Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2380

 

 

 

 

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/02380

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******  ОНӨААТҮГ-т  холбогдох,

 

*******  ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,298,220 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь тус байгууллагад 2017 оны 08 сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан, гэрээ, эрх зүйн мэргэжилтэнээр сарын үндсэн цалин 649.110 төгрөг байхаар тохиролцож, ажиллаж эхэлсэн. Уг хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажил олгогч нь байнгын ажлын байранд хугацаагүйгээр байгуулсан. Энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа миний хувьд алдаа дутагдал гаргаж, байгууллагад эд хөрөнгийн болон бусад хэлбэрийн хохирол учруулж байсан удаагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, хариуцлагатай биелүүлж, ажиллаж байсан атал 2018 оны 03 сарын 14-ний өдөр манай газрын дарга Ж.Ч   намайг өрөөндөө дуудаж, намайг ажлаас өөрийн хүсэлтээр гарах тухай өргөдлөө бичиж өгөхийг шаардсан. Би ажлаас гарах хүсэлтгүй байгаа тухайгаа түүнд хэлээд, татгалзсан хариу өгч, ажлаас гарах өргөдөл бичиж өгөөгүй. Гэтэл 2018 оны 04 сарын 02-ны өдрийн Даваа гаригийн өглөө ажилдаа очиход хэлтсийн дарга ******* манай өрөөгөөр шагайж, намайг ирсэн эсэхийг харчихаад, 03 сарын 30-ны өдрийн огноотой “намайг ажлаас чөлөөлсөн” тухай тушаалыг тэр өдөртөө даргаар батлуулж, надад гардуулсан. Би ямар учир шалтгааны улмаас ажлаас халагдсанаа ойлгоогүй, ажлаа хэвийн гүйцэтгэж байхад гэнэтийн байдлаар удирдлагын үзэмжээр, сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлгүй тушаал гардаж авсандаа гомдолтой байна. Мөн миний бие нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр амаржиж, хүү  г төрүүлсэн. Миний хүү 2018 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар 2 нас, 3 сартай байсан. Хөдөлмөрийн тухай хуульд 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанчлан ажлаас халахыг зөвшөөрсөн 2 үндэслэл байдаг. Гэтэл ажил олгогч нь бага насны хүүхэдтэй эх намайг ажлаас халснаа үндэслэлтэй болгож харагдуулахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 40.1.4 дэх хэсгээр үндэслэн, ажлаас халсан шийдвэр гаргасан нь өөрөө үндэслэлгүй шийдвэр юм. 40.1.4-д ажлаас халах дараах 2 нөхцөлийн аль нэг нь заавал бүрдсэн байхыг шаарддаг. Үүнд: Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан байх: Би энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил нэг ч удаа гаргаж байгаагүй, надад сахилгын шийтгэл авагдсан тушаал энэ байгууллагаас урьд өмнө нэг ч удаа үйлдэж байгаагүй. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх: Үүнд: 2017 оны 08 сарын 07-ны өдрийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж ямар зөрчлийг ойлгох талаар нэг ч зүйл заалт байхгүй. Гэтэл миний ямар үйлдлийг ажил олгогч ноцтой зөрчил гэж үзэж, уг тушаалыг үйлдсэн нь ойлгомжгүй байна. Тиймээс тус газрын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг миний бие нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, шүүхэд хандаж байна. Иймд *******  Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 сарын 30-ны өдрийн хооронд ажилгүй байсан 2 сарын цалин 1,298,220 төгрөгийг гаргуулах, нөхөж олгох цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч *******  ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.С  нь “*******” ОНӨААТҮГ-т 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Гэрээ, эрх зүйн мэргэжилтэний албан тушаалд ажилласан. Тус газрын өдөр тутмын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах, байгууллагын дотоод журам болон бусад журмыг мөрдөж ажиллах, шүүхийн байгууллагад байгууллагаа төлөөлөх гэсэн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргүүдийг гүйцэтгэх үүрэгтэй. Гэрээ, эрх зүйн мэргэжилтэн Г.С  нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх албан бичгийг удирдлагадаа танилцуулж шуурхай арга хэмжээ аваагүйн улмаас байгууллагын данс хаагдан үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болсон ба ажилтнуудын амьдрах эх үүсвэр болсон цалин хөлсийг цаг хугацаанд олгож чадаагүй. Энэ нь ажлын байрны “тодорхойлолтын гуравдугаар үндсэн зорилтын 3.3 дах заалт “Шүүх хурлын явц, гарсан шийдвэрийг удирдлагад танилцуулах”, хөдөлмөрийн гэрээний 3.1.1 дэх заалт “Гэрээгээр хүлээсэн болон ажлын байрны тодорхойлтонд заагдсан үүргүүдийг хугацаанд нь чанартай бүрэн биелүүлж ажиллах, эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотой хууль тогтоомж, бусад хэм хэмжээг мөрдөж ажиллана” гэснийг зөрчиж алдаа дутагдал гаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тус газрын хамаарал бүхий Улсын дээд шүүхээс товлон зарлаж буй хуралдаанд цагаа барьж оролцоогүйн улмаас шүүх хурал үргэлжлэн асуудлаа дэмжиж оролцоогүй гэдэг үндэслэлээр байгууллагад хохиролтой шүүхийн шийдвэр гарч Г.С  нь ажлын байрны тодорхойлолтын гуравдугаар үндсэн зорилтын 3.2 дах заалт “Холбогдох алба, хэлтсүүдээс шаардлагатай нотлох баримт, материалыг гаргуулж авах, нотариатаар батлуулах, хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлэхэд Газрыг төлөөлж, итгэмжлэлээр оролцох, бусад холбогдох албан тушаалтныг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилуулах” гэж заасныг зөрчиж алдаа дутагдал гаргасан. Энэ алдаа дутагдлын талаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга *******, Үйл ажиллагаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунболд нар ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ холбогдох журмыг зөрчсөн талаар Г.С д сануулж дахин алдаа дутагдал гаргахгүй ажиллахыг үүрэг болгосон. Алдаа дутагдал зөрчил гаргасныг сануулах үед удирдлагатай маргаж хэрүүл хийн Хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.1.5, 3.1.6 дах заалтыг зөрчсөн. Г.С  нь 2018 оны 03 дугаар сарын 27, 29, 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдлага болон байгууллагадаа мэдэгдэлгүй 3 өдөр ажил тасалж хариуцлагын журамд заасан зөрчил гаргасан. Тус газрын Хариуцлагын тухай журмын 2.7-д “ дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчсөнд тооцож захиргааны санаачлагаар ажлаас хална”, 2.7.7-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан” гэсэн нь Г.С йг ажлаас чөлөөлөх хуулийн үндэслэл болно. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “*******” ОНӨААТҮГ-ын Ёс зүйн хорооны хурлаар Г.С йн удаа дараа гаргасан зөрчлийг хянан хэлэлцэж тус хорооны гишүүд бүгдийн саналаар ажлаас чөлөөлүүлэх санал, хурлын тэмдэглэлийг тус газрын удирдлагад танилцуулахаар болсон. Г.С  нь нэхэмжлэлдээ “2018 оны 04 дүгээр сарын 02-ний Даваа гаригийн өглөө ажилдаа ирсэн” гэсэн нь ажлаа үргэлжлүүлж байгаа ба 03 дугаар сарын 30-ны өдрийн тус газрын Ёс зүйн хорооны хуралд оролцоогүй нь шалтгаангүй ажил 'тасалсаныг нотолж байна. Ажлаас гарахдаа ажил олгогчтой байгуулсан 2 хувь үйлдсэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг тус тус зөвшөөрөлгүйгээр авч явсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хуулийн үндэслэл болно. Мөн Г.С тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2-д ажилтан Хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үдэслэлтэй сахилгын зөрчил гаргасан бол ажил олгогчийн нэг талын санаачлагаар гэрээг цуцалж болно” гэж заасан нь ажлаас чөлөөлөх хангалттай хуулийн үндэслэлтэй юм. Дээрх үндэслэл, баримтаар ажлаас чөлөөлөх тушаал нь хуулийн үндэслэлтэй юм. Иймд энэ хөдөлмөрийн маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.С  нь хариуцагч *******  ОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,298,220 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.С  нь *******  ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Г.С эг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд хуульд заасан хугацааны дотор буюу 2018 оны 04 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

Г.С  нь *******  ОНӨААТҮГ-т гэрээ, эрх зүйн мэргэжилтэнээр ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

*******  ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, *******  ОНӨААТҮГ-ын дүрмийн 2.10, 2.12.3, мөн тус газрын “Хариуцлагын тухай журам”-ын 2.5.1, 2.7.1, 2.7.7, Хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь заалт, 2018 оны 03 сарын 30-ны өдрийн Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн “Г.С  нь ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, 3 хоног ажил тасалсан...” гэх үндэслэл заан Г.С йг гэрээ, эрх зүйн мэргэжилтэний үүрэгт ажлаас 2018 оны 03 сарын 30-ны өдөр чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-56/

 

Ажил олгогч нь дээр дурдсан тушаалыг гаргахдаа ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах болсон “ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, 3 хоног ажил тасалсан” гэх үндэслэлийг заасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Г.С йг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь байгууллагын дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргүүдийг хангалтгүй биелүүлсэн, тухайлбал 2018 оны 01 сард шүүхийн шийдвэр биелүүлэх албан бичгийг удирдлагадаа танилцуулж шуурхай арга хэмжээ аваагүйгээс байгууллагын данс хаагдаж ажилтнуудын цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож чадаагүй, шүүх хуралдаанд оролцоогүйн улмаас байгууллагад хохиролтой шийдвэр гарсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 03 сарын 27, 29, 30-ны өдөр ажил тасалсан, ажлаас гарахдаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг зөвшөөрөлгүй авч явсан тул түүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх тайлбарыг гаргасан.

 

*******  ОНӨААТҮГ-н дарга Ж.Ч   болон гэрээ, эрх зүйн мэргэжилтэн Г.С  нарын хооронд 2017 оны 08 сарын 07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2-т “Ажилтан Хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлтэй сахилгын зөрчил гаргасан бол ажил олгогчийн нэг талын санаачлагаар гэрээг цуцалж болно” гэж заасан байх бөгөөд *******  ОНӨААТҮГ-н “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11.1-д “Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Хариуцлагын тухай журмаар зохицуулна” гэжээ. /хх-6-7, 34-41/

 

Г.С йг ажлаас чөлөөлсөн тушаалд тус газрын “Хариуцлагын тухай журам”-ын 2.5.1, 2.7.1, 2.7.7 дахь заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд уг журмын 2.5-д хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцож сануулах шийтгэл ногдуулах зөрчлийн талаар дурдаж, 2.5.1-д “Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн бол”, 2.7-д хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөнд тооцож захиргааны санаачлагаар ажлаас халах зөрчлийг дурдаж, 2.7.1-д “Газрын үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн санаатай үйлдэл”, “2.7.7-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан бол” гэжээ. /хх-42-46, 51-55/

 

Г.С йн ажиллаж байсан Гэрээ, эрх зүйн мэргэжилтэний Ажлын байрны тодорхойлолтод “Газрын өдөр тутмын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах, эрх зүйн үндэслэлийг зөв тогтоох, хяналт тавих, хуулийн байгууллагаар асуудал шийдвэрлэхэд байгууллагаа төлөөлж оролцох, иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээ, түүнтэй холбоотой харилцааг хууль тогтоомжийн дагуу зөв хийх, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих” гэж заажээ. /хх-8-9/

 

Хариуцагч нь Г.С йг 2018 оны 03 сарын 27, 29, 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан гэх тушаалын үндэслэлтэй холбогдуулан тус газрын цагийн цаасан болон цахим бүртгэлийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг бүртгэлд Г.С йн 2018 оны 03 сарын 27, 29, 30-ны өдрийн цагийн бүртгэл хийгдээгүй байна. Нэхэмжлэгч нь 03 сарын 30-ны өдөр ажилдаа очоогүйг хүлээн зөвшөөрч, харин 03 сарын 27-ны өдөр “өглөө Нийслэлийн авто, зам хөгжлийн газар руу гэрээ хийхээр яваад 11 цагийн үед ажилдаа ирсэн, цаг бүртгэгч нар цагийн бүртгэлийг хийсэн талаар тухайн үед нь асууж тодруулаагүй, мөн тус өдөр орой ажил тарах үед цахилгаан тасарсан шалтгааны улмаас ажлаас тарах үеэр цагийн цахим бүртгэл хийх боломжгүй байсан, 03 сарын 29-ний өдөр 13 цагийн цайны цагийн үед дарга 16 цагт хурал болно гэж хэлж байсан, тухайн өдөр хурал болоогүй, эдгээр өдрүүдэд ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан” гэх тайлбарыг гаргасан. Ажил олгогчоос нотлох баримтаар ирүүлсэн тус газрын 2018 оны 03 сарын 21-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацааны цагийн цахим бүртгэлээр 2018 оны 03 сарын 27-ны өдрийн ажил тарах үеийн бүртгэл цагийн бүртгэлд хамрагдсан бүх ажилтнуудын хувьд хийгдээгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг баримтаар үгүйсгэж нотлоогүй, 2018 оны 03 сарын 27-ны өдрийн ажил тарах үеийн цагийн цахим бүртгэл хийгдээгүй байгаа талаар тайлбар гаргаагүй бөгөөд Г.С  цагийн бүртгэлд бүртгүүлээгүй нь түүнийг ажилдаа ирээгүйг нотолно гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Ажил олгогч нь Г.С йг ажлаас чөлөөлөх тушаалдаа *******  ОНӨААТҮГ-н “Хариуцлагын тухай журам” болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний сахилгын зөрчил, ноцтой зөрчлийн талаарх заалтыг дурдаж үндэслэсэн байх боловч Г.С  нь тухайн журам болон гэрээнд зааснаар байгууллагын үйл ажиллагаанд холбогдох ямар дүрэм, журмыг хэрхэн, удаа дараа зөрчиж ноцтой зөрчил гаргаж ажлаас чөлөөлөх болсон нь тодорхой бус байх бөгөөд ажилтан холбогдох дүрэм, журмыг удаа дараа зөрчсөнийг ажил олгогч тогтоосон талаар баримтаар нотлоогүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т  “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Г.С йг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

   Иймд хариуцагч *******  ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Г.С йг ажлаас нь үндэслэлгүй халсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.С йг тус газрын Гэрээ, эрх зүйн мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хариуцагч *******  ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны А/42 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Г.С йн сарын дундаж цалин хөлсийг 649,110 төгрөгөөр тооцон тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны буюу 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 05 сарын 30-ны өдрийг хүртэлх 2 сарын цалинтай тэнцэх олговорт 1,298,220 төгрөгийг хариуцагч *******  ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Г.С д олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Г.С йн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч *******  ОНӨААТҮГ-т даалган шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хунцууд овогт Гэрэлцогтын С  /Регистрийн дугаар УК88051402/-ийг *******  ОНӨААТҮГ-ын Гэрээ, эрх зүйн мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******  ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,298,220 /нэг сая хоёр зуун ерэн найман мянга хоёр зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С йн ажилгүй байсан хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Г.С йн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын давтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч *******  ОНӨААТҮГ-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******  ОНӨААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 35,707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР