Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 0124

 

                                           

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О     

Улсын яллагч Б.Б    

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1725003280157 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Б 

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь Ц.Б-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-4-45 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алтан хундага” эмийн сангийн худалдагч Т.Н лангуун дээрээс аяфоне-6 плас загварын гар утсыг хулгайлж 600 000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт байрлах Буянт дэлгүүрийн хажуу талын үсчний газраас Б.Э-ын самсунг ноте 1 загварын гар утас хулгайлж 300 000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй. Хохирогч Т.Н, С.Э нар нь “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Т.Н ...“Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед Уртбулаг багийн 5-4-45 тоотод үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн А эмийн санд ажиллаж байтал гаднаас 11 цагийн 30 минутын үед нэг хөгшин эмэгтэй орж ирээд надаас эм аваад гарах үед 20 орчим насны 2 залуу орж ирээд надаас нэг залуу нь мэс заслын наалт байна уу гэж асуусан. Тэгээд би лангуун дороос нэг наалт авч үзүүлтэл энэ наалт биш өөр урт наалт байвал үзье гэж хэлсэн. Тухайн үед би лангууны арын хэсгээс урт наалт авч өгтөл чимээгүй зогсож байгаад гараад явсан. Тэгээд би хэсэг хугацаанд эм найруулах ажил хийж байгаад өөрийн утсаа санаад авах гэтэл утас олдоогүй. Тэгээд байгууллагын утсаар залгаад үзтэл холбогдох боломжгүй болсон байсан. Гаднаас дүү Ц орж ирэх үед дотор байсан камерын бичлэгийг шалгахад тэр 2 залуу лангууны араас авч байгаа болох нь харагдсан учир цагдаад дуудлага өгсөн. Алдагдсан гар утсаа тухайн үед цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Миний зүгээс гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22-р хуудас/

 

2. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 10 сарын 14-ний өдрийн 260 дугаартай дүгнэлтийн “ I phone 6s маркийн гар утас 600 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 38-40-р хуудас/

 

3.Хохирогч С.Э-ын ...“Би 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 10 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Хорооллын эцэст байрлах үсчний газраа нэг үйлчлүүлэгч аваад үсийг нь засаж дуусаад бие засахаар гарахад миний өөдөөс зөрөөд 20 орчим насны 2 залуу манай үсчинд орсон тухайн үед би үсчнийхээ газар таньдаг хүн үлдээсэн болохоор санаа зоволгүй бие засаад иртэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Гар утсаа эргүүлж авч чадаагүй, Ноднин жил над руу Улаанбаатар хотын нэг дүүргийн шүүхээс залгаж, шүүх хуралд оролцох эсэх талаар асуухад би очиж чадаагүй. Миний хувьд дээр алдагдсан гар утсыг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50, 241-р хуудас/

 

4.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 261 дугаартай дүгнэлтийн “Samsung note-1 маркийн гар утас 300 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 38-40-р хуудас/

 

5.Гэрч С.Б-ын ...“Би Улаанбаатар хотоос найз Х, Б, Б, Ц, А нарын хамт А-гийн цагаан өнгийн верна маркийн тээврийн хэрэгсэлтэй 2017 оны 10 сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байх үед Орхон аймаг Эрдэнэт хот руу хулгай хийх зорилгоор гарсан. Тэгээд 10 сарын 24-ний өглөө 08 цаг болж байхад орж ирсэн. Тэгээд явж байгаад уртцагаан гэх газарт байх дэлгүүр рүү Б, Б нар хулгай хийх гэж орсон. Хэсэг хугацааны дараа гарч ирээд Б цагаан өнгийн нөт 1 маркийн гар утас аваад гарч ирсэн. Тэгээд цаашаагаа явж байгаад нэг байрны голд автомашинаа тавиад 2, 2-оороо салж явсан. Би Х-тай явж байгаад захын ойролцоо байх дэлгүүр рүү орж Х, Самсунг галакси эс-6 маркийн гар утас авсан. Тэгээд  автомашин дээрээ ирэхэд Б, Б хоёр цагаан өнгийн I Рhone 6  маркийн гар утас эмийн сангаар хулгайлсан гэж гаргаж ирсэн. Тэгээд цаашаа явж байгаад баталгаат засвар гэсэн хаягтай газар руу Ц ороод Самсунг галакси эс-6 маркийн гар утсыг 40 000 мянган төгрөгөөр зарсан. Бид нар нэг цайны газрын гадаа очоод Х, Б хоёр орж хуушуур аваад гарч ирэхдээ 130 000 төгрөг хулгайлан авч гарч ирсэн. Тэгээд бид нар хуушуураа идээд, ундаа, тамхи аваад идэж уучихаад бензин хийгээд гарч яваад цагдаа зогсоож баригдсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 25-26-р хуудас/

 

6. Гэрч Б Ц-лын ...”Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн үед би төрсөн дүү Б.Х, найз А, дүүгийн найз Б, Б. Б нарын хамт А-гийн машинтай Орхон аймагт хулгай хийхээр ирсэн юм. Тэгээд А бид хоёр машиндаа сууж хүлээгээд Х, Б, Б, Б нар нь хулгай хийсэн юм. Бид нар Iphone-6 плас, Samsung s-6, Samsung note-1 гар утас хулгайлсан. Мөн цайны газраас 100 000 гаруй төгрөгийн бэлэн мөнгө хулгайлсан. Тэгээд бид нар уул гарч хоолоо идчихээд машинаа угаалгачихаад бензин хийгээд Улаанбаатар хот явах гэж байгаад саатуулагдсан. Орхон аймагт анх удаа ирж байгаа болохоор хаанаас хулгай хийсэн гэдгээ хэлж мэдэхгүй байна. Iphone-6 plus  гар утсыг эмийн сангаас Б, Б хоёр хулгайлсан. Samsung s-6 маркийн Х, Б хоёр хулгайлсан хаанаас авсныг сайн мэдээгүй. Ноте-1 гар утсыг Б, Б хоёр үсчингээс авсан гэсэн хаанаас хулгайлж авсаныг нь би асуугаагүй. Бэлэн мөнгийг нь Монгол зоог гэсэн цайны газраас Хишигжаргал Баясгалан хоёр хулгайлсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн31-32-р хуудас /

 

7.Гэрч Ц.Х-ын ... “2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө уулзалдаад Орхон аймаг буюу Эрдэнэт явж хулгай хййхээр ярилцаж тохиролцоод би төрсөн ах Ц ахынхаа машинтай А ахыг гуйгаад өчигдөр орой миний ах Ц, Б, Б, Б, А ах бид нар 6-уулаа А ахын машинтай Улаанбаатар хотоос орой 21:00 цагийн орчимд гарсан юм. Тэгээд замдаа Дархан-Уул аймгаас Эрдэнэт рүү салдаг постны ойролцоо шөнө машиндаа унтаад өнөөдөр өглөө 08:30 минутын үед Эрдэнэт рүү гараад Эрдэнэтэд 10:00 цагийн үед ирсэн юм. Бид нар хулгай хийхдээ 2, 2-оороо салж явсан. Гэр хорооллын хүнсний дэлгүүрээс Б, Б хоёр Samsung note-1 хулгайлсан. Үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын цэцэг болон цүнх зардаг лангуунаас Б бид хоёр Samsung s-6 маркийн gold өнгөтэй гар утас хулгайлсан. Цайны газраас хоол аваад гарахдаа Баясгалан бид 130 000 төгрөг авсан. Б надтай хамт явж байгаад би тэр мөнгийг авсан. Iphone-6 гар утсыг Б, Б хоёр хаанаас хулгайлж авсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-34-р хуудас /

 

8.Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол / хх-ийн 103-р хуудас /

 

9.Хэргийн харъяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол / хх-ийн 182-р хуудас /

 

10.Эрүүгийн хэргийн тусгаарлах тухай тогтоол / хх-ийн 01-03-р хуудас /

 

11.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 07-13-р хуудас /

 

12.Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 14-15-р хуудас /

 

13.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 17-18-р хуудас /

 

14.Шүүгдэгч  Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа санал хүсэлт байхгүй. 2017 оны 10 сарын 24-ний өглөө 10 цагийн үед Эрдэнэт хотод орж ирсэн. Тэгээд явж байгаад Б бид хоёр эмийн сангийн эгчийг саатуулж байх хооронд би айфоне плас 6 загварын гар утсыг хулгайлсан. Баярбат бид хоёр үсчин рүү ороод би үсчин эгчийг саатуулж байх хооронд Б тольны хажууд байсан хар өнгийн самсунг нөт 1 маркийн гар утсыг хулгайлсан. Эрдэнэтээс гаръя гэж хөдлөөд постон дээр баригдсан. Эд зүйлээ бүгдийг нь хураалгасан. Тэгээд хэрэг харъяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр шалгагдаж байх хугацаанд буюу 2018 оны 01 сарын 13-ны өдөр БНХАУ руу явсан. Хятад улс руу явлаа гэдгээ гэрийнхэндээ ч, хамт хэрэгт холбогдсон хүмүүстээ ч огт хэлээгүй. Хятадын Шэн Жэн хотод очиж, цагийн ажил хийж, олсон мөнгөөрөө хоол, ундаа залгуулж байсан. Тэнд байхад хэцүү байсан учраас гэртээ очъё, эхлээд хэргээ шийдүүлье гэж бодоод Монгол руу буцтал онгоцны буудал дээр намайг саатуулсан. Би өөрийн холбогдсон хэргийнхээ хулгайлсан эд зүйлүүдийг хүлээлгээд өгсөн. Ямар нэг үлдэгдэл хохирол байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 92,100, 239-240-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн  хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

            Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Н, С.Э нарын мэдүүлэг, гэрч С.Б, Б.Ц, Ц.Х, нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Ц.Б-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-4-45 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алтан хундага” эмийн сангийн худалдагч Т.Н лангуун дээрээс айфоне-6 плас /Samsung note-1/ загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 600 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багт байрлах Буянт дэлгүүрийн хажуу талын үсчний газраас Б.Э самсунг ноте 1 /Samsung note-1 / загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч 300 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь нийт 44 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгч Б.Б-гийн Е2049292 дугаартай гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 44 хоногийг тус бүр ажлын найман цагаар тооцон 332 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчид оногдуулсан ялаас хасч нийт эдлэх ялыг 48 цагийн хугацаагаар тогтоосугай.

            4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээ авсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Б-гийн Е2049292 дугаартай гадаад паспортыг буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС