Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 0033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Г.Э

Шүүгдэгч                                                       Б.Б

Нарийн бичгийн дарга                             Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Бд холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овгийн Б-н Б,

 

Шүүгдэгч Б.Б нь Ц.Б-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-4-45 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алтан хундага” эмийн сангийн худалдагч Т.Н-н лангуун дээрээс аяфоне-6 плас загварын гар утсыг хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт байрлах Буянт дэлгүүрийн хажуу талын үсчний газраас Б.Э-н самсунг ноте 1 загварын гар утас хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 44 хоногийг тус бүр ажлын найман цагаар тооцон 332 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчид оногдуулсан ялаас хасч нийт эдлэх ялыг 48 цагийн хугацаагаар тогтоож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Бгийн Е2049292 дугаартай гадаад паспортыг буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөлөөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Г.Э эсэргүүцэлдээ:

 

... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 44 хоногийг тус бүр ажлын 8 цагаар тооцон 332 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчид оногдуулсан ялаас хасч нийт эдлэх ялыг 48 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 44 хоног цагдан хоригдсон ба анхан шатны шүүх түүний цагдан хоригдсон 44 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлэх ялаас хасч тооцохдоо дутуу тооцож 48 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн цагдан хоригдсон 44 хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон үзэхэд 352 цаг байх ба оногдуулсан 380 цагаас хасч тооцвол 28 цагийн ял оногдуулахаар байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тооцооны шинжтэй алдаа гэж үзэж болох хэдий боловч залруулга хийлгэх боломжгүй байна. Учир нь шүүх шийдвэрээ уншин сонсгохдоо мөн 48 цагийн хугацаагаар тогтоож уншин сонсгосон байх тул залруулга хийлгэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг буюу шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болж хуулийн шаардлагад нийцэхгүй байх нөхцөл байдал үүсч байна.

Иймд Б.Бд холбогдох Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

        

            Шүүгдэгч Б.Б нь Ц.Б-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-4-45 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алтан хундага” эмийн сангийн лангуун дээрээс худалдагч Т.Н-н аяфоне-6 плас загварын гар утсыг хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт байрлах Буянт дэлгүүрийн хажуу талын үсчний газраас Б.Э-н самсунг ноте 1 загварын гар утсыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүгдэгч Б.Бгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Б.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

            Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 44 хоногийг оногдуулсан ялаас хасч эдлэх ялыг тогтоохдоо буруу тооцсон байна.

 

            Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 44 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 44 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцвол нийт 352 цаг бөгөөд үүнийг оногдуулсан ялын хэмжээ буюу 380 цагаас хасч биечлэн эдлэх ялыг 28 цагаар тогтоох ёстой байтал анхан шатны шүүх 332 цаг гэж буруу тооцоолж эдлэх ялыг 48 цагаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчсөн байна.

 

 

            Иймд дээд шатны прокурор Г.Э-н “...шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 44 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлэх ялаас хасч тооцохдоо буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Мөн хавтаст хэрэгт авагдсан “хуулбар үнэн” гэсэн дардас дарагдсан баримтууд нь Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.13-д заасан шаардлага хангаагүй, хуулбарласан албан тушаалтны албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, огноо зэрэг нь бичигдээгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...332...” гэснийг “...352...” гэж, “...48...” гэснийг “...28...” гэж, тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...48...” гэснийг “...28...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧ                                                                  С.УРАНЧИМЭГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                З.ХОСБАЯР