Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2017/00128

 

  2017 оны 01 сарын 11 өдөр

         Дугаар 184/ШШ2017/00128

                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн … дугаар хороо, ... байрны ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Ж-н М /рд: ..../,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... байрны ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Г овогт Т-ын Ц /рд: ..../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Ш овогт Ч-ын Л /рд: .../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М, Т.Цнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Лнь Ж.М, Т.Цнараас 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7%-ийн хүүтэйгээр, мөн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7%-ийн хүүтэй, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7%-ийн хүүтэй тус тус зээлж авсан бөгөөд зээлийн хүүг эхний үед 2-3 сар төлсөн боловч 2015 оноос хойш үндсэн зээл болон хүүг өгч чадахгүй шаардуулсаар өнөөдрийг хүрээд байгаа. Иймд зээлийн гэрээний 3.1-д заасны дагуу үндсэн зээл 6.000.000 төгрөгний 50%-иар алданги тооцож нийт 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Лшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Т.Ц, Ж.Мнараас 2014 оны 9 дүгээр сарын 25-нд 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацатай, сарын 7%-ийн хүүтэй, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг мөн 7%-ийн хүүтэй, 2014 оны 10 дугаар сарын 1-нд 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7%-ийн хүүтэй зээлж авсан. Би дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хүүг хугацаанд нь төлж үндсэн зээлээс хэсэгчлэн төлсөөр дуусгасан. 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3.000.000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд хүү, алданги төлөн мөн үндсэн зээлээс хэсэгчлэн төлсөн, 2014 оны 9 дүгээр сарын 25-нд авсан 1.000.000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүү, алданги, үндсэн зээлтэй нь төлсөн, 2014 оны 10 дугаар сарын 1-нд авсан 2.000.000 төгрөгийн хүү болон алданги, үндсэн зээлийг хэсэгчлэн 2016 оны 8 дугаар сар хүртэл төлж дуусгасан. Ингээд би нэхэмжлэгч нараас нийтдээ 3 удаагийн үйлдлээр 6.000.000 төгрөг зээлэн авч зээлийн хүү, алданги болон зээлийг бүхэлд нь төлсөн. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч тал болон хариуцагч тал хоорондоо дахин тооцоо нийлж үзээд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн болохыг тогтоосон тул шаардлагаа 1.500.000 төгрөгөөр багасгаж, нийт 7.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бид өгсөн авсан мөнгөний дүн дээр маргаагүй, харин зээлийн гэрээний хугацаа болон хүү бодох талаар маргасан болно. Иймд нийт 7.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид тооцоо нийлээд өгсөн авсан мөнгөний нийт хэмжээг баталгаажуулсан байгаа. Одоо хүүг хэрхэн бодох талаар маргаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар бичгээр байгуулсан зээлийн гэрээний хугацаанд л хүү тооцох учиртай. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт нийт 11.720.000 төгрөгийг төлсөн байх тул 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан, төлбөр тооцоо байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М, Т.Цнар нь шүүхэд хандаж, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1.000.000 төгрөгийн  зээлийн гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан гэх үндэслэлээр шаардлагаа 1.500.000 төгрөгөөр багасгаж, 7.500.000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Ч.Лнь бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү төлөх ёстой, эдгээр гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11.720.000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Зохигч талууд эдгээр зээлийн гэрээ Ж.М, Т.Ц болон Ч.Лнарын хооронд байгуулагдсан эсэх, зээлийн гэрээний дагуу мөнгө авсан эсэх, түүнчлэн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд нийт 11.720.000 төгрөгийг хариуцагч төлсөн талаар маргаагүй ба гагцхүү эдгээр зээлийн гэрээнүүдийн хугацааны талаар болон хүүгийн тооцооллын талаар зөрүүтэй байр суурьтай байсан нь маргаан үүсэх үндэслэл болжээ. 

            Нэхэмжлэгч тал 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 4 сарын хугацаатай байгуулсан, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээг мөн 5 сарын хугацаатай байгуулсан гэж, хариуцагч тал нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сар сунгаж, нийт 4 сарын хугацаатай байгуулсан, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан гэж маргажээ.

            Улмаар нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцно гэж, харин хариуцагч тал зөвхөн гэрээний хугацаанд хүү тооцно хэмээн маргасан байна.

            Нэхэмжлэгч Ж.М, Т.Цнар нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1.000.000 төгрөгийг, мөн өдөртөө бичгээр зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2.000.000 төгрөгийг тус тус хариуцагч Ч.Л-ийн өмчлөлд шилжүүлж өгсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна.

Зээлдэгч Ч.Лнь эдгээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх явцдаа буюу 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нийт төлөх ёстой үлдэгдэл төлбөр тооцоонд 6.000.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаар баталгаажуулж, улмаар төлөөгүй үлдсэн 6.000.000 төгрөгийн төлбөр тооцоог 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал сар бүр 1.000.000 төгрөгөөр төлж барагдуулахаар шинээр хүсэл зоригоо бичгээр илэрхийлснийг зээлдүүлэгч нар хүлээн авсан талаар маргахгүй байна. Ийнхүү талуудын хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр болсон байх тул мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх зээлийн гэрээнүүдийн үүргийг өөрчилхөөр харилцан тохиролцож хэлцэл хийсэн гэж үзнэ. /хх______ р тал/  

Дээр дурдсанаар талууд өмнөх зээл гэрээнүүдийн үүргийн талаар шинээр хүсэл зоригоо илэрхийж хэлцэл хийсэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар өмнөх зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон, алданги тооцох боломжгүй болсон байх ба харин зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нар нь шинээр хийсэн хэлцлийг үндэслэн 6.00.000 төгрөгийг шаардах боломжтой байна.  

Хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шинээр хэлцэл хийснээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нийт 3.440.000 төгрөг төлсөн талаар зохигчид маргахгүй байх тул шинэ хэлцлийн дагуу гүйцэтгэх ёстой үүрэг болох 6.000.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3.440.000 төгрөгийг хасч, үлдэх 2.560.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан Ч.Лхагвасүрэнгээс 2.560.000 төгрөгийг гаргуулан Ж.М, Т.Цнарт олгож, нэхэмжлэлээс 4.940.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Л-ээс 55.910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М, Т.Цнарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР