Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02015

 

Ч.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01942 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 38 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь Төрийн банк дахь хадгаламжийг барьцаалан зээл авч, Д.Ад 30 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 3 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Мөнгөө Д.Агийн Хаан банк дахь 5099015156 дугаартай дансанд шилжүүлсэн. Д.А нэг ч удаа төлөлт хийгээгүй. Ч.Б Д.Ад зуучилсан учир энэ асуудлыг шийдэж өг гэсэн тул П.Ц Э ХХК-аас 64 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр авч байсан ба тэр гэрээний худалдан авагчаар Ч.Быг оруулан, тээврийн хэрэгслийг Ч.Бд 38 000 000 төгрөгт тооцон шилжүүлсэн. Гэтэл Ч.Б нь тээврийн хэрэгслийг буцааж өгч, мөнгөө шаардаж байгаа. Иймд хариуцагчаас 38 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь анхны нэхэмжлэгч П.Ц тай 2015 оны 04 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл хугацаанд хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд хамтран  ажиллаад олсон орлогыг Д.А өөрийн банкны дансанд төвлөрүүлж байсан. Энэ мөнгөнөөс дараа нь эргүүлж төлөхөөр П.Ц нь эхнэр Д.Ж, хүү Ц.Д, Ц.Д, мөн бусдын түрээсийн төлбөр, зээлийн хүү, визний хураамж, эмийн мөнгө, гар утас, цахилгааны төлбөр зэргийг гаргуулсан.  Д.Агийн Хаан банкны данснаас 17 147 200 төгрөг, бэлнээр тодорхой данснууд руу 34 221 500 төгрөг, нийт 51 368 700 төгрөгийг шилжүүлж авсан. Үүнээс 30 000 000 төгрөгийг Ч.Бы данснаас Д.Агийн Хаан банкны 5099015256 тоот данс руу шилжүүлсэн. Ч.Б нь Д.Агийн данс руу 30 000 000 төгрөг шилжүүлсэн баримтыг үндэслэн зээлийн гэрээ хийсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Д.Ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 38 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардаж байхад шүүхээс зохигч биш этгээдүүдийн хооронд үүссэн харилцааг дүгнэсэн, иргэний эрх зүйн ямар төрлийн маргаан болохыг хууль хэрэглэж шүүх тогтоох ёстой. Гэрчээр П.Цыг оролцуулах хүсэлтийг шүүхэд хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Гэрч Н.Н, О.Г нарын мэдүүлэг хамааралгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Нэхэмжлэгч хариуцагчид 2015 оны 06 сарын 29-ний өдөр мөнгө шилжүүлсэн байхад 5 сард мөнгө зээлсэн мэтээр худал мэдүүлэг гэрчүүд өгсөн байдаг. Н.Ц нарын авах ёстой орлогыг түүний хүүхдэд шилжүүлсэн үйл баримт нь тус зээлийн гэрээний үүрэг шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэлтэй огт хамааралгүй. Иймд хариуцагчаас 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Д.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргажээ. /хх-ийн 1, 138-139/

 

Нэхэмжлэгч П.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д.Агаас 38 000 000 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр н.Гт 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон./хх-ийн 1, 67/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэх, мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох журамтай. Гэтэл нэхэмжлэгч П.Ц нь итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Гоос татгалзсан тухай хүсэлт хэрэгт авагдаагүй бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Г Ч.Быг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан. /хх-ийн 68/ 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр уг итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчний учир хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хойшлогдсон ба хуралдаан дээр тэрээр Ч.Быг гэрчээр оролцуулах хүсэлтээ дэмжиж байжээ. /хх-ийн 70-74,93,110-111/

 

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д.Ж нь өөрийг нь төлөөлөх эрх олгогдоогүй байхад буюу нэхэмжлэгч Ч.Баас олгосон итгэмжлэлгүйгээр өмгөөлөгч Д.Очирвааний хамт, нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргасан байна./хх-ийн 113,117-120/

 

Тодруулбал, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр П.Цаас Д.Жд олгосон итгэмжлэлд хэнд холбогдох, ямар хэрэгт оролцох талаар заагаагүй, /хх-ийн 35/ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр П.Ц нь Д.А, Ч.Б нараас 38 000 000 төгрөг шаардсан нэхэмжлэл гаргасныг шүүхээс буцаасан тухай баримт хэрэгт авагдсан, /хх-ийн 3/ 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ч.Баас Д.Жд олгосон итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байхад Д.Ж нь нэхэмжлэгч Ч.Быг төлөөлж 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Д.Ад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгааг шүүх анхаараагүй байна. /хх-ийн 122, 123/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольж болно гэж заасан. Уг хэрэгт энэ талаар нэхэмжлэгч П.Цын хүсэлт, түүний зөвшөөрөл авагдаагүй бөгөөд өмгөөлөгч Д.О нь нэхэмжлэгчийг солих хүсэлтийг гаргах эрх хуулиар олгогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч гэх хүмүүсийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх хэмжээ тодорхой бус байхад анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч П.Цыг Ч.Баар сольж, мөн өдөр П.Цт холбогдуулж гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /хх-ийн 119-120/

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Цыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэж Ч.Баар солих ажиллагаа хийхдээ эрх олгогдоогүй этгээдийн хүсэлтээр шийдвэрлэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан журамтай нийцэхгүй болно. /хх-ийн 113, 119-120/

 

Нэхэмжлэгч Ч.Б өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасан эсэх, эсхүл нэхэмжлэгч П.Ц үүнийг зөвшөөрсөн эсэх гэсэн нөхцөл байдал тодорхой бус байхад нэхэмжлэгчээр оролцуулж хэргийг шийдвэрлэжээ. /хх-ийн 154-157/

 

Түүнчлэн П.Цогбаатарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Хэрэв П.Ц нь тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцохгүй гэж үзэж байгаа бол түүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд нийцээгүй байна. Учир нь хэргийн баримтаас харахад П.Ц нь “.., Агийн зээлсэн 38 000 000 төгрөгийг Ч.Бд машинаараа төлж барагдуулсан” гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээд гэж үзэхээр байна. /хх-ийн 149-153/

 

Хэргийн оролцогчийг солихдоо зөвшөөрлийг зохих ёсоор авах, талуудын хүсэлт, нотлох баримт зэрэгт тулгуурлаж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг зөв тогтоох, хэрэгт ач холбогдолтой хүсэлтүүдийг шийдвэрлэх зэрэг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01942 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                       Ш.ОЮУНХАНД