Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2022/00006

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай  

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 236 дугаар шийдвэртэй  

Нэхэмжлэгч: ******* *******о ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******уу/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ХХК-ны шинжээч Г.*******гийн тогтоосон үнэлгээ буюу 190.168.400 төгрөгний үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай  

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа:  

..Манай байгууллага нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, 250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2017/Ү/26 тоот зээлийн гэрээг байгуулан хүүгүй зээл авсан.

Гэвч эдийн засгийн байдал хүндэрч, оруулж ирсэн малын тэжээлийг малчид худалдан авахгүй болсон тул тухайн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болон Хүнс хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа мал хамгаалах сангаас 2018 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан ба 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхээс 10 дугаартай захирамж гарч зохигчдын эвлэрлийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мал хамгаалах сангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах тухай байсан бөгөөд шүүхээс 2017/Ү/26 тоот гэрээний үүргийг нэг мөр шийдвэрлэж шийдвэр гарсан тул тухайн гэрээний барьцаа хөрөнгүүд болох ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бус 1, 39-р байр 100 тоот хаягт байрлах орон сууц, тоот улсын бүртгэлтэй Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум, 5-р баг Ац модны сайрын аманд байрлах ШТС-ын байранд гэрээний үүрэг ногдуулах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдагдаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул уг хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох,  

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай гомдолдоо

... Мал хамгаалах сангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах тухай байсан бөгөөд шүүхээс 2017/Ү/26 тоот гэрээний үүргийг нэг мөр шийдвэрлэж шийдвэр гарсан тул тухайн гэрээний барьцаа хөрөнгүүд болох ******* тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бус 1, 39-р байр 100 тоот хаягт байрлах орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М. 190,168,400 төгрөгөөр үнэлсэн нь өмчлөгч миний Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн өмчийг үнэгүйдүүлэх, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, миний хувийн өмчид халдаж байна гэж үзэж байна. Иймд ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу миний бие тус шүүхэд хандаж байгаа бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, мөн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан үндэслэл байна гэж үзэж байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний хувийн өмч хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ томилж өгнө үү... гэжээ.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээч Г.*******гээр ******* ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн Москва хороололд байрлах эд хөрөнгийг үнэлүүлэхээр үнэлгээ хийлгэх тогтоол гаргасан байгаа.

Үүнийг хуульд заасан үндэслэлээр үнэлгээ хийсэн гэж бодож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагуудаас сонгон шалгаруулалт хийхэд ******* ХХК нь шалгарсан байгаа юм.

Ийм учраас ******* ХХК-ний шинжээч Г.*******гийн үнэлгээг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал уг үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнөх шүүх хуралдаанд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай гомдол гаргасан. 

Түүнийгээ дэмжиж байна. Үнэлгээчний тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байгаа.  

Үндэслэл нь гэвэл:

Тус үнэлгээг гаргахдаа 190,168,400 төгрөгөөр үнэлсэн нь өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Энэ нь миний үйлчлүүлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөл байдал үүсгэж байгаа учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байгаа.

Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулсан 141/17492 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн үнэлгээ тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах, мөн дахин үнэлгээ тогтоолгоно.

******* ХХК-ийг шинжээчээр томилчихоод Г.******* гэх хүнд эрх үүрэг тайлбарлаад явчихсан байдаг. Тэгэхээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээчин гэдэг нь үнэлгээ хийх эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн байна гэж заасан байдаг.

Гэтэл хуулийн этгээдийг шинжээчээр томилох хуулийн зохицуулалт байхгүй байна. Тэгэхээр уг шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн хүчин чадалтай байх эсэх нь эргэлзээтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийг томилохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчөөд шинжээч томилсон байна.

Тэгэхээр энэ нь эрх зүйн чадваргүй, хууль зүйн үр дагавар үүсгэх боломжгүй шинжээч томилсон тогтоолоор дүгнэлт гаргаад, энэ дүгнэлтийг хууль зүйн хувьд ач холбогдолтой үр дагавар үүсгээд цааш үнэлэх боломжтой гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээч томилсон тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан.

Үнэлгээний хувьд доогуур үнэлсэн байгаа. Тухайн орчны байрууд зэрэглэл өндөр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь хуулийг ноцтой зөрчсөн асуудал байна.

Шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр байх шаардлагыг бүрэн хангаагүй байна. ******* ХХК-ийн үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусчихсан байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр энэ хугацаа сунгагдсан зүйл дурдагдаагүй.

Мөн нотариатаар батлуулсан нь он, сар нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийнх байгаа. Үнэлгээ хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн байгаа.

Үнэлгээчнийг томилох үед тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж үзэх үндсэн шалгуур нь нотариатаар батлуулсан хуулбарыг авч үлддэг байх гэж бодож байна.

Гэтэл 2021 оны 2 дугаар сард үнэлгээчнийг батлуулснаас хойш 7-8 сарын дараа үнэлгээчний тусгай зөвшөөрлийг шалгахгүй үнэлгээчин томилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Мөн компанийн өмчлөгчийн хувийн хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хөрөнгийг гаргуулж төлбөр барагдуулж болно гэсэн заалт ярьж байгаа хэрнээ барьцаа хөрөнгөнөөс гаргах гээд байгаа.

Шүүхийн шийдвэр нь зөвхөн мөнгөн дүнгээр гаргуулна гэж заасан байгаа. Энэ нь тус тусдаа ойлголт юм. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчөөд үнэлгээ хийх эрхгүй этгээдийг томилсон байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.  

Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлахдаа,

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ний шинжээч Г.*******гээр ******* ХХК-ний зээлийн барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн Москва хороололд байрлах эд хөрөнгийг үнэлүүлэхээр үнэлгээ хийлгэх тогтоол гаргасан байгаа. Үүнийг хуульд заасан үндэслэлээр үнэлгээ хийсэн гэж бодож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагуудаас сонгон шалгаруулалт хийхэд ******* ХХК нь шалгарсан байгаа юм. Ийм учраас ******* ХХК-ний шинжээч Г.*******гийн үнэлгээг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал уг үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийг компани дээр гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр Г.******* нь компаниа төлөөлөөд үнэлгээ гаргасан байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээч томилсон тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гардуулж өгсөн.

Үнэлгээ тогтоогдоод битүүмжлэгдсэн хөрөнгө нь барьцаа эд хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр нь зөвхөн мөнгөн дүнгээр гаргуулна гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага нь барьцаа эд хөрөнгөд халдаад байна гэсэн зүйл ярьж байна. Ямар үндэслэлээр барьцаа эд хөрөнгөд халдаад байгаа вэ гэхээр ******* ХХК-ийн нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон.

Төлбөр төлөгчийн хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалтуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой. Энэ нь компаний эд хөрөнгө тусгаарлагдсан уу гэдгийг тогтоох ёстой. Тэгэхээр ******* ХХК-ний үүсгэн байгуулагчийн эд хөрөнгө тусгаарлагдаагүй байгаа учраас эд хөрөнгөд нь ажиллагаа явуулж байгаа... гэжээ.  

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 236 дугаартай шийдвэрээр  

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* *******о ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  

3. Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 834 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,  

4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийг битүүмжилж, үнэлгээ тогтоосон үнэлгээг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүхээс хэргийг бүрэн гүйцэд судлалгүйгээр хэт нэг талыг барин шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах үеэр хариуцагч нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж үнэлгээ хийх эрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн байх нь тогтоогдсоор байхад хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 236 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******уу давж заалдах гомдолд тайлбар хийхдээ,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс ******* ХХК-д холбогдох 333.330.200 төгрөгийн төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Хөрөнгийн үнэлгээ болон Компанийн тухай хуульд заасны дагуу явуулахад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэчимэг оролцсон. Эд хөрөнгийг битүүмжилж дуудлага худалдаа явуулах шатандаа байгаа.

Иймд Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий үнэн зөв шийдвэр гарсан гэж үзэж байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* -*******о ХХК-нь Завхан аймгийн Тосонцэнгэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж, үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. 

Анхан шатны шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч байгууллага Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтлоомжийг ноцтой зөрчиж үнэлгээ хийх эрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн... шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шиидвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343.063.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

******* ХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, ******* -*******о ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Эрдэнэчимэгийн өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн бүс -1, Москвагийн гудамж, 39 дүгээр байр, 100 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж хураажээ. 

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын ирүүлсэн үнийн санал нийлээгүй байх тул хариуцагч байгууллага 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 9/212 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК -ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй, шинжээч нь дүгнэлт гаргахдаа хөрөнгийн үнэлгээний орлого болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж, орон сууцыг 190.168.400 төгрөгөөр үнэлсэн байна. 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлжээ. 

Шүүх шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж үнэлгээ хийх эрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн... гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Баян-Модот ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба Баян модот ХХК нь хуульд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд биш гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар гаргасан нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 236 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ  

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР