Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00391

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00391

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2020/00480 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г-т холбогдуулан гаргасан 10 985 000 төгрөг гаргуулах тухай, автомашин нөхөн авч өгөх хэлцэл хийгдсэн эсэхийг тогтоолгох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.Г-тай 2017-2019 оны хооронд хамтран амьдарсан. Бид хамт амьдрах хугацаанд Г нь Toyota Prius 20 маркийн автомашин авахаар боллоо гэж хэлэхэд нь би машин зарж байгаа хүний данс руу 2018.11.20-ны өдөр 9 000 000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би ХБ ХХК 14 000 000 төгрөгийн цалингийн зээл аваад 9 000 000 төгрөгөөр машин авсан ба уг машинд хэрэглэгдэх зүйлс, бусад хэрэгцээнд 3 040 000 төгрөгийг Г.Г надаас авсан. Би 2018.11.3-ны өдөр 400 000 төгрөг, 100 000 төгрөг, 2018.11.19-ний өдөр 390 000 төгрөг, 2018.11.20-ны өдөр 9 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 2018.11.24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018.12.9-ний өдөр 120 000 төгрөг, 2018.12.17-ны өдөр 30 000 төгрөг, нийт 12 040 000 төгрөгийг 2018.11.3-ны өдрөөс 12 дугаар сарын хооронд хамт амьдарч байхдаа өгсөн. Тусдаа амьдардаг болсон цагаас хойш энэ мөнгийг эргүүлж өгөөрэй гэхэд Г.Г зөвшөөрсөн. Г.Г 2019.2.4 дүгээр сарын хооронд надад 1 125 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш мөнгө өгөөгүй. Иймд Г.Г-т шилжүүлсэн нийт мөнгө болох 10 985 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.М-тэй 2017 оноос 2019 оны хооронд хамт амьдарч байсан. Намайг 2018 онд машин авахад Б.М цалингийн зээл аваад автомашины 9 000 000 төгрөг шилжүүлснийг, нийтдээ 2018 оны 11, 12 дугаар сард 12 040 000 төгрөгийг Б.М-ээс авсныг зөвшөөрч байна. Гэхдээ машин авахаас бусад мөнгө нь дундын хэрэгцээнд зарцуулагдсан. Г.Г-тай хамтран амьдрахаас өмнө Б.М ТБ ХХК хашаа байшингийн зээл гэж 30 000 000 төгрөг авсан байсан. Тухайн зээлийн төлбөрт сард 890 000 төгрөгийг төлдөг байсан. Б.М-ийн цалин зээл төлж хүрдэггүй байсан учраас Г.Г хамт төлдөг байсан. Зээлээ хамт төлж явсаар 8 000 000 төгрөг үлдсэн. Б.М нь Г.Г-т хандан энэ зээлийн хүү маш өндөр байна. Би зээлээ хаагаад эргүүлээд бага хүүтэй зээл авмаар байна, тэгэхдээ машин авч өгнө гэх саналыг тавьсан.

Тухайн үед Г.Гын дүү н.Ч ахдаа машин ав гэж 2018.11.2-ны өдөр 6 900 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөөр 2018.11.2-ны өдөр Prius 20 маркийн автомашин худалдаж авсан. 2018.11.9-ний өдөр тухайн автомашиныг 9 000 000 төгрөгөөр худалдсан. Тэгэхдээ 7 460 000 төгрөгийг Б.М нь дансаар болон бэлнээр аваад өөрийн зээлийг 2018.12.12-ны өдөр хаасан. Зээл хаасны дараа Б.М 14 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Үүнээс өмнө хэлснийхээ дагуу 9 000 000 төгрөгийг машин авахад нь Г.Г-т өгсөн.

Г.Г нь ах н.Уу Г-аасаа 10 000 000 төгрөг авч өөрийн дансанд 5 000 000 төгрөг, Б.М-ийн дансанд 5 000 000 төгрөг тус тус байршуулсан. Тухайн мөнгийг Улаанбаатар хотын банкны дансанд байршуулсан бөгөөд виза нь гараагүй. Гэтэл Б.М нь УуГт өгөх ёстой байсан 5 000 000 төгрөгөө өгөөгүй. Энэ мөнгийг Г.Г ахаасаа өөрийн данс руу авч Б.Мт өгсөн тул 5 000 000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн дансанд 5 000 000 төгрөг байршуулсан гэх баримтыг өгөх боломжгүй гэж Улаанбаатар хотын банкнаас мэдэгдсэн. Учир нь Улаанбаатар хотын банк одоо Худалдаа хөгжлийн банктай нэгдсэн. Нэгэнт Б.М нь Г.Гын машиныг заруулж өөрийн зээлийг хааж дахин машин авч өгөхөөр тохиролцсон тул энэ хэлцэл байгуулагдсан болохыг тогтоолгож, үүний дагуу Г.Гыг машин авахад мөнгө өгсөн гэж үзэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор хамтдаа БНСУ явж ажил хийхээр тохирч визэнд ороход банкны баталгаа шаардлагатай болсон. Банкны баталгаанд нэг хүний 5 000 000 төгрөг буюу нийт 10 000 000 төгрөг шаардлагтай болсоныг миний бие өөрийн төрсөн ах Г.Уу-аас 2018.9.12-ны өдрөөс 2018.9.14 хооронд хэсэгчилсэн байдлаар 10 000 000 төгрөгийг зээлсэн.Энэхүү 10 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг Г.Г миний бие Улаанбаатар банкинд одоогийн Худалдаа Хөгжлийн банкинд өөрийн нэр дээр 5 000 000 төгрөгийг 2018.9.14 өдөр хамтран амьдрагч Б.М-ийн нэр дээр 5 000 000 төгрөгийг байршуулсан боловч БНСУ-ын виз гараагүй. Дээрх мөнгийг ах н.УуГт буцаан өгөх болоход Б.М-ийн зүгээс дансан дах мөнгийг хэсэг хугацааны дараа эргүүлэн төлөхөөр тохиролцож машин авахаар шийдсэн. Өөрийн дүү н.Чинзоригоос 2018.11.2 өдөр 6 900 000 төгрөгийг нэмж зээлэн 2018.11.2-ны өдөр  улсын дугаартай Рrius 20 автомашин худалдан авсан Энэхүү автомашиныг гэр бүлийн хэрэгцээнд унаж байх үед Б.М сар бүр зээлийн эргэн төлөлтөд 890 000 илүү төгрөг төлөөд явах хэцүү байна чиний машиныг зараад, зарсан мөнгөөр чинь би өөрийн нэр дээрх хашаа байшингийн зээлийг хааж дуусгаад дахин бага дүнгээр зээл аваад чамд машиныг чинь аваад өгье гэсэн хэлцлийг хоорондоо хийсэн. Учир нь хийдэг ажил нь улиралын чанартай бөгөөд өвөлдөө амардаг байсан ба Б.М-ийн цалингаар зээлийн эргэн төлөлтийг ийм их дүнгээр сар бүр хийх нь хүрэлцдэггүй байсан.

Ингээд миний бие аваад долоо хоног л унасан улсын дугаартай 47-82 УАЕ маркийн автомашинаа 2018.11.9 өдөр дансаар 7 460 000 төгрөг бэлнээр 1 000 000 төгрөг нийт 8 460 000 төгрөгөөр зарж борлуулан 2018.11.12-ны өдөр өөрийн данснаасаа 6 687 900 төгрөгийг авч мөн бэлнээр 1 000 000 орчим төгрөгийг нэмж Б.М-ийн Төрийн банк Банк дахь 7 687 900 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж Б.М-ийн хашаа байшингийн зээлийг хаасан. Үүний дараа Б.М нь 2018.11.16 өдөр Хаан банк ХХК-наас дахин зээл авсан тул хэлэлцэж тохирсоны дагуу Г.Г миний бие дахин автомашин авсан ба тэрхүү автомашины төлбөр болох 9 000 000 төгрөгийг Б.Мийг шилжүүлээрэй гэснээр Б.М автомашин худалдагчийн дансанд 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд Б.М Г.Г нарын хооронд Г.Гын өмчлөлийн 47-82 УАЕ дугаартай автомашиныг зарсан мөнгөөр Б.М-ийн Төрийн банк дах хашаа байшнгийн зээлийг хааж Б.М нь дахин зээл авч Г.Г-т машиныг нөхөн авч өгөх тухай хэлцэл байсныг тогтоож өгнө үү. Г.УуГаас Б Мөнхцэцэгт шилжүүлсэн 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Уг 5 000 000 төгрөгийг Г.Г Б.М-ийн дансанд шилжүүлсэн гэх боловч хэн алины дансны хуулгаар энэ нь нотлогдоогүй. Харин дээрх мөнгийг Худалдаа хөгжлийн банкид байршуулсан ба буцаан Г.Г-т гаргаж өгсөн. Г.Г нь бэлнээр буцаан авсныг нотлох боломжгүй гэж үзэн улайрч байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гаас 4 895 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгож,нэхэмжлэлийн шаардлагаас 6 090 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,   Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Гын гаргасан автомашин нөхөн авч өгөх хэлцэл хийгдсэн эсэхийг тогтоолгох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 190 710 төгрөг, хариуцагчийн төлсөн 165 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас тэмдэгтийн хураамжид 156 070 төгрөг гаргуулан 93 270 төгрөгийг нэхэмжлэгчид, 62 800 төгрөгийг улсын төсөвт тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээс зарим хэсгийг буюу 1 520 000 төгрөгийн хэсгээр үл зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 12 040 000 төгрөгийг талууд тэнцүү хэмжэгээр хуваан хариуцах ёстой гэжээ. Гэтэл хамтын амьдарлын явцад хоол унданд зарцуулсан мөнгөн хөрөнгийг хэсгээр өмчлөх хөрөнгөд оруулсан нь буруу. Зөвхөн автомашинд зарцуулсан 9 000 000 төгрөгөөс ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заахаар байсан ба нэхэмжлэгчээс үндэслэлгүй нэхэмжилсэн буюу автомашин худалдан авахаас өмнө болон хойно гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж байсан 3 040 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Автомашин худалдан авсан мөнгөн дүнгийн өөрт ногдох 4 500 000 төгрөгийг хариуцах гэж үзвэл мөн нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 1 025 000 төгрөгийг хасан 3 475 000 төгрөг болохоор байгаа тул шүүхийн шийдвэрийн зарим хэсгээр буюу 1 420 000 төгрөгийн хэсгээр хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.Г-т холбогдуулан дундын өмчөөс ногдох хэсэг 10 985 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Автомашин нөхөн авч өгөх хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, 5 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.Г-тай 2017 оноос 2019 оны хооронд хамтран амьдарч байсан, хамтын амьдралын хугацаанд нэхэмжлэгч 14 000 000 төгрөгийн цалингийн зээл авч 9 000 000 төгрөгийг хариуцагчийн худалдан авсан Toyota Prius 20 маркийн машины үнэд шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдсон. /хх 1,10, 25-26/

Дээрх 9 000 000 төгрөгийг машиныг худалдсан талын Хаан банкны 5071056001 тоот дансанд 4511 гэсэн утгаар шилжүүлжээ. /хх 10/ Мөн зохигч 2019 оноос тусдаа амьдрах болсон үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

Г.Г 1 125 000 төгрөгийг буцаан төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 895 000 төгрөгийг гаргуулан, 6 090 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч машины үнэд төлсөн 9 000 000 төгрөгөөс гадна 3 040 000 төгрөгийг Г.Гын машины хэрэгсэлд шилжүүлсэн тул уг мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 3 040 000 төгрөгийг дундын хэрэгцээнд буюу хоол хүнсэнд зарцуулсан, дундын өмчид хамаарахгүй гэж маргасан.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-дэх хэсэгт зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 12 040 000 төгрөгийг талууд танцүү хэмжээгээр хуваан хариуцах ёстой гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэх бөгөөд эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна. Хэргийн баримтаар Toyota Prius 20 маркийн 9 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хариуцагч Г.Г бодитой эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон, уг автомашины үнэ 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлж, нэхэмжлэгчид хариуцагч 1 125 000 төгрөгийг буцаан төлсөн байна.

Автомашин нь хөдлөх хөрөнгө бөгөөд хөдлөх хөрөнгийн эзэмшлийг хэн бодитой эзэмшиж байгаагаар тодорхойлох юм. Талууд хамтран амьдрахаа больж, машиныг дундын хэрэгцээнд унах, ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгч автомашинд оруулсан хөрөнгөөс ногдох хэсгээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 9 000 000 төгрөгөөс гадна уг машинд 3 040 000 төгрөгийг сэлбэг хэрэгсэл байдлаар шингээсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн дансны хуулгын утгаас үзэхэд Хай, Мөөгий зэрэг агуулгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг машинд бодитой шингэсэн сэлбэгийн үнэ гэж тайлбарлах боломжгүй. /хх 8-10 /

Аливаа этгээдийн эзэмшилд бодитой байгаа эд юмсыг эд хөрөнгө гэж үзэх бөгөөд хамтын хэрэгцээнд дундаа хэрэглээд дууссан гэх 3 040 000 төгрөгийг хуваах боломжгүй юм. Хэдийгээр мөнгөн хөрөнгө нь хөдлөх хөрөнгөд хамаарах боловч дундын өмчийг хуваах үед хадгаламж хэлбэрээр эсхүл машины үнэ цэнийг нэмэгдүүлж сэлбэг хэрэгсэл хэлбэрээр шингэсэн бодитой зүйл байхгүй тул хуваах боломжгүйг тайлбарлаж байна.

Иймд бодит хөрөнгө болох 9 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашинаас нэхэмжлэгчид ногдох хэсэг 4 500 000 төгрөг бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 1 125 000 төгрөгийг хасч 3 375 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, холбогдох улсын тэмдгийн хураамжийн дүнд мөн зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2020/00480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хариуцагч Г.Гаас 3 375 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 520 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дах заалтын 93 270 төгрөг гэснийг 68 950 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД