Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00457

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00457

 

 

Номунтабак ХХК, Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 182/ШШ2017/02425 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Номунтабак ХХК, Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Голомт банк ХХК-д холбогдох

 

- Орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй,

 

- Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай  Номунтабак ХХК-ийн нэхэмжлэлтэй  /нэгтгэсэн/  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэргэлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Б.Оюун-Эрдэнэ

Нэхэмжлэгч Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Т.Энхчимэг

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нарын өмгөөлөгч:

С.Оюунцэцэг

Нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Ж.Сэргэлэн

Нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн өмгөөлөгч: Б.Бат-Энх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч  Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг  шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Т.Энхчимэг, Б.Оюун-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Голомт банктай 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн БГ1205029676 дугаартай ипотекийн гэрээ байгуулж Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-34 тоот хаягт байрлах Ү-2204003676 улсын бүртгэлийн дугаартай өөрийн амьдран суудаг орон сууцаа барьцаалсан. Д.Хүлгэн нь шоронд орж, эхнэр К.Байгалмаагаас салж сураггүй болж, зээлээ төлөхгүй байсан тул зээлийн үлдэгдлийн төлбөр болох 2 101 431 төгргийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төлж зээлийг бүрэн хаасан. Хариуцагч Голомт банк ХХК нь ипотекийн гэрээний 4.2.1.барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж, эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иймд  Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-34 тоот хаягт байрлах Ү-2204003676 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг Голомт банк ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Голомт банк ХХК-тай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын зээлийн БД1205029679 дугаартай батлан даалтын гэрээнд заасан үүргийн дагуу зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын зээлийн үндсэн төлбөрт 18 794 525 55 төгрөгийг тус банкинд төлсөн тул Иргэний хуулийн 465 дугаар зүйл, Батлан даалтын гэрээний 3.2.2 заалтын дагуу ипотекийн эрхийг манай компанид шилжүүлж өгөхийг Голомт банкнаас хүссэн боловч шилжүүлж өгөөгүй. Иймд ипотекийн эрхийг шилжүүлж өгөхийг Голомт банкинд даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-34 тоот хаягт байрлах Ү-2204003676 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банк болон Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын хооронд байгуулагдсан ЗГ1205029679 тоот зээлийн гэрээнд батлан даалтын гэрээг байгуулсан Номунтабак ХХК 18 794 525 55 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй бөгөөд барьцааг суллаж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Д.Хүлгэн, К.Байгалмаа нар зээлийн төлбөрөө төлж байгаад үлдэгдэл 28 900 000 төгрөгийг төлөөгүй, Номунтабак ХХК үлдэгдэл төлбөрийг төлсөн. Батлан даагч үүргийн гүйцэтгэлийг хангасан тул хуулийн дагуу ипотекийг авах эрхтэй гэж маргадаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын хэнд нь барьцааны зүйлийг шилжүүлэх талаар шийдвэрлэж чадаагүй тул уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Голомт банк ХХК-иас Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6-34 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэгнарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Голомт банк ХХК-нд холбогдох ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай Номунтабак ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Д.Цогзолмаа  нарын  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 280 450 төгрөгийг, нэхэмжлэгч  Номунтабак ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 251 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Голомт банк ХХК-иас  280 450  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нарт олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэргэлэн давж заалдах гомдолдоо:

... Барьцаалуулагч нар нь хүүний төлөгдөөгүй үлдэгдэл болох бага хэмжээний үүргийг төлсөн, харин гол хэсэг болох зээлийн үндсэн үүргийг батлан даагч төлсөн байгааг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэг дүгнэсэн атлаа шийдвэр гаргахдаа ач холбогдол өгөөгүй. Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангасан батлан даагчид энэхүү үүргийн талаарх үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах бүх эрх шилжинэ гэж заажээ. Үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн зээлд хөрөнгөө барьцаалуулсан барьцаалуулагч өмчлөгч нар уг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зөвхөн 2 101 431 төгрөг зээлийн хүүний үлдэгдэлд төлсөн болох нь баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Харин зээлийн гэрээний үүргийг батлан даагч болох Номунтабак ХХК хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, уг асуудлаар талууд маргаагүй байна. Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоход зээлдэгч эсхүл барьцаалуулагч өмчлөгчийн аль нь ч зээлийн төлбөрийг төлж дуусгавар болгоогүй, батлан даагч зээлийн төлбөрийг төлснөөр үүрэг хангагдсан байхад барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж дүгнэн хуулийн зүйл, заалтыг буруур тайлбарлан хэрэглэсэн. Харин гэрээний зүйл заалтын дагуу, хуулийн зүйл заалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах бүх эрх буюу банк барьцаагаар үүргийг хангуулахаар шаардах тэр эрх батлан даагчид шилжих үндэслэлтэй. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх Номунтабак ХХК нь зээлийн үндсэн төлбөрт 18 794 525 55 төгрөг төлж нөхөх хариуцлага хүлээсэн байна гэж тодорхойлсон атлаа ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай Номунтабак ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шийдвэрлэсэн нь тухайн шийдвэрийн дүгнэлт, шийдвэр гаргалт нь эсрэг, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт хэсгийг хэрэглэн дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хуулийн дээрх зүйл, заалтуудыг дурьдсан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг баримталсан байна. Тэгвэл барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон энэ үйл баримт нь нэхэмжлэгч Номунтабак ХХК зээлийн үндсэн үүргийг төлж, нөхөх хариуцлага хүлээсэн байгаагаар тодорхойлогдох бөгөөд харин барьцаалуулагч Д.Цогзолмаа нар нь зээлийн үлдэгдэл төлбөрт 2 101 431 төгрөг төлсөн үйл баримт маргаангүйгээр тогтоогдсон тул барьцаалуулагч буюу өмчлөгч, мөн үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч үүргийг хангаж, зээлийг төлж барагдуулаагүй. Иймд зээлдэгч, барьцаалуулагч нь барьцаагаар хангагдах шаардлагыг дуусгавар болгосон гэж үзэхгүй.

Хариуцагч Голомт банк ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүргийн гүйцэтгэлийг хангасан даруйд шаардах эрхийг батлан даагчид шилжүүлээгүй, улмаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа хоёрдмол агуулгатай тайлбар гаргасан нь буруу, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль болон гэрээний хүрээнд, мөн хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэж батлан даагчид илт хохиролтойгоор үндэслэлгүй шийдвэр гаргасан болно. Иймд анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нар нь Голомт банк ХХК-д холбогдуулан орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, нэхэмжлэгч Номунтабак ХХК нь Голомт банк ХХК-д холбогдуулан ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай  нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэгч Д.Цогзолмаа нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Голомт банк ХХК нь зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нартай 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ЗГ1205029679 дугаар орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нарт 24 500 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1,35 хувийн хүүтэй зээлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 40-44 тал/

 

Түүнчлэн хариуцагч Голомт банк ХХК болон нэхэмжлэгч Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нар 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр БГ1205029679 дугаар ипотекийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний барьцаанд Д.Цогзолмаа нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-34 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тавьсан байна. /хх-ийн 45-47 тал/ Зохигчид дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Мөн нэхэмжлэгч Номунтабак ХХК нь хариуцагч Голомт банк ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БД1205029679 дугаар батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн нийт 24 500 000 төгрөгийн зээл, зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 81-83 тал/

 

Дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч Номунтабак ХХК хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Номунтабак ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11/97 дугаар хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт тус компанид тогтвор суурьшилтай ажиллаж буй Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын Голомт банк ХХК-тай байгуулсан 24 500 000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууцны зээлийн гэрээг батлан даахаар шийдвэрлэв гэж заажээ. /хх-ийн 84 тал/

 

Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Номунтабак ХХК 18 794 525 55 төгрөг, нэхэмжлэгч Д.Цогзолмаа нар 2 101 431 төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 48 тал/

 

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нар зээлийн үлдэгдэл төлбөр 2 101 431 төгрөгийг төлж зээлийг бүрэн хаасан гэж тайлбарлаж байгаа боловч батлан даагч Номунтабак ХХК нь зээлийн төлбөрт 18 794 525 55 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч Д.Цогзолмаа нарыг зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй байдаг.

 

Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилждэг бөгөөд хуульд заасан дээрх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхгүй юм.

 

Барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүргийг батлан даагч төлж барагдуулсан, хуульд зааснаар батлан даагч барьцааны гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авахаар барьцаалагчаас шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх Д.Цолзолмаа нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Номунтабак ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгэгчийн бусад эрхийг хөндөхгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Номунтабак ХХК нь хариуцагч Голомт банк ХХК-д зээлдэгч нарын өмнөөс зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлсөн байх тул барьцааны гэрээний шаардах эрхийг Номунтабак ХХК үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэн авах эрхтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Цогзолмаа нарын орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэргэлэнгийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 182/ШШ2017/02425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 165 дугаар зүйлийн 165.1, 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр БГ1205029679 дугаар ипотекийн гэрээний барьцааны эрхийг нэхэмжлэгч Номунтабак ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Голомт банк ХХК-д даалгаж, орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Голомт банк ХХК-иас 280 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цогзолмаа, Т.Энх-Отгон, Т.Энхцэцэг нарт олгосугай гэснийг ...хариуцагч Голомт банк ХХК-иас 251 920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Номунтабак ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэргэлэнгийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Номунтабак ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 920 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.МӨНХЗУЛ

  ШҮҮГЧИД                           Б.НАРМАНДАХ

                                                          Ц.ИЧИНХОРЛОО