Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2017/00107

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2017/00107

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ... байрны ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт Ц-ын О /рд: ..../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоот хаягт бүртгэлтэй, эрэгтэй, Бн овогт С-ий Д /рд: ......./,

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ...тоот хаягт бүртгэлтэй, эрэгтэй, Б овогт С-ний Да /рд: ..../ нарт холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шинжээч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О миний бие 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, Г-аас, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжны ...тоот хаягт байрлах 464 м.кв талбай бүхий газар, мөн Г.Наранбаатараас тус хорооны ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах 464м.кв зэргэлдээ хоёр газрыг худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлэн 0003.., 0003... дугаартай гэрчилгээ авсан. Өмчилж авахаасаа өмнө хашааг надад худалдсан Гантуултай хамт хашаан дээрээ очиж үзэхэд дундуураа тусгаарласан хаашаа бариагүй, үргэлж газар байсан бөгөөд хашаан дотор том оврын машин болон эд зүйлс тавьсан байсан. Учрыг асуухад манай найз Чулуунхүү хашааг харж байгаа, тэр хүн хамаатнуудынхаа машин техникийг түр байрлуулж байгаа юм. Хэрэв хашааг худалдан авбал машин техникийг аваад тусгаарласан хашааг барьж өгнө санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд хашааны мөнгийг дансанд шилжүүлж өгсөн. Би хашаагаа өмчилж авчихаад нүүж очихоосоо өмнө хашаан дээр очиход хашаа баригдаагүй байсан ба тус хашаанд машин техникээ тавьж засвар хийж байсан хүмүүстэй уулзаад хашааг чөлөөлж өгнө үү гэж хэлчихээд маргааш нь нүүж очиход Д оруулаагүй, ах Да-оо дуудсан. Да нь манай хадам ээжийн газар оруулахгүй гээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд газрын албаар шийдвэрлүүл гээд яваад өгсөн. Ингээд би 4 сарын 6-нд газрын албанд өргөдөл гаргасан. Газрын албаны Х гэдэг хүн таны өмчилсөн газар мөн байна гэж хэлээд газар чөлөөлөх “Шаардах хуудас”-ыг үүдэнд нь наагаад явсан боловч чөлөөлөөгүй. Тэгээд дахин газрын албанд хандахад та шүүхээр газраа чөлөөлүүл гэж хэлсэн. Ингээд анх 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь дахин 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр мөн дахин хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд маргаж байгаа талын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 77 дугаартай магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэвч иргэн С.Д, С.Да нар нь одоог хүртэл миний өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй, би газар дээрээ бууж чадахгүй байна. Иймд Ц.О миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар гудамжны .. болон ... тоот газар дээр барьсан хашааг буулгаж, уг газар дээр байгаа тэдний өмчлөлийн урт чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайргыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан гэв.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ газрыг хариуцагч С.Д болон С.Да нар нь 2001 оноос хойш эзэмшилдээ байлгаж байгаа тул тэдний хууль ёсны эзэмшлийн газар юм. Хариуцагч талаас маргаан бүхий газар дээр хашаа барьсан, эд зүйлээ тавьсан талаар маргахгүй, эд зүйл нь хариуцагч нарын өмчлөлийн эд зүйл мөн. Харин газрын алба нь 15 жилийн хугацаанд эзэмшиж байгаа этгээдэд газрыг олголгүйгээр өөр этгээдэд олгосон байгааг бид хууль бус гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20... оны ... дүгээр сарын ..-ний өдрийн .... дугаартай шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 20.. оны ...дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ц.О нь шүүхэд хандаж, өөрийн өмчлөлийн газар дээр баригдсан хариуцагч С.Д, С.Да нарын өмчлөлийн хашааг буулгаж, уг газар дээрээс хариуцагч нарын өмчлөлийн урт чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайргыг албадан нүүлгэж, газраа чөлөөлүүлэхийг хариуцагч С.Д, С.Да нарт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.   

Хариуцагч С.Д, С.Да нар нь хашаа барьж, өөрсдийн өмчлөлийн эд зүйл болох урт чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайрга байрлуулсан байгаа газрыг 2001 оноос хойш 15 жилийн хугацаанд эзэмшилдээ байлгасан, нэхэмжлэгч Ц.Оы өмчлөх эрх хууль бус гэх үндэслэлээр шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Маргаан бүхий, нэгж талбарын 1863...., нэгж талбарын 1863...дугаар бүхий газруудын байршил, өөр бусад газар эзэмших эрхтэй давхцалтай эсэх, түүнчлэн газар дээр баригдсан хашаа, эд зүйлсийн шинж чанар, тоо хэмжээ болон эд зүйлсийн өмчлөлийн талаар зохигч талууд маргаагүй ба гагцхүү уг газрыг өмчлөх эрх бүхий этгээдийн талаар маргажээ.

Нэхэмжлэгч Ц.О нь 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Г.Н-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр, түүний өмчлөлийн, нэгж талбарын 18635... дугаартай, 464 м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийг, мөн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б.Г-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр, түүний өмчлөлийн, нэгж талбарын 18635.... дугаартай, 464м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийг тус тус өөртөө шилжүүлэн авч, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрүүдэд улсын бүртгэлд эдгээр газруудын өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /хх 5-12 дугаар тал/

Маргаан бүхий газрыг анхны өмчлөгчид болох Г.Н болон Б.Г нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн ... дугаартай шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 20...оны ... дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийдвэрүүд нь хууль зөрчөөгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ. /хх 14-19 дүгээр тал/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О нь улсын бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр өөртөө шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэ бүртгэл хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч Ц.Оыг нэгж талбарын 186353..,  186353...дугаарууд бүхий, нийт 928 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

Хууль ёсны өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөлийн эд зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байдаг ба мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох эрхтэй байдаг байна.

Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар эзэмшилд байх хугацаанаас хамаарч тодорхой эд зүйлийг өмчлөх эрхийг хэн нэгэн этгээд олж авах боломжтой хэдий ч мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т заасан хуулийн агуулгаас үзвэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх гагцхүү улсын бүртгэлд үндэслэдэг, “улсын бүртгэлд бүртгэгдсэн” өмчлөх эрхийг өөр бусад этгээд олж авах тухай мөн хуулийн 104 дүгээр зүйлээр зохицуулсан байх тул маргаан бүхий газрыг тасралтгүй 15 жил эзэмшилдээ байлгасан учир уг газрыг өмчлөх эрхтэй гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Оы өмчлөлийн газар дээр баригдсан хариуцагч С.Д, С.Да нарын өмчлөлийн хашааг буулгаж, хариуцагч нарын өмчлөлийн урт чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайргыг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч нар нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20... оны .. дүгээр сарын 4-ний өдрийн ... дугаартай шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 20... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан талаар зохигчид маргаагүй ба захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бүртгэлийн үндсэн дээр өмчлөх эрх олж авсан хууль ёсны өмчлөгчийн шаардлагыг харьяалах шүүх шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... болон ... тоот хаягт байрлах, нэгж талбарын 1863...,  186353... дугартай нийт 928 м.кв талбай бүхий газарт барьсан хашаагаа буулгаж, уг газар дээрээс урт чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайргыг нүүлгэхийг хариуцагч С.Д, С.Да нарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д, С.Да нараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР