Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2020/00483

 

 

 

 

 

 

        2020 оны 12 сарын 10 өдөр

                  Дугаар 104/ШШ2020/00480

                     Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, *******,******* тоотод оршин суух, овогт /РД:/-т холбогдох

10 985 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

хариуцагчийн гаргасан автомашин нөхөн авч өгөх хэлцэл хийгдсэн эсэхийг тогтоолгох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

хариуцагч Г., өмгөөлөгч Б.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.тай 2017-2019 оны хооронд хамтран амьдарсан. Бид хамт амьдрах хугацаанд нь Toyota Prius 20 маркийн автомашин авахаар боллоо гэж хэлэхэд нь би машин зарж байгаа хүний данс руу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 9 000 000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би Хаан банкнаас 14 000 000 төгрөгийн цалингийн зээл аваад 9 000 000 төгрөгөөр машин авсан ба уг машинд хэрэглэгдэх зүйлс, бусад хэрэгцээнд 3 040 000 төгрөгийг Г. надаас авсан.

Би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 400 000 төгрөг, 100 000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 390 000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 9 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 120 000 төгрөг, 12 дугаар сарын 17-ны өдөр 30 000 төгрөг, нийт 12 040 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын хооронд хамт амьдарч байхдаа өгсөн. Тусдаа амьдардаг болсон цагаас хойш энэ мөнгийг эргүүлж өгөөрэй гэхэд Г. зөвшөөрсөн. Тэгээд Г. 2019 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд 1 125 000 төгрөгийг Б.Мөнхцэцэгт өгсөн. Үүнээс хойш мөнгө өгөхөө больсон. Б.Мөнхцэцэг мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, бөөнд нь өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахаа больж мөнгийг чинь өгөхгүй, шүүхдээд ав гэж хэлдэг болсон. Иймд Г.т шилжүүлсэн нийт мөнгө болох 10 985 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэлцэл байсныг тогтоолгох, мөн 5 000 000 төгрөг гаргуулах гэсэн байсан. Машин авч өгнө гэх хэлцэл тохиролцоо болоогүй, Б.Мөнхцэцэг өөрөө банкны зээлээ хаасан, 5 000 000 төгрөг авч банкинд байршуулсан зүйл байхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Мөнхцэцэгтэй 2017-2019 онд хамт амьдарч байсан. 2018 онд намайг машин авахад Б.Мөнхцэцэг цалингийн зээл аваад автомашины 9 000 000 төгрөг шилжүүлснийг, нийтдээ 2018 оны 11-12-р сард 12 040 000 төгрөгийг Б.Мөнхцэцэгээс авсныг зөвшөөрч байна. Гэхдээ машин авахаас бусад мөнгө нь дундын хэрэгцээнд зарцуулагдсан. Г.тай хамтран амьдрахаас өмнө Б.Мөнхцэцэг Төрийн банкнаас хашаа байшингийн зээл гэж 30 000 000 төгрөг авсан байсан. Тухайн зээлийн төлбөрт сард 890 000 төгрөгийг төлдөг. Иймд Б.Мөнхцэцэгийн цалин зээл төлж хүрдэггүй байсан учраас Г. хамт төлдөг байсан. Зээлээ хамт төлж явсаар 8 000 000 төгрөг үлдсэн. Тэгээд Б.Мөнхцэцэг нь Г.т хандан энэ зээлийн хүү маш өндөр байна. Би зээлээ хаагаад эргүүлээд бага хүүтэй зээл авмаар байна, тэгэхдээ машин авч өгнө гэх саналыг тавьсан

Тухайн үед Г.ын дүү Чинзориг ахдаа машин ав гэж 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 6 900 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөөр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Prius 20 маркийн автомашин худалдаж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тухайн автомашиныг 9 000 000 төгрөгөөр худалдсан. Тэгэхдээ 7 460 000 төгрөгийг Б.Мөнхцэцэг нь дансаар болон бэлнээр аваад өөрийн зээлийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хаасан. Зээл хаасны дараа Б.Мөнхцэцэг 14 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Үүнээс өмнө хэлснийхээ дагуу 9 000 000 төгрөгийг машин авахад нь Г.т өгсөн.

Г. нь ах Ууганбаяраасаа 10 000 000 төгрөг авч өөрийн дансанд 5 000 000 төгрөг, Б.Мөнхцэцэгийн дансанд 5 000 000 төгрөг тус тус байршуулсан. Тухайн мөнгийг Улаанбаатар хотын банкны дансанд байршуулсан бөгөөд виза нь гараагүй. Гэтэл Б.Мөнхцэцэг нь Ууганбаярт өгөх ёстой байсан 5 000 000 төгрөгөө өгөөгүй. Энэ мөнгийг Г. ахаасаа өөрийн данс руу авч Б.Мөнхцэцэгт өгсөн учир нэхэмжлэх эрхтэй тул 5 000 000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна.  Нэхэмжлэгчийн дансанд 5 000 000 төгрөг байршуулсан гэх баримтыг өгөх боломжгүй гэж Улаанбаатар хотын банкнаас мэдэгдсэн. Учир нь Улаанбаатар хотын банк одоо Худалдаа хөгжлийн банктай нэгдсэн.

Нэгэнт Б.Мөнхцэцэг нь Г.ын машиныг заруулж өөрийн зээлийг хааж дахин машин авч өгөхөөр тохиролцсон тул энэ хэлцэл байгуулагдсан болохыг тогтоолгож, үүний дагуу нэхэмжлэгч нь Г.ыг машин авахад мөнгө өгсөн гэж үзэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь хариуцагч Г.т холбогдуулан 10 985 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч Г. нь нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт холбогдуулан автомашин нөхөн авч өгөх хэлцэл хийгдсэн эсэхийг тогтоолгох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг, хариуцагч Г. нар нь 2017-2019 он хүртэл хугацаанд хамтран амьдарсан, 2018 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд Б.Мөнхцэцэг нь Г.т автомашин авахад нь 9 000 000 төгрөг, бусад зорилгоор 3 040 000 төгрөг, нийт 12 040 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн ба үүнээс Г. нь Б.Мөнхцэцэгт 1 125 000 төгрөгийг төлж барагдуулсан гэх үйл баримт талуудын маргаангүй байдлаар тогтоогдсон байна.

 

10 985 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэн өгсөн 12 040 000 төгрөгийг автомашин худалдан авах болон бусад зорилгоор шилжүүлэн өгсөн, хариуцагч нь өөрийн автомашиныг зарж Б.Мөнхцэцэгийн цалингийн зээлийг хаасан учир түүнээс мөнгө авч дахин автомашин авсан гэж өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.

Нэхэмжлэгчээс 12 040 000 төгрөг хүлээн авсан асуудал дээр хариуцагч маргаагүй. Мөн хариуцагч нь 1 125 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг талууд тайлбарласан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан ... хариуцагч нь Төрийн банк дахь зээлийг хаасан нь үнэн ... гэх тайлбар нь 47-82УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн мэдээлэл, Г.ын ХААН банк дахь дансны хуулга зэргээр нотлогдож байх тул хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдан авсан өөрийн тээврийн хэрэгслийг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдан борлуулж М.Мөнхцэцэгийн Төрийн банк дахь цалингийн зээл 5 699 593.40 төгрөгийг төлж барагдуулсан гэх тайлбараар нотлогдож байна.

Энэхүү нэхэмжлэгчийн хариуцагчид 12 040 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагчийн өөрийн автомашиныг борлуулж М.Мөнхцэцэгийн зээлийг төлж барагдуулсан харилцаа нь тэдгээрийн хамтран амьдарч байсан 2017-2019 оны хооронд болсон үйл явдал байна. Өөрөөр хэлбэл Г., М.Мөнхцэцэг нар нь хамтран амьдрах хугацаандаа зээл төлж барагдуулах, автомашин худалдан авах зэргээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгожээ.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн харилцааны явцад зарцуулсан, шинээр бий болгосон хөрөнгийг талууд тэнцүү хэмжээгээр өмчилж, мөн тухайн хөрөнгөд ногдох хариуцлагыг хүлээдэг.

Иймд маргааны зүйл болж буй нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 12 040 000 төгрөгийг талууд тэнцүү хэмжээгээр хуваан хариуцах ёстой тул 1 хүнд 6 020 000 төгрөг ногдож байна. Үүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 1 125 000 төгрөгийг хасч тооцоод 4 895 000 төгрөгийг Г.аас гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 6 090 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Дээр дурдсанчлан хариуцагч нь өөрийн автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдан борлуулж нэхэмжлэгчийн банкны зээлийг төлж барагдуулсан нь талуудын хамтран амьдрах хугацааны дундын эд хөрөнгийн харилцаанд хамаарч байх ба нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид дахиж автомашин худалдан авч өгөхөөр тохиролцсон хэлцэл хийгдсэн болох нь баримтаар нотлогдоогүй.

Хариуцагчийн зүгээс өөрийн ах Г.Ууганбаяраас 10 000 000 төгрөг өөртөө авч үүнээс 5 000 000 төгрөгийг Б.Мөнхцэцэгийг Солонгос улсын виза гаргуулахад нь баталгаа болгож дансанд байршуулсан хэмээн нэхэмжилсэн боловч уг мэтгэлцээний байр суурь нь баримтаар нотлогдоогүй байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан автомашин нөхөн авч өгөх хэлцэл хийгдсэн эсэхийг тогтоолгох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд нотолж чадаагүй учир дундын эд хөрөнгийн харилцааны явцад үүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

           Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчаас 4 895 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 090 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг, мөн хариуцагчийн гаргасан автомашин нөхөн авч өгөх хэлцэл хийгдсэн эсэхийг тогтоолгох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож байна.

 

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 190 710 төгрөг, хариуцагчийн төлсөн 165 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.аас тэмдэгтийн хураамжид 156 070 төгрөг гаргуулан 93 270 төгрөгийг нэхэмжлэгчид, дутуу төлсөн 62 800 төгрөгийг улсын төсөвт тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1073 дугаар захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасан хугацаанд хэвээр үргэлжлэх болохыг дурдвал зохино.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.аас 4 895 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт олгож,

            нэхэмжлэлийн шаардлагаас 6 090 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.ын гаргасан автомашин нөхөн авч өгөх хэлцэл хийгдсэн эсэхийг тогтоолгох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 190 710 төгрөг, хариуцагчийн төлсөн 165 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж,

            хариуцагч Г.аас тэмдэгтийн хураамжид 156 070 төгрөг гаргуулан 93 270 төгрөгийг нэхэмжлэгчид, 62 800 төгрөгийг улсын төсөвт тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ