| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/01226 |
| Дугаар | 151/шш2017/00157 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 151/шш2017/00157
| 2017 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00157 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг, шүүгч Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б холбогдох
Нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгаж, айл хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэх, Хаан банкнаас зээлсэн 2000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2500 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Булган, хариуцагч Ө.”““““, гэрч С.Цэрэндорж, Х.Ариун-Эрдэнэ, А.Пүрэвбат, иргэдийн төлөөлөгч Ч.Энхтөмөр, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.”““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь өөрийн ганц хүү С.Цэрэндоржийг эхнэр авч гэр бүл болоход ихэд баярлаж бэр Ө.”““““г өөрийн охин мэт бодож хайрлаж, хүүг минь хайрлаж, түшиж явах хүн гэж бодсон явсан. Тэгээд хүүгээ өрх тусгаарлаж гарснаас хойш гэрт нь нэг удаа очиж 2 хоносон билээ. Гэтэл бэр Ө.”““““ нь хажуугийн хөрш айлын хүүхэнд намайг өөрийг нь шөнө татаж, чангааж унтуулахгүй хонолоо гэж ор үндэсгүй, хүн амьтан итгэмээргүй зүйл ярьж, нутаг усанд минь нутгийн ард олны дунд миний нэр төрийг ихээр гутаан доромжиллоо. Үүнээс болж би өдий насандаа нутгийн зон олны өмнө нүүрээ хийх газаргүй болж, санаа сэтгэлээр их унаж, нутаг усандаа ч очиж чадахгүй байдалд ороод байна.
Миний бие гэмтэл бэртлийн улмаас олон жил нэг талын бие саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй, ядарсан нэгэн өвгөн билээ. Намайг бэрээ татаж чангаах ухамсар дорой хүн биш гэдгийг нутгийн хүн ард сайн мэднэ. Гэтэл бэр Ө.”““““гийн дээрх худал гүтгэлгийг нутгийн хүнээс сонсоод өвдөж зовсон дээрээ сэтгэл санааны гүн хямралд ороод байна.
Мөн бэр Ө.”““““ нь 2016 оны 02 сарын 24-ний өдөр надад би банкнаас зээл авах гэсэн юм, та хамтран зээлдэгч болоод өгөөч гэсэн. Тэгээд намайг зөвхөн гарын үсэг зураад л болоо гэхээр нь би итгээд банк дээр очоод хэдэн цаасан дээр гарын үсэг зураад гэртээ харьсан. Гэтэд хэдэн сарын дараа банкнаас хүн ирж малчны зээлээ төл гэсэн. Тэгээд би гайхаад учрыг асуухад Ө.”““““ нь хүү бид хоёрыг хуурч мэхлэн бидний нэр дээр 2000 000 төгрөгийн малчны зээлийг миний малыг барьцаалж авсан байсан. Тэгээд хэлэхээр уг зээлийг төлнө гэсэн боловч одоо болтол төлөхгүй, би өөрөө тэтгэврийн зээл авч эхний төлөлт сая гаруй төгрөг төлөөд байна. Уг 2 сая төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бүгд нийлээд 2500000 төгрөг болж байгаа.
Иймд хариуцагч Ө.”““““гаас ХААН банкны малчны зээлээр авсан 2000 000 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2500 000 төгрөг гаргуулж,
Намайг худал гүтгэсэн тул нэр төрөө сэргээлгэх, түүнээс уучлалт гуйлгаж, айр хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэж, иргэн намайг хохирол гомдолгүй болгож өгнө үү гэжээ. /хх1-2/
Хариуцагч Ө.”““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Миний бие нь З.”““““гийн хүү С.Цэрэндоржтой 2015 оны 06 сард танилцаад 2015 оны 09 сарын 18-нд нэг гэрт орж Төв аймгийн Сэргэлэн сумын Шар худаг гэх газарт тусдаа амьдарсан. Би З.”““““ гуайг гүтгэсэн зүйл байхгүй. Учир нь 2015 оны 09 сарын 5-6-нд шилжих шөнө талийгаач ээжийнхээ гэрт ганцаараа хонож байхад нөхөр болох С.Цэрэндоржийн аав З.”““““ гуай 21 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирээд бэртэйгээ хань болж хононо гэхээр нь би юу ч бодохгүй, ор засаж өгч унтуулсан.
Гэтэл шөнө намайг унтаж байхад миний дэргэд 1 хүн дуугарах шиг болоход сэрээд хартал хадам аав З.”““““ гуай миний дэргэд нүцгэн дотуур өмдтэйгээ хэвтэж байсан. Тэгээд намайг тэврээд авсан, тэгэхээр нь та яаж байнаа гээд түлхсэн чинь аавыгаа уучлаарай гээд ор руугаа очсон. Энэ үед үүр цайх гэж байсан. Түүнээс хойш эвгүй санагдаад байх болсон. Би нөхөртөө энэ талаар хэлэхэд хэцүү байсан ч хэлтэл нөхөр маань муу, сайн ч миний эцэг болохоор алж чадахгүй байна, түүнээс алчих юмсан гэж байсан. Бид хоёр 2015 оны 09 сарын 18-нд Шар худаг гэх газар гэр барьж тусдаа гарахад хадам болох З.”““““ гуай 2 хүүхдэдээ хань болж, танайд хэд хоноод явья гээд 7 хоносон. Манай нөхөр адуу, хонь мал гээд гадуур явчихдаг, би гэртээ юмаа хийгээд үлддэг. Энэ үед З.”““““ гуай намайг манай бэр гээд араас тэвэрч аваад миний хөхийг бариад манай хүүд яаж олдсон юм гээд тэвэрч үнсэх гээд байдаг. Энэ талаар нөхөртэй хэлэх гэхээр хэцүү санагдаад хэлж чадаагүй, харин би нөхөртөө аавыгаа хурдан явуулаачээ хэдэн дүү нар чинь эзгүй хэцүү байгаа байх гэж хэлэхэд удаагүй явсан. Манай саахалт айлын н.Дагвацэрэн гуай манайхаар орж гардаг, хадам З.”““““тэй хамаатан шахуу олон жил айл аймаг явсан гэсэн болохоор манайд орж ирэхээр нь би манай хадам хэцүү юмаа, хадамыг ирэхээр дургүй хүрээд байх юм, гэртээ ганцаараа байхаас айгаад байна гээд үнэнийг хэлсэн. Тэгтэл н.Дагвацэрэн, З.”““““ гуай хоёрынх хонь мал алга болсноос хоорондоо муудалцаж, түүнээс болж н.Дагвацэрэн миний хэлснийг түүнд хэлсэн байсан. Энэ бол үнэн, би худлаа яриагүй, үүнээс болж нөхөр С.Цэрэндорж бид хоёрын амьдрал хөндийрсөн.
З.”““““ гуай намайг хуурч, малчны зээл авхуулсан гэж худлаа бичсэн байна. Надад ХААН банкинд таньдаг хүн байхгүй. Би энэ хоёроор малчны зээл авхуулаагүй, өөрсдөө малаа барьцаалж 2000 000 төгрөг зээлсэн байсан. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, харин би 2015 оны 12 сарын 04-ний өдөр Төрийн банкнаас цалингийн зээл 2500 000 төгрөг авсан, энэ зээлд нөхөр С.Цэрэндоржоор хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан, одоо төлөгдөж дуусаагүй. Би авсан зээлээс 2016 оны 01 сард нөхөр С.Цэрэндоржийн гэдэсний түгжрэлийн хагалгаанд мөн эм тариа шинжилгээ хийлгэхэд нилээд мөнгө зарцуулсан, энэ мөнгөө нэхээгүй. Би З.”““““, С.Цэрэндорж нараас нэг ч төгрөг аваагүй, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ. /хх11, 27-28/.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... З.”““““ нь 1956 онд төрсөн, одоо 61 настай, хүү С.Цэрэндоржийн хамт амьдардаг. З.”““““ нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 13-32 тоотод өөрийн гэртээ зээ охиноо асардаг, мөн тэрээр мэдрэлийн өвчний улмаас биеийн нэг тал нь саажилттай, группт байдаг. Хүү С.Цэрэндорж нь Сэргэлэн сумын 5 дугаар багт малаа малладаг юм. Бодит байдал дээр З.”““““ нь хөгжлийн бэрхшээлтэй, таяг тулж явдаг, тэрээр бэлгийн дур хүслээс болж бусдын амь насанд халдах аюултай этгээд биш юм. 2016 оны 08 сард хүү С.Цэрэндоржийн хөдөө гэрт нь очсон байдаг, энэ үед хүү нь малдаа явсан байсан ба хэд хоноод аймгийн төвд байдаг гэртээ ирсэн гэдэг. Бэр Ө.”““““ нь нэхэмжлэгч З.”““““г өөрийг нь шөнө татаж, чангаадаг гэж гүтгэж нэр төрийг гутаасан яриаг тараасан байсан. Үүнээс болж З.”““““ нь эмнэлэгт үзүүлэхэд мөн нутгийн таньдаг хүмүүс, Сэргэлэн сумын 5 дугаар багийн иргэдийн дунд бэрээ татаж, чангаадаг гэж яриа гарч, тоглоом шоглоомоор ярьдаг болсон. З.”““““ нь бэрээ татаж чангаах ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад ийм яриа тарааж, гүтгэсэн тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Ө.”““““гаас уучлалт гуйлгаж, З.”““““гийн нэр төрийг сэргээж, айл хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэж өгнө үү.
З.”““““, түүний хүү С.Цэрэндорж нар нь малчны зээл авч мөнгө төгрөг хэрэглэх ямар ч шаардлагагүй байсан. Ө.”““““ нь Сэргэлэн сумын төвд ажилладаг тул зээл авах бүх материалыг өөрөө бүрдүүлээд Хаан банкнаас 2016 оны 02 сарын 24-ний өдөр З.”““““, С.Цэрэндорж нарын нэр дээр малчны зээл авхуулан хэрэглэсэн байдаг. Банкнаас З.”““““гээс зээлийн эргэн төлөлт хийхийг шаардахад Төрийн банкнаас тэтгэврийн зээл авч эхний төлөлтийг хийсэн. Иймд З.”““““, хариуцагч Ө.”““““ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд зааснаар үндсэн зээл 2000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ө.”““““ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Миний бие нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 8-8 тоотод оршин суудаг, Сэргэлэн суманд бага эмч ажилтай, нэхэмжлэгч З.”““““гийн хүү С.Цэрэндорж нь манай эмнэлэгт хэвтэж байх үеэр танилцаад 2016 оны намраас гэр бариад хамт амьдарч 12 сард гэрлэлтээ бүртгүүлсэн. С.Цэрэндоржтой гэрийн найр хийж, хамт амьдрахаас өмнөхөн буюу 2016 оны 8 сарын сүүлээр нэг орой хадам аав З.”““““ нь миний өөрийн гэр буюу Зуунмод сумын 8-8 тоотод ирээд бэрдээ хань болж хоное гэсэн. Би хадам аавдаа ор засаж өгчихөөд, өөрөө өөрийнхөө оронд унтаж байгаад гэнэт сэртэл хадам аав дотуур өмд /турсик/-тэй намайг тэвэрсэн хэвтэж байсан. Тэгээд би та яаж байгаа юм бэ гэхэд аавыгаа уучлаарай гээд өөрийнхөө оронд орсон. Энэ талаар нөхөр С.Цэрэндоржид тухайн үед хэлээгүй, учир нь удахгүй гэр бариад найр хийх гэж байсан болохоор хэлээгүй юм. Гэрийн найрны дараа нөхөртөө хэлэхэд муу сайн ч миний эцэг болохоор алж чадахгүй байна, түүнээс алчих юмсан гэж байсан. Тэгээд гэрийн найр болсоны дараа хөдөө Сэргэлэн сумын 5 дугаар баг Хар толгой гэх газар байхад хадам аав З.”““““ ирээд хэд хоносон, энэ үедээ намайг тэвэрч аваад манай бэр сайхан шүү, хүүд минь яаж олдсон юм гэдэг. Мөн хөхнөөс базах зэрэг үйлдэл гаргадаг. Энэ байдал хэцүү байдаг ба ер нь би түүнээс айдаг байсан. Тэгээд саахалтын н.Давгацэрэн гуайд хадам аавын ирэхээр айгаад байдаг юм, манайхаар орж гарч байгаарай гэж хэлсэн юм. Гэтэл н.Давгацэрэн, З.”““““ нар хонь малаас болж муудалцах үед н.Давгацэрэн энэ талаар хэлсэн гэсэн. Энэ бол үнэн, би болсон явдлыг ярьсан болохоор З.”““““гээс уучлалт гуйхгүй.
З.”““““, С.Цэрэндорж нарын малчны зээл авсан асуудлыг би мэдэхгүй, банкнаас зээлсэн мөнгийг нь би аваагүй болохоор төлөхгүй. Харин З.”““““ нь 2016 оны 8 сард Төрийн банкнаас зээл авах гэсэн юм, нийгмийн даатгал төлдөг хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь би түүний хамтран зээлдэгч болж, гарын үсэг зурсан. Мөнгийг нь би аваагүй гэв.
Хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байх бөгөөд шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас Хаан банкаас гаргуулсан 2016 оны 02 сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ /43-49/,Төрийн банкны 2016 оны 08 сарын 31-ний өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ /хх61/, тэтгэврийн дэвтэр /хх62/, гэрч С.Цэрэндорж, Х.Ариун-Эрдэнэ, А.Пүрэвбат нарын мэдүүлэг болон зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.”““““ хариуцагч Ө.”““““д холбогдуулан өөрийг нь шөнө татаж чангааж, унтуулахгүй хонолоо худал гүтгэсэн тул нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгаж, айл хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэх, Хаан банкнаас зээлсэн 2000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Булган нэхэмжлэгч З.”““““гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжин оролцсон бөгөөд шаардлагын үндэслэлээ...З.”““““ нь бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй, таяг тулж явдаг, тахир дутуугийн группт байдаг, бусдын амь нас эрх чөлөөнд халдах аюултай этгээд биш байхад хариуцагч Ө.”““““ нь бэрээ татаж чангаасан гэж худал мэдээ тарааж, түүнийг гүтгэсэн тул нэр төрийг сэргээж, уучлалт гуйлгаж, айл хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэх мөн хариуцагч Ө.”““““ нь З.”““““гийн нэр дээр өөрөө баримт бүрдүүлэн Хаан банкнаас 2000 000 төгрөгийн малчны зээлийг авсан бөгөөд малчны зээлээ төлөхийг тулд З.”““““ тэтгэврийн зээл авч эхний төлөлтийг хийсэн тул ХААН банкинд төлсөн 2500 000 төгрөгийг гаргуулах гэж,
хариуцагч Ө.”““““ татгалзлын үндэслэлээ...З.”““““ нь миний ээжийн гэрт намайг унтаж байхад өвөрт ороод тэвэрсэн хэвтэж байсан, нөхөр С.Цэрэндоржийг эзгүй хойгуур намайг тэврэх, базах зэргээр эрх чөлөөнд халдаж байсан. Би өөрийгөө хамгаалахын тулд саахалт айлын хүнд хадам аавыг ирсэн үед айгаад байдаг юм, манайхаар орж гарч байгаарай гэж хэлсэн. З.”““““г гүтгээгүй, түүний талаар худал мэдээ тараагаагүй, бодит байдлыг ярьсан. Хаан банкнаас авсан малчны зээлийн баримтыг би бүрдүүлээгүй, тэр талаар огт мэдэхгүй тул төлөх үндэсгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
1. Нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгаж, айл хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэх тухай шаардлагын тухай:
Нэр төр гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлэх бөгөөд худал гүжирдлэг гэдэг нь илт худал мэдээлэл, баримт сэлт, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан тухайн хүний нэр төрийг санаатай гутаасан үйлдэл юм.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, хуулийн 21.3-т Бодит байдлыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ гэж, хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотлож чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч З.”““““ бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй, таяг тулж явдаг, тахир дутуугийн группт байдаг байхад бэр Ө.”““““ нь өөрийг нь шөнө татаж чангааж, унтуулахгүй хонолоо гэж Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутгийн иргэдэд тарааснаар нэр төрийг нь гутааж, худал гүтгэсэн гэх тайбарыг гарган нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шаардлагаа нотлоогүй болно.
Түүнчлэн хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар хариуцагч нь З.”““““гийн нэр төрийг хувийн болон ёс зүйн талаар ямар үнэлэмжээр хэрхэн гутаасан, мөн түүний нэр төрийг нь гутаасан мэдээг хэрхэн тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хэлбэр зэргийн талаарх үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар тогтоогдсонгүй. Тухайлбал: Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 08/21 дугаартай тодорхойлолтод З.”““““гийн бэр Ө.”““““гийн гүтгэлэг нь ор үндэсгүйг баталж байна. Малчин З.”““““ нь олон жил группд байсан, ийм үйлдэл хийх хүн биш гэсэн нь Ө.”““““гийн ямар гүтгэлэг нь ор үндэсгүй болох З.”““““ ямар үйлдэл хийх хүн биш гэдгийг нь тодорхойлж өгсөн нотлох баримт болох нь тодорхойгүй байна.
Шүүх хуралдаанд өөрийн зөвшөөрснөөр мэдүүлэг өгсөн гэрч С.Цэрэндорж нь мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлээгүй буюу хариуцагч Ө.”““““ нь хэзээ, хаана, ямар арга хэлбэрээр З.”““““гийн нэр төрийг гутаасан, энэ талаар ямар арга хэлбэрээр олж мэдсэн талаар мэдүүлээгүй тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй мөн гэрч Х.Ариун-Эрдэнэ, Б.Пүрэвбат нарын мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй буюу хариуцагчийн зан байдлын талаар мэдүүлж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн уучлалт гуйх гэсэн шаардлага нь хуулинд нэр төр сэргээх арга хэрэгсэл гэж заагаагүй байна.
Харин хариуцагч Ө.”““““ нь нэхэмжлэгч З.”““““тэй 2016 оны 08 дугаар сараас хадам аав, бэрийн харилцаатай болсон байхад нэхэмжлэгчийн нийгэмд тогтсон ёс суртахуууны хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харш үйлдлийн эсрэг өөрийн хууль ёсны эрх ашиг, эрх чөлөөгөө хамгаалахын тулд саахалт айлын н.Дагвацэрэнд хэлсэн үг буюу хадам аавыг ирэх үед манайхаар орж, гарч байгаарай гэсэн нь нэхэмжлэгчийн нэр төрд халдаж, худал гүжирдсэн гэж үзэхгүй бөгөөд энэ үндэслэлээр хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэх үндэслэлгүй болно.
2. ХААН банкнаас зээлсэн 2000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай:
ХААН банк, З.”““““, С.Цэрэндорж нарын хооронд 2016 оны 02 сарын 24-ний өдөр ЗГ201642566140 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 2000 000 төгрөгийг 20 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай олгосон байх бөгөөд гэрээ нь хуулийн шаардлага хангаж, гэрээний талууд зөвшөөрч гарын үсэг зуржээ. /хх44-49/.
Нэхэмжлэгч З.”““““ нь ХААН банкнаас зээлж авсан дээрх 2000 000 төгрөгийг, хариуцагч Ө.”““““ зээл авах нөхцлийг бүрдүүлж, тухайн мөнгийг өөрөө авсан боловч төлөөгүй юм. Харин нэхэмжлэгч нь ХААН банкаас Ө.”““““гийн авсан мөнгийг Төрийн банкнаас тэтгэврийн тэтгэврийн зээл авч төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /хх61-62/
Өөрөөр хэлбэл З.”““““, Ө.”““““ нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар хуульд заасан тул ХААН банк, З.”““““ нарын хооронд байгуулагдсан малчны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ө.”““““ барагдуулах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тэмдэгтийн хураамжийн тухай: Нэхэмжлэгч З.”““““ 2500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үнэд төлөх 54950 төгрөгөөс 46950 төгрөгийг төлж, 8000 төгрөг дутуу төлсөн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх 70200 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 78200 төгрөг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод, тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ө.”““““д холбогдох З.”““““гийн нэхэмжлэлтэй нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгаж, айл хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэх, Хаан банкнаас зээлсэн 2000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.”““““гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг төрийн санд үлдээж, 78200 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б. ЦОЛМОН
ШҮҮГЧИД Л.МӨНХЦЭЦЭГ
Д.АЛТАНТУУЛ