Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 702

 

ХХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00128 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ-тэй зээлийн гэрээ байгуулж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн.

Зээлийн хүүг эхний үед 2-3 сар төлсөн боловч 2015 оноос хойш үндсэн зээл болон хүүг өгч чадахгүй шаардуулсаар өнөөдрийг хүрээд байгаа. Иймд зээлийн гэрээний 3.1-д заасны дагуу үндсэн зээл 6 000 000 төгрөг, алданги 50 хувиар тооцож нийт 9 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа 1 500 000 төгрөгөөр багасгаж байна. Иймд 7 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХХХХ, ХХХХ нараас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацатай, сарын 7 хувийн хүүтэй, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг мөн 7 хувийн хүүтэй, 2014 оны 10 дугаар сарын 01-нд 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлж авсан.

Би дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хүүг хугацаанд нь төлж үндсэн зээлээс хэсэгчлэн төлсөөр дуусгасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан зээлийн гэрээний хугацаанд л хүү тооцох учиртай. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт нийт 11 720 000 төгрөгийг төлсөн байх тул 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан, төлбөр тооцоо байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХ-ээс 2 560 000 төгрөгийг гаргуулан ХХХХ, ХХХХ нарт олгож, нэхэмжлэлээс 4 940 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-ээс 55 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нар хариуцагчаас 9 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч шийдвэрээр 1 дэх хэсэгт 2 560 000 төгрөг гаргуулж, 4 940 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1 500 000 төгрөгийг орхигдуулж шийдвэрлэсэн.  

Шүүхээс зохигчдын дунд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хэлцлээр 6 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хариуцагчаас буцаан төлсөн 860 000 төгрөгийг 3 440 000 төгрөг гэж тооцон 2 560 000 төгрөг гаргуулах шийдвэрлэсэн нь тооцооны хувьд алдаатай байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 5 140 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ХХХХ-ээс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25 ны өдөр З 000 000 төгрөг, дахин 1 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заагаагүй, зээлдүүлэгчийн шахалтаар 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ХХХХ-ийн хийсэн, өөрийнх нь хүсэл зоригийн дагуу үйлдэгдээгүй бичгийг “өмнөх зээлийн гэрээний үүргийн талаар шинээр хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн гэж" ташаа дүгнэж, үүргийн гүйцэтгэлд 2 560 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Талууд хуульд нийцүүлж, зээлийн гэрээнүүдээ албан ёсоор сунгаагүй тул зээлийн гэрээнүүдийнх нь хугацаа хэтэрсэн хугацаанд зээлдэгч ХХХХ нь гэрээгээр болон хуулиар хүү төлөх үүрэг хүлээхгүй учраас гэрээний хугацаа дууссан  өдрөөс хойш зээлдэгчийн өдрөөр болон сараар хэсэгчлэн төлсөн мөнгөнүүд нь хуульд зааснаар гэрээнүүдийн үндсэн зээлийн төлбөрөөс хасагдаж тооцогдох ёстой. Иймд ХХХХ-ийн гэрээний хугацаа дууссанаас хойш заримдаа өдөр бүрт, заримдаа сараар тодорхой мөнгө төлөх замаар хэсэгчлэн төлсөн 9 724 600 төгрөгийг зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл үндсэн зээл, алдангийн төлбөрт тооцож хасагдах үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийн шаардсан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нийт 1 163 100 төгрөг болгож төлж дуусгасан баримт нь гэрээний ард тэмдэглэгдсэн байхад шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн дүнгээс хасаж тооцсонгүй.

Ийнхүү зээлдэгч ХХХХ, зээлдүүлэгч ХХХХ, ХХХХ нарын хооронд хийсэн 5 000 000 /3 000 000 + 2 000 000/ төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцвол үндсэн зээл 5 000 000 төгрөг, гэрээний хугацааны буюу 3 сарын хугацааны 7 хувийн хүү 1 050 000 төгрөг, хугацаа хэтэрсэнээс хойших алдангийг гэрээний хугацаанд төлөгдөөгүй үндсэн зээлийн үүргийн 50 хувиар тооцвол 2 500 000 төгрөг, нийт 8 550 000 төгрөг төлөх үүргийг ХХХХ хүлээсэн тооцоо гарч байна. Гэтэл ХХХХ нь гэрээний хугацааны хүүнд 1 050 000 төгрөг, зээл , алдангийн төлбөрт 9 724 600 төгрөг, нийт 11 474 600 төгрөгийг буюу дээрх өөрийн хариуцах үүргийн дүнгээс даруй 2 927 600 төгрөг илүү төлсөн тооцоо 2 талын төлбөрийн баримтаар гарч байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нар нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан 3 зээлийн гэрээний үүрэгт нийт 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

   Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, мөн өдрөө 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ тус тус байгуулагдсан, зээлийн гэрээгээр хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөхөөр үүргийг хүлээсэн үйл баримтын талаар талууд маргаагүй, тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Дээрх зээлийн гэрээнүүдээр талууд зээлийн хүү, алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлсэн 1 000 000 төгрөгийн зээлийн үүргийг шаардсан гэх нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 7 500 000 төгрөг болгон багасгажээ.

 

Хариуцагчийн төлсөн төлбөрийг 3 зээлийн үүрэгт хамааруулж дүгнэх шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан хэмжээгээр дүгнэснийг хязгаарлах боломжгүй байна.

 

Гурван зээлийн гэрээг тус бүрт нь дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөл 2 000 000 төгрөгийг 7 хувийн хүү, 3 сарын хугацаагаар тооцвол зээлдэгчийн үүрэг үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 420 000 төгрөг нийт 2 420 000 төгрөгөөр тодорхойлогдож байна. Зээлийн гэрээний хугацааг талууд сунгаагүй гэж үзнэ. Учир нь зээлдэгч талын гэрээнд сунгалт хийсэн бичилт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаагүй байна.

2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг талууд 1 сараар сунгасан нь тэдгээрийн гарын үсэг бүхий тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд гэрээний хугацааг 4 сар гэж тооцож зээлдэгчийн үүргийг тодорхойлбол үндсэн зээл 3 000 000 төгрөг, 4 сарын зээлийн хүү 840 000 төгрөг /3 000 000*7%*4сар/, нийт 3 840 000 төгрөг болжээ.

 

Харин 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 70 000 төгрөг /1 000 000*7%*1сар/ нийт 1 070 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүргийг хүлээжээ. Нийт үүрэг 6 240 000 төгрөгөөр тодорхойлогдож байна.

 

Зээлдэгч нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт бэлнээр 700 000 төгрөг 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт бэлнээр 1 050 000 төгрөг, мөн өдрийн 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт бэлнээр 1 242 600 төгрөгийг, нийт 2 992 600 төгрөгийг төлжээ. /зээлийн гэрээний ар талын хуудаст нэхэмжлэгчийн хийсэн тэмдэглэгээ, хэргийн 5-7 дугаар тал/

 

Түүнчлэн зээлдэгч нь дансаар 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 4 567 000 төгрөгийг төлсөн нь Хаан банкин дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн дансны хуулга гэх баримтад тэмдэглэгдсэн байдлаар тогтоогдож байна. Иймд хариуцагч 7 559 600 төгрөг /2 992 600+4 567 000/ төлсөн байна. Энэ тооцоонд хариуцагч бэлнээр төлж байсан төлбөрийг оруулан тооцоогүй. Учир нь хариуцагч нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй.

 

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тооцоо нийлсэн боловч нэхэмжлэгч тал уг тооцоог хүлээн зөвшөөрөөгүй, тооцоо нийлэх эрхийг тусгайлан өгөөгүй гэж дүгнэлээ.

 

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч нар нь зээл болон алдангийг шаардах эрхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ХХХХ-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Т.ТУЯА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА