Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2018/01551

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2018/01551

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:А.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б

Хариуцагч: Д.В  нарт холбогдох,

Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв тайлбай бүхий газрыг бусдад худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2004 оны 04 сарын 09-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр-ийг хариуцагч нараас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай.

Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг*******ийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагч Д.Б, Д.В, хариуцагч нарын өмгөөлөгч М.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ээж, аав нарын хамт Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг хамтран эзэмшиж амьдарч байсан болно. Миний бие нөхөр, хүүхэдтэй болоод тусдаа гаран Дорнод аймагт амьдарч байгаад 2013 онд Улаанбаатар хотод амьдарч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд миний ээж нас барж аав маань голомтондоо амьдрах болсон. Сүүлийн хэдэн жилүүдэд аав маань архи ихээр ууж нааш цааш манайхаар болон хамаатан саднуудаар амьдрах болсон.

Гэтэл 2018 оны 04 сарын 20-ны үеэр Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай газрыг маань хажуу айл болох******* нь ааваас чинь худалдан авсан гарын үсгээ зур шилжүүлэх гэсэн юм гэж над руу ярих болсон бөгөөд өөрийн хашаандаа очтол танай ааваас худалдаж авсан гээд хашаанд минь оруулахгүй газрын маань гэрчилгээг өгөхгүй байна.

Иймд худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй маргаан бүхий газар, хашаанд нэхэмжлэгчийн оруулахгүй байгаа болон Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрын гэрчилгээг авчихаад өгөхгүй байгаа үйлдлүүдийг таслан зогсоож, нэхэмжлэгч ******* миний биед хүлээлгэн өгөхөөр даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.Бямбадорж миний бие 1997 оноос 2008 оны хооронд Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан. Манай ээж С.Цэвэлсодном, төрсөн ах******* нар Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 11 тоот хаягт 2002 оноос эхлэн амьдарч байсан бөгөөд 2004 онд манай хажуу айлын хүмүүс Багануурт байр авах гэж байгаа учраас өөрсдийн газраа зарах тухайгаа манай ах, ээж хоёрт хэлж, санал болгосон байдаг.

Би тухайн үед Солонгос улсад ажилладаг байсан бөгөөд манай ах******* нь 5,500,000 төгрөгөөр Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай хажуу айлын 700 м.кв газрыг худалдан авах тухай хэлж мөнгө шилжүүлэхийг хүссэн.

Ийнхүү би 5,500,000 төгрөгийг ахад шилжүүлэн өгч манай төрсөн ах******* нь хажуу айлын хүмүүс болох Амгалан, Бадамгарав, Оюунчимэг нартай уулзан, газар худалдан авах тухай харилцан тохиролцож 5,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч тухайн газрыг 2004 оны 05 сард худалдан авсан юм. Үүнээс хойш худалдан авсан газар болох Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт манай ээж, төрсөн ах 2 маань өнөөдрийг хүртэл 14 жилийн хугацаанд амьдарч байна.

Энэ хугацаанд тухайн газарт тодорхой хөрөнгө мөнгө гаргаж гүний худаг ухуулж, 60 гаруй жимсний мод бут тарьж, хашаа хайсыг засаж сайжруулсан гэх мэт нилээдгүй зардлыг гаргасан. Дээрх газрыг худалдан авснаас хойш манай ах өөрийн нэр дээр шилжүүлж авах гэж хэд хэдэн удаа хөөцөлдсөн боловч Амгалан нь Хөвсгөл аймагт амьдарч байгаа, Оюунчимэг нь хүү Содбилэгийн хамт Дорнод аймагт амьдарч байгаа, Бадамгарав нь нас барсан гэсэн шалтгаанаар шилжүүлж өгөлгүй өдийг хүрч, удаа дараа хойшлуулж байсан билээ.

2016 оны 11 сард Амгалантай холбоо тогтоон уулзаж газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авах гэсэн боловч Оюунчимэг нь Дорнод аймгаас ирээгүй, цагаан сараар л ярьдаг юм гэсэн шалтгаанаар мөн шилжүүлж чадаагүй. Оюунчимэг нь 2004 онд Нийслэлийн 58 дугаар сургуульд дадлагын багшаар ажиллаж байсан бөгөөд Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт аав Амгалан, ээж Бадамгарав, хүү Содбилэг болон бусад гэр бүлийн гишүүдийн хамтаар амьдардаг байсан.

Дээрх газрыг хамтран эзэмшигч болох эцэг, эхийнхээ хамтаар амьдардаг байхдаа өөрсдийн сайн дурын үндсэн дээр худалдан борлуулсан тухайн худалдсан үнээрээ Багануур дүүрэгт байр худалдан авсан атлаа Оюунчимэг нь манай ах*******ид худалдсан талаар мэдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй, биднийг энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна.

Мөн дээрх үйл явдал болж өнгөрснөөс хойш 14 жилийн хугацаа өнгөрсөн байтал энэ хугацаанд Амгалан, Бадамгарав, Оюунчимэг нар газар өмчлөлтэй холбоотой ямар нэгэн маргаан, гомдол, санал, нэхэмжлэл гаргаж байгаагүй билээ.

Иймд өөрийн өмчлөх эрхээ сайн дурын үндсэн дээр бусдад худалдсан, үүнийг Оюунчимэг нь 2004 онд мэдсэн бөгөөд одоо түүний өмчлөх эрх зөрчигдсөн тухай ярих боломжгүй, иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай хөрш айл Б.Амгалан нь манай ах*******, төрсөн эх С.Цэвэлсодном нарт өөрийн газрыг худалдах тухай санал тавьсан билээ.******* би 2005 онд Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд өөрийн төрсөн ах******* нь дээрх саналыг надад хэлсэн.

Би Солонгос улсаас 5,500,000 төгрөгийг ах руу шилжүүлж улмаар Б.Амгалан, *******, Л.Бадамгарав нарын хамтаар Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг худалдах, худалдан авах тухай харилцан тохиролцож 5,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байдаг.

Дээрх үйл явдлаас хойш даруй 13 жил өнгөрсөн бөгөөд Б.Амгалан нь газрын эрхийг шилжүүлэхээр 2-3 удаа хөөцөлдсөн боловч түүний эхнэр Л.Бадамгарав нас барсан, охин ******* нь Дорнод аймагт ажиллаж, амьдарч байгаа гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулж байсан.

Тухайн үед Б.Амгалан нь тухайн газрыг шилжүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архиваас гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн тухай лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа зэргийг гаргуулан авч******* надад өгч байсан билээ.

Энэхүү хугацаанд буюу 2005 оноос хойш дээрх газарт манай ээж С.Цэвэлсодном амьдарч байсан бөгөөд газар худалдаж авснаас хойш гүний худаг гаргаж, 60 гаруй мод, бут тарьж ургуулсан байдаг. Мөн дээр газар нь намагтай тул жил бүр машинаар шороо буулгаж газраа тэгшилдэг байсан.

Гэтэл 2018 онд Б.Амгалангийн охин ******* нь тухайн үед хүлээн зөвшөөрч зарсан газраа биднээс гаргуулан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох, газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг О.Оюунчимэгээс гаргуулах, уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг*******ийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хариуцагч*******,******* нар миний хамтран өмчлөлийн газрыг миний аавыг архины хамааралтай байдлыг далимдуулан хямд худалдан авах хэлцэл хийснээс миний бие нь өөрийн өмчлөх эрхээ эдлэхэд саад учруулж байгаа болно.

Иймээс тэдний энэхүү үйлдэл нь хууль бус бөгөөд хийсэн гэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох, газрын эрхийн гэрчилгээг*******ийн нэр дээр гаргуулахаар даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй юм. Иймээс дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв тайлбай бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

Улмаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв тайлбай бүхий газрыг бусдад худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

Нэхэмжлэгч нь зарим шаардлагаа өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоолгох гэж тодорхойлсон боловч түүний хүсэл зориг нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө буюу газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх агуулгатай байх тул шаардлагаа өөрчилсөн гэж үзэхгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна гэж үзэв.

Мөн 2018 оны 06 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй юм байна лээ, газар өмчлүүлэх тухай шийдвэр бидэнд байгаа гэсэн агуулгатай тайлбар гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах гэсэн шаардлагаа газар өмчлүүлэх шийдвэрийг гаргуулах гэж тодруулсан болно.

Хариуцагч******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг*******ийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нэхэмжлэгчийн төрсөн эцэг Б.Амгалан болон******* нар 2005 онд Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг 5,000,000 төгрөгөөр төгрөгөөр худалдах, худалдан авахаар хэлцэл хийсэн,*******ийн төрсөн дүү******* нь Солонгос улсаас газар авахад зориулж мөнгө шилжүүлсэн, Б.Амгалан, түүний эхнэр Л.Бадамгарав нар хашаа, байшингийн үнэ болох 5,000,000 төгрөгийг*******оос бэлнээр хүлээн авсан болох нь зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Хожим 2016 оны 11 сарын 02-ны өдөр Б.Амгалан,******* нар Хашаа байшин худалдаж авсан тухай гэх баримт үйлдсэн байх ба уг баримтанд Д.Бямбадорж миний бие 2005 онд иргэн Б.Амгалангаас Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Ойчдын 1-12 тоот хашаа байшинг 2004 оны 4 сарын 09-ний өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн 5,000,000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн болно. Б.Амгалан миний бие 2005 онд тус хашаа, байшинг иргэн*******ид 5,000,000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно. Тухайн үед төлбөр тооцоог бүрэн хийсэн нь үнэн болно хэмээн бичиж, Б.Амгалан,******* нар гарын үсгээ зуран баталгаажуулсан байдаг.

Хэрэгт авагдсан 2004 оны 04 сарын 09-ний өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр-ээр Б.Амгаланд Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв талбайтай 9,240,000 төгрөгийн үнэ бүхий газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрт хамтран өмчлөгчөөр Л.Бадамгарав, *******, М.Содбилэг нар бүртгэгдсэн байна.

Иймд ******* нь гэр бүлийн гишүүн болохынхоо хувьд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4-т заасны дагуу бусдад холбогдуулан гаргах эрхтэй этгээд байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна хэмээн заажээ.

Хуульд заасны дагуу хэлцэл хийгдэх үед насанд хүрсэн байсан Л.Бадамгарав, ******* нараас хашаа, байшинг худалдах талаар бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогддог.

Иймд Б.Амгалан болон*******,******* нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн ... хэлцэл гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хоёр.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Өмнө дурдсанчлан Б.Амгалан болон*******,******* нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул*******ийг тухайн газрын өмчлөгчөөр тогтоох боломжгүй, улмаар уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг*******ийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцэл уг хэлцэлтэй холбоотой шаардах эрхийг*******ид үүсгэхгүй юм.

Гурав. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор, 76.2-т шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхээр тус тус заажээ.

Д.Бямбадорж нь 2018 оны 04 сард анх газар өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтыг *******ээс шаардаж утсаар ярьсан хэмээн зохигч талууд тайлбарладаг.

*******ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хэлцэл хийгдэх үед хөндөгдөөгүй бөгөөд харин******* газар өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан тэр үеэс бодитойгоор хөндөгдөх учир хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 04 сараас эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь *******ийг 2005 онд Улаанбаатар хотын 58 дугаар сургуульд багшилж байсан талаархи лавлагаа, ******* нь 2004-2006 оны хооронд хаана оршин сууж байсан талаархи лавлагааг гаргуулахыг хүссэнийг шүүх хангаагүй.

Учир нь хэлцэл хийгдэх үед ******* маргаан бүхий хашаа, байшинд амьдарч байсан, Улаанбаатар хотод байсан үйл баримт нь тухайн хэлцлийн талаар мэдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь *******ийг 2004-2007 оны хооронд Улаанбаатар хотод амьдарч байгаад 2007 онд Дорнод аймаг руу нөхөр, хүүхдийн хамт нүүсэн гэсэн тайлбарыг гаргадаг учир дээр дурдсан лавлагаанууд ач холбогдолгүй юм.

Дөрөв. Хариуцагч нарын шаардах эрхийн тухайд.

Б.Амгаланд газрын үнэ гэж 5,000,000 төгрөг өгсөн, хашаанд засвар хийсэн, мод бут тарьсан, худаг гаргасан гэсэн хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч маргадаггүй.

Хариуцагч тал өөрт учирсан хохирлыг бусад этгээдээс нэхэмжлэхэд энэхүү шийдвэр нь саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.4-т зааснаар Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв тайлбай бүхий газрыг худалдах, худалдан авах тухай Б.Амгалан болон*******,******* нарын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг газрыг чөлөөлөхийг*******,******* нарт даалгаж, 2004 оны 04 сарын 09-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр-ийн эх хувийг*******,******* нараас гаргуулан *******т олгож, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг*******ийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай*******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 24,750 төгрөг болон 24,750 төгрөгийг нэхэмжлэгч болон хариуцагчаас тус тус гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч*******,******* нараас улсын тэмдэгтийн хураамж 165,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР