Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00357

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00357

 

 

 

 

П.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00009 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Нийн хариуцагч У.Е.П.Гт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 139 377 812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Лхагвасүрэн гэх этгээд 2017 оны 07 сарын 06-ны өдөр нэхэмжлэгч П.Нийн гэрт ирж хаалга онгойлго надтай суухгүй бол чамайг ална эсвэл өөрийгөө ална гэж барьж явсан алахаараа өөрийнхөө толгой руу цохиод байсан. Х.Лхагвасүрэн нь П.Нийг авч явж, алах зорилготой байсан гэж П.Н бодоод тухайн үедээ энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсэгт гомдол гаргасан. Гэтэл илтэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий албан тушаалтан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрэн гүйцэд бодитоор хянаж шалгаагүй, Х.Лхагвасүрэнг олж асуугаагүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоогоогүй, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Д.Чинбат нь хяналтын чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэл хийсэн. Өөрөөр хэлбэл П.Нийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээллийг бүрэн гүйцэд хянаагүй. Х.Лхагвасүрэнгийн илтэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоогоогүй, хуульд заасны дагуу хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүйн улмаас Х.Лхагвасүрэн гэх этгээд гэмт хэргээ төгс үйлдэж нэхэмжлэгч П.Нийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсан байдаг. Ингээд П.Н эрх бүхий албан тушаалтнуудад гомдол, санал гаргаж явснаар Улсын ерөнхий прокурорын газраас зөрчлийн хэргийг дахин шалгахаар болж, Багануур дүүрэгт шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт нэгтгэн, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Х.Лхагвасүрэн 4 жилийн хорих ял авч, хохирол төлөхөөр болсон бөгөөд Улсын дээд шүүхийн 574 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Мөн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 223 тоот шийдвэр гарсан байдаг бөгөөд Х.Лхагвасүрэнгийн гэм буруутайг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүнд нь нэхэмжлэгч П.Н гомдол гаргаж чадаагүй, эмчилгээ хийж таарсан байдаг. Тийм учраас бид хяналт тавьж байсан прокурорын буруутай үйл ажиллагаа байна гэж үзсэн, өөрөөр хэлбэл Х.Лхагвасүрэнгийн үйлдлийг тухайн үед нь таслан зогсоож, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлсэн бол П.Нийн эрүүл мэндэд хохирол учирахгүй байсан гэж үзэж байгаа. Энд учирсан хохирол нь өмнө шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд заасан хохиролтой давхцахгүй, харин түүнээс хойш буюу 2019 оны 07 сарын 01ний өдрөөс 2020 оны 04 сарын 16ны өдрийг хүртэл Монгол улсад хийлгэсэн эмчилгээний зардал 1 351 665 төгрөг, БНСУд хийлгэсэн эмчилгээний зардал 3 616 717 төгрөг, сэтгэл санааны хохирол 124 494 930 төгрөг, бусад зардал буюу шинжээчийн хөлс, нотариатын зардал, визний мэдүүлгийн материал бүрдүүлэхэд гарсан зардал, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал, утасны яриа, өмгөөллийн хөлс, орчуулга болон унааны зардалд 9 915 500 төгрөг, нийт 139 377 812 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2т зааснаар хариуцагчаас 139 377 812 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах 3 үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Тухайн үйл явдал нь 2017 оны 07 сарын 06-ны өдөр болсон бөгөөд Х.Лхагвасүрэн гэгч нь нэхэмжлэгч П.Нийн хаалгыг нь цохиж, заналхийлсэн, сүрдүүлсэн, дарамталсан үйлдлүүдийг гаргасан. Тухайн үед дээрх хүмүүс нь хоорондоо хамтран амьдарч байсан байдаг. Ингээд нэхэмжлэгч П.Н нь Х.Лхагвасүрэнгийн дээрх дарамталсан, заналхийлсэн үйлдлийн талаарх гомдлоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж, цагдаагийн дэслэгч н.Батжаргал хүлээн авч шалгаад 2017 оны 07 сарын 18-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шалгаад татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Тус шийдвэрийг нэхэмжлэгч П.Н эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор н.Батболдод гомдол гаргасныг хянаад Х.Лхагвасүрэнгийн үйлдэл нь хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх зөрчлийн шинжтэй байх боловч Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар зөрчилд үйлдэгдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Харин П.Нээс У.Е.П.Гт гомдол ирүүлснийг хүлээн авч хянаад Улсын ерөнхий прокурор газар хариу мэдэгдэх хуудсаар П.Нт хариу мэдэгдсэн. Энэ үед Х.Лхагвасүрэн нь Багануур дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож яваад П.Нийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэл дээр эрүүгийн 170400970064 дугаар хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан. Ийнхүү П.Нийн гаргасан удаа дараагийн гомдлын дагуу гомдлыг нь хүлээн авч Багануур дүүрэгт шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт нэгтгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгч Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Мөн хяналт, шалгалт дотоод аюулгүй байдлын хэлтсээс прокурор н.Чинбатыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байхдаа Х.Лхагвасүрэнд холбогдох зөрчлийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй байхад шийдвэрлэсэн гэж түүнд сахилгын шийтгэл ногдуулсан. Ингээд дээрх үндэслэлүүдийн дагуу П.Н нь Прокурорын байгууллагын ажилчид, цагдаагийн байгууллагын ажилчдыг албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсаныг Ерөнхийлөгчийн тамгын газраас Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас гомдлыг шалгаад 2018 оны 07 сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5.1.1, 38.1 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг тус тус үндэслээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналтай хамт прокурорт шилжүүлсэн. Нэхэмжлэгч П.Н нь мөн адил дээрх шийдвэрийг эс зөвшөөрч У.Е.П.Гт гомдол гаргасан. Улсын ерөнхий прокурорын газраас холбогдох баримтыг материалыг татаж хянаад 2020 оны 02 сарын 07-ны өдөр 1/439 тоот дугаартай хариу мэдэгдэх хуудсаар прокурорын шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл иргэн П.Нээс гаргасан гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессын дагуу оролцогчдын гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байсан нь дээрх үндэслэлүүдээр харагдаж байна. Х.Лхагвасүрэн нь хамтран амьдрагч П.Нийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 20 цаг орчимд Багануур дүүргийн нутаг дэвсгэрт болсон байгаа. Харин анхны үйл явдал 2017 оны 07 сарын 06-ны өдөр болсон. Түүнээс хойш дээрх хоёр хүн маань хамтран амьдарч Багануур дүүрэгт тодорхой үйл ажиллагаа эрхэлж байсан нь иргэний хэрэгт авагдсан материалуудаас харагддаг. Өөрөөр хэлбэл П.Нтэй хамтран амьдарч байсан Х.Лхагвасүрэн нь н.Бямбацэцэгийн эзэмшлийн автомашиныг жолоодож яваад хамтран амьдрагч П.Нтэй маргалдан улмаар хамт үхнэ гэж тээврийн хэрэгслийн хурдыг нэмж замын хажуу хэсэг рүү орж онхолдон бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдож Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 64 тоот дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Х.Лхагвасүрэн нь тухайн шүүх хуралдаан болох үед эмчилгээний зардалд 2 790 000 төгрөг төлсөн. Мөн 226 551 859 төгрөгийг Х.Лхагвасүрэнгээс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Энэ шийтгэх тогтоол нь Улсын дээд шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдөр 574 тоот дугаартай тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Иргэн П.Н нь Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм хорын хохирлыг гаргуулахаар Хууль зүйн дотоод хэргийн яаманд 2019 оны 07 сарын 05-ны өдөр хандсан. Хууль зүйн дотоод хэргийн яам холбогдох хууль зүйн үндэслэлийг үзээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211 дүгээр зүйлийн 211.3-т зааснаар нөхөн төлбөрийг олгох боломжгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байна гэсэн утгатай хариу өгсөн байна. Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 онд хийгдэж 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа. Дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, энэ хуулийн 10.3-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зориулалттай байна гэж тодорхойлсон. Тус хуулийн 10 дугаар 10.3-т эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэсэн зүйл заалт нь мөн байгаа. Одоо Х.Лхагвасүрэнд холбогдох шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч П.Н нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлтээ дахин гаргах боломжтой байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага албан тушаалтан нь бусдад гэм хор учруулсны хариуцлагыг төрөөс болон тухайн байгууллагаас гаргуулахаар зааж өгсөн. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т ямар үндэслэлээр үйлдэл, эс үйлдэхүй хийснээр гэм хор учруулсны хариуцлагыг хүлээхийг мөн заасан. Энэ үйлдэлд нь хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг гаргуулахтай холбоотой. Гэтэл П.Нийн дээрх үйлдэлд шийдвэр гаргасан прокурор нь Иргэний хуулийн 498.4-т заасан дурдсан шийдвэрүүдийн алийг ч гаргаагүй. Өөрөөр хэлбэл иргэн П.Нийг эрүүдэн шүүгээгүй, яллагдагчаар татаагүй, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байхад иргэн Х.Лхагвасүрэнгийн учруулсан хохирлыг Улсын ерөнхий прокурорын газраас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, бид хариуцагч биш, шалтгаант холбоо байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1д заасныг баримтлан У.Е.П.Гт холбогдох гэм хорын хохиролд 139 377 812 төгрөг гаргуулах тухай П.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.Н нь тус шүүхийн 2020оны 05 сарын 25ны өдрийн 5605 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 854 839 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Прокурорын байгууллагыг хариуцагчаар татаж гомдол гаргахдаа Х.Лхагвасүрэнгийн 2017 оны 07 сарын 06-ны өдөр миний гэрт ирж хаалга нүдэж, надтай хамт бай, хамт яв үгүй бол ална гэж заналхийлэн, өөрийгөө ална гэж алхаар цохиод байсан гэх товч агуулгатай гэмт хэргийн шинжтэй гомдлыг прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд шалгаагүй ажилдаа хайнга хандсаны улмаас иргэн Х.Лхагвасүрэн нь гэмт үйлдлээ үргэлжлүүлэн миний биед хүнд хохирол санаатай учруулсан. Дээр дурдсан асуудалд Прокурорын байгууллага өөрийн бурууг хүлээн зөвшөөрч прокурор Чинбатад хяналтын чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр хариуцлага тооцсон. Гэмт үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрэн гүйцэт бодитой шалгаагүй, улмаар зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байдаг. Гэтэл шүүх П.Нт гэм хорын хохирол учирсанд Улсын Ерөнхий прокурорын газрыг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад маш гомдолтой байна. П.Н миний бие мах бодид учирсан гэм хорыг анхан шатны шүүхийн дээр дурдсан тогтоолуудад тусгасан боловч сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлыг тогтоогоогүй юм. Миний хүсэлтээр миний сэтгэл санаа сэтгэцийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг болон цаашид хэрхэн нөлөөлж болох өөр хүчин зүйл байж болох эсэхийг тогтоолгохоор сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжээч эмч нарыг томилсон. Шинжээчийн дүгнэлтээр П.Н миний сэтгэцийн байдал нь дасан зохицохын эмгэгтэй болсон, энэхүү эмгэг нь 2017 онд авто осолд орж толгой нүүр болон нүдний хэсэгт гэмтэл авсанаас шалтгаалан үүссэн, цаашид сэтгэцийн байдал нь үүссэн гэмтлийн эдгэрэлт болон засрал сайжралын байдал, сэтгэл заслын эмчилгээний үр дүн, бие хүний онцлог шинж байдал, өөрийн нөхцөл байдалд үзүүлэх сэтгэл зүйн хариу урвал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж болно гэж дүгнэсэн дүгнэлт болон Итгэлт эстимэйт хөрөнгийн үнэлгээний байгууллагын Гэм хорын үнэлгээний тайлан, миний сэтгэл санааны болон бусад эмчилгээ хийлгэсэн баримт зэргийг анхан шатны шүүх үнэлээгүй, шинжлэн судлаагүй болох нь шүүхийн дээрх үндэслэлээс харагдаж байна. Дээрх дүгнэлт зэргээс миний сэтгэл санааны болон сэтгэцийн байдалд гэм хор учирсан нь Прокурорын байгууллагын ажилдаа хайнга хандсан, хийвэл зохих ажиллагааг хийгээгүй, хууль журмын дагуу ажиллаагүйтэй шууд шалтгаант холбоотой болсон гэж үзэж байгаа. Иймд бодит байдалд нийцээгүй, чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьсан шудрага бус шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч У.Е.П.Гт холбогдуулж гэм хорын хохиролд 139 377 812 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

П.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Х.Лхагвасүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 06ны өдөр нэхэмжлэгч П.Нийн гэрт ирж, хаалгыг нь нүдэж, ална гэж заналхийлж, өөрийгөө алахаар цохиод байсан үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч П.Нийн гаргасан гомдлыг прокурор хуульд заасан журмын дагуу бүрэн шалгаагүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, гомдлыг хүлээн авахаас татгалзаж, эс үйлдлээр Х.Лхагвасүрэнд гэмт хэргийг төгс үйлдэх боломж олгосон гэм буруутай тул надад учирсан хохирлыг У.Е.П.Г хариуцах ёстой ... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... цагдаа, прокурор нь хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч П.Нийн гомдлыг шалгаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч П.Нийн удаа дараагийн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Багануур дүүрэгт шалгагдаж байсан хэрэгт нэгтгэн эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Х.Лхагвасүрэн гэгч нь ял эдэлж, хохирол төлөхөөр болсон байдаг, үүнд прокурорын байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй, учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй, шалтгаант холбоогүй... гэж тус тус тайлбарласан./хх-1-3, 175-176/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Х.Лхагвасүрэн бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг шийдвэрт нэхэмжлэгч П.Н нь гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон байна./хх36-38/

Түүнчлэн, Х.Лхагвасүрэн нь 2017 оны 9 дүгээр сарын 15ны орой 20.00 цагийн орчимд Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хатуу хучилттай зам дээр иргэн П.Бямбацэцэгийн эзэмшлийн 0351 УБВ улсын дугаартай Тоёота платз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хамтран амьдрагч П.Нтэй маргалдан, улмаар хамт үхнэ гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт шалгагдаж, улмаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Х.Лхагвасүрэн нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, түүнээс гэм хорын хохиролд 226 551 859 төгрөгийг гаргуулж хохирогч П.Нт олгож, нэхэмжлэлээс 8 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30ны өдрийн 574 дугаар тогтоолоор уг шийтгэх тогтоолыг хэвээр баталж үлдээсэн болох нь нотлогдсон. /22-35/

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол төлөхийг хариуцагчаас шаардсан. Гэм хор учруулсны улмаас нөхөн төлбөр төлөх үүрэг үүсэх үндэслэл нь хариуцагчийн үйлдэл нь хууль бус буюу хуулиар хориглосон байхаас гадна, уг үйлдэл /эс үйлдэл/ нэхэмжлэгчид учирсан гэх хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай. Үүнийг нэхэмжлэгч нотлосон тохиолдолд хариуцагчид үүрэг үүснэ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Чинбатад сануулах арга хэмжээ авахдаа Х.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгдээгүй гэсэн үндэслэл заасан бөгөөд энэ нь дараагийн гэмт хэрэг үйлдэхэд шалтгаант холбоотой гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Улсын ерөнхий прокурорын газрын үйлдэл, эс үйлдлээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Хэргийн 12, 13,14-15, 16 дугаар талд авагдсан Улсын ерөнхий прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 8/1518 тоот албан бичиг, 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 1/439 тоот хариу мэдэгдэх хуудас болон Сахилгын шийтгэл оногдуулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/401 дүгээр тушаал зэрэг нь хариуцагч байгууллагыг гэм буруутай болохыг эргэлзээгүй нотлож чадахгүй юм.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх Улсын ерөнхий прокурорын газрын ямар гэм буруутай үйлдлийн улмаас П.Нт буюу түүний сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учирсан болох нь тодорхойгүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж гэм хорын хариуцлагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтад харьцуулан үнэдэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч талын гомдлоор шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2021/00865 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.Н давж заалдах гомдол гаргахдаа төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ

 

.