Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01989

 

Г.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02380 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Сийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: У ОНӨААТҮГ-т холбогдох

 

У ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1 298 220 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Сэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагад 2017 оны 08 сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан, гэрээ, эрх зүйн мэргэжилтэнээр сарын үндсэн цалин 649 110 төгрөг байхаар тохиролцож, ажиллаж эхэлсэн. 2018 оны 03 сарын 14-ний өдөр газрын дарга Ж.Ч  өрөөндөө дуудаж, ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө бичиж өгөхийг шаардсан. Ажлаас гарах хүсэлтгүй байгаа тухайгаа түүнд хэлээд, татгалзсан хариу өгсөн. Гэтэл 2018 оны 04 сарын 02-ны өдрийн өглөө ажилдаа очиход хэлтсийн дарга Б.Т 03 сарын 30-ны өдрийн огноотой  ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардуулсан.  Нэхэмжлэгч нь  2015 оны 12 сарын 03-ны өдөр хүүхэд төрүүлсэн, 2018 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар 2 нас, 3 сартай байсан. Хөдөлмөрийн тухай хуульд 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халахгүй юм. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй. 2018 оны 03 сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 сарын 30-ны өдрийн хооронд ажилгүй байсан 2 сарын цалин 1,298,220 төгрөгийг гаргуулах, нөхөж олгох цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ, эрх зүйн мэргэжилтэн Г.Сэ нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх албан бичгийг удирдлагадаа танилцуулж шуурхай арга хэмжээ аваагүйн улмаас байгууллагын данс хаагдан үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болсон ба ажилтнуудын амьдрах эх үүсвэр болсон цалин хөлсийг цаг хугацаанд олгож чадаагүй. Энэ нь ажлын байрны тодорхойлолтын 3.3, 3.1.1-д заасныг зөрчсөн. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тус газрын хамаарал бүхий Улсын дээд шүүхээс товлон зарлаж буй хуралдаанд цагаа барьж оролцоогүйн улмаас байгууллагад хохиролтой шүүхийн шийдвэр гарсан. Ажлын байрны тодорхойлолтын 3.2 дах заалт зөрчсөн. Энэ алдаа дутагдлын талаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Б.Т, Үйл ажиллагаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунболд нар сануулж дахин алдаа дутагдал гаргахгүй ажиллахыг үүрэг болгосон. Алдаа дутагдал зөрчил гаргасныг сануулах үед удирдлагатай маргаж хэрүүл хийн Хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.1.5, 3.1.6 дах заалтыг зөрчсөн. Г.Сэ нь 2018 оны 03 дугаар сарын 27, 29, 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдлага болон байгууллагадаа мэдэгдэлгүй 3 өдөр ажил тасалж хариуцлагын журамд заасан зөрчил гаргасан. Тус газрын Хариуцлагын тухай журмын 2.7-д дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчсөнд тооцож захиргааны санаачлагаар ажлаас хална, 2.7.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэсэн нь Г.Сийг ажлаас чөлөөлөх хуулийн үндэслэл болно. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын Ёс зүйн хорооны хурлаар Г.Сийн удаа дараа гаргасан зөрчлийг хянан хэлэлцэж тус хорооны гишүүд бүгдийн саналаар ажлаас чөлөөлүүлэх санал, хурлын тэмдэглэлийг тус газрын удирдлагад танилцуулахаар болсон. Г.Сэ нь нэхэмжлэлдээ 2018 оны 04 дүгээр сарын 02-ний Даваа гаригийн өглөө ажилдаа ирсэн гэсэн нь ажлаа үргэлжлүүлж байгаа ба 03 дугаар сарын 30-ны өдрийн тус газрын Ёс зүйн хорооны хуралд оролцоогүй нь шалтгаангүй ажил тасалсаныг нотолж байна. Ажлаас гарахдаа ажил олгогчтой байгуулсан 2 хувь үйлдсэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг тус тус зөвшөөрөлгүйгээр авч явсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хуулийн үндэслэл болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хунцууд овогт Гэрэлцогтын Сэ /Регистрийн дугаар УК88051402/-ийг У ОНӨААТҮГ-ын Гэрээ, эрх зүйн мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч У ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 298 220 /нэг сая хоёр зуун ерэн найман мянга хоёр зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сийн ажилгүй байсан хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Г.Сийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч У ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ОНӨААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 35 707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Сэд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль, журмын зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй,нотлох баримтыг буруу үнэлсэн. Шууд гэрээг цуцлах зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судлаагүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Г.Сэ нь хариуцагч байгууллагад гэрээ, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ удаа дараа зөрчсөн болохыг хариуцагч тайлбартаа дурдсан бөгөөд шүүх хуралдааны үеэр ч мөн тайлбар өгсөн. Хариуцлагын журмын 2.7-д хөдөлмөрийн  гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлүүдийг тусгасан ба 2.8.3-т "Хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцно" гэсэн байдаг. Нэхэмжлэгч 2018 оны 03 сарын 27, 29, 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ба энэ нь байгууллагын цахим цагийн бүртгэл болон цаасан цагийн бүртгэлээс тодорхой харагддаг. Байгууллагын дотоод журмын дагуу техникийн аливаа саатлын улмаас цахим цагийн бүртгэл хийх боломжгүй бол бүртгэл хариуцсан ажилтан цаасан хэлбэрээр цагийн бүртгэлийг хөтөлдөг ба ажилчид уг ажилтанд ирсэн болон явсан цагаа бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Шүүхэд нотлох баримтаар ирсэн, явсан талаар бүртгэл байдаггүй. Гэтэл шүүх үүнийг харгалзан үзэхгүйгээр ажилтан 3 хоног ажил тасалсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт  заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, алдаа дутагдал гаргасны улмаас байгууллагад хохирол учруулсан. Иймд  шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Сэ нь хариуцагч У ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 298 220 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хуулийн дагуу явагдсан” гэх үндэслэлээр маргасан. /хх-1-2, 17-18/

 

Г.Сэ нь хариуцагч байгууллагад гэрээ, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн Б/46 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-5/ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд хандсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн байна. /хх-133-139/

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, У ОНӨААТҮГ-ын дүрмийн 2.10, 2.12.3, мөн тус газрын Хариуцлагын тухай журмын 2.5.1, 2.7.1, 2.7.7, Хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь заалт, 2018 оны 03 сарын 30-ны өдрийн Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлийг тус тус заажээ. Ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогч “...Г.Сэ нь ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, 3 хоног ажил тасалсан” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч талаас “...3 хоног ажил тасалсан” гэх тушаалын үндэслэлийг нотлохоор ажилтнуудын ажлын цагийн цаасан болон цахим бүртгэлийг нотлох баримтаар гаргасан. Бүртгэлд Г.Сийн 2018 оны 03 сарын 27, 29, 30-ны өдрийн цагийн бүртгэл хийгдээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь “...03 сарын 30-ны өдөр ажилдаа очоогүй. Харин 03 сарын 27-ны өглөө Нийслэлийн авто, зам хөгжлийн газарт гэрээ хийхээр явж,11 цагийн үед ажилдаа ирсэн, цаг бүртгэгч нар цаг бүртгэсэн эсэхийг тухайн үед асууж тодруулаагүй, мөн тус өдрийн орой ажил тарах үед цахилгаан тасарсан шалтгаанаар тарах үед цахим бүртгэл хийх боломжгүй болсон, 03 сарын 29-ний өдөр 13 цагийн үед дарга 16 цагт хурал болохыг хэлсэн ч хурал болоогүй, дээрх өдрүүдэд ажлын байранд  ажлаа гүйцэтгэж байсан” гэх тайлбар гаргасныг хариуцагч баримтаар няцаагаагүй байна.

 

Уг нөхцөл байдал ажилтан дүрэм, журам, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх боловч эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй. Хариуцагч байгууллагын эсрэг шүүхийн шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас данс битүүмжилсэн зэрэг нь гэрээ, эрх зүйн мэргэжилтэн ажилтны гэм буруутай шалтгаант холбоотой байсан гэдгийг нотлоогүй байна.

 

Хуулийн дагуу явагдаж буй ажиллагаануудад ажилтан буюу нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэл бүрдсэн гэх нөхцөл байдлыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй. Хариуцлагын журам буюу хөдөлмөрийн дотоод журамд заасан 3 өдөр ажил тасалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, цагийн бүртгэлд нэхэмжлэгчийг 28-ны өдөр ажилдаа ирсэн гэх тэмдэглэл авагдсан байна. /хавсралт нотлох баримт /

 

Түүнчлэн давтан зөрчил гаргасан гэх нөхцөл байдлын талаар хариуцагч байгууллагын удирдлагын хурал дээр ярилцсан. Гэхдээ давтан зөрчлийг бодитойгоор гаргасан гэдэг үйл баримтыг эргэлзээгүй нотлох баримтыг хариуцагч тал гаргаагүй тул давтан зөрчил гаргасан гэж үзэхгүй

 

Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохүй байна. Мөн нэхэмжлэгчийн цалин олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар тооцож олгожээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “У” ОНӨААТҮГ-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 707 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                          Ш.ОЮУНХАНД