Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01971

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01528 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Дын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Пд холбогдох

 

Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7 дугаар хороолол Цагдаагийн гудамж 12 дугаар байр 06 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Д нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7 дугаар хороолол Цагдаагийн гудамжны 12 дугаар байрны 06 тоот хаягт байрлах 80 м.кв, 2 өрөө байрыг Б.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Иаас худалдан авч, өмчлөлд шилжүүлсэн. Сууцыг Хас банкны ипотекийн зээлийн нөхцөлөөр худалдан авсан ба байрандаа орохоор очтол Б.П нь итгэмжлэл хуурамчаар хийж, залилан мэхлэх аргаар бусдад худалдсан гэж маргаад шүүхэд 2016 онд хандсан. Шүүх гомдлыг нь хүлээн аваагүй. Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөлийнхөө сууцанд орж чадахгүй, амьдран суух боломжгүй байна. Б.Пүрэврагаагийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан. Б.П нь одоо хүртэл  байрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс 06 тоот орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Пгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хас банкны ажилтан Б.И нь Б.Пгийн байрыг бусдад ашигтайгаар худалдан борлуулах тухай санал тавьсны дагуу түүнд итгэж өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-аас лавлагаа авах эрхийг олгосон итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн нотариатч П.Гэрэлмаагаар гэрчлүүлэн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3 сарын хугацаатай олгосон. Уг итгэмжлэлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон байдаг. Гэтэл Б.Д нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Б.Итай байгуулж, орон сууцыг худалдаж авсан байна. Шүүхэд нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх уг хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг байранд амьдардаггүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Дын Б.Пд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7 дугаар хороолол Цагдаагийн гудамж 12 дугаар байрны 06 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Д гэдгийг зөв тодорхойлсон. Харин Б.Пг Б.Дын өмчлөл болон эзэмшилд байсан Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7 дугаар хороолол Цагдаагийн гудамж 12 дугаар байрны 06 тоот орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр эзэмшилдээ авсан буюу хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Б.Пгаас шаардаж байгаа нь үндэслэлтэй. Сууцаа өнөөдрийг хүртэл эзэмшилдээ аваагүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Пд холбогдуулан Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7 дугаар хороолол Цагдаагийн гудамж 12 дугаар байр 06 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ уг байранд амьдардаггүй ” гэж маргажээ./хх-1-2,66/

 

Шүүх хуралдааны явцад маргаан бүхий орон сууцанд хариуцагч биш, харин н.Уянга гэдэг иргэн амьдардаг талаар талууд тайлбарлажээ. Түүнчлэн уг сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжихээс өмнө хариуцагч Б.Пгийн зөвшөөрлөөр уг Уянга гэх эмэгтэйг орон сууцанд суулгасан талаар тайлбарласан байна./хх 74-48 дугаар хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольж болохоор, ийнхүү сольсон тохиолдолд шүүх хуралдааны ажиллагааг шинээр явуулахаар заажээ. Анхан шатны шүүхээс хариуцагчийг солих эсэхийг магадлаагүй, шүүх хуралдаан дээр “Б.П болон түрээсэлж байгаа хүнийг хариуцагчаар хамт татахаа мартсан байна” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийг зөрчиж байгаа, хариуцвал зохих этгээдийг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хх-74-78, 82-83/

 

Зүй нь н.Уянга гэх иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулснаар сууцыг гэрээний үндсэн дээр эсхүл хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж байгаагийн аль болох нь тодрох, хариуцагчийн зүгээс өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжихээс өмнө н.Уянгатай байгуулсан гэрээ байгаа эсэхийг магадалж байж сая Б.П нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх нь тодорхой болох юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01528 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД