Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2021/00236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, хариуцагчийн төлөөлөгч Л.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Манай байгууллага нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, 250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2017/Ү/26 тоот зээлийн гэрээг байгуулан хүүгүй зээл авсан. Гэвч эдийн засгийн байдал хүндэрч, оруулж ирсэн малын тэжээлийг малчид худалдан авахгүй болсон тул тухайн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болон Хүнс хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа мал хамгаалах сангаас 2018 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан ба 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхээс 10 дугаартай захирамж гарч зохигчдын эвлэрлийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мал хамгаалах сангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах тухай байсан бөгөөд шүүхээс 2017/Ү/26 тоот гэрээний үүргийг нэг мөр шийдвэрлэж шийдвэр гарсан тул тухайн гэрээний барьцаа хөрөнгүүд болох Ү-2205037475 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бус 1, 39-р байр 100 тоот хаягт байрлах орон сууц, Y-1713000243 тоот улсын бүртгэлтэй Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум, 5-р баг Ац модны сайрын аманд байрлах ШТС-ын байранд гэрээний үүрэг ногдуулах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдагдаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул уг хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын дагуу гарсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэж,

 

мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай гомдолдоо ... Мал хамгаалах сангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах тухай байсан бөгөөд шүүхээс 2017/Ү/26 тоот гэрээний үүргийг нэг мөр шийдвэрлэж шийдвэр гарсан тул тухайн гэрээний барьцаа хөрөнгүүд болох Ү-2205037475 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бус 1, 39-р байр 100 тоот хаягт байрлах орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Э 190,168,400 төгрөгөөр үнэлсэн нь өмчлөгч миний Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн өмчийг үнэгүйдүүлэх, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, миний хувийн өмчид халдаж байна гэж үзэж байна. Иймд ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу миний бие тус шүүхэд хандаж байгаа бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, мөн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан үндэслэл байна гэж үзэж байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний хувийн өмч хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ томилж өгнө үү... гэжээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөх шүүх хуралдаанд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай гомдол гаргасан. Түүнийгээ дэмжиж байна. Үнэлгээчний тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байгаа. Үндэслэл нь гэвэл тус үнэлгээг гаргахдаа 190,168,400 төгрөгөөр үнэлсэн нь өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Энэ нь миний үйлчлүүлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөл байдал үүсгэж байгаа учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байгаа. Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Эын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулсан 141/17492 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн үнэлгээ тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах, мөн дахин үнэлгээ тогтоолгоно. Б ХХК-нийг шинжээчээр томилчхоод Г.Л гэх хүнд эрх үүрэг тайлбарлаад явчихсан байдаг. Тэгэхээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээчин гэдэг нь үнэлгээ хийх эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн байна гэж заасан байдаг. Гэтэл хуулийн этгээдийг шинжээчээр томилох хуулийн зохицуулалт байхгүй байна. Тэгэхээр уг шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн хүчин чадалтай байх эсэх нь эргэлзээтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийг томилохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчөөд шинжээч томилсон байна. Тэгэхээр энэ нь эрх зүйн чадваргүй, хууль зүйн үр дагавар үүсгэх боломжгүй шинжээч томилсон тогтоолоор дүгнэлт гаргаад, энэ дүгнэлтийг хууль зүйн хувьд ач холбогдолтой үр дагавар үүсгээд цааш үнэлэх боломжтой гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээч томилсон тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан. Үнэлгээний хувьд доогуур үнэлсэн байгаа. Тухайн орчны байрууд зэрэглэл өндөр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь хуулийг ноцтой зөрчсөн асуудал байна. Шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр байх шаардлагыг бүрэн хангаагүй байна. Б ХХК-ний үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусчихсан байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр энэ хугацаа сунгагдсан зүйл дурдагдаагүй. Мөн нотариатаар батлуулсан нь он, сар нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийнх байгаа. Үнэлгээ хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн байгаа. Үнэлгээчнийг томилох үед тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж үзэх үндсэн шалгуур нь нотариатаар батлуулсан хуулбарыг авч үлддэг байх гэж бодож байна. Гэтэл 2021 оны 2 дугаар сард үнэлгээчнийг батлуулснаас хойш 7-8 сарын дараа үнэлгээчний тусгай зөвшөөрлийг шалгахгүй үнэлгээчин томилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн компанийн өмчлөгчийн хувийн хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хөрөнгийг гаргуулж төлбөр барагдуулж болно гэсэн заалт ярьж байгаа хэрнээ барьцаа хөрөнгөнөөс гаргах гээд байгаа. Шүүхийн шийдвэр нь зөвхөн мөнгөн дүнгээр гаргуулна гэж заасан байгаа. Энэ нь тус тусдаа ойлголт юм. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчөөд үнэлгээ хийх эрхгүй этгээдийг томилсон байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ... гэв.

Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга Б.Лхагвазагд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар Хүнс, хөдөө аж үйлдвэрийн яамны харъяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343.063.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эвлэрлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн 100900019044 дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурджээ. Дээрх шүүхийн шийдвэртэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаар гүйцэтгэх хуудсыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар хөрөнгөнд явуулах иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг баримтлан төлбөр төлөгч Н /РД:5771757/ ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Тус хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/322 дугаар албан тоотоор Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Н ХХК-ний үүсгэн байгуулсан баримт бичиг, компаний дүрмийн лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/219 дүгээр албан тоотоор ШШГЕГ, мэдээлэл лавлагаа дүн шинжилгээний тасагт хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/220 дугаар албан тоотоор Гаалийн ерөнхий газарт лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/221 дүгээр албан тоотоор Завхан аймгийн татварын хэлтэст лавлагааг тус тус хүргүүлсэн байна. Лавлагаагаар Н" АСХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.000.000 /нэг сая/ төгрөг, компаний нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкуудад дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй болох нь тус тус тогтоогдсон байна. Төлбөр төлөгч Н ХХК-ний нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Н ХХК-ний үүсгэн байгуулагч О.Эийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Н ХХК-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н ХХК-ний үүсгэн байгуулагч О.Эийн өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн бүс-1, Москвагийн гудамж, 39 дүгээр байр, 100 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19130049/30 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг 141-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсний дагуу 2021 оны 03 дугаар сарын 25-ний өдөр 19130049/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа болно. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19130049/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Зээлийн барьцаа хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5-р баг, Арц модны сайрын аманд байрлах Y-1713000243 тоот улсын дугаарын бүртгэлтэй шатахуун түгээх станцын байрыг битүүмжлээгүй болно. Төлбөр төлөгч Н ХХК-ний Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах сантай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/H/26 дугаар ОХУ-аас малын өвч, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээ, мөн гэрээний барьцааны гэрээ болон хөрөнгийн лавлагааны хуулбарыг тус тус хавсаргав... гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ний шинжээч Г.Лгээр Н ХХК-ний зээлийн барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн Москва хороололд байрлах эд хөрөнгийг үнэлүүлэхээр үнэлгээ хийлгэх тогтоол гаргасан байгаа. Үүнийг хуульд заасан үндэслэлээр үнэлгээ хийсэн гэж бодож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагуудаас сонгон шалгаруулалт хийхэд Б ХХК нь шалгарсан байгаа юм. Ийм учраас Б ХХК-ний шинжээч Г.Лгийн үнэлгээг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал уг үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийг компани дээр гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр Г.Л нь компаниа төлөөлөөд үнэлгээ гаргасан байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээч томилсон тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гардуулж өгсөн. Үнэлгээ тогтоогдоод битүүмжлэгдсэн хөрөнгө нь барьцаа эд хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр нь зөвхөн мөнгөн дүнгээр гаргуулна гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага нь барьцаа эд хөрөнгөд халдаад байна гэсэн зүйл ярьж байна. Ямар үндэслэлээр барьцаа эд хөрөнгөд халдаад байгаа вэ гэхээр Н ХХК-ний нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон. Төлбөр төлөгчийн хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалтуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой. Энэ нь компаний эд хөрөнгө тусгаарлагдсан уу гэдгийг тогтоох ёстой. Тэгэхээр Н ХХК-ний үүсгэн байгуулагчийн эд хөрөнгө тусгаарлагдаагүй байгаа учраас эд хөрөнгөд нь ажиллагаа явуулж байгаа... гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон Б ХХК-ний шинжээч Г.Лгийн тогтоосон үнэлгээ буюу 190,168,400 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Н ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нь төлбөрийн гүйцэтгэлд барьцаалагдсан  Ү-2205037475 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бус 1, 39-р байр 100 тоот хаягт байрлах орон сууцыг Б ХХК-ний шинжээч Г.Л нь 190,168,400 төгрөгөөр үнэлсэн нь өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөл байдал үүсгэж байгаа учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үнэлгээчин гэдэг нь үнэлгээ хийх эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн байна гэж заасан байхад хуулийн этгээдийг шинжээчээр томилсон, Б ХХК-ний үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусчихсан байхад үнэлгээ гаргуулсан, компанийн өмчлөгчийн хувийн хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хөрөнгийг гаргуулж төлбөр барагдуулж болно гэсэн заалт ярьж байгаа хэрнээ барьцаа хөрөнгөнөөс гаргах гээд байгаа зэргээр хууль зөрчиж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тохиролцож чадаагүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилж үнэлгээ тогтоосон, орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг 190,168,400 төгрөгөөр тогтоосон, манай байгууллага хууль зөрчсөн зүйлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргасан. Тиймээс нэхэмжлэлийг хариуцахгүй гэж мэтгэлцэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч, тэдгээрийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт ... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343,063,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 333,033,200 төгрөг болгож нэхэмжилснийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нь хүлээн зөвшөөрч, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80,033,200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70,000,000 төгрөгийг төрийн сангийн 100900019044 дансанд төлөх, алданги болох 110,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг гүйцэтгэхээр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 49 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Шгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19130049/30 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар Н ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2205037475 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бус 1, 39-р байр 100 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах, ажиллагааг гүйцэтгэхийг 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж, шийдвэрлэснээр 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Згийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж шийдвэрлэсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч Н ХХК-ний захирал О.Эээс санал авахад Д.Э нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй хийсэн уулзалтаар 250,000,000 төгрөгөөс дээш үнээр үнэлж байгаа талаараа саналаа илэрхийлж, улмаар 380,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх саналаа 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. Харин уг үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй байгаа талаараа хүсэлтээ Хүнс хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/1769 дугаартай албан бичгээр мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг явуулж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 9/212 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргах шинжээчээр БХХК-ийг томилон дүгнэлт ирүүлэхийг үүрэг болгожээ.

Ингээд шинжээч Хөрөнгө үнэлсэн тухай тайланг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж, маргаж буй үл хөдлөх хөрөнгийн үнийг 190,168,400 төгрөгөөр үнэлжээ. 

Шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамжид дурдсанаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Иргэний хуульд заасан журам зөрчөөгүй байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгө үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Н ХХК-ны захирал О.Эт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, төлбөр авагч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах санд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4-141/17492, 4-141/17493 дугаар албан бичиг,

шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор заасан байна.

Нэхэмжлэгч Н ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нь гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дотор буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч тал нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд Н ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Түүнчлэн тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 834 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116. 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 834 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ