Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00719

 

                                                              Ц.Отгоны нэхэмжлэлтэй,

                                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00107 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ц.Отгон,

Хариуцагч : С.Дашжамц,

Хариуцагч : С.Дашдондов,

Нэхэмжлэлийн шаардлага : Газар чөлөөлүүлэх тухай,

Хариуцагч нарын төлөөлөгч Ж.Амгалангийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Отгон, хариуцагч нарын төлөөлөгч Ж.Амгалан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэгч: 2015.3.16-ны өдөр Гантуулаас, Сонгино-хайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5А тоотын 464 м.кв талбай бүхий газар, Г.Наранбаатараас тус хорооны 18 дугаар гудамжны 5 тоот 464 м.кв зэргэлдээ хоёр газрыг худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Авахаасаа өмнө очиж үзэхэд дундуураа тусгаарласан хаашаагүй байсан бөгөөд хашаан дотор том оврын машин болон эд зүйлс тавьсан байсан. Учрыг асуухад “...манай найз Чулуунхүү хашааг харж байгаа, тэр хүн хамаатнуудынхаа машин техникийг түр байрлуулж байгаа. Хэрэв хашааг худалдан авбал тусгаарласан хашааг барьж өгнө...”  гэж хэлсэн. Ингээд хашаагаа өмчилж аваад нүүхээсээ өмнө  очиход хашаа баригдаагүй байсан. Хашааг чөлөөлж өгөхийг хүсэхэд  Дашжамц нь ах Дашдондовыгоо дуудсан. Дашдондов нь “..манай хадам ээжийн газар тул оруулахгүй...” гээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд газрын албаар шийдүүл гээд явсан. Ингээд би 4 сарын 6-нд газрын албанд өргөдөл гаргасан. Газрын албаны хүн газар чөлөөлөхийг шаардсан ч чөлөөлөөгүй. 2015.4.22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2015.7.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад хэргийг өөр шүүх шийдвэрлэж байгаа гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч  нар нь одоо хүртэл  газрыг чөлөөлөхгүй  байна. Иймд Ц.Отгон миний өмчлөлийн  газар дээр барьсан хашааг буулгаж, уг газар дээр байгаа  чингэлэг /контейнер/, дугуйгүй  машин, өөрөө буулгагч /самосвал/-н тэвш, хайргыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ газрыг С.Дашжамц болон С.Дашдондов нар нь 2001 оноос хойш эзэмшилдээ байлгаж байгаа тул газар нь тэдний хууль ёсны эзэмшлийнх юм. Хариуцагч талаас маргаан бүхий газар дээр хашаа барьсан, эд зүйлээ тавьсан талаар маргахгүй, эд зүйл нь хариуцагч нарын өмчлөлийн эд зүйл мөн. Харин газрын алба нь 15 жилийн хугацаанд эзэмшиж байгаа этгээдэд газрыг олголгүйгээр өөр этгээдэд олгосон байгааг бид хууль бус гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Сонгино-хайрхан дүүргийн Засаг даргын 2014.9.04-ний өдрийн А/321 дугаартай шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2014.11.26-ны өдрийн А/985 дугаартай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00107 дугаартай шийдвэр гаргаж,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Сонгино-хайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5 болон 5А тоот хаягт байрлах, нийт 928 м.кв талбай бүхий газарт буй хашаа, чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайргыг нүүлгэхийг С.Дашжамц, С.Дашдондов нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Дашжамц, С.Дашдондов нараас 70.200 төгрөгийг гаргуулан Ц.Отгонд олгох шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаартай магадлал гаргаж, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С.Нина, Э.Уянга, СДашжамц, С.Дашдондов нар өнөөдрийг хүртэл  6 тоотод буй хашаагаа 2001 оноос хойш 16 жил ашиглаж буй бөгөөд Газрын тухай хуулийн 27.1-г газрын алба хэрэглэхийн тулд газрыг 16 жил ашиглаж байгаа С.Нина, Э.Уянга, С.Дашжамц, С.Дашдондов нарыг мөн хуулийн 3.1.5-д заагдсанаар газар чөлөөлүүлэх шаардлага хүргүүлж, улмаар албадан чөлөөлсний дараа хууль тогтоомжид заагдсанаар газар хүссэн өргөдлийн дарааллын дагуу бусдад эзэмшүүлэх эсэхээ шийдвэрлэх учиртай байсан. Энэхүү маргаан үндэслэлтэй эсэхийг захиргааны шүүх шийдвэрлэх учиртай. Бусдын ашиглалтад байгаа газрыг СХД-ийн газрын алба эрх хэмжээний хүрээнд чөлөөлөх асуудлыг шийдвэрлээгүй байж огт амьдарч байгаагүй Б.Гантуул, Г.Наранбаатар нар нь хууль бус баримт бүрдүүлж газар эзэмших эрх олж авсныг  Захиргааны хэргийн шүүх шалгаж байгаа болно. Мөн СХД-ийн 18-р хорооны засаг дарга 2017.01.11-ний өдөр 07 тоот албан бичгээр Б.Гантуул, Г.Наранбаатар нар  6 тоотод огт амьдарч байгаагүйг, мөн зээл 18-5 ,18-5А гэсэн хаяг огт байхгүйг, СХД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2017.01.12-ны өдрийн 24/31 тоот албан тоотоор Б.Гантуул, Г.Наранбаатар нар СХД-ийн 24-р хороонд ямар нэгэн гэрээний бүртгэлгүй, амьдардаггүй учраас цахилгаан хэрэглэдэггүй байсныг, байршил нь өөр СХД-ийн 24-р хороо, Зээлийн 18-р гудамжны 5 тоотод Д.Чимэдцэрэн  эрчим хүч хэрэглэх гэрээтэй болохыг нотолсон баримтуудыг захиргааны шүүхэд  өгсөн болно. Б.Гантуул , Г.Наранбаатар нар нь СХД-ийн 24-р хорооны хэсгийн ахлагч болон тус хорооны Засаг даргыг хууран мэхэлсэн эсхүл хуйвалдан хуурамч баримт бүрдүүлж СХД-ээс газар эзэмших эрх олж авсан улмаар өмчлөх хүсэлт гарган улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулж, хууль бус үйлдлээ хаацайлахын тулд өмчилсөн газраа Ц.Отгонд худалдсан  бус үйлдлүүдийг захиргааны шүүх шалгаж байгаа. Эдгээр нөхцөл байдлыг Нийслэл дэх захиргааны шүүх тогтоохоос нааш иргэний хэрэг маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэж байгаа нь ИХШХШТХ-ийн 26.4-д заагдсан тэгш эрх алдагдсан болохыг нотлоно. Шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 40.2-н заалтыг зөрчсөн. Учир нь, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3-р нүүрний 3-р догол мөрөнд “... Маргаан бүхий газрыг анхны өмчлөгчид болох Г.Наранбаатар болон Б.Гантуул нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын 2014.9.04-ний өдрийн А/321 дугаартай шийдвэрт Засаг даргын 2014.11.26-ны өдрийн А/985 дугаартай шийдвэрүүд нь хууль зөрчөөгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон...” /хх14-19/ гэж дүгнэсэн байна. Гэтэл шийдвэрээр тогтоогдсон гэх газар эзэмшсэн "Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2014.9.04-ний өдрийн А/321 дугаартай шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2014.11.26-ны өдрийн А/985 дугаартай шийдвэр, Газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-2201027369 дугаарт бүртгэгдсэн 000305809 тоот гэрчилгээтэй Ц.Отгоны өмчлөх эрхийн гэрчилгээг, Г-2201027371 тоот гэрчилгээтэй Ц.Отгоны өмчлөх эрхийн гэрчилгээг тус, тус хүчингүй болгуулах" - аар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2016.11.14-ний өдөр 9641 тоот  хэрэг үүсгэх  захирамж гарч, маргааныг хянаж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.10-ны өдрийн 184/ШШ2017/00107 тоот шийдвэр гардаг өдөр буюу нэг өдөр мөн л 2017.01.10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 221/ШТ2017/0052 тоот шүүхийн тогтоол гарч "ХЯНАВАЛ" хэсэгтээ “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.02-ны 738 тоот шийдвэр,  давж заалдах шатны шүүхийн 2016 оны 77 тоот магадлалаар Б.Чулуунхүүгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014.9.04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Б.Гантуул, Г.Наранбаатар нарт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014.11.26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Б.Гантуул, Г.Наранбаатар нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг шийдвэрлэхдээ Б.Чулуунхүү 1628м.кв газарт хашаа барьж амьдарч байгаагаас 700 м.кв газрыг эзэмших эрхтэй, түүний газартай иргэн Б.Гантуул, Г.Наранбаатар нарт олгосон газар давхцаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч С.Нина нарын нэхэмжлэлийн шаардлага дээрхи Б.Чулуунхүүгийн нэхэмжлэлийн шаардлагатай адил байх боловч марганаа бүхий захирамжуудаар иргэн Б.Гантуул, Г.Наранбаатар нарт эзэмшүүлсэн 928 м.кв газарт" олон жил амьдарч байсан, уг газрыг эзэмших хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй" гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д заасан "нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа" гэдэгт шууд хамааруулан ойлгох боломжгүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан "Энэ хуулийн зорилт нь хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино..." гэж заасан бөгөөд С.Нина нарын 4 иргэний нхэмжлэлийг хүлээн авч хэргийн нөхцөл байдлыг тодруулан, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байна.” гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 221/ШТ2017/0052 тоот шүүхийн тогтоол гарч нэхэмжлэгч С.Нина, Э.Уянга, С.Дашжамц, С.Дашдондов гомдлыг ЗХХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3-ийг үндэслэн хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд мөн хуулийн 122.7-д заагдсанаар энэхүү тогтоол эцсийн шийдвэр болохыг дурьдсан байна. Энэ нь Сонгинхайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.10-ны өдрийн 184/ШШ2017/00107 тоот шийдвэр нь ИХШХТХ-ийн ИХШХШТХ-ийн 40.2 , 40.4 , 116.2-д заагдсан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 172.2.1-д заагдсанаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдээр Б.Гантуул, Г.Наранбаатар, Ц.Отгон нар татагдан оролцож байгаа болно. Нэгэнт захиргааны шүүхэд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдээр Б.Гантуул, Г.Наранбаатар, Ц.Отгон оролцож буй бол хэргийг ИХШХШТХ-ийн 65.1.6, 117.1-ийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Гэтэл шүүх захиргааны хэрэг үүсгэсэн захирамж болон хэрэгт ач холбогдолтой нэмэлт нотлох баримт шаардлагатай мэдсээр байж хурал хийсэн нь ИХШХШТХ-ийн 172.2.1-д заагдсан зөрчил болно.Хариуцагчийн   хуулиар   олгогдсон   эрх   болох   ИХШХШТХ-ийн 25.2.2-д заагдсан нэхэмжлэлийн шаардлага түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” эрхийг анхан шатны шүүх хязгаарласныг давж заалдах шатны шүүх хянахдаа анхаарч үзээгүй төдийгүй, гомдлоор хязгаарлахгүй хянаж чадаагүй болно. Хариуцагч талаас 2017.01.09-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Тус хүсэлтэндээ “2017.01.10-ны өдөр 8.30 минутад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд С.Нина, Э.Уянга, С.Дашжамц, С.Дашдондов нарын гомдлыг хэлэлцэх хурал болохыг дурьдаж мөн нэхэмжлэгч уг хуралд оролцож байгаа болох"-ыг тодорхой дурьдаж байсан нь нэг өдөр иргэний болон захиргааны давж заалдах шатны шүүх хурал болсныг нотолно. Мөн өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017.01.10-ны өдөр 221/ ШТ2017/0052 тоот тогтоол гарч С.Нина, Э.Уянга, С.Дашдондов, С.Дашжамц нарын эрх зөрчигдсөн болохыг тогтоож эрх зүйн этгээдийн хувьд 4 нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн болохыг шалгахыг захиргааны анхан шатны шүүхэд даалгасан. Энэ шийдвэр иргэний хэргийн шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц өндөр ач холбогдолтой байсан болно. Хэрэв шүүх манай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулсан бол тухай өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 221/ШТ2017/0052 тоот шүүхийн тогтоолыг иргэний шүүхэд нотлох баримтаар гарган өгч улмаар шүүх ИХШХШТХ-ийн 106.1,106.2, 40.4-ийг барьж шийдвэр гаргах боломжгүй болох байсан. Энэ нь анхан шатны шүүх Үндсэн хуулийн 14.1-д заагдсан “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” мөн хуулийн 16.14-д заагдсан эрх болох "...нотлох баримт шалгуулах” зэрэг үндсэн эрх болон ИХШХШТХ-ийн 25.2.2-д заагдсан “үгүйсгэл татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” эрх зөрчигдөхгүй байжээ. Иймд, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ :

Ц.Отгон нь С.Дашдондов, С.Дашжамц нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Сонгино-хайрхан дүүрэг, 24-р хороо, зээлийн 18-р гудамж, 5 болон 5А тоотод байрлах  газраас хашаа, чингэлэг, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самоввал/ машин, барилгын материалыг чөлөөлүүлэх шаардлага тавьжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан  байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Ц.Отгон нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр нэгж талбарын 18635316324118 дугаартай, 464 м.кв талбай бүхий газар, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн  гэрээгээр  нэгж талбарын 18635316324132 дугаартай, 464 м.кв талбай бүхий газрыг Г.Наранбаатар, Б.Гантуул нараас худалдан авч, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогджээ. /хх 7-13/

Дурдсан  газрыг Г.Наранбаатар, Б.Гантуул нарт өмчлүүлэх тухай Сонгино-хайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны  А/321, Нийслэлийн Засаг даргын 2014 оны  А/385 дугаар захирамж хүчингүй болсон үйл баримт нотлогдоогүйгээс гадна уг газар Ц.Отгоны өмчлөлд шилжсэн байх тул Г.Наранбаатар, Б.Гантуул нарт газар өмчлүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэртэй холбоотой хариуцагч нарын маргаан  нэхэмжлэгчийн  өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. 

С.Дашжамц, С.Дашдондов нар нь маргааны зүйл болсон газрыг  хуульд зааснаар эсхүл  гэрээгээр  эзэмшилдээ авсныг  нотлох баримт хэрэгт байхгүй тул хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 101, 106, 183 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00107 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгч Ж.Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч С.Дашжамц хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ