Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2017/02732/И |
Дугаар | 182/ШШ2017/02425 |
Огноо | 2017-12-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2017/02425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.Ц,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Т.Э,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух /регистрийн дугаар/ Т.Э,
Нэхэмжлэгч: байрлах, /регистрийн дугаар /, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: байрлах, /регистрийн дугаар /, Г ХХК-нд холбогдох
Орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай /нэгтгэсэн/ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхчимэг, Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч Н ХХК-ийн төлөөлөгч Ж.Сэргэлэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц, Т.Э, Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Т.Энхчимэг, Б.Оюун-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гтай 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн БГ1205029676 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, 6-34 тоот хаягт байрлах Ү- улсын бүртгэлийн дугаартай өөрийн амьдран суудаг орон сууцаа барьцаалсан. Д.Хүлгэн нь шоронд орж, эхнэр К.Байгалмаагаас салж сураггүй болж, зээлээ төлөхгүй байсан тул зээлийн үлдэгдлийн төлбөр болох 2,101,431 төгргийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлж зээлийг бүрэн хаасан. Ипотекийн гэрээний 4.2.1.барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж, эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, 6-34 тоот хаягт байрлах Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг Г ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ж.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гтай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын зээлийн БД1205029679 дугаартай батлан даалтын гэрээнд заасан үүргийн дагуу зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын зээлийн үндсэн төлбөрт 18,794,525.55 төгрөгийг тус банкинд төлсөн тул Иргэний хуулийн 465 дугаар зүйл, Батлан даалтын гэрээний 3.2.2 заалтын дагуу ипотекийн эрхийг манай компанид шилжүүлж өгөхийг Гнаас хүссэн боловч шилжүүлж өгөөгүй. Иймд ипотекийн эрхийг шилжүүлж өгөхийг Гинд даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өнө үү гэв.
Хариуцагч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц, Т.Э, Т.Э нарын өмчлөлийн дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, 6-34 тоот хаягт байрлах Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Г болон Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын хооронд байгуулагдсан ЗГ1205029679 тоот зээлийн гэрээнд батлан даалтын гэрээг байгуулсан Н ХХК 18,794,525.55 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй бөгөөд барьцааг суллаж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г ХХК-нд холбогдуулан Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч Д.Ц, Т.Э, Т.Э нар Орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Хариуцагч Г ХХК нь одоо зээлийн үлдэгдэлгүй тул барьцааг суллаж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч Н ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШЗ2017/10013 тоот шүүгчийн захирамжаар Д.Ц, Т.Э, Т.Э нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Н ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г ХХК-нд холбогдох Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэгтгэсэн байна.
Г ХХК нь зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нартай 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1205029679 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 24,500,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, сарын 1,35 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар олгосон болох нь Орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар /хх-ийн 76-80 талд/-аар тогтоогдож байна.
Г ХХК нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Г, Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын хооронд байгуулсан ЗГ1205029679 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дүүрэг 15-р хороо, дугаар хороолол 6-34 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Y-22**, Г-00** тоот гэрчилгээтэй, 2 өрөө, орон сууцыг барьцаалж, Д.Ц нартай Ипотекийн гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ. /хх-ийн 4-8, 124 тал/
Талууд Ипотекийн гэрээний 3.1.1.Барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас суллахыг шаардах эрхтэй, 4 дүгээр зүйлийн 4.2.1.Барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж, эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тохиролцсон байна.
Барьцаалуулагч Д.Ц нар 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөрт 2,101,431 төгрөгийг төлсөн болох нь Төлбөрийн баримтаар, Н ХХК-нь зээлийн үндсэн төлбөрт 18,794,525.55 төгрөг төлсөн болох нь Г ХХК-ийн захирал Б.Оджавхлангийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1/824 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзнэ.
Хариуцагч Г ХХК нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3.Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Г ХХК-нд холбогдох Орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай Д.Ц, Т.Э, Т.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
2. Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г ХХК-нд холбогдуулан Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г ХХК нь зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нартай 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1205029679 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 24,500,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, орон сууцны зориулалтаар олгож, 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Н ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулсан /хх-ийн 81-83 талд/ байна.
Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2. үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангасан батлан даагчид энэхүү үүргийн талаарх үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах бүх эрх шилжинэ гэж заажээ.
Зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс батлан даагч Н ХХК нь зээлийн үндсэн төлбөрт 18,794,525.55 төгрөг төлж нөхөн хариуцлага хүлээсэн байна.
Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаарх үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжинэ. Үүнд үүрэг гүйцэтгэгчийн хариуцвал зохих үндсэн өр, гэрээнд заасан анз, учирсан гэм хор, гэрээ дуусгавар болохтой холбогдон гарсан зардал, үүрэг гүйцэтгэгч гэрээний дагуу төлөх хүү, шүүхийн зардал зэргийг хамааруулан үзэх бөгөөд батлан даагч нь өөрийн зардлыг үндсэн үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Г ХХК-нд холбогдох ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас дүүрэг дугаар хороо, дугаар хороолол 6-34 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай Д.Ц, Т.Э, Т.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-нд холбогдох ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,450 төгрөгийг, нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 280,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц, Т.Э, Т.Э нарт олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ