаж байсан хэрэгт нэгтгэн эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Х.Л гэгч нь ял эдэлж, хохирол төлөхөөр болсон байдаг, үүнд прокурорын байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй, учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй, шалтгаант холбоо байхгүй байна гэж марган мэтгэлцсэн.

 

          Х.Л нь 2017.07.06‑ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 27‑402 тоотод байрлах иргэн П.Н-н гэрийн хаалгыг нүдэж түүнийг надтай хамт яв, хамт бай, үгүй бол ална гэх зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг болон түүний зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтрэхийг завдсан гэмт үйлдэлд шалгагдаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.01‑ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Х.Лг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

          Нэхэмжлэгч П.Ннь энэ шийтгэх тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй гэж тайлбарласан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

          Мөн Х.Л нь 2017.09.15‑ны орой 20.00 цагийн орчимд Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хатуу хучилттай зам дээр иргэн П.Бямбацэцэгийн эзэмшлийн 03‑51 УБВ улсын дугаартай Тоёота платз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хамтран амьдрагч П.Н-тэй маргалдан, улмаар “хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт шалгагдаж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.11‑ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Х.Л нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, түүнээс гэм хорын хохиролд 226,551,859 төгрөгийг гаргуулж хохирогч П.Н-т олгож, нэхэмжлэлээс 8,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019.10.30‑ны өдрийн 574 дүгээр тогтоолоор уг шийтгэх тогтоолыг хэвээр баталж үлдээснээр хүчин төгөлдөр болсон.

 

          Өөрөөр хэлбэл Х.Лгийн гэм буруутай үйлдлийн улмаас П.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учирч, нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан талаар болон гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар, эмчлүүлсэн байдлын талаар дүгнэж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолууд хэрэгт авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар дээрх үйл баримтын талаар шүүх дахин нотлох шаардлагагүй юм.

 

          Нэхэмжлэгч П.Ннь эрх бүхий албан тушаалтнуудад, Монгол улсын Засгын газарт цагдаа болон прокурорын үйлдлийн талаар, нөхөн төлбөр, хохирлын асуудлаар удаа дараа гомдол, хүсэлт гаргасны дагуу УЕПын 2018.11.07‑ны өдрийн Б/401 дүгээр сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар тухайн үед БЗДПгазрын ахлах прокуророор ажиллаж байсан Б.Чад “Х.Лд холбогдох зөрчлийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгдээгүй байхад шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан, харин тухайн гомдлыг анх хүлээн авч шалгасан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа, дэслэгч Н.Батжаргалд сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулаагүй байна.  

 

          Дурдсан үйл баримтууд нь шүүхийн шийтгэх тогтоолууд, нэхэмжлэгч П.Н-н нүүрэнд мэс засал хийсэн байдлыг харуулсан гэрэл зургууд, эрүүгийн хэргийн явцад томилогдсон 2017.12.06‑ны өдрийн 1293 дугаар, 2018.06.26‑ны өдрийн 789 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд, УЕПын газрын 2018, 2019, 2020 оны иргэн П.Н-т өгсөн хариу мэдэгдэх хуудсууд, БЗДПгазарт хүргүүлсэн гомдол хянасан тухай албан бичиг, УЕПын 2018.11.07‑ны өдрийн Б/401 дүгээр сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2019 оны иргэн П.Н-т өгсөн хариу албан бичиг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны иргэн П.Н-т өгсөн хариу албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2019 оны иргэн П.Н-т өгсөн хариу албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2018, 2019 оны иргэн П.Н-т хариу хүргүүлсэн албан бичиг, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын 2018 оны Авлигатай тэмцэх газарт гомдол шилжүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байх, мөн гэм буруу нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч П.Н-т Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.1, 2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1‑д заасан хохирол нэхэмжлэх эрх үүснэ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө”, 

497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”,  

505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүх нэхэмжлэгч П.Н-н гаргасан хүсэлтийн дагуу 2020.09.08‑ны өдрийн 235 дугаар тогтоолоор нэхэмжлэгч П.Н-н биед үзлэг хийж, одоогийн биеийн эрүүл мэнд, нүд, нүүрний гоо сайханы байдал нь түүний сэтгэл санаа, сэтгэцийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг болон цаашид нөлөөлөх эрсдэлтэй эсэхийг тогтоолгох, П.Н-н сэтгэл санаа болон сэтгэцийн байдалд нөлөөлж болох өөр хүчин зүйл байж болох эсэхийг тогтоолгохоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилсон.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтээр П.Н-н сэтгэцийн байдал нь дасан зохицохын эмгэгтэй болсон, энэхүү эмгэг нь 2017 онд авто осолд орж толгой нүүр болон нүдний хэсэгт гэмтэл авснаас шалтгаалан үүссэн, цаашид П.Н-н сэтгэцийн байдал нь үүссэн гэмтлийн эдгэрэлт болон засрал сайжралын байдал, сэтгэл заслын эмчилгээний үр дүн, бие хүний онцлог шинж байдал, өөрийн нөхцөл байдалд үзүүлэх сэтгэл зүйн хариу урвал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж болохыг тогтоожээ.

 

Нэхэмжлэгч П.Ннь дурдсан шинжээчийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, ИТХХК‑ийн 2020.04.13‑ны өдрийн гэм хорын үнэлгээний тайлан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Улсын гуравдугаар төв эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхүүд, нэхэмжлэгч П.Н-н гадаад паспортын хуулбар, БНСУ‑д эмчлүүлсэн төлбөрийн баримтууд, эм тарианы зургууд, мэс заслын протоколууд, кассын орлогын баримтууд, “e” баримтууд, Юнител ХХК‑ийн “e” баримтууд, томографын шинжилгээний баримт, сити оптик гэсэн “e” баримтууд, Улсын нэгдүгээр эмнэлгийн дүрс оношлогооны зургууд, өмгөөллийн гэрээ, хөлс төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гарган, нэхэмжлэлээ үндэслэж, нийт 139,377,812 төгрөг шаардсан байна.

 

Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч П.Ннь 2017 онд Х.Лгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас толгой нүүр болон нүдний хэсэгтээ хүнд гэмтэл авсан, түүнээс шалтгаалан сэтгэцийн байдал нь дасан зохицохын эмгэгтэй болсон, тэрээр 2019.07.01‑ний өдрөөс 2020.04.16‑ны өдрийг хүртэл Монгол улсад болон БНСУ‑д эмчлүүлж холбогдох зардлуудыг өөрөөсөө гаргасан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Дээрх Х.Лгийн 2017.09.15‑нд үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч П.Н-т учирсан хохиролд хариуцагч УЕПын газрын ямар хууль бус үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, тодруулбал, БЗДПгазрын ахлах прокуророор ажиллаж байсан Б.Ч нь зөрчлийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгдээгүй байхад шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч П.Н-н биед хүнд гэмтэл учирч, сэтгэцийн эмгэг бий болж, эрүүл мэндийн хохирлууд бий болсон гэж үзэх боломжгүй бөгөөд эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Х.Лгийн 2017.07.06‑ны өдөр П.Н-н гэрийн хаалгыг нүдэж түүнийг надтай хамт яв, хамт бай, үгүй бол ална гэх зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэний дараа 2017.09.15‑ны орой Х.Л нь авто осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, үүний улмаас нэхэмжлэгч П.Н-т гэм хорын хохирол учирсанд хариуцагч УЕПын газрыг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин БЗДПгазрын ахлах прокуророор ажиллаж байсан Б.Чад сахилгын шийтгэл оногдуулсан УЕПын 2018.11.07‑ны өдрийн Б/401 дүгээр “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал нь нэхэмжлэлийг нотлох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч УЕПын газраас хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар УЕПГ нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр болон албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан гэх байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчаас Монгол улсад хийлгэсэн эмчилгээний зардал 1,351,665 төгрөг, БНСУ‑д хийлгэсэн эмчилгээний зардал 3,616,717 төгрөг, сэтгэл санааны хохирол 124,494,930 төгрөг, бусад зардал буюу шинжээчийн хөлс, нотариатын зардал, визний мэдүүлгийн материал бүрдүүлэхэд гарсан зардал, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал, утасны яриа, өмгөөллийн хөлс, орчуулга болон унааны зардалд 9,915,500 төгрөг, нийт 139,377,812 төгрөг гаргуулах тухай П.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Ж.Хишигт нь шүүх хуралдааны тов мэдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8‑д зааснаар зохигчдын зөвшөөрөл, гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2., 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                   ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1‑д заасныг баримтлан УЕПГт холбогдох гэм хорын хохиролд 139,377,812 төгрөг гаргуулах тухай П.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч П.Ннь тус шүүхийн 2020.05.25‑ны өдрийн 5605 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 854,839 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

   ШҮҮГЧИД                                                       И.АМАРТӨГС

 

                                                                             Ж.БАЙГАЛМАА