Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/01942

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би

Нэхэмжлэгч: Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.А-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.А манай нөхөр П.Ц бид хоёр дээр ирээд 30,000,000 төгрөг зээлээч гэсэн хүсэлтийг хэлсэн. Бидэнд байхгүй гэхэд хүнээс ч хамаагүй зээлээд өгөөч гэж гуйгаад байсан. Тэгээд бид Ч.Б-д хэлэхэд тэр өөрийн Төрийн банк дахь хадгаламжийг барьцаалан зээл авч, Д.А-д 30,000,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлсэн. Мөнгөө Д.А-гийн Хаан банк дахь 5099015156 дугаартай дансанд нэхэмжлэгч өөрөө шууд шилжүүлсэн. Ийнхүү зээлэхэд Ч.Б-тай Д.А-г уулзуулсан ба би болон манай нөхөр бүгд банк дээр байсан. Мөнгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн зээлсэн. Зээлсэн мөнгөнөөсөө нэг ч удаа төлөлт хийгээгүй. Гэтэл нэхэмжлэгч Ч.Б нөхөр бид хоёрыг та нар Д.А-г зуучилсан тул энэ асуудлаа шийдэж өг гээд байсан. Тэгэхээр нь П.Ц ЭМ ХХК-аас 64,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр авч байсан ба тэр гэрээний худалдан авагчаар Ч.Б-ыг оруулан, тээврийн хэрэгслийг Ч.Б-д 38,000,000 төгрөгт шилжүүлсэн. Гэтэл Ч.Б нь тээврийн хэрэгслийг буцаан өгөн, мөнгөө шаардаж байгаа тул шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа. Иймд хариуцагчаас 38,000,000 төгрөг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.А нь анхны нэхэмжлэгч П.Ц-тай 2015 оны 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл хугацаанд хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд П.Ц нь Д.А хамтран ажиллаад олсон орлогыг өөрийн банкны дансанд төвлөрүүлж байсан. Энэ мөнгөнөөс дараа нь эрүүлж төлөхөөр өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээнд их хэмжээний мөнгийг авсан байдаг. Тухайлбал, П.Цо, эхнэр Д.Ж, хүү Ц.Д, Ц.Д нарт, мөн бусдын түрээсийн төлбөр, зээлийн хүү, визний хураамж, эмний мөнгө, гар утас, цахилгааны төлбөр зэргийг төлсөн. Д.А-гийн Хаан банкны данснаас 17,147,200 төгрөг, бэлнээр тодорхой данснууд руу 34,221,500 төгрөг, нийт 51,368,700 төгрөгийг шилжүүлж авсан. Үүнээс 30,000,000 төгрөгийг Ч.Б-ны данснаас Д.А-гийн Хаан банкны 5099015256 тоот данс руу шилжүүлсэн. Анх П.Ц-ын гаргасан нэхэмжлэлд П.Ц-ын хүсэлтээр Ч.Б нь Д.А-д мөнгө шилжүүлсэн гэж бичсэн байгаа. Ч.Б нь Д.А-гийн данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж ирчихээд зээлийн гэрээ хийсэн гэж нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө ү ү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Д.А-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 38,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг П.Ц гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч П.Ц-ыг жинхэнэ нэхэмжлэгч Ч.Б-аар сольсон. Нэхэмжлэгч солигдсонтой холбоотой зээлийн гэрээний үүрэгт 38,000,000 төгрөг гаргуулах шаардлага өөрчлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг найз П.Ц-ын гуйлтаар хариуцагчид зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ уг мөнгийг нэхэмжлэгчээс зээлээгүй, харин П.Ц нь хамтын ажиллагааны дагуу өгөх ёстой байсан мөнгийг нэхэмжлэгчээр дамжуулж авсан гэж тайлбарласан.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны дансны хуулгаар нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг Хаан банкин дахь хариуцагчийн эзэмшлийн 5099015256 тоот дансанд шилжүүлсэн байх ба талууд мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан асуудлаар маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. /хх-4/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дансны хуулга /хх-4/ гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй эсэх, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд хариуцагчийн татгалзалд дурдсан нөхцөл байдлыг тодруулах нь ач холбогдолтой гэж үзлээ.

П.Ц нь хариуцагч Д.А-тай 2015 оны 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар суманд гар аргаар ашигт малтмал олборлох чиглэлээр хамтран ажиллаж байсан нь зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.Н, О.Г нарыг гэрчээр асуусан тэмдэглэл бүхий бичгийн баримтаар тогтоогдож байна.

П.Ц-ын эхнэр Д.Ж, хүү Ц.Д, Ц.Д нар болох үйл баримтад талууд маргадаггүй /хх-87-89/ ба Д.А-гийн Хаан банкны 5099015256 тоот харилцах данснаас эдгээр хүмүүсийн нэр бүхий гүйлгээний утга /хуулгын агуулга/-аар 2015 оны 4 дүгээр сарын 10-нд 2,000,000 төгрөг, 18-нд 2,000,000 төгрөг, 19-нд 195,000 төгрөг, 140,000 төгрөг, 705,000 төгрөг, 28-нд 80,000 төгрөг, 29-нд 1,000,000 төгрөг, 300,000 төгрөг, 5 дугаар сарын 01-нд 3,000,000 төгрөг, 07-нд 120,000 төгрөг, 11-нд 110,000 төгрөг, 14-нд 2,000,000 төгрөг, 22-нд 150,000 төгрөг, 28-нд 100,000 төгрөг, 50,000 төгрөг, 6 дугаар сарын 14-нд 850,000 төгрөг, 500,000 төгрөг, 18-нд 550,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 19-нд 250,000 төгрөг, 7 дугаар сарын 02-нд 2,610,750 төгрөг, нийт 19,710,750 төгрөг шилжүүлсэн нь Д.А-гийн Хаан банкны 5099015256 тоот депозит дансны хуулгаар /хх-96-103/, Д.А бэлэн мөнгөөр Ж, Ц ковшны үнэ гэх гүйлгээний утгаар 4 дүгээр сарын 17-нд 5,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 30-нд 5,000,000 төгрөг, 5 дугаар сарын 01-нд 6,110,750 төгрөг, 5 дугаар сарын 22-нд 1,500,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 25,610,750 төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны орлогын мэдүүлэг /хх-40, 41, 45, 43, 66/-ээр тус тус тогтоогдож байна.

Тодруулбал, П.Ц, Д.А нар нь хамтран ажилласан ба энэ хугацаанд Д.А нь П.Цо, түүний эхнэр Д.Ж, хүү Ц.Д, Ц.Д нарт болон тэдний өмнөөс бусдад нийт 45,321,500 төгрөг шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхийн үндэслэл нь хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн хэлцэл талуудын хооронд байгуулагдсан байх явдал бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг амаар байгуулсан, хариуцагч мөнгийг 3 сарын хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байгаа боловч амаар хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, талуудын хооронд ямар агуулгатай хэлцэл байгуулагдаж, харилцан ямар эрх, үүрэг хүлээсэн зэрэг нь тодорхой бус байна.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримт буюу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх цаашлаад нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл, түүнтэй холбоотой үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх бөгөөд уг мөнгийг зээлж аваагүй, харин найз гэх П.Ц-тай хамтран ажилласан хугацаанд түүнээс авах ёстой байсан мөнгийг нэхэмжлэгчээр дамжуулж авсан гэх хариуцагчийн татгалзал, тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй болно.

Иймд шүүх нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Д.А-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.