Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0044

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.З, С.Д,

 Б.У, С.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

               Шүүх хуралдаанд: 

     Прокурор                                    Ц.М

     Шүүгдэгч                                      Б.М, Б.З, С.Д

     Шүүгдэгчийн  өмгөөлөгч          Д.О, С.Б, Т.Э

     Нарийн бичгийн дарга             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолтой, Б.М, Б.З, С.Д, Б.У, С.Д нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Э, шүүгдэгч Б.З нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н У,

 

Монгол Улсын иргэн Ж овогт Сн Д,

 

Монгол улсын иргэн, И овогт Б-н М,

 

Монгол улсын иргэн, Ж овогт Б-н З,

 

Монгол улсын иргэн, Ж овогт С-н Д.

 

Б.М, С.Д, Б.У, Б.Д, Б.З нар нь машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 18-49 тоот хашаанаас Г.Б-н 46 боодол өвсийг хулгайлан 276 000 төгрөгийн хохирол учруулсан, Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч И овгийн Б-н М, Ж овгийн Б-н З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч И овгийн Б-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Бн У, Ж овогт С-н Д, Ж овогт С-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Зг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлэх ялыг 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хугацаагаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мы цагдан хоригдсон 146 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн хорих ял, шүүгдэгч Б.Зд оногдуулсан 4 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Удвал, С.Д, С.Д нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 24-92 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.З, С.Д, Б.У, С.Д нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

“... Миний бие өмнө нь 3 удаа ял шийтгүүлж байсан. Залуу насны ааг омог, гэнэн томоогүйгээсээ болж амьдралд хөл алдсан. Нас ахин дахин гэмт хэрэгт холбогдохгүй амьдарч эхэлсэн. Өөрийн хүчээр хар бор ажил хийж, ах дүүгийн тусламж дэмжлэгээр ахуй хэрэгцээгээ хангадаг. Надад хүнд худал хэлж хулгай хийх ямар ч санаа зорилго байхгүй. Хааяа З-тэй нийлж архи уудаг. Архи уугаад агсам согтуу тавьж хүний амгалан тайван байдал алдагдуулж үзээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 19-нд З намайг үдээс өмнө дуудсан. Очоод хамт архи уусан. Архи ууж байхад З танай ар хойд талын энгэрийн нуруулдчихсан өвстэй айл өвсөө зарж байна уу. Манай эгч хөдөөнөөс өвс авна гээд ирчихсэн гэсэн. Би зарж байгаа гэсэн их хэмжээгээр авбал Маети машинаар, бага хэмжээгээр авбал Портер машинаар хүргэж өгч байгаа гэсэн. З ямар үнээр хүргэж өгч байгаа юм бол гэсэн. Авч байгаа хүнтэй нь тохироод хүргэж өгч байгаа гэсэн. Зараад удаж байна уу гэсэн. Удаж байгаа байх гэсэн. Чи яаж мэдсэн юм бэ гэхэд морьтой тэрүүгээр явж байтал өвс ачаад байсан юм гэсэн. Тэгээд З хэдэн боодол өвсний хэрэг байна гэхэд нь танайх зөндөө л өвстэй байна шүү дээ гэсэн. Тэгээд тэдний өвөлжөөн дээр их хэмжээний өвс хураалгаатай байсан. Д эгч боодолтой өвс маань Улаантолгойгоос ирсэн гэж байсан. Танай ар талын зарж байгаа өвс хулгай хийхэд боломжтой юм билээ. Хамгийн захын хашаа юм билээ гэж яриад архи ууж байхдаа тэднийхээс өвс хулгай хийе гэсэн. Тэр айлын хүмүүс Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын бөө улсууд юм гэхэд З тэр ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Машин байгаа юм уу гэхэд бэлэн байгаа гээд Д ах руу залгаж городод уулзахаар болсон. Бид гурав городод уулзаад 1 шил архи хувааж уусан. Тэр архийг З авсан. 10 цагаан байрны дэлгүүрийн хажууд буусан. Таксинд хамт суусан залуу архи нийлж авчихаад 3 хундага уучихаад энэ таксигаар гэртээ хүргүүлнэ гээд явчихсан. Тэгээд бид гурав үлдсэн. Архиа уучихаад У-нд очсон. Хашаан дотор цагаан өнгийн машин асаачихсан байсан. У-ын гэрт Д У-тай дээл оёдог гээд нэг эмэгтэй, охины хамт байсан. Тэгээд бид тав ярьсан өвсөө явж авъя гэхэд З нөгөө ганц юм аа гаргаад ир гэсэн. 1 литрийн архи байсан. Та гурвыг их үнэтэй архиар дайлж байна шүү гээд У Д 2 инээгээд байсан. З архиа уучихаад явахад яг болно гээд байсан. Өвс хулгай хийх гэж байгааг бид тав тавуулаа мэдэж байсан. Тухайн үед архийг З хундагласан. Би архинд нилээн согтсон. Д хүний архи уучихаад худлаа согтлоо гэж намайг зодсон. З салгаж намайг гадаа авч гараад нүүрийг минь цасаар угаасан. Тэгээд У-н асааж бэлдсэн байсан машинд суулгаад гэрт хүргэж өгсөн. Манай гэрт оролгүй шууд яваад өгсөн. Манай гэрт Б эхнэр 2 хүүхдийн хамт унтаж байсан. Маргааш нь гэртээ байж байтал үдээс хойш З та хаана байна, танай хойд талын энгэрийн ярьж байсан өвсөө хулгайлж байгаад хажуу айлын хүнд нь баригдчихлаа уулзмаар байна гэсэн. Д ах таныг зодсон гайгүй юу, юу хэрэгтэй байна гэсэн. Толгойны эм хэрэгтэй байна. Хэзээ ирэх юм гэхэд харанхуй болгож байгаад очно гээд харанхуй болсон хойно манайд З Д У нар ирсэн.

З өвчин намдаах эм өгчихөөд дэлгүүрээс 0.75 гр архи 1 шилийг авч орж ирсэн. Мөн 1 хайрцаг тамхи өгсөн. У миний машиныг цагдаа хураачихсан. З 2 жилийн тэнсэнтэй болохоор дааж болохгүй байна. Та даачих гэхэд нь за ч гээгүй, үгүй ч гээгүй юм. Бид дөрөв танд хүн тус бүр сая төгрөг өгье гэсэн. Энэ дөрөв хуйвалдан өөрсдийгөө хэргээс мулталж гарахын тулд намайг цуг явсан гэж мэдүүлснээс болж би хийгээгүй хэрэгтээ ял авч хоригдож байна. Ах дүү хүмүүс ярьж хулгай хийчихсэн байж намайг ганц бие ял шийтгүүлж байсан байдлыг минь далимдуулан гүтгэсэн. Мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны танхимд З У Д, Д нар тууштай биш зөвхөн ганц надад хууртсан мэт ярьдаг. Мөнгө өгсөн өгөөгүй гээд байдаг. Харанхуй шөнө айлын хашаанд орохгүй гадна тал руу өвс зөөж машинд ачиж байхад хүмүүс ирсэн байдаг. Хашааны дотор байгаа айлын хүмүүсийг дуудаад асуух боломжтой байсан. Өвс ачаад 1 удаа явсан. Тэр өдрийн камерын бичлэгийг хуулбарлаж аваад үзсэн бол хэн хэн машинтай хэдэн удаа хаашаа явсан гэдэг нь тодорхой харагдах байсан. Ийм ажиллагаа огт хийгээгүй. Хүнийг гэмт хэрэгт яллаж байгаа бол хөдлөшгүй нотлох баримтанд тулгуурлах ёстой гэж бодож байна. Намайг хамт явж байсан гэх нэг ч баримт байхгүй байхад ял оногдуулсныг ойлгохгүй байна. Нэг талыг баримталсан шүүх хуралдаан болсон. Намайг анх шалгаж эхэлсэн цагаасаа л намайг энэ хэргийг даах боломжтой ганц хүн гээд л мөрдөн байцаагч, өмгөөлөгч, З, У, Д, Д нар хэлсэн. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Би хулгай хийгээгүй. Хэргийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г хариу тайлбартаа: “... Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Б.Маас өөр хүн тус өвс байрлах газрыг мэддэггүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Ийм байтал Б.М нь хэргийн бодит байдлыг гуйвуулсан мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрөөр тайлбарлаж, мэдүүлж байгааг шүүх үнэлэх боломжгүй. Иймээс шүүхээс яллагдагч С.Дгийн үйлдэлд хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т нийцсэн болно. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацааны хяналтын камеруудын бичлэгийг шалгах ажиллагаагаар мөрдөгчөөс хяналт тавьж байсан прокурорын хяналтын дор гүйцэтгэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг тогтоох бүхий байдлыг шалган тогтоосон.

Уг хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс 1 удаа буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч С.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэх талаарх бүхий нөхцөл байдлыг шалган тогтоосон болно. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөгч, прокурор, шүүхийн зүгээс зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймээс Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142 дугаартай тогтоолын С.Дд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э давж заалдах гомдолдоо:

“... Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Б-г цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Харин С.У-н 24-92 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Б-н 46 боодол өвс хулгайлсан гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрдөггүй. Энэ  хэрэгт нэг гэрийн төрсөн ах, эгч, дүү бэр дээр М гэж З-тэй найзалдаг найз нь холбогдсон. Д-д өвсний хэрэгцээ байсан уу гэвэл байсан. Д З руу залгаж хямд өвс мэдэж өгөөч гэхэд М-тай хамт байж байсан гэдэг. М манай ар талын айл өвс зарж байгаа гэж З-д хэлсэн. Тухайн өдөр З-тэй өдөржин хамт байж архи хувааж уусан.

У-д 1 литрийн орос архи хувааж ууж байхад Д З хоёр маргалдан зодолдоход М салгасан бөгөөд Д М-г зодсон.  Нүүр рүү ямар ч байсан дэвссэн гэж мэдүүлдэг. Яг яаж зодсонг мэдэхгүй З намайг авч гарч нүүрийг минь цасаар угаагаад У-н машинаар гэрт хүргэж өгсөн. Гэрт Б эхнэр 2 хүүхдийн хамт унтаж байсан. М өглөө нь миний  нүүрийг цэвэрлэж өгсөн гэж тууштай мэдүүлдэг. М-ыг шөнө дунд гэртээ ирж унтсан гэдгийг гэрчилдэг 2 гэрч байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 7.4 дүгээр зүйлийн 2-т яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хүмүүсийн мэдүүлэгт үндэслэн М-ыг энэ хэрэгт холбогдуулан татсан. З анхан шатны шүүх хуралдаан дээр М-тэй 2,3 жилийн өмнөөс хуурай ах дүүгийн харилцаатай явж байсан ..., ... М-д хөрөнгө гэх зүйл байхгүй, хашаа гэртээ гэж мэдүүлдэг. М-ыг юу хийж амьдардгийг маш сайн мэдэх хүн гэсэн мөртлөө их хэмжээний өвстэй хашаанд оруулахад цагдаа дуудах бүрэн боломжтой байсан. Гэтэл цагдаа дуудахгүй өвс зөөгөөд ачаад явж байгаа нь хулгай хийж байгааг анхнаасаа мэдэж хүсэж үйлдсэн нь тогтоогдож байна. М-д өвсний хэрэгцээ байхгүй. Мөнгөний хэрэгцээ байсан уу гэхээр бас байдаггүй. Мөнгө өгсөн гэдэг боловч хаана хэзээ хэн хэн хэдэн төгрөг өгсөн гэдэг нь тогтоогддоггүй. Д, У, З, Д нар бүгд зөрүүтэй мэдүүлдэг. Хулгай хийж байгаад баригдчихсан болохоор М-г байсан гэж мэдүүлж энэ хэрэгт татан оролцуулсан. Ах дүү хүмүүс машин тэргээ бэлдэж, айлын хүмүүсийг унтаж байгаа байдлыг далимдуулан хулгайн гэмт хэрэг үйлдсэн.

Цас ихтэй байсан учраас машиныг хашаанд оруулаагүй гэж мэдүүлдэг боловч тухайн үед машин оруулах бүрэн боломжтой байтал үнэн байдлыг гуйвуулан их хэмжээний цастай байсан учраас оруулаагүй гэдэг гэх мэт анхнаасаа үгсэн хувилдан мэдүүлэг өгсөн гэдэг нь гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс харагддаг. Д, У, З, Д нар нь хулгайн гэмт хэргийг үйлдэж байгаагаа маш маш сайн ойлгосон байдаг. Маргааш нь М-ны гэрт өвчин намдаах эм, тамхи, архи аваачиж өгөөд машинаа хураалгачихлаа, би 2 жилийн тэнсэнтэй байгаа болохоор дааж болохгүй байна та даачихаач гэж ярьж байхыг нь гэрт байсан гэрч маш тодорхой мэдүүлдэг. Гэрт нь ирээгүй, яриагүй бол машинаа хураалгачихлаа, тэнсэнтэй гэдгийг мэдэх боломжгүй юм. М-ыг тэнд байсан гэх нэг ч баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох, мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй, тогтооно гэж заасан.

М анхнаасаа би энэ хэрэгт огт оролцоогүй гэртээ орж амарсан гэж байгаа юм чинь шатахуун түгээгүүр, дэлгүүр, зам дагуух камерын бичлэгийг шалгасан бол хэдэн хүн тэвшин дээр, кабин дотор хэдэн хүн байгаа гэдгийг тогтоох бүрэн боломжтой байтал ийм ажиллагаа огт хийгээгүй. Яллах, цагаатгах бүх баримтыг цуглуулах байтал яллагдагч нарын зөрүүтэй мэдүүлэгт үндэслэн ял оногдуулсан нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрхэд илт халдсан гэж үзэж байна.

1-р хавтасны  51, 52 дугаар хуудасны ар талд гэрчээр Д мэдүүлэгт “... Би Жаргалант суманд хувийн хэдэн малаа маллаж амьдардаг. Зуд ихтэй болоод малдаа өгөх өвсгүй болоод өвс хайхаар 2018 он 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрдэнэтэд орж ирсэн..., ... манай дүү З Б гэдэг хүн өвс зарна гэж байсан гээд тэр хүний утасны дугаар өгсөн..., ... өвс авахаар болсон юм. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байх үед над руу яриад өвс байна авах юм уу гэж ярихаар нь би тэгье гэж тохироод унаа хайж байгаад шөнө дунд У-г машинтай нь аваад өвсөө ачихаар гэр хорооллын цаад зах руу нэг айлын гадаа очиж Б-с өвс авсан..., ... бид хоёртой өөр хүн яваагүй..., ... надад унаа олдохгүй байж байгаад орой очсон Б гэдэг хүн ч бас орой ярьсан, хашааны гадаа зогсчих гэсэн...”

1-р хавтасны 53, 54 дүгээр хуудасны ар талд гэрчээр Б.Уын мэдүүлэгт “... 20.100 төгрөгт шатахуун хийсэн..., ... 02 цагийн орчим байх Д гэдэг эгч маань нөгөө хүн чинь утсаар ярьж байна хоёулаа явъя гэхээр нь маргааш болъё гэтэл одоо очихгүй бол болохгүй..., ... Яргуйт модны захын замаар ертөнцийн зүгээр хойш явж байтал зам дээр хоёр хүн байсны нэгийг аваад цааш явсан .., ... гудамж руу орж айлын хашааны урд талд очоод зогссон тэгээд машинд сууж явсан өндөр хар хүн тэр айлын хашаа руу орж тэндээс боодолтой өвс хашаа давуулж өгөөд Д эгч ганцаараа зөөгөөд ачаад байхаар нь би туслаад машиндаа ачж өгсөн .., ...  тэр хүмүүс та нар нэгэнт аччихаад аваад яваач гэсэн ..., ... Д гэдэг эгч надтай цуг явсан. Тэгээд замаас суусан хүнээс өөр хүн байгаагүй ... ” гэж мэдүүлгийг авахдаа Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Г Эрүүгийн хуулийн 21.2-т заасныг уншин танилцуулсан байдаг. Хууль сануулан мэдүүлэг авахад хүртэл худал мэдүүлсэн гэдгээ яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэлдэг. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Зөвхөн нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэсэн гэж заасны дагуу Б.М нь машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдэл нь нотлогдож тогтоогдохгүй байх тул Б.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.З давж заалдах гомдолдоо:

“... Миний хувьд энэ хэргийг огт үйлдээгүй бөгөөд энэ талаараа анхнаасаа мэдүүлж байсан боловч, энэ хэргийн гол эзэн болох Б.Мы намайг болон миний ах дүүсийг чадах гэсэн атгаг санаат үйлдэл болоод мэдүүлгээр энэ ял шийтгэлээр шийтгүүлээд байна. Түүний энэ муухай үйлдлээс болж миний асрамжинд байдаг, бие муутай, хөгшин эх Б.Б маань бие сэтгэлийн хүнд байдалд ороод байна. Иймд дараах хэд хэдэн зүйлийг нэмж шалгуулах болон зөвтгүүлэхээр гомдол гаргаж байна. Үүнд: Хэрэгт гэрчээр оролцсон М болон Б нар нь Б.Мы  шахалт, дарамтанд байдаг хүмүүс учраас энэ гэрчүүд огт болоогүй зүйлийг болсон мэтээр мэдүүлсэн ба Б нэг удаа шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхөөр ирсэн боловч тухайн үед Б.М түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүйн тулд олон удаа хурлыг элдэв шалтгаанаар хойшлуулсан бусдаар үг дамжуулж дарамталсаар түүнийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж хэлэхэд хүргэсэн. Б.Мы ойрын төрлийн дүү Н.О гэх хүн байдаг ба энэ хэрэгт намайг ерөөсөө учир мэдэн ороогүй болох тухай Б.М ярьж байсныг мэдэх учраас тэр хүнийг гэрчээр байцаалгах хүсэлтэй байна. Шүүх намайг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцохдоо “ах дүү шиг харьцаатай байдаг” гэсэн миний мэдүүлгэнд үндэслэн өдөржин Б.Мтай хамт байсан учраас хэргийг мэдсэн байх ёстой гэсэн таамаглалд үндэслэн шийтгэснийг би үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.Мы мэдүүлгийн хэргийн бусад оролцогчидтой хамааралтай хэсэг нь худлаа, З-тэй холбоотой хэсэг нь үнэн байна гэж үзэж байгаа нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан болохоор энэ гэм буруутай л байж таарна гэсэн байдлаар хандсан буруу шийдвэр гэж би үзэж байна. Иймд Орхон аймаг аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.М, С.Д, Б.У, Д.Д, Б З нарыг машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 18-49 тоот хашаанаас Г.Б-н 46 боодол өвсийг хулгайлан 276 000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Мыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.М, Б З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, Б.У, С.Д, Д.Д нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Э, шүүгдэгч Б.З нарын давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

 

Учир нь: Шүүх Б.М, С.Д, Б.У, Д.Д, Б З нарт холбогдох хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг ”...Эрүүгийн дугаартай хэрэгт 24-92 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг У-д олгож, шүүгдэгч нараас нийт 5.200.000 төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 2.600.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Б.З, С.Д, Б.У нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай” гэж тус тус уншиж сонсгосон нь

шүүх хуралдааны тэмдэглэл /3 дугаар хх 238-239/ болон шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дүрс бичлэгээр тус тус тогтоогдож байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүрэн эхээр, бичгээр үйлдэгдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарт гардуулан өгсөн, мөн хэрэгт хавсаргагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 8 дахь заалт нь “Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 24-92 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай” гэж,

9 дэх заалт нь “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.З, С.Д, Б.У, С.Д нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай” гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосноос тус тус зөрүүтэй бичигдсэн байна.

Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Э, шүүгдэгч Б.З нарын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М, Б.З нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.У, С.Д, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Э, шүүгдэгч Б.З нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

 4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.