Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01988

 

А.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01551 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Б, Д.В нарт холбогдох

 

Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1-р гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв тайлбай бүхий газрыг бусдад худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2004 оны 04 сарын 09-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг хариуцагч нараас гаргуулах, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 -р гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Бийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Д.Б, хариуцагч Д.Бийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эцэг эхийн хамт Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг хамтран эзэмшиж амьдарч байгаад Дорнод аймагруу шилжсэн. Дорнодоос 2013 онд хотод ирж амьдарч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ээж нас барж аав маань голомтондоо амьдрах болсон. Сүүлийн жилүүдэд аав маань архи ихээр ууж манайхаар болон хамаатандаа амьдрах болсон. Гэтэл 2018 оны 04 сарын 20-ны үеэр хажуу айлын хүн болох Д.Б нь ааваас чинь газрыг худалдан авсан гэж хэлсэн. Хашаандаа очтол танай ааваас худалдаж авсан гээд хашаанд оруулахгүй газрын гэрчилгээг өгөхгүй байна. Иймд худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй маргаан бүхий газар, хашаанд нэхэмжлэгчийн оруулахгүй байгаа болон Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрын гэрчилгээг авчихаад өгөхгүй байгаа үйлдлүүдийг таслан зогсоож, нэхэмжлэгч А.От хүлээлгэн өгөхөөр даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 1997 оноос 2008 оны хооронд Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан. Ээж С.Ц, ах Д.В нар Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 11 тоот хаягт 2002 оноос эхлэн амьдарч байсан бөгөөд 2004 онд манай хажуу айлын хүмүүс Багануурт байр авах гэж байгаа учраас өөрсдийн газраа зарах тухайгаа манай ах, ээж хоёрт хэлж, санал болгосон байдаг. Би тухайн үед Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд ах Д.В нь 5 500 000 төгрөгөөр хөрш айлын 700 м.кв газрыг авч би 5 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. А, Б, О нар 5 500 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Үүнээс хойш худалдан авсан газар дээрээ ээж, төрсөн ах 2 маань  14 жилийн хугацаанд амьдарч байна. Энэ хугацаанд тухайн газарт гүний худаг ухуулж, 60 гаруй жимсний мод бут тарьж, хашаа хайсыг засаж сайжруулсан гэх мэт нилээдгүй зардлыг гаргасан. Дээрх газрыг худалдан авснаас хойш манай ах өөрийн нэр дээр шилжүүлж авах гэж хэд хэдэн удаа хөөцөлдсөн боловч А нь Хөвсгөл аймагт амьдарч байгаа, О нь хүү Содбилэгийн хамт Дорнод аймагт амьдарч байгаа, Б нь нас барсан гэсэн шалтгаанаар шилжүүлж өгөлгүй өдийг хүрч, удаа дараа хойшлуулж байсан билээ. 2016 оны 11 сард Атай холбоо тогтоон уулзаж газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авах гэсэн боловч О нь Дорнод аймгаас ирээгүй, цагаан сараар л ярьдаг юм гэсэн шалтгаанаар мөн шилжүүлж чадаагүй. О нь 2004 онд Нийслэлийн 58 дугаар сургуульд дадлагын багшаар ажиллаж байсан бөгөөд Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт аав А, ээж Б, хүү Содбилэг болон бусад гэр бүлийн гишүүдийн хамтаар амьдардаг байсан. Дээрх газрыг хамтран эзэмшигч болох эцэг, эхийнхээ хамтаар амьдардаг байхдаа худалдан борлуулсан тухайн үнээрээ Багануур дүүрэгт байр худалдан авсан атлаа О нь манай ах Д.Вид худалдсан талаар мэдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй, биднийг энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж байгаатай санал нийлэхгүй. 14 жилийн хугацаа өнгөрсөн байтал энэ хугацаанд А, Б, О нар газар өмчлөлтэй холбоотой ямар нэгэн маргаан, гомдол, санал, нэхэмжлэл гаргаагүй. Иймд өөрийн өмчлөх эрхээ сайн дурын үндсэн дээр бусдад худалдсан, үүнийг О нь 2004 онд мэдсэн бөгөөд одоо түүний өмчлөх эрх зөрчигдсөн тухай ярих боломжгүй, иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь Д.В, С.Ц нарт өөрийн газрыг худалдах тухай санал тавьсан билээ. Д.Б би 2005 онд Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд өөрийн төрсөн ах Д.В нь дээрх саналыг надад хэлсэн. Би Солонгос улсаас 5 500 000 төгрөгийг ах руу шилжүүлж авсан. Тухайн үед Б.А нь газрыг шилжүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архиваас гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн тухай лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа зэргийг гаргуулан авч Д.Б надад өгч байсан. Гэтэл 2018 онд Б.Агийн охин А.О нь тухайн үед хүлээн зөвшөөрч зарсан газраа биднээс гаргуулан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд газрын өмчлөгчөөр тогтоолгох, газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг О.Оээс гаргуулах, уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Бийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн  тайлбарт: Д.Б, Д.В нар миний хамтран өмчлөлийн газрыг миний аавыг архины хамааралтай байдлыг далимдуулан хямд худалдан авах хэлцэл хийснээс миний бие нь өөрийн өмчлөх эрхээ эдлэхэд саад учруулж байгаа болно. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.4-т зааснаар Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг худалдах, худалдан авах тухай Б.А болон Д.Б, Д.В нарын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг газрыг чөлөөлөхийг Д.Б, Д.В нарт даалгаж, 2004 оны 04 сарын 09-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр-ийн эх хувийг Д.Б, Д.В нараас гаргуулан А.От олгож, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Бийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай Д.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 24,750 төгрөг болон 24,750 төгрөгийг нэхэмжлэгч болон хариуцагчаас тус тус гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Д.Б, Д.В нараас улсын тэмдэгтийн хураамж 165,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.От буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А.О нь 2005 онд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үед өөрийн санаачилгыг гаргаж байсан бөгөөд мөнгө хүлээн авч, албан ёсоор хашаа, байшингаас нүүж байхад мөн байлцаж байсан атал тухайн үед мэдээгүй, Улаанбаатар хотод байхгүй байсан гэж маргадаг. Энэхүү маргааныг үгүйсгэх зорилгоор, А.Оийг Улаанбаатар хотод амьдарч ажиллаж байсан талаарх нотлох баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй байгаа нь хэргийг тал бүрээс нь судалж, хэргийн оролцогчийн тэгш байдлыг хангаж чадаагүй.

 

Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2004 онд худалдан борлуулж нэхэмжлэгч А.О нь тухайн үед мэдсэн, мэдэх боломжтой байсан тул Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа дуусгавар болсон байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Иргэний хуульд заасныг ноцтой зөрчсөн үйлдэл. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Д.Б, Д.В нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1-р гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв тайлбай бүхий газрыг бусдад худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2004 оны 04 сарын 09-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч дээрх газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Бийн нэр дээр гаргуулахыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх-1-2, 39-40/

 

Маргааны үйл баримтад хамааралтай, хэрэгт ач холбогдолтой байж болох нотлох баримтыг гаргуулах тухай хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс н.Аг гэрчээр асуулгах, 25-р сургуулиас А.Оийн ажиллаж байсан талаарх лавлагаа гаргуулах хүсэлтүүдийг гаргажээ. /хх-48 / Эдгээр хүсэлтэд зааж байгаа 2004 онд газрыг худалдсан гэх Аг гэрчээр асуух, А.О нь хэлцэл хийх үед болон түүнээс хойшхи ямар хугацаанд хаана хаана ажиллаж амьдарч байсан, Улаанбаатар хотод байсан эсэх, хэлцэл хийсэн үйл баримтын талаар мэдсэн, мэдэх боломжтой байсан эсэх зэрэг үйл баримтад дүгнэлт өгөхөд эдгээр нотлох баримтууд ач холбогдолтой байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт тавих эрхтэй бөгөөд, хэрэгт ач холбогдолтой, хэргийн үйл баримтыг тогтооход зайлшгүй шаардлагатай дээрх баримтыг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчжээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01551 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД